Геополитик, геоэкономик бүсчлэл

Засгийн газрын мэдээ

2017-11-15 11:25 GMT+8

Ингэхэд геополитик, геоэкономик бүсчлэлээ монголчууд бид нарийвчлан тогтоож чадсан уу. Социализмын үед Эдийн засгийн харилцан туслах зөвлөл гэж яваад л эвсэл бүлэглэлгүй хоцорсон. 2006 оноос АSЕМ буюу Ази-Европын уулзалтын гишүүнчлэлтэй, 2004 оноос ШХАБ-ын ажиглагч статустай явна. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумд (АПЕК) нэгдэх чин хүслээ Гадаад бодлогын үзэл баримтлалдаа заасан. Монголын эдийн засгийн хамрагдах бүс нь АПЕК болж чадахгүй явсаар гишүүн элсүүлэхийг хоёр ч удаа түтгэлзүүллээ. Одоо хаачих вэ гэдэг асуулт тулгарна.

Монгол- Орос-Хятадын гурвалсан харилцаа чиг заасан “Алтангадас” болж тунав уу. Ингээд Монгол маань ямар орон зайд багтах, хэнтэй эвсэх, хэнийг дагах, гол нь бүс нутгийн ямар бүтэц, байгууллага, форумд элсэх интеграцчилагдах гэхчлэн олон асуудалд яаралтай хариу эрэх хэрэгтэй байна. Түрэгүүдийн санал болгоод буй DA (Dialogue Aurasia) буюу Евразийн яриа хэлэлцээ гэдэгт уригдсан билээ. Оросуудын санал болгоод буй “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт”, “Сибирийн хэлэлцээр” бүс хоорондын нийгэмлэгт идэвхтэй явах, эсвэл ОХУ-ын Чита муж, Буриад улс, Алтай улс, Тува улстай нийлээд “Байгаль нуурын Эдийн засгийн хамтын нөхөрлөл” байгуулах гэхчлэн тулга тойрсон ганц хоёр эвсэл бас байна.

Монгол-Орос-Хятадын гурвалсан харилцаа чиг заасан “Алтангадас” болж тунав уу

Тухайн цагт ЭЗХТЗ-өөс салж өнчирсөн БНМАУ гишүүн нь болчих санаатай үзэж байсан Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл гэдэг (ТУХН) энэ том эвсэлд салалт гарцаагүй нүүрлэж, орыг нь залгах хэд хэдэн бүлэглэл гарч иржээ. ГУАМ (Гүрж, Украин, Азербайжан, Молдова) нь ТУХН- ийг шууд сөрсөн, газар зүйг улс төртэй холбосон геополититикийн тэнхлэг маягаар (Прибалтика - Украин - Молдова – Гүрж) сууриа тавьж байна. Оросгүй интеграц үлгэр болох тавилантай тул “Евразийн эдийн засгийн орон зай” (ЕЭП) гэгчийг үүний альтернатив хувилбар гэж нөгөө талаас үзэж, улмаар Евразийн эдийн засгийн холбоо хэмээн зарлан буй болгожээ.

ГУАМ-ыг “Ардчилал, хөгжлийн төлөө байгууллага” (АХТБ) хэмээн нэрлэе гэх санал яригдаж байгаад таг боллоо. АХТБ – ГУАМ-ын дөрвөн гишүүнээс гадна Европын Холбооны зарим гишүүнд, Европын Холбооны шинэхэн гишүүн болох Болгар, Румын бас гишүүн нь байх ёстой ч юм шиг. ТУХН-ийг булшлах лут алхмыг аль арван хэдэн жилийн тэртээ хэсэг улс хийсэн ба тэр үед байгуулагдсан Сообщество демократического выбора (СДВ) буюу Ардчилсан сонголтын хамтын нийгэмлэг (АСХН) гэх эвсэлд ТУХН-ийн гурван гишүүн Гүрж, Молдова, Украин орж, тэдэнтэй Польш, Латви, Литва, Эстони, Македони, Румын, Словени эвсээд авчээ. Хожим нь Орос Гүрж рүү халдаж, Украинаас Крымыг нь салгаж, Донбасс дахь мөргөлдөөнд хам оролцсоноос үүдэн Гүрж, Украин хоёр ТУХН-ийг үүрд орхилоо.

Эдүгээ СССР-ийн буурин дээр эвсэл бүлэглэлийн эрэл гэхээсээ холион бантан маягтай үйл явц үргэлжилж байгааг толгой эргүүлэм олон баримтууд хэлээд өгнө. Ингэхэд эвсэж бүлэглэхийн лидер нь Европ байсан ба байсаар ч байна. Бүс нутагчлал, бүс нутгийн олон талт үйл явц, институцийн хамгийн ахмад, зөв, оновчтой хувилбар бол Европын Холбоо гэдэгтэй маргах хүн гарч ирж болзошгүй. Британи салаад явчихсан тул Европын бүлэглэлийг 100 хувь өмөөрөх нь хаашаа ч юм.

Гэхдээ л одоогоор шилдэг загвар хэвээрээ байна. Эдийн засгийн хөгжлийн түвшин, ялгаа зөрүүг үл харгалзан “Европын нийтлэг иргэншил, соёл, үнэт зүйлс, нийтийн зах зээл” гэгчээрээ 15-уулаа байсан барууныхан Дорнод, Төв Европ, Балканы экскоммунист 10, мөн Мальта, Киприйг оролцуулан одоо 27-уулаа болж авсан ба одоо Британи хасагдаад 26-уулаа үлдэнэ. Харин ойрын ирээдүйд Хорват, Серби, Македон, Турк нэгдвэл 30-уулаа болох юм. Хуучин СССР-т багтаж асан Балтийн гурав эгнэгт цаашаа харсан ба араас нь Гүрж, Украин мөн ийм магадлалтай байна.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Европын Зөвлөл, НАТО-гийн Энхийн төлөө түншлэлийн хөтөлбөрөөр хуучин СССР-ийг бүхэлд нь Европын олон улсын институцид хамж авсан ба хэтдээ хүчирхэг, нэгдмэл, бат Европ (магадгүй иргэншил дамнасан) дэлхийн бодлогод зонхилох үүрэг гүйцэтгэнэ гэсэн ерөнхий таамаг хэвээрээ буй. Зүүн Ази бол Европыг элдэж бүлэглэхээрээ уралдаж яваа бүс нутаг.

Ази гэх энэ том орон зай нь иргэншлийн тэнхлэгээрээ хэд хэд хуваагдаад байна. Зүүн Ази, Лалын Ази, Энэтхэг гэсэн гурван том цагариг үүсч буй. Энд гурван цагариг дахь 320 гаруй институцийг ярих бус манайд шууд хамаарах бүс нутаг руу хандуулъя. “Хүйтэн дайн”-ы нэг үр дагавар хэмээн үздэг Зүүн өмнөд Азийн орнуудын Холбоо буюу АСЕАН нь чухам Азидаа олон талт үйл явц, институцийн хамгийн цорын ганц, ахмад хувилбар нь байсан, байна чиг. Эдийн засгийн интеграцчилалд шилжсэнээс хойш АСЕАН-ы 10 улсад өсөлт тогтвортой байна. 2020 он гэхэд АСЕАН-ы Эдийн засгийн хамтын нийгэмлэг буюу нэгдсэн зах зээлд шилжих хөтөлбөр хэрэгжчихсэн байхыг бүү мэд, ямар ч гэсэн үе шаттай хэрэгжүүлж байна.

Эвсэж бүлэглэхийн лидер нь Европ байсан ба байсаар ч байна

2020 он гэхэд АСЕАН-ы Аюулгүй байдлын хамтын нийгэмлэг байгуулах зорилтоо хэрэгжүүлнэ гэсэн. АСЕАН-ы орнуудын бүсийн доторхи эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээ улам нарийсч салбарласан. Олон улсын ба бүс нутгийн хөгжлийн хандлагыг тусган хамтын ажиллагааны шинэ хэлбэр бүрдүүлэхэд АСЕАН голлон анхаарч байна. Улс төрийн хүрээнд Азийг бүхэлд нь багтаасан “Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ”-ний механизм 2002 онд үүсгэж, 28 гишүүн улсыг нэгтгэж байна.

Малайзийн санаачилгаар Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт (East Asian Summit) хэмээх бас нэгэн форум 2005 онд үүсч, АСЕАН, АСЕАН+Гурав, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг оролцсоноор Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засаг-худалдаа-аюулгүй байдлын олон талт хамтын ажиллагааны асар том орон зай үүсч, нэг цогц үйл явцаар цааш өрнөх төлөв харагджээ.

Эдүгээ нэр бүхий хэсэг улсыг “Зүүн Ази” гэж нэрлэж хэвшлээ. Зүүн Ази гэдэг энэ их дэвсгэр дээр бүхэлдээ тогтвортой хөгжлийн үе эхэлж, эдийн засгийн хувьд эвсэх, интеграцчилагдах үйл явц мөн гэрлийн хурдаар явж байна. Эдийн засгийн хувьд бүс нутагтаа хоцрогдсон гэж үзэж буй тэр хэсгийг (Лаос, Мъянмар, Камбож, Монгол, Хойд Солонгос гэх мэт) эдийн засгийн хувьд хурдацтай хөгжүүлэх их зорилт өмнө маань байна. Ингэхэд ямагт хямрал дагуулдаг Африк ч бас муугүй эвсэж бүлэглэж яваа. Ямагт хар бараанаар төсөөлөгдөөд ирчихсэн, дайн самууны үүр уурхай гэж үздэг Африкийг аваад үзэхэд бүс нутгийн олон улсын, салбар бүс нутгийн олон улсын институци, байгууллага, форум гайгүй төлөвшиж байгаа төлөвтэй.

Энд Монголтой холбохгүйгээр зөвхөн мэдээлэл хүргэх, санаа сэдэл авахуулах үүднээс нэрлэе. Сахарын цөлөөс өмнөх Хар Африкт гэхэд л Баруун Африкийн эдийн засаг-валютын холбоо, Дорнод ба Өмнөд Африкийн нийтийн зах зээл, Мано мөрний сав газрын улсуудын холбоо, Африкийн өмнөд хэсгийг хөгжүүлэх хамтын нийгэмлэг, Төв Африкийн эдийн засаг-валютын хамтын нийгэмлэг, Баруун Афикийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг гэх мэт.

Мөн Их нууруудын орнуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Төв Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Төв Африкийн гааль, эдийн засгийн холбоо, Өмнөд Африкийн гаалийн холбоо гэж нэр нь ч адилхан, өөр хоорондоо ялгаагүй шахам 10 том эвсэл байна. Баруун Африкийн долоон улс дундаа нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болсон ба түүнийг нь Баруун Африкийн Төв Банк гүйлгээнд гаргадаг аж.

  • Институцийн хамгийн ахмад, зөв, оновчтой хувилбар бол Европын Холбоо.
  • Эдийн засгийн интеграцчилалд шилжсэнээс хойш АСЕАН-ы 10 улсад өсөлт тогтвортой байна.
  • Монгол очиж нийлэх FEALAC буюу Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (“Сингапур-Чили”) “Рио- АСЕАН” байж болох юм.

Харин Хойд Африкт ийм дэвшил байхгүй. МАГРИБ-ын (Алжир, Тунис, Марокко, Ливи), МАШРИК-ийн (Египет, Сири) интеграцийн нэгдэл бүтэлгүйтсэн. Африкт эдийн засгийн интеграци 2028 он хүртэл зургаан үе шаттай явагдана.

Африкийн Эдийн засгийн Хамтын нийгэмлэг байгуулахдаа:

  1. Эхний шатанд бүс нутгийн эдийн засгийн хамтын нийгэмлэгүүд байгуулах ба үүнд Арабын Магребын холбоо, Төв Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг, Зүүн ба Өмнөд Африкийн нэгдсэн зах зээл, Өмнөд Африкийн хөгжлийн хамтын нийгэмлэг, Баруун Африкийн улсуудын эдийн засгийн хамтын нийгэмлэг байгуулж ажиллуулна.
  2. Тариф худалдааныхаа элдэв бэрхшээлийг арилгаж, худалдаа, хөдөө аж ахуй, санхүү, тээвэр, харилцаа холбоо, аж үйлдвэр, эрчим хүчний салбарыг интеграцижуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын нийгэмлэгүүдийг зохицуулна.
  3. Бүс нутгийн эдийн засгийн хамтын нийгэмлэгүүд дотроо Чөлөөт худалдааны бүс, Гаалийн холбоо байгуулна.
  4. Бүс нутгийн эдийн засгийн хамтын нийгэмлэгүүдийг хамарсан тариф, тарифын бус системийг зохицуулах замаар Тивийн Гаалийн холбоо байгуулна.
  5. Африкийн нэгдсэн зах зээл байгуулж, хамтын бодлогоо батална.
  6. Бүх салбарыг интеграцижуулж, Африкийн Төв банк байгуулан нэгдсэн нэг мөнгөн тэмдэгттэй болно. Улмаар Африкийн Эдийн засаг, мөнгөний Холбоо байгуулж, Пан-Африкийн анхны парламентыг сонгоно гэж Абужагийн гэрээнд заажээ. 1994 оны энэ гэрээ хэрэгжвэл эдүгээгийн 51 улс эхлээд таван тусдаа бүс нутгийн эвсэлд хуваагдаад, хэтдээ Европын холбоо маягийн нэг том эвсэл болох ажээ. Энд мөн Монголтой холбохгүйгээр зөвхөн мэдээлэх, санаа сэдэл авахуулах үүднээс нэрлэх хэд хэдэн эвсэл бүлэглэл байна. АЛАИ, Латин Америкийн интергацийн холбоо, Андын хамтын нийгэмлэг, МЕРКОСУР, Карибын хамтын нийгэмлэг ба нийтийн зах зээл, Төв Америкийн нийтийн зах зээл, Америкийн хоорондын банк ажиллаж байдаг ба ойрын ирээдүйд Америкийн хоорондын чөлөөт худалдааны бүс бий болж, хэтдээ Европын холбоо маягийн нэг том эвсэл Пан- Америкийн эдийн засгийн холбоо нэрээр бий болох ажээ.

Энд хамгийн их анхаарал татах нь, магадгүй хэтдээ Монгол очиж нийлэх FEALAC буюу Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (“Сингапур-Чили”) “Рио-АСЕАН” байж болох юм. Одоогийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ГХЯ-нд Төрийн нарийн бичгийн дарга байх үедээ FEALAC-ийн хуралд эх орноо төлөөлөн оролцож байсан.

Олхонуд Баярхүү

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ