Г.Дамдинням: Уул уурхайн компаниуд иргэдэд зөв ойлголт төрүүлэхийн тулд мөнгө зарах хэрэгтэй

Өнөөдөр сонин

2017-11-15 13:40 GMT+8

Уул уурхайн бодлого судлаач, Канадын Бритиш Колумбын их сургуулийн докторантур Г.Дамдиннямтай ярилцлаа.

-Монголын уул уурхайн засаглалын өнөөгийн дүр зургийг үнэлбэл ямар байдалтай байна вэ?
-Улс орнуудын уул уурхайн засаглалыг Байгалийн баялгийн засаглалын олон улсын хүрээлэн, Канадын Фрейзерийн институт гэсэн хоёр байгууллага үнэлж байна. Манай орны уул уурхайн засаглал дундаас доогуур үнэлгээтэй явдаг. “Маккензи” институтийн 2014 онд хэвлүүлсэн судалгаанд дэлхийд ойролцоогоор 100 орон байгалийн баялагт суурилсан эдийн засагтай гэж дурджээ.

Манай төмөр замын төслийн судалгааг хийсэн “Маккензи” компани биш шүү. 100 орны дундаас хойгуур яваа гэхээр уул уурхайн засаглал сул гэсэн үг. Монголын байгалийн баялгийн засаглал ямар вэ гэхээр зарим хүн муу гэсэн ерөнхий үнэлгээ өгдөг. Ямар нэгэн зүйлд суурилж, үнэлгээ өгөх ёстой. Шинжлэх ухааны үндэслэлтэй, тогтсон аргачлалаар тогтмол гаргадаг үнэлгээгээр сул гэсэн дүн авч байгаа хэрэг.

-Уул уурхайн засаглалын хамгийн чухал үзүүлэлт юу байдаг бол?
-Баялгийг олон нийтэд тэгш хүртээх боломж олгож байна уу, энэ нь улс орны эдийн засаг, нийгмийн байдлыг хэрхэн өргөдөг вэ, ингэхдээ сайн засаглалын хүрээнд хэрэгждэг үү гэдэг нь хамгийн чухал үзүүлэлт. Дарангуйлагч төр иргэн бүртээ мөнгө тараадаг байж болно. Туркменистан, Саудын Арабын жишээг дурдаж болно. Эдийн засаг, нийгмийн байдлаа өргөдөг үү гэвэл үнэн. Гэхдээ эрх чөлөөгүй учраас сайн засаглал гэж үзэх боломжгүй. Манайд эрх чөлөө байгаа ч сайн засаглал алга. Монгол туулах ёстойгоо туулаад л явж буй, баялагтай орны нэг.

Баялагтай улс орнууд бидний туулж буй замыг дайраад өнгөрсөн байдаг. Тойрох аргагүй юм шиг байна лээ. Байгалийн баялгийн засаглалын асуудалд олон нийтийн оролцоо сул байсан. Одоо сайжирч байна. Байгалийн баялгийн засаглал гурван талын оролцоонд тулгуурладаг. Төр, засаг, ард иргэд, компани гэсэн гурван талын тэгш эрх дээр тогтдог юм. Аль нэг нь давуу эрх эдлээд эхэлбэл засаглал бурууддаг. Дан ганц төр, засаг, эсвэл компаниуд удирдаад байвал буруу засаглал болно. Хоёр нь нийлээд нэгийгээ шахаад байвал бас буруу.

-Уул уурхайн замбараагүй засаглал эмх цэгцэндээ ортол тодорхой хугацаа шаардах байх. Цэгцрэх хугацааг нь богиносгох арга бий юү?
-Судалгаанаас харахад байгалийн баялагтай орнуудын алдсан, оносныг бусад нь дагасан байдаг юм. Хугацааг нь богиносгож болно гэсэн бодол төрдөг. Түүнээс биш алгасаад өнгөрнө гэсэн ойлголт байхгүй. Баялгийн сан байгуулах гээд бид яаж алдлаа. 2006 оноос байгалийн баялгийн сан байгуулахаар ярьж эхэлсэн. Ингээд 2009 онд Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсан. Энэ сан нэг их наяд төгрөгийн өр үлдээгээд дампуурлаа.

Богино хугацаанд сайн засаглалтай болох, эсэх нь иргэдийнх нь мэдээлэлжсэн байдал, төр, засаг, компаниудынх нь алсын хараатай үйл ажиллагаанаас хамаарна. Өөрөөр хэлбэл, гурван оролцогч талын үр дүнтэй хамтын ажиллагаанаас хамаардаг гэсэн үг. Хамгийн гол нь иргэдийнх нь зөв оролцооноос ихээхэн зүйл шалтгаална.

Буруу оролцвол хугацаа нь улам л сунана. Иргэд нь англи хэл сурч буй 80 гаруй улсаас манайх 70 орчимд жагссан байна лээ. Англи хэл бол дэлхийн мэдээлэлтэй холбогдох гүүр. Иргэд нь англи хэлтэй, өндөр боловсролтой байвал бусад улс оронд ямар үйл явдал өрнөсөн, юуг алдсан, оносон, яаж зөв оролцох ёстойгоо мэднэ. Ингэвэл иргэд төр, засгаа зөв талаас нь шахах юм. Мөн зөв үзэл бодолтой улстөрчийг сонгоно. Үүнээс хамаарч туулах замын урт, богино нь хэмжигдэнэ. Манай орон урт зам туулах болов уу.

-Яагаад урт зам туулна гэж?
-Уул уурхайн хоёрхон төсөл хөдөлгөж чадахгүй удаж буй нь хангалттай үндэслэл гэж бодож байна. Хоёр байгууллагын үнэлгээгээр дундуур явж байгааг дурдсан. Тэгэхээр дундаж хурдтай явж байна гэж ойлгодог. Бүр ч мөлхөөгүй гэсэн үг. Би үүнээс илүү хурдтайгаар засаглалаа сайжруулах боломжтой гэж үздэг. Манай орны өгөгдөл маш өндөр. Чөлөөт худалдаатай, дэлхий нийттэй холбогдсон, олон улсын хөрөнгө оруулалт татсан, иргэд нь бичиг үсгийн өндөр чадвартай, нэг үндэстэн давамгайлсан, эв найрамдалтай улс хэтэрхий удаан сайжирч байна. Энэ нь өгөгдлөө ашиглаж чадахгүй байгаатай холбоотой.

Үргэлжлэлийг эндээс

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ