УИХ-ын нэгдсэн чуулганаар 2018 оны төсвийн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийгээд буй. Хуулиараа маргааш гэхэд шинэ оны төсвийг баталсан байх ёстой бөгөөд, өнөөдөр ээлжит бус чуулган хуралдаж магадгүй байна. Үүнтэй холбогдуулан 2018 оны төсвийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-2018 оны төсвийг батлахад бэлэн боллоо. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд та ирэх жилийн төсвийг дүгнэж юу хэлэх вэ?
-Шинэ Засгийн газрын өргөн барьсан төсөв өмнөхөөсөө сайжирсан хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт төсвийн алдагдлаа бууруулсан байгаа. 2.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.5 хувьтай тэнцэж байсан төсвийн алдагдлыг бууруулаад найман хувьд хүргэж байна. Өөрөөр хэлбэл 300 орчим тэрбум төгрөгөөр төсвийн алдагдлыг бууруулсан нь өөрөө гайгүй сайн үзүүлэлт гэж бодож байгаа.
Төсөвт алдагдал их байна гэдэг хамгийн муу зүйл. Хоёрдугаарт эдийн засгийн өсөлтийг 4.2 хувьд хүргэнэ гэж 2018 онд үзсэн нь нэлээн том дэвшил. Шинэ Засгийн газар гарч ирснээсээ хойш хэд хэдэн арга хэмжээ авна гэж ОУВС-тай тохирсон. Өмнө нь ОУВС-гаас зөвшөөрөхгүй байсан зүйлүүд дээр ч тохиролцоонд хүрч чадсан байгаа. Тухайлбал, төрийн албан хаагчдад олгож байгаа ажлын үр дүнгийн урамшууллыг хэлж болно. 2017 54.9 тэрбум төгрөг, 2018 онд 56 тэрбум төгрөгийг үр дүнгийн урамшууллаар өгөхөөр болсон.
Жилд гурван удаа төсвөө тодотгодог орон манайхаас өөр байхгүй
Бид төрийн албан хаагчдын цалинг нэмж чадахгүй байгаа. Нэмэх ганц арга нь ажлын үр дүнгийн урамшуулал болчихоод байна л даа. Мөн тэтгэврийг 133 тэрбум төгрөгөөр нэмж байна. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан хууль ирэх жилээс шууд хэрэгжүүлэхээр болсон. Ирэх хоёр жил 90 цэцэрлэг, 59 сургуулийн санхүүжилт хөрөнгө оруулалтын зардлаар орж ирсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын санг тусад нь бие даалгахаар боллоо. Ингээд бодохоор 2018 оны төсөв бас ч гэж бололцооны болсон гэж Ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэж байна.
-Харин шинэ оны төсөв суурь эдийн засгаа хэр сайн дэмжиж чадах вэ?
-Энэ тал дээр хэлэхэд хөрөнгө оруулалтын зардлууд нэмэгдсэн. 2016 оны төсөв болон 2017 оны төсвийн тодотголд бид шинэ хөрөнгө оруулалт тавьж ерөөсөө чадаагүй. Дандаа л он дамжсан хөрөнгө оруулалтуудаа дуусгах тал дээр анхаарч байсан. Харин 2018 онд 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний 700 орчим тэрбум төгрөг нь шинэ обьект байгаа. Шинэ сургууль, цэцэрлэг, соёлын төв. Энэ бол суурь эдийн засагт дэмжлэг өгч чадах хөрөнгө оруулалт. Мөн төсвийн орлогыг 700 орчим тэрбум төгрөгөөр нэмж оруулж ирсэн. Ингэснээр орлогыг нэлээн сайн дайчилсан гэж бодож байна.
-Харин зарлага талдаа багасгаж чадаагүй юм биш үү?
-400 орчим тэрбум төгрөгөөр зарлага нэмэгдсэн. Энэ дотор хөрөнгө оруулалтын шинж чанартай ч байгаа, урсгал зардлууд ч бий. Мэдээж төсөв янзын сайхан боллоо гэж хэлж чадахгүй. Цаашид зарлагаа бууруулах, төсвийн сахилга батаа сайжруулах шаардлага зайлшгүй бий.
-Зардал дотор багтаж буй нэг удаагийн шинж чанартай, урсгал зардал нэлээн жин дарж байна. Энэ нь ОУВС-тай тохирсон төсвийн сахилга батыг хангах гэрээгээ зөрчөөд байгаа юм биш үү?
-ОУВС-тай хийсэн гэрээнд бүх зүйлээ хасаж, танана гэж суулгаагүй л дээ. Шаардлагатай зардал гарч ирвэл санхүүжүүлэлгүй яахав. Тэр хүрээндээ хөрөнгө оруулалтын болон шинээр бий болсон обьектуудын урсгал зардлыг шийдэхээс өөр аргагүй. Тэр дагуу л явж байна. Дээр нь бид тэтгэврийг 130 гаруй тэрбум төгрөгөөр нэмсэн. Цалингийн нэмэгдэл хөлс дээр 56 тэрбум төгрөг суулгасан. Үүнтэй холбоотойгоор төсвийн зардалд 300 орчим тэрбум төгрөг нэмэгдсэн байгаа. Энэ бүх асуудал дээр ОУВС-тай хэл амаа ололцоод явж байна.
-Ардчилсан намын бүлгээс ирэх оны төсвийн талаар дүгнэлт гаргасан байна. “Ирэх жил ЖДҮ-ийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой арга хэмжээ аваагүй мөртлөө, нийгмийн халамж тал руугаа нэлээн хэлтийсэн байна” гэж дүгнэсэн. Та төсвийн Ажлын хэсгийг ахалж ажилласан хүний хувьд энэ дүгнэлтийн талаар юу хэлэх вэ?
-Сөрөг хүчний үүрэг нь хаана ямар сул тал байгааг гаргаж тавих шүү дээ. Гэхдээ тэр шүүмжлэлийг бид боломж байвал авч байх хэрэгтэй юм. Ардчилсан намын бүлгийнхний хувьд “Багш эмч нарын цалинг үе шаттай нэм” гэсэн байсан. Гэхдээ ОУВС-гаас манайд хэрэгжүүлж буй хөтөлбөрт цалин хөлсийг 2019 оны хоёрдугаар хагас дуустал царцаана гээд тохирчихсон. Ярилцаж байгаад жаахан ч гэсэн нэмэгдэл өгье гэхээр ганц гарц нь үр дүнгийн урамшуулал болоод байгаа юм. Эсвэл буцалтгүй тусламж. Тэгэхдээ бүр зөвхөн нэг удаа өг гэсэн шаардлагыг ОУВС- гаас тавиад байна. Бид ОУВС-тай 2019 он хүртэл хамт явж, хэдэн том асуудлаа шийдүүлэхээс аргагүй тул шаардлагыг нь хүлээж авах ёстой.
-2018 оны төсөв дээр орлогыг хэр бодитой төсөөлсөн бэ. Зарим эдийн засагч орлогоо харьцангуй багаар тооцсон байна гэж хэлээд байгаа?
-Тун дажгүй төлөвлөсөн гэж дотроо бодоод байгаа. 2018 онд шинэ татвар нэмэгдээгүй. Гэтэл өмнөх оноос, тэр дундаа бидний хийсэн хоёрдугаар тодотголын орлогоос 700 орчим тэрбум төгрөг илүү байгаа юм. Тиймээс татварын төрөл, хувь нэмжээ нэмэгдээгүй байхад орлогыг энэ хэмжээнд нэмэгдүүлнэ гэдэг тун дажгүй дайчилсан гэсэн үг. Хэрэгжүүлэх явцад санаа зовох зүйлүүд бий. Жишээлбэл нүүрснээс орох орлого. Экспорт эрс багассан. Эхний долоон сарын байдлаар Монгол Улс 20 орчим сая тонн нүүрс гаргаж чадсан. Гэтэл сүүлийн тав зургаан сарын хугацаанд сардаа хоёр сая тонноос илүү явахгүй байна. Эндээс эрсдэл үүсэж болзошгүй.
-2017 оны төсөвт хоёр удаа тодотгол хийсэн. Орлого нэмэгдэх хэрээр төсвөө тодотгоод, зарлага гаргаад байх юм уу?
-Тодотгол гэдэг зүйлийг цаашид болъё гэж Ажлын хэсэг дээр ярьсан. Жилдээ л барьдаг болмоор байна. Орлого нь илүү гарвал дараа жилдээ тооцоод явж болно шүү дээ.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шинэ Засгийн газар өмнөх төсөл дээр реформын шинжтэй ажиллах хугацаа байгаагүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр хуучин төсвийн төслөөр бол он гараад л бараг тодотгол хийхээр байгаа юм биш үү?
-Би бол тэгж бодохгүй байна. Төсвийг тогтвортой байлгах хэрэгтэй. Ер нь жилийн төсвөө дунд нь гурав тодотгодог орон манайхаас өөр байхгүй байх шүү.
-Төсвийг их богино хугацаанд хэлэлцлээ. Засгийн газар их чамбай төсөл өргөн барьсан уу, эсвэл Ажлын хэсэг шахаж суув уу. Ер нь төсвийн төслийн усыг нь хэр сайн шахсан гэж бодож байна?
-Сайн шахсан гэж хэлж чадахгүй. Мэргэжлийн хүмүүс нарийн үзвэл хэлэх зүйл бий л байх. Бид нэг буруу зуршилтай болчихсон байгаа нь асар өндөр зардалтай. 2018 оны төсвийн зардал нийт 9.6 их наяд. Үүний долоо орчим их наяд нь зарлага байна шүү дээ. Цаашид энэ зарлагаа бууруулахгүй бол хоёр жилийн дараагаас төсөв ачааллаа даахаа болино.
ОУВС зөвшөөрөхгүй байсан зүйлүүд дээр ч ЗГ тохиролцоонд хүрч чадсан
-Зарлага гээд ярихад, Ерөнхийлөгчийн өргөөг засварлахад л хагас тэрбум төгрөг суулгасан байна. Зөвхөн Ерөнхийлөгч гэлтгүй бүх л төрийн өндөр албан тушаалтнууд ийм төсөв суулгуулдаг. Энэ чинь өөрөө тэвчиж болох зардал биз дээ?
-Тэвчих л ёстой. Төр гэдэг гоё өрөөтэй байснаараа сайхан байхгүй. Энгийн бөгөөд хүндэтгэлтэй байхад л болно гэж би боддог. Манай төрийн барилга, байшингууд арай дэндсэн. Би шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа хоёр ч яаман дээр очлоо. Хөдөө аж ахуйн яаман дээр очиход шинэ байртай болсон байна. ХНХЯ гэж хачин жигтэй том байртай юм билээ.
-Энэ байдлыг Төсвийн байнгын хороо л өөрчлөх юм биш үү. Та нар л төсвийг нь хасаад өгчихвөл тэд татвар төлөгчдийн мөнгөөр тансаг байр барих боломжгүй болно биз дээ?
- Төсвийг нь танах хэрэгтэй л дээ. Арга ядаад бид Төрийн албаны тухай хууль дээр төрийн албан хаагчдын тоог тогтоож өгдөг юм билүү гэж яриад сууж байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор төрийн албан хаагчдын тоо 25 мянгаар нэмэгдсэн.
- Төрийн албан хаагчдын цалин нэмэх ганц арга нь ажлын үр дүнгийн урамшуулал болчихоод байна.
- Сүүлийн дөрвөн жилийн дотор төрийн албан хаагчдын тоо 25 мянгаар нэмэгдсэн.
- Миний хувийн бодлоор төрийн өмчийг хувьчлаад дуусгамаар байгаа юм.
-Төсвийн зарлага дээр нэлээн дарамт болж ирдэг зүйл гэвэл төрийн өмчит компаниуд байдаг. Ашигтай ажиллаж байгаа нь нэг ч байхгүй. Гэсэн атлаа тэдний бүтэц гэж данхар том, орон тоо нь асар их. Ийм байтал өмч хувьчлалд Засгийн газар яагаад идэвхгүй хандаад байгаа юм бэ?
-Энэ жил гэхэд Төрийн банкнаас өөр томоохон хувьчлал алга. Гэтэл энэ банкийг 2017 оны төсвийг хэлэлцэнэ гэж байхад л хувьчлах жагсаалтад оруулж л байсан…
-Миний хувийн бодлоор төрийн өмчийг хувьчлаад дуусгамаар байгаа юм. Одоо төрийн өмчит нийт 77 компани байна. Энэ дотор бүрэн хувьчилж болохгүй компаниуд бий л дээ. Тэр нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой дулааны станц ч юм уу. Бусад онцын шаардлагагүй аж ахуйн нэгжүүд зөндөө бий. Эднийг алдагдалтай нь хувьчлах ёстой л байхгүй юу. Одоо яг адилхан үйл ажиллагаа явуулж буй компанийн хувийнх нь ашигтай, төрийнх нь ашиггүй байгаад байдаг.
-Гэхдээ дорвитой хувьчлалыг хийхгүй байгааг харахад төр өөрөө данхар байхыг хүсээд байгаа юм биш үү?
-Төрийн болон төрийн өмчит компаниудын албан хаагчдын тоо маш олон болсон. Тиймээс төрийн өмчит компаниудын асуудалд иж бүрнээр нь том менежментийн өөрчлөлт хийх шаардлагатай. Энэ чиглэлээр УИХ-аас Засгийн газарт 2017 онд тодорхой үүрэг өгсөн.
Б.Энхжаргал