Дэлхийн хамгийн том хийгээд цөөхөн коммунист намуудын нэг болох БНХАУ-ын Коммунист намын XIX Их хурал өнөөдөр Бээжин хотноо эхэлж байна. Эгнээндээ 85 сая гишүүнийг нэгтгэсэн тус нам 60 гаруй жил тасралтгүй төрийн эрх барьж буй бөгөөд БНХАУ социализмын замаар тууштай замнаж яваа улс. Дэлхийд хамгийн урт хугацаанд засаглаж буй энэ нам 1949 оноос хойш Хятадыг дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болгож чадсан юм.
Хар алт, шаргал металл зэрэг түүхий эдийн хамгийн том хэрэглэгч болсон тус улсын ирэх жилүүдийн өнгө төрхийг тодорхойлох эрх баригч хүчний энэхүү хурлыг дэлхийн хүчирхэг гүрнүүд, олон улсын байгууллагууд хийгээд үндэстэн дамнасан корпорациуд анхааралтай ажиглаж байна.
Удирдлагын багт сэлгээ хийх асуудлыг хэлэлцэнэ
Учир нь дэлхийд хамгийн хурдтай өсөж буй томоохон эдийн засагтай, 130 орны хамгийн том худалдааны түнш болсон Хятадын нөлөө тив дамнан мэдрэгдэж буй. Товчхондоо, урд хөршийн төрийн эрхийг барьж буй улс төрийн хүчний таван жил тутамд нэг удаа болдог энэхүү хурал олон улсын геополитик болон санхүүгийн зах зээлд чухал нөлөө үзүүлэх юм.
Тэгвэл энэ удаагийн Их хурлаар 1.3 тэрбум хүний хувь заяаг шийдэх удирдлагын багт сэлгээ хийх асуудлыг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, намын Төв хорооны 200 орчим гишүүнийг сонгохын зэрэгцээ Улс төрийн товчоогоо эмхлэн байгуулдаг. Улс төрийн товчооныхон байнгын хороонд бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт хийх нь энэ удаагийн анхаарал татаж буй гол асуудал. Товчхондоо, тэд ирэх таван жилд өмнөд хөршийн улс төр хийгээд эдийн засгийн бодлогыг тодорхойлно. Төв хороо нь намын удирдагч болох Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгоно. Энэ хүн БНХАУ-ын даргын албан тушаалыг давхар хашдаг бөгөөд өдгөө Ши Жиньпин уг үүргийг гүйцэтгэж буй.
Үүнээс гадна тус улсын удирдагч Ши Жиньпинд ирэх таван жилд үргэлжлүүлэн итгэл хүлээлгэх эсэх асуудлыг эцэслэх юм. 2012 оны намын XVIII Их хурлаар тухайн үед дэд Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан Ши Жиньпин Ху Жинтаогийн халааг залгамжилж, Хятадын улс төрд нэгдүгээр хүн болж дэвшсэн юм. Тэгвэл ВВС агентлагийн мэдээлснээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх таван жилд тус улсыг удирдах нь тодорхой бөгөөд даруй арван жил болгох асуудлыг ч хурлын үеэр хөндөх таамагтай байгааг онцолжээ.
Учир нь Их хурлын үеэр намын даргын дараагийн залгамжлагч нь ямар нэгэн байдлаар бусдад танигдсан байдаг өмнөх уламжлал энэ удаад алдагдсантай холбон тайлбарлав. Тухайлбал, 2012 онд Коммунист намын XVIII Их хурал болохоос даруй таван жилийн өмнө Ши Жиньпин болон Ли Көцян нар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын халааг авах нь тодорхой болсон байлаа.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн нь ийнхүү улиран сонгогдох нь гарцаагүй гэсэн таамгийг дэвшүүлэхэд хүрчээ. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд Төв Азийн орнуудад айлчлах үеэрээ “Торгоны зам”-ыг сэргээх санаачилга гаргаж, урд хөршийн олон улсын тавцан дээрх амбийцийг илтгэх “Нэг бүс, нэг зам” төслийг танилцуулсан байдаг. Уг төсөл өдгөө бодит ажил хэрэг болсноор бүс нутагт хийгээд олон улсын “ринг”-нд өмнөд хөршийн эзлэх байр суурь өсөн нэмэгдэж буй. Өнгөрсөн онд тус улсын мөнгөн тэмдэгт Олон улсын валютын сангийн шалгуурыг хангаж, нөөц валютын сагсанд багтсан билээ.
Дараагийн залгамжлагч танигдсан байдаг өмнөх уламжлал энэ удаад алдагдсан
Товчхондоо, өмнөд хөршийн мөнгөн тэмдэгт зиндаа ахиж, ам.долларын гол өрсөлдөгч болох эхний алхмаа хийсэн нь дээрх амбийцийг тодотгож буй. Мөн дэлхийн улс орнуудад үзүүлж буй хөнгөлөлттэй зээл, тусламжийн хэмжээгээр АНУ- тай бараг тэнцүү болж байгаа нь ч олон улсад үзүүлэх нөлөө нь хэр өссөнийг илтгэн харуулна.
Үүнээс гадна “Бар, ялааг хамтад нь дар” уриан дор хэрэгжүүлж буй албан тушаалтнуудын хууль бус үйлдлийн эсрэг тэмцэлд тус улсын ард түмэн нэмэх оноо өгсөн байдаг. Хянан шалгах төв комиссын мэдээлснээр энэ оны эхний зургаан сард 210 мянган албан тушаалтныг авлигын хэргээр шүүхэд шилжүүлсний зэрэгцээ “Үнэгний ав” арга хэмжээг олон улсын хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлж, хилийн чанадыг зорьсон олон мянган албан тушаалтныг эх орондоо эргүүлэн авчирч хуулийн хариуцлага хүлээлгэсэн юм. Энэ мэтчилэн урд хөршийн удирдагчид үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх хангалттай шалтгаан байгааг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд онцолжээ.
Тодруулбал, барууны болон дэлхийн улс төр, эдийн засгийн шинжээчид Хятадын хамгийн хүчирхэг таван эрхмийг онцолсон. Үүнд CNN агентлаг анализ хийж, Ши Жиньпинийг түүхэн дэх аугаа удирдагч Дэн Сяопинаас ч илүү үр бүтээлтэй байсан гэж дүгнэсэн юм.
Уг бүтээлдээ, “Ши Жиньпиний эрх мэдэл эх газарт өдрөөс өдөрт нэмэгдсээр. Түүний үнэнч улс төрийн хамтрагч, найз нөхөд нь Коммунист намын дээд эрх мэдэлд улам бүр өгссөөр байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой. Ши Жиньпин улс төрийн нөхөрлөлдөө нэлээд буурьтай, үнэнч ханддаг гэж Хятадын улс төр сонирхогчид бичиж байв. Тиймдээ ч Ван Кишан зэрэг үнэнч хамтрагчдынх нь эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажлууд түүний улс төрийн карьерийн замыг сайтар зассан юм. Хэдийгээр тэр бүх өрсөлдөгчөө шатрын өргөөс зайлуулж чадаагүй боловч Ши Жиньпиний хуримтлуулсан эрх мэдэл, улс төрийн зөв нүүдэл ирээдүйд олон жилийн турш ашиглагдаж болох нөхцөл байдлыг үүсгэжээ” хэмээн дурджээ.
Үүнээс гадна зарим судлаач Ши Жиньпин хэдийнэ Дэн, Мао хоёр шиг ихээхэн амбийцтай, хүчтэй удирдагч болсон бөгөөд тэд нар шиг өөрийн өвөө үлдээхийг хүсэж байна хэмээн бичжээ. Ши Жиньпин Марксизмын шинэ тайлбаруудыг гаргасан нь “Ши Жиньпиний сэтгэлгээ” хэмээн нэрлэгдсэн. Энэ нь “Мао Зэдуны сэтгэлгээ”, “Дэн Сяопины онол” гэдэгтэй дүйцэх хэмжээнд очсон байгааг Сингапурын үндэсний их сургуулийн профессор Жон Вон өөрийн судалгааны нийтлэлдээ дурдсан байна.
Түүнчлэн дараагийн анхаарал татаж буй асуудал нь өмнөд хөршийн удирдагч Ши Жиньпиний илтгэл. Илтгэл гэхээс илүүтэйгээр Хятад улсын ирэх таван жилд хөгжих хөгжлийн стратегийг дэлхий нийтэд танилцуулна. Тэрбээр дараагийн бариандаа буюу 2021 оны XX Их хурал хүртэл нам, улс орноо хэрхэн чиглүүлэх тухай юм. Их хурал таван өдрийн туршид үргэлжлэх бөгөөд тэрбээр эрх баригч хүчний Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд улс төрийн илтгэлээ XIX Их хурлын төгсгөлд танилцуулах хуваарьтай байгаа. Ирэх таван жилд улс төр болон эдийн засгийн ямар бодлого баримтлах нь дэлхий нийтийн анхаарлыг татаж буйг доктор Д.Шүрхүү онцолсон. Өмнөд хөршийн улс төр болон эдийн засгийн шийдвэр Монгол Улсад шууд нөлөө үзүүлэхгүй ч олон улсын санхүүгийн зах зээлээр дамжиж, “гар дүрнэ” гэдгийг тэрбээр тодотгов.
Товчхондоо, өмнөд хөршийн эрх баригч намын Их хуралд бөмбөрцөг даяараа анхаарлаа хандуулж эхэлээ. Дэлхийд эдийн засгийнхаа хэмжээгээр хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй их гүрний ирээдүйн таван жилд баримтлах бодлого манай улсын эдийн засагт их, бага хэмжээгээр нөлөөлөх учир хаяа дэрлэн суугаа Монгол Улсын эрх баригчид нэгийг бодож, хоёрыг сэтгэж, гурвыг тунгаах ёстой.
Б.Даваатогтох