ФОТО: "O Couture" брэндийн ГОЁЛЫН ДААШИНЗНЫ загварын шоунаас

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-12-07 15:02 GMT+8

Азийн шилдэг дизайнер, СТА Д.Отгонжаргал шинэ жилийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “O Couture high fashion show"-аараа гоёлын даашинзны тансаг загваруудаа өчигдөр толилууллаа.

Түүний энэ жилийн шоуны эхний хэсгийн цуглуулгад үндэсний элементүүд шингэсэн  Монгол Haute Couture гоёлын даашинзнууд багтсанаас өдөр тутмын гоёлын хослолууд мөн багтжээ. Харин шоуны хоёрдугаар хэсэгт коктейл буюу үдшийн гоёлын богино болон хээнцэр, гоёмсог урт даашинзуудаа танилцуулсан юм. 

"O Couture high fashion show 2018"-д ирсэн зочид

Энэ удаагийн цуглуулгад түүний от кутюр буюу гар ажиллагаа их орсон нарийн гоёмсог чимэглэл зонхилж байлаа. Энэ нь дизайнер Д.Отгонжаргалын гол имиж гэдгийг "Урлах эрдэм" дээд сургуулийн захирал Г.Тунгалаг хэлсэн юм. Тэрбээр дизайнерын бүтээлд мэргэжлийн хүний зүгээс үнэлэлт дүгнэлт өгөх загварын ертөнцийн эксперт гэж хэлж болохуйц хүн билээ. Түүний бүтээлийг хэрхэн тодорхойлсныг хүргэе.

"Урлах эрдэм" дээд сургуулийн захирал Г.Тунгалаг:

Д.ОТГОНЖАРГАЛ ҮДШИЙН ГОЁЛЫН ДААШИНЗААР ДАГНАСАН ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ДИЗАЙНЕР

"Д.Отгонжаргал "Урлах эрдэм" дээд сургуулийн хамгийн сайн төгсөгчдийн нэг. Манай сургуулийн БРЭНД юм. Жил болгон улирлын коллекц үзүүлэх нь чадварлаг дизайнерын ажил. Загварын трэнд болсон силуэт, өнгө, дүр төрхийг маш гоё бүрдүүлсэн, хамгийн гол нь загварууд дээрээ өөрт нь байдаг зуршмал шинж чанараа алдалгүйгээр  маш нарийн ажилласан нь энэ коллекцийн гол онцлог байлаа.

Д.Отгонжаргал үдшийн гоёлын даашинзаар дагнасан өндөр зэрэглэлийн дизайнер. Бүтээлийг нь зөвхөн загвар сонирхдог хүн төдийгүй жирийн хүмүүс ч ямар ч тохиолдолд өмсөхөөр энгийн боловч гоёмсог, бидний ярьдгаар өдөр тутмын гоёлын загваруудыг оруулж ирснээрээ энэ удаагийн коллекцийн онцлог гэж үзэж байна.

Ямар ч тохиолдолд дизайнер хүн уран бүтээлдээ өөрийн гэсэн өвөрмөц стилиэ алдахгүй байх нь чухал. Шинэ цуглуулга хийхдээ өмнөхөөсөө тэс өөр болгоод гаргана гэж байхгүй. Өөрийнхөө уран бүтээлийн хэв маягийг маш сайн хадгалсан, тэрэн дээрээ орчин үеийн өнөөгийн зах зээлийн шаардлага хэрэгцээг тусгасан хэрэглээний загварууд нэлээн хэсгийг эзэллээ гэж үзэж байна.

Д.Отгонжаргалдаа цаашдын уран бүтээлийн амжилт хүсч байна. Мөн улам сайхан хөгжиж байгаа "O Couture"  брэндэд нь амжилт хүсч байна. Удахгүй болох шинэ жилийн баярын мэнд хүргэе!" гэлээ.

Дуучин С.Гантогоо:

"Д.Отгонжаргал дизайнерыг Азийн шилдэг дизайнераар шалгарч байсан, "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд оролцсон бүсгүйчүүдийн даашинзыг урлаж байсан гэдгийг нь мэднэ. Бас даашинз нь өндөр үнэ хүрлээ гэсэн сенсаац мэдээнүүд сонсож байлаа. Тэр утгаараа загваруудыг нь их сонирхож харж байлаа. Шоунд үндэсний хэв маягийг агуулсан загварууд болон гоёлын даашинзууд нь үнэхээр гайхалтай сайхан байсан. Хэлэх үг алга.

Азийн шилдэг дизайнер гэдгийг хүлээн зөвшөөрөх хэмжээний загваруудыг харлаа. Цаашдаа Азидаа төдийгүй дэлхийд Монголынхоо нэрийг гаргаасай гэж хүсч байна. Урьд нь Солонгосын загварын шоуг үзэж байсан бол энэ удаад Монголынхоо дизайнерын шоуг анх удаа хажуунаас нь үзсэндээ сэтгэл хангалуун байна." гэлээ.

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн:

ЦАГ ҮЕЭСЭЭ ТҮРҮҮЛЖ АЛХСАН, ӨӨР ӨНГӨ ШИЙДЛИЙГ ИЛЭРХИЙЛСЭН ЗАГВАРУУДЫГ ГАРГАДАГ

"Би загварын тайзнаа 10 гаруй жилийн өмнө гарч байсны хувьд  өнөөдөр энэ шоуг ирж үзсэндээ их баяртай байна. Мөн загварын салбарын найз нөхөд, нэг агентлагийнхантайгаа уулзах сайхан байлаа. Би Д.Отгонжаргал дизайнерын загварыг өмсөж байсан. Цаг үеэсээ түрүүлж алхсан, өөр өнгө шийдлийг илэрхийлсэн загваруудыг гаргадаг. Өнөөдөр ч маш сайхан бүтээлүүд урласан байгааг харлаа. Тэр дундаа үндэсний хээ угалзыг хувцсандаа их шингээж өгсөн байна.

Д.Отгонжаргал "Монголд төдийгүй Өвөрмонголд шинэ дэлгүүрээ нээх гэж байна. Дэлхийд гарах үүд хаалга нь нээгдэж байгаад баяр хүргэе. Тухайн улсын томоохон хотуудын загварын нүүр царайг, тэр жилийн өнгө, загвар стилийг загвар зохион бүтээгчид тодорхойлж байдаг. Д.Отгонжаргал Монголын загварын ертөнцөд загвар тодорхойлох хэмжээний чадварлаг дизайнер байгаад маш их баяртай байна.

Жүжигчин Б.Уянга:

ОТГООГИЙН БҮТЭЭЛҮҮД УРАН БАС БАЯЛАГ БАЙДАГ

Хөтлөгч, жүжигчин Э.Ууганбаяр:

"Отгоогийн гоёлын даашинзны загварын шоу дөрөв дэх жилдээ болж байна. Сонирхолтой  түүх яривал манай гэр бүлийн хүн бид хоёр 2009 онд “Амьдралын амт” дэлгэцийн уран бүтээл хийж байсан. Тэр кинонд Д.Отгонжаргал киноны гол дүрүүдийн хувцасны дизайнераар ажиллаж байлаа. Тухайн үед Отгоо "Урлах эрдэм" дээд сургуульд багшилдаг байсан. Тэр үеэс бидний нөхөрлөл, хамтын ажиллагаа эхэлсэн дээ. Отгоог их өөрөөр сэтгэдэг, хүний хүсэж байгаа зүйлийг мэдэрдэг дизайнер гэж боддог. Тийм ч учраас би өнөөдрийн /өчигдрийн/ цуглуулганд нь  дүн тавих эрхгүй хүн. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Үзье, харъя  гэсэн сонирхолтой зүйлсээ харж чадлаа" гэв.

Жүжигчин Б.Уянга:

"Отгоогийн бүтээлүүд уран байдаг. Маш баялаг байдаг. Өнөөдөр бас нүд хужирлах юмтай сайхан коллекц байлаа. Найздаа амжилт хүсье!" гэлээ.

Тус шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк American Express, ивээн тэтгэгчээр EVOK, THANN брэнд, Swarovski Mongolia, Land Rover, Prodent, Loriblu ажиллалаа. 

Зохион байгуулагчаар Монголын загвар урлагийн холбоо, Глобал маркетинг агентлаг, United investment partners болон NTV  ажилласан бол Мэдээллийн ивээн тэтгэгчээр GoGo.mn, Bloomberg TV, Eagle News ажиллалаа.

Мөн E Studio, Merak salon, Хос шагай салон, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монгол модел агентлаг болон Богд Хааны ордон музей хамтран ажиллалаа.

Зургийг: Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ