Билл Гейтсийн ШИНЭ ЗОРИЛГО: Альзхеймерийг эмчлэх

Д.Багахүү GoGo.mn

2017-11-14 13:30 GMT+8

Шинжлэх ухааны ариун зорилгын нэг Альзхеймерийн өвчнийг эмчлэх юм. Өнөөдрийн байдлаар өвчний явцыг удаашруулахаас өөр үр дүнтэй арга байхгүй бөгөөд тэрбумтан Билл Гейтс энэ явдлыг эцэслэхээр шийджээ.

Тэрээр “Би ямар нэг арга байгаа гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр байгаа олон төрлийн эмчилгээ тун ахицтай байгаа хэдий ч урт хугацаандаа бид энэ өвчнийг бүрэн эдгээх аргыг олох ёстой” гэсэн байна.

Өнөөдөр дэлхий даяар энэ өвчинд дурсамжаа “идүүлсэн” 47 сая хүн амьдарч байгаа бөгөөд  Билл Гейтс өөрийн хувийн хөрөнгөөс 50 сая ам. долларыг “Сэтгэцийн олдмол өвчнийг оношлох сан”-д хандивлажээ.

Альзхеймерийн өвчнийг анх 1906 онд Германы эмч Алоис Альзхеймер тодорхойлж байсан аж. Тэрээр Август хэмээх эмэгтэйн өвчний түүхийг бичиж, ой дурсамжаа хэрхэн алдсан, биед нь өөр ямар өөрчлөлт гарсан тухай өгүүлсэн юм.

Гэхдээ эмэгтэйг нас барсны дараа хийсэн задлан шинжилгээгээр тархиных нь хэмжээ эрс багасаж, мэдрэлийн эсүүдийн ойролцоо хэвийн бус зүйлс байгааг тогтоожээ.

Харин дахин 80 жилийн дараа л эрдэмтэд энэхүү хэвийн бус зүйл нь амилоид, тау хэмээх хоёр төрлийн уураг болохыг тодорхойлсон юм. Энэ хоёр уураг нь эрүүл тархины эсэд хүртэл байдаг хэдий ч Альзхеймерийн өвчтэй хүний тархинд өөр нөлөө үзүүлдэг.

Амилоид уураг нь барьцалдаж эсийн мэдээлэл дамжуулах замыг хаадаг бол тау уураг нь мэдрэлийн эсийг орооцолдуулдаг аж.

Тиймээс хүний зан төлөв өөрчлөгдөх, ой санамжаа алдах зэрэг шинж тэмдэг илрэхээс хэдэн жилийн өмнөөс энэ өвчин газар авч эхэлдэг юм байна.

Эх сурвалж: CNN

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ