Гадаа нартай хэдий ч энд хананы лед дэлгэцийн сүүмгэр туяанаас өөр ёлтойх гэрэл үгүй. Цонхыг нь битүүлж, гэрэл, агаар үл нэвтрэх бүгчим өрөөнд “эхо” буюу хэт авиан шинжилгээ хийдэг аж. Эмэгтэйчүүдэд шинжилгээ хийн, зөвлөгөө өгч буй эмч бүсгүйг Бямбаа гэдэг. Тэрбээр эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаад багагүй хугацааг үджээ.
Үйлчлүүлэгчид ээлжлэн солигдсоор, 40 эргэм насны хос орж ирэхэд эмч бүсгүй хэзээний танилтайгаа уулзах мэт инээмсэглэлээ. Тэд ургийн хүйс тодорхойлуулах гэж ирсэн гэнэ.
Эмч багаж, хэрэгслээ бэлтгэх зуураа “Өмнө нь ирж байсан бил үү, давсгандаа шээстэй юу, орон дээр хэвтээрэй” гэв.
Нөхөр нь хаалганы хажууд байх сандал дээр цомцойн хоцорлоо. Харин эхнэр “За” гэж сулхан дуугаар хэлээд орон дээр хэвтэв. Эмч эмэгтэйн хэвлийд тунгалаг тосорхуу зүйл түрхэн, аппаратаа хувцас индүүдэх мэт гулгуулав. Эмч “Сүүлчийн сарын тэмдэг хэзээ ирсэн, хэд дэх жирэмслэлт вэ” гэхэд бүсгүй “Тав дахь жирэмслэлт” гэж хэллээ.
“Дөрвийн дөрвөн сайхан хүү байхад дахиад нэг хүүгээр яах юм” хэмээн урвайв
Нөхөр өвдгөө салгануулан суух бөгөөд тэвчээр алдан “охин байна уу” хэмээн байн байн асууна. “За хүлээж бай, сайн харагдахгүй байна” хэмээн эмч учирлав.
Тоног төхөөрөмжийн дүнгэнэж буйг эвдэн “түг түг” гэх чимээ гарлаа. Энэ бол ургийн зүрхний цохилт хэмээн эмч тайлбарласан юм.
Эмч үйлчлүүлэгчийн хэвлийгээр аппаратаа гүйлгэнгээ, дэлгэц рүү заан “За хүү байна” гэхэд нөхөр “Дөрвийн дөрвөн сайхан хүү байхад дахиад нэг хүүгээр яах юм” хэмээн урвайв. Харин эхнэр ганц ч үг дуугаралгүй, толгой гудайн нөхрөө даган гарч одлоо.
Ер нь иймэрхүү асуудалтай хэр зэрэг тулгардаг эсэхийг Бямбаа эмчээс асуухад “Ихэнх тохиолдолд аав нар баяртай байдаг л даа. Гэхдээ хүйсийг нь мэдчихээд дурамжхан гардаг, бүр “үр хөндүүл” гэдэг эрчүүдтэй цөөнгүй таарч байсан” гэв.
Нөхрийнхөө хүссэн хүйсийн хүүхдийг тээж, төрүүлж чадалгүй сэтгэл санааны дарамтад өртдөг эмэгтэйчүүд цөөнгүй бий. Жишээлбэл 33 настай Зул бүсгүй. Тэрбээр гурван охинтой. Түүний нөхөр эхний хоёр охиноо төрөхөд баяр, хөөр болж байсан гэнэ. Харин түүнийг гурав дахь удаагаа жирэмсэн болоход нөхөр нь хүү төрнө гэж итгэж байсан ч охин гэдгийг нь мэдээд үл ойшоожээ. Зулын хэлснээр түүнд шууд дарамт үзүүлдэггүй ч хааяа ам зөрөхдөө хүү төрүүлж өгчихөөд олон юм ярь гэдэг байна.
Хүүхдийн хүйс ямар байх нь эцгээс шалтгаалдаг
Ургийн хүйс голох нь зөвхөн Монголд тохиолддог асуудал биш. Ялангуяа Азийн орнуудад, тэр дундаа Хятад, Япон зэрэг улсад удам залгах хүүг илүүд үзэх нь түгээмэл байдаг аж.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зохицуулагч, сэтгэл зүйч Г.Түвшинжаргал “Эрчүүд эхнэртээ хүссэн хүйсийн хүүхдийг нь тээж, төрүүлсэнгүй гэж сөргөөр хандаж байгаа тохиолдолд энэ нь жендэрт суурилсан хүчирхийлэл юм. Эхнэр ямар ч хүүхэд байсан гаргахыг хүсээд, нөхөр үр хөндүүлэхийг шаардаж байгаа бол энэ нь нэгдүгээрт эмэгтэйд, хоёрдугаарт урагт хүчирхийлэл үйлдэж байна гэсэн үг” гэв.
Мөн тэрбээр “Ургийн хүйсийг тодорхойлуулсны дараа устгах явдал нь хувь хүний асуудал мэт боловч нийгмийн маш том гажуудал. Манайд гэр бүл төлөвлөлтийн боловсрол, шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө, үйлчилгээ дутагдаж байна” гэж ярилаа.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хүйс голсон асуудлаар хүчирхийлэлд өртлөө гэж ирсэн тохиолдол харьцангуй бага. Гэхдээ энэ нь нийгэмд бага байна гэсэн үг биш, манайд хандаж байгаа нь цөөхөн гэдгийг Г.Түвшинжаргал дурдсан юм.
Гэр бүл төлөвлөлтийн боловсрол, шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө үйлчилгээ дутагдаж байна
Тэгвэл ургийн хүйс ямар байх нь хэнээс, юунаас шалтгаалдаг тухай АШУҮИС-ийн Молекул биологи, удам зүйн тэнхимийн багш М.Пүрэвдорж тайлбарлахдаа “Хүүхдийн хүйс ямар байх нь эцгээс шалтгаалдаг. Эр бэлгийн эсэд хүйс тодорхойлогч X, Y гэсэн хоёр хромосом байдаг. X хромосомоор үр тогтвол эмэгтэй хүүхэд төрдөг. Харин Y хромосом бол эрэгтэй хүүхэд гэсэн үг юм.
Эмэгтэй хүнээс шалтгаалах зүйл байхгүй. Зарим тохиолдолд эмэгтэй хүний идэж ууж байгаа зүйлээс шалтгаалдаг гэж үздэг ч шинжлэх ухаан батлаагүй” гэсэн юм. Мөн түүнээс хүүхдийн хүйсийг урьдчилан төлөвлөж болдог эсэхийг тодруулахад “Хятад хуанли гэх мэт янз бүрийн ардын аргууд бий. Гэхдээ тэдгээрийг мөн л шинжлэх ухаан нотлоогүй. Харин үр шилжүүлэн суулгах үед ургийн хүйсийг сонгож болдог” гэлээ.
Эрэгтэй хүн л өрхийн тэргүүн, удам залгах хүн гэдэг эцгийн эрхт ёсноос улбаатайгаар хүчирхийлэл үйлдэгдэж байна. Гэхдээ үүнийг хүмүүс төдийлөн ухаарч ойлгохгүй байгаа. Гэр бүл төлөвлөлтийн боловсрол, шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө үйлчилгээ дутагдаж байна гэж сэтгэл зүйч хэлж байна. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд болон тэдний нөхөрт эрүүл мэндийн анхан шатны байгууллагаар дамжуулан ургийн хүйс ямар байх нь хэнээс, юунаас шалтгаалдаг талаар мэдээлэл, сургалт хийх нь зүйтэй.
Ц.Оюунгэрэл