З.Энхболд: Н.Түвшинбаярыг “Чингис хаан” одонгоор шагнана


2017-11-15 12:05 GMT+8

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Олимпийн хошой медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт хүртээхээр болсон талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээллээ.

Тэрбээр “Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр нийгэм, үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг Монгол Улсын тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

“Чингисийн одон” шагналаар Монгол Улсын хамгийн нэр хүндтэй, улсынхаа нэрийг өндөрт өргөсөн хүнийг шагнадаг.

Энэ жил Чингис хааны мэндэлсэн өдөр энэ сарын 19-нд тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөө жил энэ одонг Монгол Улсын анхны олимпийн аварга, анхны олимпийн хос медальт Н.Түвшинбаярт олгохоор боллоо” гэсэн юм.

Өнгөрсөн жил Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн "Сүлд" чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин Ганбаатарын Ариунбаатар энэ шагналыг хүртсэн бол өмнөх жилүүдэд

  • Ерөнхийлөгч асан П.Очирбат,
  • Хөгжмийн зохиолч Б.Шарав,
  • Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн,
  • УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж,
  • Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
  • УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл,
  • Ерөнхий сайд асан П.Содном,
  • Эрдэмтэн Х.Намсрай,
  • Зохиолч Г.Мэнд-Ооёо нар хүртсэн билээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ