1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгох асуудлыг судалж байна

Б.Чимэг GoGo.mn

2017-12-07 10:20 GMT+8

2007 онд батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг эдийн засгийн хөгжил, улс орны байдлаас шалтгаалж  зайлшгүй өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага гарчээ. ХХААХҮ-ийн яамнаас  Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.

Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр 51,917 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 719,172 хүн энэ салбарт ажиллаж байна.  Нийт ажиллах хүчний 67 хувийг жижиг дунд үйлдвэрийн салбар эзэлж, ДНБ-ний 17,8 хувь,  экспортын бүтээгдэхүүний 2,3 хувийг үйлдвэрлэж байна.

Энэ онд 154  аж ахуй нэгжид 49,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Ирэх оны улсын төсөвт нийт 62 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр тусгасан байна.

Жижиг, дунд үйлдвэрүүдийн борлуулалт, ашиг том компаниудтай харьцуулахад бага хэдий ч илүү олон хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар  хангадаг. Мөн ЖДҮС-аас олгосон зээлийн эргэн төлөлт маш сайн буюу 98 хувь байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа ХХААХҮ-ийн сайд хэлсэн үгэндээ онцолжээ.

Эхний ээлжинд  энэ салбарын хэрх зүйн орчныг шинэчлэн баталгаажуулж, зээл олгох сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай. Мөн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн төлдөг 10 хувийн  татварыг нэг хувь болгохоор ярилцаж байна. Эдгээрийг шийдэж чадвал олон мянган иргэний ажлын байрыг  хадгалахаас гадна ажлын байр шинээр бий болгох нөхцөл бүрдэнэ хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэллээ.

Хууль шинэчлэгдэн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэлт рүү шилжих боломжтой.

Улмаар  жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадвар,  нэмүү өртгийн сүлжээнд оролцогсдын тоо нэмэгдэнэ. Цаашлаад үйлдвэрлэл өсөж, импорт орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих үүд хаалга нээгдэх юм.

Ингэснээр татвар төлөгчдийн тоо, ажлын байр нэмэгдэж, эдийн засагт дэвшил гарч, улсын төсөвт эерэг нөлөө үзүүлнэ гэж  хууль санаачлагчид үзжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ