Т.Гантөмөр: Хогноос эрчим хүч гаргах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан

Б.Эрмүүн GoGo.mn

2017-11-15 08:20 GMT+8

Хогийг дахин боловсруулж, эрчим хүч гаргах хүчин чадалтай үйлдвэрийг Хятадын 100 хувийн санхүүжилтээр барихаар болжээ. Уг хог боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан бөгөөд  энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс тодрууллаа.

-Хог боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ батлагдсан гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монголын нөхцөлд хог хаягдлыг дахин боловсруулах, эрчим хүч гаргах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг бид хийсэн. Агаарын бохирдлын үндэсний хороо, Эрчим хүчний яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам болоод засгийн газрын түвшинд уг ТЭЗҮ-г хүлээн зөвшөөрсөн. Австри улсын сүүлийн үе тоног төхөөрөмжөөр Бүгд найрамдах хятад ард улсын Төрийн өмчийн корпорацын 100 хувийн санхүүжилтээр 2-3 жилийн дотор барихаар төлөвлөж байна.

-Үйлдвэр ямар хүчин чадалтай вэ?
-Нийслэлийн хэмжээнд өдөрт 2500-3500 тонн, жилд 1.1 сая тонн хог үүсдэг. Үүнээс 300-400 тонныг нь хог боловсруулах үйлдвэр боловсруулна гэж тооцоолж байгаа. Бид холбогдох яам, сайд нартай хамтран ажиллана. Эрчим хүчний үйлдвэрлэл хийхэд үнэ тарифыг хэрхэн зохицуулах, хог тээвэрлэлтийн үнээ яаж тогтоох, тоног төхөөрөмжөө хаанаас оруулж, хэн үүний менежментийг хийх вэ гэдгийг нарийн хуваарилах шаардлагатай. Улаанбаатар хотын захиргаа, төрийн захиргааны байгууллагууд, Монгол улсын засгийн газар ямар үүрэг хүлээх вэ гэдэгт нарийвчилсан хуваарилалтыг удахгүй хийнэ. Хог шатаах, дахин боловсруулах, хогны чиглэлийн жижиг үйлдвэрүүд манайд цөөнгүй бий. Гэсэн ч эцсийн бүтээгдэхүүн буюу эрчим хүч үйлдвэрлэх, хог шатаах анхны үйлдвэрийг бид барих гэж байна. Энэ ажилд Ерөнхий сайд, Нийслэлийн засаг дарга ихээхэн анхаарал хандуулж байгаа. Хоёр жилийн дотор барина гэсэн тооцоог бид гаргасан.   

-Бүтээн байгуулалтын ажлыг хаана хийхээр төлөвлөсөн бэ?
-Эрчим хүч, дэд бүтцээ түшиглэж цахилгаан станц төвлөрсөн газар барихаар тооцоолж байна. Нийт 5 га газар олгогдсон байгаа. Гэвч олгосон газар нь хувийн хэвшлийнхний газартай давхацсан учир багагүй маргаан үүссэн.

-Өртгийн хувьд?
-Яг одоогоор бүрэн тооцоо гараагүй байна. Ер нь Хятадын хөрөнгө оруулж байгаа тал 300 гаруй сая ам долларыг урьдчилсан хэлбэрээр хийе. Монголын тал тодорхой хэмжээгээр оролцох ёстой, үүрэг хариуцлагаа хүлээх ёстой гэсэн шаардлагыг бидэнд тавьсан.

-Үйлдвэр ашиглалтад орсноор хэчнээн хүнийг ажлын байраар хангах вэ?
-Манай хотод 300-400 метр кв хог боловсруулах үйлдвэр нэгийг барихад хангалттай гэж мэргэжилтнүүд тооцоолсон. Үйлдвэр ашиглалтад орж эрчим хүчээ үйлдвэрлэж эхлэхэд 500-600 хүнийг ажлын байраар хангана гэсэн урьдчилсан тооцоог гаргасан.  

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ