Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүд ОХУ-ын Холбооны Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2017-11-15 14:30 GMT+8

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан өнөөдөр манай улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан уулзалтын эхэнд БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөний нээлтэд оролцохоор ирсэнд талархал илэрхийллээ.

Хэдхэн хоногийн өмнө Говьсүмбэр аймгийн Чойр суман дахь Зөвлөлтийн армийн дайчдын дурсгалд зориулсан “Цэргийн алдар” хөшөөг сэргээн  засварласан бол өнөөдөр БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөний нээлтийг Улаанбаатар хотноо хийх гэж байна. Энэ нь Монгол-Оросын түүхэн харилцааг манай төр засаг, ард түмэн хүндэтгэж явдгийг илэрхийлэл гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан тэмдэглэв.

Манай хоёр улс дайны хүнд хэцүү үе, энх цагийн бүтээн байгуулалтад ч хамтдаа зүтгэж ирсэн түүхэн харилцаатайг тэрбээр дурдаад парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлуудаас усны эх, ойн санг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах ажлыг идэвхжүүлэн, транзит тээврийн Монгол Улсаар дамжих урсгалыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааны уулзалт, яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх талаарх санаачилгыг онцолж ОХУ-ын Холбооны хурал болон Төрийн Думын гишүүд дэмжин ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. 

Ноён Мамсуров Таймураз Дзамбекович хоёр улсын хоорондох өндөр дээд хэмжээний уулзалт, арга хэмжээ тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Орос-Монголын эдийн засгийн болон бүс нутгийн хамтын ажиллааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв. Энэ жил гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо болсон  ОХУ-Монгол Улсын “Эдийн засгийн чуулга уулзалт” нь бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ болохыг онцлоод ээлжит чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. 

Мөн тэрбээр 1945 оны чөлөөлөх дайны түүхэн ялалтад Зөвлөлт холбоот улсын Армийн генерал И.А.Плиевийн оруулсан хувь нэмэрийг Монгол Улс, монголын ард түмэн өндрөөр үнэлж түүний хөшөөг босгож буйд туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Энэ нь хоёр орны ард түмний найрамдалт харилцааны чухал илэрхийлэл хэмээн үзэж байгаагаа Ноён Мамсуров Таймураз Дзамбекович онцоллоо.

Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн болон боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан бөгөөд төгсгөлд нь БНМАУ-ын баатар, Зөвлөлт Холбоот Улсын хоёр удаагийн баатар И.А.Плиевийн хөшөөг Улаанбаатар хотноо босгох ажилд онцгой дэмжлэг үзүүлсэн Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгаланд ОХУ-ын Владикавказ хотын удирдлагаас хүндэтгэлийн одон гардуулсан юм.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Владикавказ хотын дарга, Чөлөөт бөхийн хоёр удаагийн Олимпийн аварга Хадарцев Махарбек Хазбиевич, ОХУ-ын Холбооны Хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн тэргүүнйи орлогч Жамсуев Баир Баясхаланович, ОХУ-ын Холбооны Хурлын Батлан хамгаалах Зөвлөлийн гишүүн Козлов Михаил Васильевич, ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Чөлөөт бөхийн гурван удаагийн Олимпийн аварга Таймазов Артур Борисович, уран барималч, төслийг санаачлагч Хаев Ибрагим Владимирович болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
Утааны улирал эхэллээ. Та амны хаалтыг өөртөө болон үр хүүхдүүддээ гадаа орчинд байнга зүүлгэж чадах уу?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ