Н.Оюун: Чанартай мэс засал үнэтэй байдаг

Монголын мэдээ

2008-03-21 18:31 GMT+8

Гоо сайхны мэс заслын "Перфект " эмнэлгийн их эмч Н. Оюунтай хийсэн ярилцлагаа товчлон уншигчдын хүсэлтээр дахин нийтэлж байна.

-Танай эмнэлэг ямар их ачаалалтай юм бэ. Үйлчлүүлэгч болох шахаж байж л тантай уулзах цаг олдлоо?
-Манай эмнэлэг долоо хоногийн бараг таван өдөрт хагалгаа хийдэг.

-Байнга ийм их ачаалалтай байдаг уу. Сүүлийн үед л ийм олны хөдд дарагдчихаад байна уу?
-Байнга. Би мэргэжлийн сургууль төгсөөд 24 жил болж байна. Энэ хугацаанд ерөөсөө завгүй л ажиллалаа.

-1980-аад оны дунд үеэс л нийгэм бужигнасан, зах зээл, ардчилсан хувьсгал гээд эмч нар цалингаа голж, ихэнх нь бизнес хөөж эхэлсэн. Энэ үед та амьжиргаагаа дээшлүүлнэ гээд ганзагын наймаа руу урвачихаагүй хэрэг үү?
-Үгүй, үгүй. Наймаа хийж чадахгүй учраас сонирхооч үгүй. Сайн эмч болчих юмсан л гэж хичээж байсан. Мөнгөний ч сонирхол байгаагүй. Ажилд ороод эхний гурван сар цалингаа аваагүй байсан гээд бод доо.

-Сонин юм аа. Амьдралд мөнгө хэрэгтэй гэж боддоггүй байсан юм уу. Мөнгөний хэрэгцээ гарч байгаагүй гэж үү?
-Аав, ээжтэйгээ амьдарч байсан болохоор бүх юм бэлэн учраас мөнгө үгүйлдэггүй байсан юм болов уу. Нэг өдөр аав маань "Чи ер нь цалин авдаг юм уу" гэж асуухад, би "мэдэхгүй" гэж хариултал, "чи цалин өгдөг юм уу гэж тэнхмийнхээ эрхлэгчээс асуу даа" гэсэн. Ингээд би тэнхмийнхээ эрхлэгчээс маш их эмээж асуусан. Тэр үед маш их даруухан, ахмад тушаалын хүнээс эмээдэг хүмүүжилтэй байсан шүү дээ. Гэтэл тэнхмийн эрхлэгч намайг цалингаа аваад л яваад байсан гэж ойлгож байсан юм билээ.

-Гурван сарын цалин гээд бодохоор маш их цалин авч баяжих шахсан уу. Анхны цалингаараа хамгийн түрүүнд юу авсан бэ?
-Баяжилгүй яахав. Бөөн мөнгө тоолж, хамгийн түрүүнд аав, ээждээ хивс авч өгч баярлуулсан. Ингээд багшилж байх хугацаандаа дахиад Куба руу резидентурт явсан.

-Энэ үед маш олон эмч Куба ч юм уу, гадаад руу "дүрэвсэн". Тэдний эгнээнд та яагаад элсчихсэнгүй вэ?
-Элсээгүй л юм даа. Тэр үед Хавдар судлалын төв дээр нэг тасаг байгуулагдсан. Тэр төвийн захирал Нямдаваа гуай намайг эрж сураад сүйд болдог байгаа. Би тэр үед Нэгдүгээр эмнэлэг дээр хэд хэдэн том хавдрын хагалгаа хийсэн юм. Энэ хагалгааг хэн хийгээд байна гэж Нямдаваа эмч тандсан байгаа юм. Ингээд намайг олж уулзсан. Тэр үед хүмүүс надад "Чи хавдартай зууралдаад хэрэггүй ээ. Хавдартай өвчтөн хэзээ ч эдгэхгүй. Хэрэггүй" гэж маш их шүүмжилж байсан. Гэвч би зориглоод Хавдар судлалын төвийн шинэ тасаг байгуулагдахад очсон. Энд очиход бас нэг зүйл нэлээд түлхээс болсон.

-Ямар зүйл вэ. Жаахан тодруулахгүй юу?
-Би эрхтэн шилжүүлэн суулгадаг шиг цогцсоос яс, мөгөөрс авч амьд хүнд шилжүүлэн суулгах эрдэм шинжилгээний ажил хийж байсан. Таван жил ноцоддсон эрдэм шинжилгээний ажил маань 80-аад хувьтай байсан үед эргэж ирж хамгаалахаар резидентурт яваад эргэж ирсэн байсан үе.

-Эрдэм шинжилгээний ажил хийх амаргүй юу?
-Хэцүү байлгүй яахав. Цогцост задлан шинжилгээ хийх хүмүүс ирээгүй тохиолдолд шөнө ганцаараа задлан хийх үе зөндөө л гардаг байсан. Бас 30-аад туулайд туршилт хийсэн. Резидентураа төгсөөд иртэл төр эргээд, нөгөө туулайнууд маань ч байдаггүй. Таван жил туршилт хийсэн, им тэмдэгтэй туулайнуудаас нэг нь ч алга.

-Эрдэм шинжилгээний ажил "будаа" юу?
-Тэгэлгүй яахав. Сургуулийнхаа захирал дээр ороод, бүр уйлсан. Туршилтын амьтан хадгалдаг хэсгийг хариуцсан эмэгтэй "чиний туулайнууд гуанзны хоол болсон байлгүй" гэдэг байгаа. Ингээд би багшлахгүй, сургуулиас гарна гэж байх үед Нямдаваа захирал намайг хайж уулзсан юм. Би ч эрдэм шинжилгээний ажил Монголд бүтдэггүй юм бол практик ажил хийж үзье гэж зориглоод түүний саналыг зөвшөөрсөн.

-1990-ээд оны эхэн үед төр, засаг солигдоод хөл толгойгоо олохоо байсан болохоор аливаа зүйлийг хийхэд хэцүү байсан биз дээ?
-Тэгэлгүй яахав. Нэг хагалгаа хийхэд утас ч байхгүй, хутга ч байхгүй байх жишээтэй. Харин Нямдаваа гуай надад маш их урам хайрласан. "Чамд бүх эрх мэдлийг олгоё. Өөрийнхөө дураар хүнээ сонго, өөрөө дураараа ажилла" гэсэн. Ингээд л би зүтгэсэн. Тасагт маань ор, дэр ч байхгүй байсан. Бараг бүх ажлаа шинээр эхэлсэн. Монголоос надад юу ч олдохгүй юм байна гэж бодоод гадагшаа захидал бичсэн. Бүх л тусламжийн байгууллагаар гүйсэн. Ингэж явахад Финляндын Кивиканкас гэдэг эмч Монголд ирсэн байсантай тааралдаж, би бүх зовлонгоо тоочсон. Тэр эмч их тус болсон.

-Багаж, тоног төхөөрөмж оруулж ирж өгсөн үү?
-Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн Японы өндөр үнэтэй тоног төхөөрөмжтэй зүйрлэх аргагүй л дээ. Гэхдээ л цус тогтоох багаж, мэс заслын хутга өгнө гэдэг бидний хувьд том бэлэг, баярлахаас аргагүй юм. Ингээд л энэ тасгаа ажиллуулж, гурван эмч ажиллах орон тооны хагалгааг ганцаараа гардаж хийж байлаа.

-Танай тасаг тийм цөөн эмчтэй байсан юм уу?
-Анагаахын сургууль төгссөн таван шавиа дагалдуулаад хагалгааг гардаж хийдэг байсан. Одоо тэднээс маань гурав нь тэндээ байгаа. Хавдар судлалын төвийн орлогч захирал Чойндонсүрэн, хүзүү толгойн мэс заслын тасгийн эрхлэгч Пүрэвдорж, амбулаторит тасгийн эрхлэгч Мөнхцэцэг байна. Бас манай "Перфект" эмнэлэгт суралцаж байсан Денис саяхан очсон. Ер нь хавдрын хагалгаа маш хүнд. Хөгшчүүд ихэвчлэн эмчлүүлдэг. Хүзүү тайрах, нүүр хуулах гээд маш эмзэг, хэцүү хагалгаа хийдэг. Цээжний яс, мах, арьснаас нөхөх эмчилгээ хийнэ. Ийм хүнд хагалгаа хийж байсан учраас нөхөн сэргээх эмчилгээ хийхэд надад одоо хялбар байгаа юм. Булчин шөрмөс, судас салгаж байсан учраас одоо миний хийж байгаа косметик хагалгаа төгс болж байгаа юм. Нүүрний хаагуур ямар судас, шөрмөс байдаг вэ гэдгийг би гарын таван хуруу шигээ мэддэг. Тийм учраас надад нүүр өргөж залуужуулах хагалгаа хийх, эрүү амны шаамийг засахад маш хялбар байдаг.

-Хавдар судлалын төвийн тасгаа цааш нь улам өргөжүүлж, энэ чиглэлээрээ эмчилгээ явуулж болоогүй юм уу?
-Хавдрын тасгийн үйл ажиллагаа зогсоогүй, харин миний зорилго маань зогссон. Зөвлөх эмч, тасгийн эрхлэгч хийгээд цаашаа улам ахиж нэлээд зүйл хийх бодолтой байсан. АУИС-ийн захирал, багш Лхагвасүрэн Нэгдүгээр эмнэлэг, АУИС хоёрыг нэгт-гэж, клиникийн удирдагч гэсэн албан тушаал бий болгосон. Намайг бас клиникийн удирдагч бол, нэгдүгээр эмнэлгийн тасгийг зохицуул гэсэн санал тавьсан юм.

Тэр үед би мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр Япон явж ирээд, АНУ явахаар болчихсон байсан. Тэгээд "Би клиникийн удирдагч болмооргүй байна, гадагшаа явлаа" гэсэнд "Явна л биз, гэхдээ ажлаа аваад дараа нь яв" гэхээр нь зөвшөөрсөн.

-АНУ явж чадаагүй юу?
-Ажлаа ч авсан. АНУ-д ч мэдлэг боловсролоо дээшлүүлсэн. Ингээд хоёр жил хэртэй клиникийн удирдагч хийж байтал ажил маань нэг л болдоггүй дээ. Ажил цалгардуулсан зарим нэгэнтэй таардаггүй дээ. Ажил таслах, архидалт гээд... ер нь үүнийг хэлж болж байна уу.

-Юу нь нууц байгаа юм бэ. 1990-ээд оны эхэн үеэс л монголчууд нийгмээрээ архинд живж байсан шүү дээ. "Ам нээхээр уушги нээ" гэдэг дээ?
-Эмч нар архи их ууна, зарим сувилагч амьдрал нь дутуу дулимаг болохоор эм, тариа "шомбодоод" амраахгүй, ажиллахад үнэхээр хэцүү болсон. Ажиллаж байгаа эмч нарынхаа мэдлэг чалварыг аваад үзэхэд, маш хэцүү байдалтай хагалгаа хийдэг болох нь илт мэдэгдсэн. Тухайлбал, хоёр долоо хоногт таван хагалгааны хүндрэл гарч байсан. Ингээд бүр болохгүй болохоор нь хагалгаа хийсэн тэр эмчийг дуудаад хагалгаа хийх ёстой эмчийн наад захын зүйлийг л асуухад мэдэхгүй байх жишээтэй. Тэгэхээр нь энэ номыг унш, ядаж зургаан сар. Яахав тэр хугацаандаа цалингаа ав гэж гуйж байгаа юм."Бас нэг эмч ясны гэмтлийг үхрийн шөрмөсөөр үднэ гээд хагалгаа хийгээд, нөгөөх нь идээ буглаа болоод юун эдгэрэх мантай. Үүнийг хурал хийгээд хэлээд тавьтал нөгөө эмч, миний эрдмийн ажлыг шүүмжиллээ гээд гэдийх маягтай. Дандаа эрэгтэй эмч нартай ажиллаж байсан болохоор тэдэнтэй архины хэрүүл байнга хийнэ. Ингээд ажил явуулахад хэцүү байдалд хүрсэн. Болохгүй болохоор нь би бүр сургуулийн удирдлагадаа хоёр ч удаа өргөдөл өгсөн.

-Ажлаас халагдах уу?
-Ажлаас чөлөөлж өгнө үү гэж. Хоёр удаагийн өргөдлийн хариу ирдэггүй. Гурав дахь удаагаа захирал дээр өөрөө орж байж шийдүүлсэн. Гэтэл миний удирдлага дор ажиллаж байсан хүмүүс аль хэдийнэ өргөх бичиг өгчихсөн байсан байгаа юм даа. Түүнийг нь би мэдээгүй л намайг чөлөөлж өгнө үү гээд л бичээд байсан юм билээ.

-Өргөх бичигт нь юу гэсэн байсан бол, та сонирхсон уу?
-Үгүй. Харин захирал Мэндсайхан тэдэнд хэлэхдээ "та нар Оюуныг л өөрчилчихвөл бид коммунизмыг байгуулна" гэсэн. Одоо коммунизмаа байгуул даа гэсэн.

-Ажлаасаа гараад л энэ эмнэлгээ байгуулсан уу?
-Америк явна гээд хамаг юмаа цэгцлээд байж байтал Орос эмнэлгийн дарга Мишуков гуайтай тааралдсан. АУИС-д багшилж байхын л түүнийг танина л даа. Америк явах бодолтой байгаагаа хэлтэл, чи яагаад нутаг усаа хаяад гадагшаа явах гээд байгаа юм гэдэг байгаа. Тэгээд "хэцүү байгаа бол над дээр хүрээд ир. Хувийн эмнэлэг байгуул" гэсэн. Надад тэр үед хувийн эмнэлэг гэдэг орцны эмнэлэг шиг сэтгэлд буугаад байсан л даа. Гэтэл Мишуков гуай "Оролдоод үз. Бүр болохгүй бол хэзээ ч хаяад гадаадад гарах боломж байгаа шүү дээ. Би чамд тусалъя" гэж зоригжуулсан. Тэр үед орос эмч нар Монголоос гараад явчихсан, байр нь хоосон, тоног төхөөрөмж нь үлдчихсэн байсан. "Энэ бүхнээс ажлаа эхэл. Би гурван сар байрны түрээс авахгүй. Ажлаад үз" гэж Мишуков гуай намайг урамшуулж дэмжсэнд маш их баярлаж явдаг.

-"Перфект" гэдэг маань яг юу гэсэн үг юм бэ. Их сонин санагдлаа?
-Эмнэлгийн нэрээ онож өгч чадахгүй нэлээд удсан л даа. Интээд аливааг төгс хийх гэдэг утгаар нь "Перфект" гэдэг нэрийг сонгосон. Англи, испани, итали, португали хэл дээр ч перфект гэдэг нь төгс гэсэн санааг агуулсан байдаг. Гадаад харилцаагаа бодсон ч их оносон нэр. Гадаад найз нар маань ч ямар гоё нэр вэ гэж магтдаг юм. Манай эмнэлгийн үйл ажиллагаа ч нэр шигээ төгс байх учиртай. Бид ч үүний төлөө зүтгэж байна.

-Салла Сальменкиви, Мишуков гээд дандаа гадаад найзуудтай юм аа?
-Тийм шүү. Бас Chuck Swanson гэдэг америк найз маань надад наркозын аппарат, хагалгааны ор бэлэглэсэн. Үүний хүчинд л өдий зэргийн эмнэлэгтэй болчихоод байна.

-Хагалгааны багаж, төхөөрөмж хэр зэрэг үнэтэй вэ?
-Маш өндөр үнэтэй. Зөвхөн хүчилтөрөгч хэмждэг багаж гэхэд л 6000 ам.долларын үнэтэй. Наркозын аппарат 60-70000 ам.долларын үнэтэй. Түүнчлэн гараар барьдаг багаж хэрэгслээс гадна толгойдоо мэдлэг хийхэд мөнгө зарцуулах хэрэгтэй гэж би боддог юм. Гадагшаа хурал. зөвлөгөөнд явахад наад зах нь 8000 ам.долларын зардал гарна. Гэхдээ юм сурахад би мөнгө хайрлахгүй. Толгойдоо юм хийж байж илүү ажиллана шүү дээ. Толгойдоо мөнгө зарцуулах хэрэгтэй. Ном, сэтгүүл худалдаж авна. Би пластик мэс заслын олон улсын сэтгүүл, сонин захиалахад жилд 1000 орчим доллар зарцуулдаг. Бас Пластик мэс заслын нийгэмлэгийн гишүүний хувьд кодоор вэб сайтад тодорхой мөнгө төлж орж бүх шинэ мэдээллийг авдаг. Ер нь мэдээллээс бид хоцроод байна. Өнөөдөр алийн болгон манай Монголын эмнэлгүүд ийм байдлаар, тусламжаар явах юм бэ?

-Монголын эмнэлэг, эрүүл мэндийг та шүүмжлэх гээд байна аа даа?
-Тийм. Монголын эрүүл мэндийм байгууллага, анагаах ухаан зогсонги байдалд орчихоод байна. Ер нь арваад жилээс нааш хөдөлж, сэхэж чадахгүй дээ. Би нэг сонин зүйл ярья. Хоёр, гурван жилийн өмнө Монголд Мянганы сорилын сангийн нэгэн хурал болсон доо. Гуравдугаар эмнэлгийн Болдсайхан эмч бид хоёр тэр сангийн тусламжийг татгалзуулчихсан даа, бараг.

-Яагаад?
-Би санамсаргүй явж байгаад тэр хуралд оролцчихсон юм.

-Хуралд урилгагүй оролцсон хэрэг үү?
-Тийм. Тэр хуралд оролцохоор манай найз эмч гадаадаас ирчихсэн намайг цуг оръё гээд болдоггүй. Би урилгагүй энэ тэр гэж гэж нэлээд цааргалж байгаад ороод суучихлаа. Яамны сайд, дарга нар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, парламентын хэдэн гишүүн, нэлээд америкууд тэнд суучихаж. Сонсоод байсан чинь их сонин юм яриад байна аа. Америк өчнөөн сая доллар өгөх гээд, манайхны нэг нь төсөл уншиж танилцуулаад, бүр хэлэлцэв. Надад нэг л биш санагдаад. Тэссэнгүй босоод үг хэллээ.

-Урилгагүй байж уу?
-Тэгэлгүй яахав. Миний хэлж байгааг аягүй бол дутуу, бүрэн гүйцэд орчуулахгүй байх гэж хар санаад англиар "авч өгсөн".

-Юу гэж хэлэв дээ?
-Монголд тоног төхөөрөмж, барилга байшинг хэн ч юм хэдэн сая доллараар амархан бариад босгочихно. Гэтэл тэнд ажиллах хүч, боловсон хүчин хэрэгтэй. Сайн эмч, мэдлэг чадвартай ажилтнууд чухал байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд эмч нарын мэдлэг боловсрол асар их хоцрогдсон. Тэдэнд давтан сургалт хэрэгтэй байна. Давтан сургалтаас гадна шинээр хүн сургахад асар их хөрөнгө шаардлагатай. Үүнд урт удаан хугацаанд маш их хөрөнгө зарцуулагдана. Үүнийг та нар яах вэ? Би саяхны жишээ хэлье. Хоёрдугаар эмнэлэг дээр Японы 40 сая долларын төхөөрөмж оруулж ирлээ. Гэтэл тэрний тал нь эвдэрхий байна. Компьютерийн томографын аппарат оруулаад ирэхэд тэрийг уншчих чадалтай эмч алга. Хүний оролцоогүй тэр машин нь уншчихлаа гэхэд эмчилгээг нь хэн хийх юм бэ? Хагалгааг нь хэн хийх юм бэ гээд эмч хүнийхээ хувьд хэлээд авлаа. Гэтэл нөгөө америкууд үүнийг анхааралтай сонсоод, хоорондоо яриад өөр болоод явчихсан. Харин манай монголчууд над руу муухай хараад л байсан. Би ч сүүлдээ, гадаадын их хөрөнгө орж ирэх гэж байхад илүү дутуу дэмий юм яриад болиулчихав уу даа гэж айсан.

Тэр үед тэр төслийг бичсэн эмэгтэй саяхан надтай хувийн ажлаар уулзахдаа, тэр үед таны хэлж байсан үнэн байна шүү. Одоо бид эмнэлэг байгуулах гээд хөөцөлдсөн чинь ажиллах хүч Монголоос олддоггүй юм  байна. Танд надад санал болгочихоор сайн эмч байна уу? Гэж асууж байсан.

-Монголд өнөөдөр сайн эмч ховорджээ гэж хэлж болох уу?
-Монголд сайн эмч зөндөө байгаа. Харин тэр эмч нарт тоног төхөөрөмж, цалин хөлс, ажиллах боломж, орчин, давтан сургалт дутагдаад байна. Гадаадад нэг удаагийн сургалт ямар үнэтэй билээ. Тэр төлбөрийг улс төлж чадахгүй байна, өөрөө төлж дийлэхгүй байна. Хааяа нэг төсөл энэ тэр гэж байгаад зарим нэг эмч гадагшаа сургалтад явчихдаг л даа. Тэдний мэдлэг боловсрол сайжраад Монголдоо ирдэг. Гэтэл тоног төхөөрөмж байлаа гэхэд ажиллах орчин нь шаардлага хангаж чаддаггүй. Ийм байдлаар явах юм бол Монголын анагаах ухаан, эрүүл мэндийн салбар 15 жилээс нааш сэхэхгүй. Яг өнөөдрөөс эхлээд сэхээе гээд явахад л дор хаяж 15 жилээс нааш сэхэхгүй гэдгийг би харж байна.

-Гадаадаас сайн эмч нар авчирч ажиллуулбал сэхэх болов уу?
-Ийм хувилбар байж болно. Гэхдээ өөрийн улс орондоо хамгийн өндөр цалин авдаг сайн эмч нар Монголд хэзээ ч ирэхгүй.

-Тэгээд хэн ирнэ гэж?
-Хамгийн тааруухнууд нь л ирнэ. Хүн эмчлэх гээд, эмийн нэр бичих гээд номынхоо хуудсыг эргүүлж хардаг эмч нар ирнэ. Ер нь шуудхан хэлэхэд, ирчихээд байна. Өвчтөнөөр тоглож байна. Гуравхан жилийн сургууль төгссөн эмч Монголд ирчихээд, гадаад нүүр царай нь паспорт болоод өвчтөнөөр тоглож байгаа баримт байна. Харин гадаадын эмч гэхээр л сүйд болдог монголчуудын сүсэг сүүлийн үед буурчихаад байгаа шүү. Япон, сингапур, германд эмчлүүлсэн зарим хүмүүс эмчилгээ нь тааруу юм гэж шүүмжилдэг болсон байна лээ.

-Таны яриаг сонсоод байхад Монголын анагаах ухаан таг зогсчихоод байна гэж шүүмжлээд байна аа даа?
-Бүр аль эрт, 1990-ээд онд зогсчихсон. Энэ бол манай парламентын, Засгийн газраас явуулж байгаа бодлого, тэнд сууж байгаа хэдэн нөхдийн буруу гэж би шууд хэлье. Би бол жирийн л эмч нарын нэг. Гэтэл тэнд суугаа хүмүүс жирийн эмч нарынхаа үгийг сонсдоггүй.

-Ингэхэд танай эмнэлэг яг ямар чиглэлийн хагалгааг голлож хийдэг вэ?
-Манай эмнэлэг нөхөн сэргээх пластик эмчилгээ хийдэг. Энэ нь маш өргөн хүрээтэй. Хүний биеийн бүхий л хэсгийг нөхөн сэргээх эмчилгээ хийдэг. Бүх хавдар ургацаг авах, уруул тагнайн сэтэрхий оёх, залуужуулах, галбиржуулах, харвин авах, нүүр гар, хүзүүний арьсны хөгшрөлтийг залуужуулах, түлэгдэлт нөхөх, төрөлхийн гажиг засах гээд бүх л хагалгааг хийдэг. Хүний биеийн судас, шөрмөс, эд эсийг маш сайн мэддэг байж л энэ бүх мэс ажилбарыг хийнэ шүү дээ. Хөх томруулах мэс ажилбар хийлээ гэхэд л хавдар, бүх төрлийн өвчнийг нь мэддэг байх зайлшгүй шаардлагатай.

-Сүүлийн үед гоо сайхны мэс заслын эмнэлгүүд борооны дараахь мөөг шиг олширч, хэн дуртай нь аль дуртай газраа орох боломжтой болчихлоо. Бүр сүүлдээ мэс хүргэхгүйгээр давхраа суулгаж, хамар өндөрсгөнө гэх зар ч хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тарах боллоо. Үүнээс болоод сайхан болох гэсэн биш "сахил хүртээд шал дордов" гэдэг шиг бүр муухай болчихлоо гэх охид, бүсгүйчүүдийн яриа чих дэлсч байна?
-Гоо сайхнаа байтугай эрүүл мэндээ алдаж байна. Мэс заслын бус аргаар сайхан болгоно гэсэн заранд итгээд золиос болсон жишээ маш олон бий. Тийм хүмүүс манай эмнэлэгт зөндөө ирдэг. Зарим нь бүр надад уурладаг.

-Яагаад танд уурладаг юм бол?
-Энэ талын мэдээлэл цацаагүйгээс болоод буруу газар, чадахгүй хүнээр нүүр царайгаа муухай болгочихлоо гэж. Харин ч би энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн ч их ярьсан даа. Хүмүүс анзаардаггүй юм байлгүй. 1997 онд анх эмнэлэг байгуулахдаа л ярьж эхэлсэн! Уруул, хацар, хөх рүүгээ гель шахуулаад байхад нь л ингэж болохгүй гэж мөн их хэлсэн дээ.

Тэр үеэс хойшхи сонинуудын хуудсыг дэлгээд хараарай. Шахдаг гель хүний биеийн эд эстэй зохицохгүй гэдэг үр дагавар нь одоо гарч байна. Уруул нь памбайгаад, хацар нь идээлээд, хөх нь хавдаад болохоо байж байна. Тухайн үед л миний үгийг сонсч байсан бол одоо ингэж шаналж харамсахгүй шүү дээ.

-Хятад, Солонгосоос эмч нар ирж охид, хүүхнүүдийг жигтэйхэн гоё болгож байна гэлцэх боллоо?
-Гадаадад гоо сайхны пластик мэс заслыг маш өндөр ханшаар хийдэг. Гэтэл Монголд ирж байгаа эмч нар ямар үнээр хийдэг билээ дээ. Тэд зөвхөн монголчуудын сэтгэл зүйгээр тоглож, ашиг хайдаг хүмүүс. Мэсгүйгээр давхраа суулгаж байгаа нь энэ гээд хайлдаггүй утас зовхинд нь шургуулаад орхичих жишээтэй. Нөгөөх нь улайж идээлээд сормуусгүй болчихдог. Дараа нь хэлбэргүй сонин төрхтэй болдог. Үүнээс болоод ичсэндээ ажлаасаа гарсан, бүр нөхрөөсөө салсан тохиолдол бий. Ашиг хайдаг хүмүүс үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, гоо сайхнаар тоглоод яваад байна.

Айлын нэг өрөөнд ч юм уу, орцонд нэг эмнэлэг нээж үйлчилгээ явуулж байхад нь нэг нь гэнэдээд орчихдог. Тэгээд л дараа нь "би ийм болчихлоо" гээд манай эмнэлэг дээр уйлаад ирдэг. Нөгөө хүмүүстэй шүүхдээд явъя гэхээр алга болчихсон байдаг гэж байгаа юм. Солонгос, хятад, орос ч юм уу эмч орж ирээд л гэнэн хүмүүсийн гоо сайхан, эрүүл мэндээр тоглоод яваад байна шүү дээ. Хөхөндөө гель шахуулсан нэг эмэгтэй одоо хөхөө тайруулахаас өөр аргагүй хохирчихоод уйлаад явж байна. Үнэхээр харамсалтай.

-Гадаадад хийлгэсэн гоо сайхны хагалгаа манайхаас илүү байж чадах уу?
-Би дээр хэлсэн дээ. Чанартай нь өндөр ханштай байдаг гэж. Гэтэл Солонгост, Америкт ч халтуур хийдэг эмч нар байгаа шүү дээ. Солонгост хамраа өндөрлүүлсэн, болсонгүй гээд манай эмнэлэгт хандсан хүн бий. Солонгост нүүр татуулсан чинь нил сорви болчихлоо янзлаад өгөөч гээд манайд дахин хагалгаанд орсон хүн ч байна.

-Хүний хийсэн хагалгааг дахиж янзлах хэцүү биз?
-Хэцүү байлгүй яахав. Ер нь чих, хамар, хоолой, нүдний эмч нар гоо сайхны пластик хагалгаа хийж бололгүй яахав. Гэхдээ суурь мэдлэг зайлшгүй чухал. Олон жилийн дадлага туршлага, давтан сургалт, мэдээлэл маш чухал гэдгийг дахин хэлье. Хорь гаруй жил мэргэшсэн эмчийн мэдлэг оюутны ширээний араас босоод 4, 5-хан жил болж байгаа эмчийнхээс хэр зэрэг ялгаатай байх вэ гэдэг ойлгомжтой л асуудал биз дээ.

-Танд гудамжинд ч юм уу, автобусанд явж байхдаа, энэ хүний нүд, хамрыг ингээд засчих юмсан гэсэн бодол төрдөг үү?
-Төрөлгүй яахав. Мэргэжлийн өвчин юм даа. Зурагт ч зүгээр үзэж чаддаггүй. УИХ-ын зарим гишүүнийг хараад, тэрний доод зовхи нь унжчихаж, ингээд засчих юмсан гээд л... Гудманд явж байхдаа, заримдаа онцгой тохиолдолд тухайн хүнд дөхөж очоод өөрт нь хэлдэг. Их эвгүй царайтай, ур хавдартай хүнийг хараад дуугүй өнгөрч чаддаггүй.

-Та үйлчлүүлсэн хүмүүсээ тоолж үзсэн үү?
-Үгүй юм байна шүү. Долоо хоногийн таван өдөр бүтэн хагалгаатай байдаг. Нөхөн сэргээх, гоо сайхны хагалгаа гээд өдрийг амсхийх завгүй өнгөрөөдөг. 1997 оноос өнөөдрийг хүртэл гээд тоолохоор бараг сая хүрсэн байх аа (инээв). 

САНАЛ БОЛГОХ

 
 
Цагдаа нар хувцсаа сольсон нь

GO САНАЛ АСУУЛГА

“Эхэд тэтгэмж, дэмжлэг, хөнгөлөлт эдлүүлэх тухай” хуулийн төсөлд та ямар санал оруулах хүсэлтэй байна вэ?
Нийт 379 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •