Кристин Лагард: Эдийн засгийн сэргэлт эрчимжиж, илүү өргөн цар хүрээг хамарч байна

BloombergTV.mn

2017-10-13 14:05 GMT+8

Олон Улсын Валютын Сан болон Дэлхийн банкны жил тутмын уулзалтын үеэр дэлхийн эдийн засаг болон худалдаа сэргэж, ажилгүйдлийн түвшин буурч байгааг Сангийн сайд, Төв банкны тэргүүн нар онцолж байна. Мөн тэд цаашид эдийн засгийн өсөлт тогтвортой түвшинд хадгалагдана гэж үзэж байгаа учраас эдийн засгийн төлөвийг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, "Өнгөрсөн оныхоос ялгаатай нь хөгжиж буй зах зээлүүд эдийн засгийн өсөлтөө хадгалж байгаа. Гэхдээ энэ өсөлтийг тогтвортой түвшинд хадгалж, улс орон бүрд ашигтай байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэж Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард мэдэгдлээ. Хэдий тийм боловч таатай үр дүнд сэтгэл ханаж болохгүй гэдгийг тэрбээр анхааруулсан юм.

Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард "Сүүлийн жилүүдэд эдийн засгийн сэргэлт эрчимжиж, илүү өргөн цар хүрээг хамарч байгааг бид харж байна. Бид дэлхийн эдийн засаг энэ онд 3.6 хувиар, ирэх онд 3.7 хувиар өснө гэсэн таамгийг гаргасан. Аль аль нь өнгөрсөн долоодугаар сард танилцуулсан өсөлтийн төлөвөөс өндөр байгаа. Энэ нь 2016 онд 3.2 хувиар өссөнөөс өндөр үзүүлэлт. Дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд авч үзвэл дэлхийн улс орнуудын 75 хувийнх нь эдийн засаг өсөлттэй байна. Мөн сүүлийн 10 жилд байгаагүй өргөн хүрээний сэргэлтийг бид харж байна.

Ийнхүү эдийн засаг өсөхөд хөрөнгө оруулалт, хэрэглээ, худалдаа гол нөлөө үзүүлж байгаа. Үүнд хөгжиж буй эдийн засагтай орнуудын үүрэг оролцоо ч бий. Учир нь сүүлийн жилүүдэд эдгээр улсууд эдийн засгийн өсөлтийн 80 гаруй хувийг бүрдүүлсэн. Гэхдээ Европын орнууд, мөн Япон, АНУ-ыг орхиж болохгүй. Өсөлтийн үйл явц үүгээр дуусгавар болоогүй. Өнгөрсөн онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр 47 улсын эдийн засаг сөрөг үзүүлэлттэй гарсан. Үүнд гол төлөв жижиг, буурай орнууд багтсан.

Технологийн нөлөө, орлогын тэгш бус байдал хохирол дагуулж буй нь ард иргэдэд сөрөг нөлөөтэй байна. Үүний үр дүнд улс төрийн хурцадмал байдал газар авч, даяарчлалын үр ашгийн талаарх эргэлзээ улам нэмэгдэж байна. Харин бид энэ цаг үед одоогийн өсөлтийн үр дүнд сэтгэл ханаж болохгүй. Өөрөөр хэлбэл ард иргэд, улс орнуудад эдийн засгийн сэргэлтийн үр шимийг хүртээхэд чиглэсэн бодлогын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх цаг үе ирээд байна. Тиймээс эдийн засгийн сэргэлтийг тогтвортой түвшинд барих хэрэгтэй" гэж мэдэгдлээ.

Харин Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким "Дэлхийн эдийн засгийн төлөвт эерэг хандлага ажиглагдаж байна. Гэхдээ олон улсын шинэ сорилтууд эдийн засгийн өсөлтөд эрсдэл учруулж болзошгүй байна" гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр "хүн капитал"-ыг тэргүүлэх зорилтоороо тодорхойлж, үүнд хөрөнгө оруулах ёстойг тус уулзалтад хүрэлцэн ирсэн зочдод хандан уриалсан байна. Үүнээс гадна цаашид учирч болзошгүй эдийн засгийн уналтаас сэргийлэх зорилгоор шинэчлэлийг хэрэгжүүлэх цаг үе ирээд байгааг яриандаа онцолжээ.

Б.Ариунболд

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 1025 санал өгсөн байна.

Дээшээ