Шинжлэх ухааны ажилтны өдрүүд тохиож байгаа энэ үед Монголын шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, хөгжлийн гарц шийдлийн талаар Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй ярилцлаа.
-Танд Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэе. Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэхийн ач холбогдол юунд оршдог вэ?
-Баярлалаа. Манай улс шинжлэх ухааны ажилтны өдрийг 17 дахь жилдээ тэмдэглэж байна. Баяраараа бид тухайн жилд хийж гүйцэтгэсэн ажлаа эргэн дүгнээд, цаашид ажиллах зорилтоо дэвшүүлдэг. Энэ удаа эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнгээр гарсан бүтээгдэхүүн үйлчилгээг олон түмэнд танилцуулах үзэсгэлэн хоёр өдөр үргэлжиллээ. Энэ жил эрдэм шинжилгээ, бизнесийн байгууллагууд, их дээд сургуулиуд зэрэг 100 орчим байгууллага, 300-гаад бүтээлээрээ үзэсгэлэнд оролцсон. Өнөөдөр шинжлэх ухааны ажилтны баярын хурал хийж, урлаг соёлын арга хэмжээ, шилдэг эрдэмтдээ шалгаруулах ёслол болсноор баярын арга хэмжээ өндөрлөж буй юм.
-Шинжлэх ухааны салбарын санхүүжилт бага байна гэсэн шүүмжлэл үргэлж яригддаг. Энэ талаар Та юу хэлэх вэ?
-2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар өөрийнхөө баталсан төсвийг хэрэгжүүлэх анхны жил нь 2017 он байсан. МАН-ын Засгийн газар Мөрийн хөтөлбөртөө энэ дөрвөн жилд шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний зардлыг тав дахин нэмэгдүүлнэ гэж тусгасан. Тиймээс 2017 онд төсөв нэлээд нэмэгдэх болов уу гэж харж байтал санхүүгийн бэрхшээлээс болоод сайн хэрэгжиж чадсангүй. Гэхдээ төсвийн зардал өмнөх оныхоос хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Олон салбарт төсөв хасагдахад шинжлэх ухааны салбарын төсөв нэмэгдсэн нь нааштай алхам. 2018 онд манай төсөв дахин 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагдлаа. Шинжлэх ухаан, технологийн салбарын яг эрдэм шинжилгээний ажлын төсөв 12.5 тэрбум төгрөг болж байна.
2020 ОНД ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ТӨСӨВ 150-180 ТЭРБУМД ХҮРНЭ ГЭСЭН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА
-Ийм хэмжээний төсвийн өсөлтийг авснаар танай салбарт ямар ахиц дэвшил гарах бол?
-Бид судалгааны ажлын үр дүнг үүнээс дутуугүйгээр гаргах ёстой гэсэн байр суурьтай, бас ч харьцангуй урам зоригтой ажиллаж байна. Сүүлийн хоёр жил дараалан төсөв бага ч гэсэн нэмэгдлээ. Бид нар 2020 он гэхэд шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний төсөв 150-180 тэрбум төгрөгт хүрэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Тав дахин нэмэгдүүлнэ гэсэн учраас тэр.
Манай улсын хувьд нэгдүгээрт байгалийн ухааны гол лабораториуддаа орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг суурилуулах ёстой.
-Төсөв ингэж огцом нэмэгдэхэд хүлээж аваад зохистой ашиглах бэлтгэл хангагдсан уу?
-Энэ чинь одоо бодох асуудал юм. Шинжлэх ухааны салбар одоо 30-35 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаж байна. 2019 онд магадгүй 80-90 тэрбум төгрөг болбол өсөлтийн ихэнх хэсгийг хөрөнгө оруулалт болгох ёстой. Тэр хөрөнгө оруулалтаар эрдэм шинжилгээний лабораториудын тоног төхөөрөмжийг сайжруулна. Ямар багаж, төхөөрөмж авахаа 2018 оны эхний хагаст дотроо шийдсэн байх учиртай. Багажуудаа 2019 онд захиалаад, 2020 онд орж ирлээ гэхэд ажиллах боловсон хүчнээ сургаж, бэлдэх ёстой. Шинжлэх ухааны академийн гадаад харилцааны хүрээнд гаднын байгууллагуудад хүнээ бэлтгэж авах ажилдаа орно.
-Монголд эхний ээлжинд шинжлэх ухааны аль салбарыг түлхүү хөгжүүлэх шаардлагатай байна вэ?
-Шинжлэх ухааны салбар дотроо байгалийн ухаан, нийгэм хүмүүнлэгийн ухаан гэсэн хоёр том хэсэгтэй. Манай улсын хувьд нэгдүгээрт байгалийн ухааны гол лабораториуддаа орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг суурилуулах ёстой. Монгол Улс байгалийн гаралтай эмийн ургамлаар баялаг. Тэр ургамлуудад байдаг эмчилгээний үйлчлэл үзүүлдэг бодисуудыг таньж тодорхойлох, бүтцийг тогтоох зэрэг олон ажил бий. Тэр чиглэлээр ажиллах үндэсний чадавхитай болох нь эхний алхам. Хамгийн хямд багаж гэхэд л 2 тэрбум төгрөгийн үнэтэй байх жишээтэй.
Нийгмийн ухааны салбарын тухайд төр засгийн бодлогод зөвлөмж өгөх нь нийгмийн ухааны салбарынхны хийх хамгийн гол ажил. Сүүлийн гурван жилд тодорхой асуудлуудаар 30-35 зөвлөмж хүргүүлсэн. Жишээлбэл, Монгол Улсын төмөр замын бодлогыг боловсруулахад ингэж ажиллах нь зүйтэй, Үндсэн хуулийг өөрчлөхөд, Монгол Улсын эмийн бодлогыг тодорхойлоход гэх мэтээр зөвлөмжүүдийг хүргүүллээ. Нийгмийн ухааны салбарынхан энэ зөвлөмж хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхиа бас сайжруулах хэрэгтэй юм.
-Энэ салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох шаардлагатай гэж Таны ярихыг дуулсан юм байна?
-Даяаршлын эрин зуунд шинжлэх ухаан, технологийн салбар бүхнээс түрүүлж нэгдсэн. Монгол Улс шинжлэх ухаан технологийн салбарыг олон улсын жишгээр л хөгжүүлнэ. Монголын онцлогт тохируулж шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж байхгүй. Бид энэ салбарын бүх зүйлийг олон улсын жишигт ойртуулахын төлөө ажиллаж байгаа. БСШУС-ын яамтай сүүлийн хоёр жилд их ойр ажиллаж байна. Олон улсын жишигт хүргэхийн тулд зардал шаардахгүйгээр эхний ээлжинд хийх ажлууд дээрээ ойлголцож байна. Монгол Улсын шинжлэх ухаан технологийн салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг олон болгоё гэж нэгдсэн ойлголтод хүрсэн.
ЮНЕСКО-гоос өгсөн зөвлөмжид “Монгол Улсын шинжлэх ухаан технологийн салбарын хамгийн эмзэг цэг нь санхүүжилтийн ганцхан эх үүсвэртэйд байна” гэсэн. Манай салбарынхан Шинжлэх ухаан технологийн сангаар дамжуулан бүх санхүүжилтээ авдаг. Үүнээс өөр нэмэлт эх үүсвэртэй болох ёстой. Улсын төсөв, үйлдвэрлэл бизнесээс, гадаадаас ч хөрөнгийг эх үүсвэртэй байж болно.
Эхний ээлжинд Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний 20 гаруй байгууллагыг суурь санхүүжилттэй болгоё гэсэн зорилт тавьж байгаа. Дараа нь төслийн өрсөлдөөнд орж, ШУ, технологийн сангаас грант авдаг санхүүжилтийн эх үүсвэр урьдын адил байна. Гурав дахь эх үүсвэр нь салбарын яамдад яг өөрийн салбарт онцгойлон шаардлагатай байгаа судалгааны ажлыг санхүүжүүлдэг эх үүсвэртэй болох талаар яригдаж байна. Санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох нь манай салбарт тулгамдсан асуудал, дэлхийн бүх улс орнууд ийм жишгээр явдаг.
-Шинжлэх ухаан технологийн сангаас эрдэмтдийн төсөл шалгаруулан санхүүжилт олгодог нь санхүүжилтийн зөвхөн нэг хэлбэр гэсэн үг үү?
-Судалгааны ажилд зөвхөн грант олгох хэлбэрээр шинжлэх ухаан технологийн салбараа авч явдаг улс орон дэлхий дээр Монголоос өөр байхгүй. Тиймээс эхлээд суурь санхүүжилт, судалгааны грант гэсэн хоёр эх үүсвэртэй болъё гээд байгаа юм. Энэ асуудал ойрын үед шийдэгдэх байх.
БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧИД ЭРДЭМТДИЙН ҮГИЙГ СОНСОХГҮЙ ДУР ЗОРГООРОО ШИЙДВЭР ГАРГАДАГ
-Төрийн бодлого боловсруулахад эрдэмтдийн үгийг сонсохгүй байна гэх шүүмжлэл бий. Нийгмийн шинжлэх ухааны салбарынхан төрийн бодлого боловсруулахад зөвлөмж өгөх үүргээ хэр зэрэг биелүүлж байна вэ?
-Зөвлөмжийг олон жил өгч байна. Сүүлийн гурван жилээр авч үзвэл жилд дунджаар яам, УИХ, Засгийн газарт хандсан 30 орчим зөвлөмж өгсөн. Хэрэгжилт тааруухан байгаа. Яагаад гэвэл эргэх холбоо алга. Эрдэмтэд зөвлөмж боловсруулаад хүргүүлэхэд, дор хаяж “Танай зөвлөмжийг хүлээж авлаа” гэж хариу өгөхөөс эхлэх ёстой юм. Цаашилбал, зөвлөмжийн хэрэгжилт ийм байна гэх мэтээр товчхон ч гэсэн мэдээлдэг байвал боловсруулж, хийдэг улсууд урамтай ажиллана.
Байгалийн нөөц баялаг жилээс жилд багасна. Нөөц багсахын хэрээр технологийн дэвшлээр нөөцийн багасалтыг нөхөж байх ёстой.
АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн санхүүжилтийн ихэнх хэсгийг Засгийн газраас өгч, захиалгат судалгаануудыг хийлгэдэг. Тэр байгууллагад Засгийн газраас жилд 150-180 хүсэлт ирүүлдэг юм билээ. Жишээлбэл, Аспирин уугаад цус шингэлэхэд гарах эерэг, сөрөг үр дагавар нь юу байна вэ? энэ талаар судалж, санал боловсруулж өгөөч гэх мэтээр захиалга өгнө. Академи нь хариуцсан хүрээлэндээ өгч судлуулаад, хариуг нь өгдөг. Засгийн газар судалгааны үр дүнг нь Америкийн ард түмний сонорт хүргэх жишээтэй. Түүнийхээ төлөө академидаа мөнгө өгдөг, түүгээрээ шинжлэх ухааны академи нь амьдардаг. Төрийн бодлогод эрдэмтдийн оролцоо бодит хэлбэрээрээ хэрэгжиж буй нь энэ.
-Монголд бодлого боловсруулахад эрдэмтдийн оролцоо яагаад хангалтгүй байна вэ?
-Манайд төрийн бодлого боловсруулахад эрдэмтдийн оролцоо муу байгаа нь үнэн. Муу байхын зэрэгцээ манайхан үүнийг өрөөсгөл ойлгоод байгаа юм. Хууль боловсруулах боллоо гэхэд эрдэмтдийн саналыг авдаг нь ажлын нэг хэлбэр. Нөгөө хэлбэр нь АНУ-ын жишгээр шинжлэх ухаан технологийн тодорхой асуудлуудаар Засгийн газраас зөвлөмж захиалдаг баймаар. Манайд бол Засгийн газар “Улаанбаатар хотын утаа нийслэлчүүдийн эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ?” гэсэн судалгааны захиалга өгөөд, санхүүжилт олгож болно.
-Ийм хэлбэрээр ажилладаггүй гэж үү?
-Ажиллахгүй байгаа. Төр засгийн сүүлийн үеийн хандлагыг харахад эрх мэдэлтнүүд дур зоргоороо шийдвэр гаргаж байна. Улаанбаатарын утааг бууруулахад ямар ч тооцоо судалгаагүйгээр тэрбум тэрбумыг төсөвлөдөг. Дараа нь өнөөх санхүүжилтээ бизнесийн зорилгоор хэрэглээд, үндсэн зорилгоо умартдаг, утаа буурдаггүй. Гэр хорооллынхонд нэлээд олон зуух тараасан, тэр зуухнууд одоо Улаанбаатарт байгаа, эсэхийг мэдэх хүн байхгүй. Энэ чиглэлээр ямар бодитой ажил хийх тухай эрдэмтдийнхээ саналыг аваад яг тэр ажилдаа мөнгөө хуваарилдаг байх ёстой. Эрдэмтдийн санал, дүгнэлтийг авдаг хоёр хэлбэрийг зэрэг аваад байвал алсдаа улсын хөгжилд л хэрэгтэй.
-Монгол Улс уул уурхайн салбараа эдийн засгийн гол эх үүсвэр болгоод байна. Байгалийн баялаг хомсдоод ирэхийн цагт эрдэмтдэдээ найдаж, тэдний хийсэн судалгаанд үндэслэн цаашдын гарц гаргалгаагаа олох байх?
-Байгалийн баялаг дуусна гэдэг бол холын асуудал. Баялаг шавхагдахаас илүүтэй гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр 4-5 жилд өсөж, буурах хэлбэлзэлтэй байдаг. Тэрийг дагаад Монгол Улсын эдийн засаг савладаг. Дарга нар эдийн засгаа солонгоруулна гэж яриад байгаа нь маш зөв. Монголчууд уул уурхайг хэзээ ч орхиж болохгүй. Уул уурхай бол Монгол Улсын үйлдвэрлэл, бизнесийн гол салбар. Төр геологи, хайгуулдаа л анхаарах ёстой. Төр геологи, хайгуулын ажлаа хийж, нөөцөө тогтоогоод, ашиглалтын ажлыг нь хувийн хэвшилд шилжүүлэх ёстой юм. Одоо бол төр хайгуул, ашиглалт бүх зүйлд оролцдог.
Хувийн компани уурхай гаргаж аваад, баялгийн орлого хэдхэн хүний халаасанд ордог. Гэтэл тэр баялгийг бүтээхэд хэн ч оролцоогүй, байгалийн баялгийн үр ашгийг Монголын ард түмэн нийтээрээ хүртэх ёстой. Хажуугийн бусад салбаруудыг хөгжүүлэх талаар эрх баригчдын яриа маш зөв зүйтэй байдаг. Боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох зэргээр зөв ярина. Хамгийн гол нь байгалийн баялагтай холбоотой эцсийн шийдвэр гарахдаа цөөн хэдэн хүний ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гарчих гээд байдаг нь аюултай. Төрийн бодлого дэс дараатай, тасралтгүй үргэлжилэх ёстой. Төрийн бодлого сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдөж, тогтвортой бодлого хэрэгжүүлэхгүй байгаа учир Монголын эдийн засаг тогтворжиж өгөхгүй байна.
-Байгалийн баялаг ихтэй, бас ч үгүй чадварлаг хүн ардтай улсын хөгжлийг зөв гольдрилд нь оруулахад үгүйлэгдэж байгаа зүйл юу вэ?
-Шинжлэх ухаан технологийн салбар бол улс орны тогтвортой хөгжлийн хамгийн суурь хэсэг. Монгол Улс урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогоо амжилттай хэрэгжүүлье гэвэл хоёрхон зүйлд анхаарах ёстой. Нэгдүгээрт, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчноо хайрлан хамгаалах ёстой. Экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, тариа ногоогоо тарьж чадахгүй, мал нь бэлчээргүй болчихвол Монгол Улс тогтвортой хөгжихийн тухай ярих хэрэггүй болно. Хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологио хөгжүүлэх. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлснээр хоёр том асуудлаа шийдвэрлэнэ. Нийт ард түмний сэтгэлгээ тодорхой түвшинд хадгалагддаг.
Байгалийн нөөц баялаг жилээс жилд багасна. Нөөц багсахын хэрээр технологийн дэвшлээр нөөцийн багасалтыг нөхөж байх ёстой. Энэ бол улс болгоны бодлогод байдаг зүйл. Технологийн дэвшлийг хангаж байхын тулд шинжлэх ухааны салбартаа боломжийн мөнгө төсөвлөж, хөгжүүлж байх ёстой юм. Төрийн түшээд, улс төрчид энэ хоёрыг л бодож ажилламаар. Чиг шугамаа зөв бариад явахын цагт хийх ажил зөндөө гарч ирнэ. Шинжлэх ухаан, технологийн салбараа хөгжүүлэхэд боловсрол зэрэгцээд явна. Сайн боловсролтой хүн энэ салбарт амжилт гаргана. “Сингапурын хөгжлийн түүх”-ийг хүмүүс уншсан, сонссон л байх. Байгалийн баялаггүй, цэвэр усгүй, тариалан эрхлэх газрын хөрш шороо гэж байхгүй тэр оронд хүнээ эхэлж хөгжүүлэх зорилт тавьсан. Хүнээ хөгжүүлсний үр дүн 25 жилийн дараа гарсан байна.
-Манай боловсролын салбар болохгүй байгааг хүн бүхэн хэлдэг. Алдаа нь юу вэ, ямар гарц гаргалгаа байна вэ?
-Дээд боловсролын салбарт төр бага анхаарч байна. Энэ салбар 20 гаруй жил ард түмний мөнгөөр амьдарлаа. Сургалтын төлбөрийн мөнгөөр дээд боловсролоо хөгжүүлнэ гэдэг нь алдаатай бодлого. Ялангуяа төрийн өмчийн томоохон их сургуулиудыг төсвийн мөнгөөр бэхжүүлэх ёстой. Тэгвэл чанаргүй боловсон хүчин бэлтгэдэг сургуулиуд аяндаа зах зээлээс шахагдана. Манай том бизнесмэнүүд төрийн сургуулиудтай өрсөлдөхүйц сургууль байгуулж, төрийн их сургуулиудтай өрсөлдмөөр байгаа юм.
Америк, Японы хөрөнгөтнүүд боловсролд хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Монголд тийм хэмжээний хөрөнгөтөн том сургууль байгуулаад явах хүртэл төр их сургуулиудаа хөрөнгө оруулалтаар дэмжих ёстой. Манай дээд боловсролын дипломтой төгсөгчдийн 80-90 хувь нь ажлын байрны шаардлага хангахгүй байна. Чанартай боловсон хүчингүйгээр улсын хөгжил урагшлахгүй.