“Samsung”, SK, KT зэрэг томоохон группүүд технологийн цоо шинэ дэвшлийг санал болгож, “Hyundai” групп бүхий л бүтээн байгуулалтыг нь хариуцаж буй “Пёнчан-2018” өвлийн олимпийн бэлтгэл ажил үндсэндээ дуусаад байна. Энэ бол олимп үзэнгээ Өмнөд Солонгосын зүүн хойд бүсийн аялал жуулчлалын гол төвүүдээр зочлон, тус улсын соёл, уламжлалтай танилцаж, үзэсгэлэнт байгалийг нь тольдох боломж юм.
Тамирчны хамгаалалтын малгайд бэхлэх камер үзэгчдэд виртуал бодит орчныг 360 градусаар мэдрүүлэх технологийн гайхамшгийг “Пёнчан-2018” өвлийн олимпийн зохион байгуулалтын багийнхан амлаж байна. Мөн тус олимпийн үеэр 5G утасгүй сүлжээгээр дамжуулан 20GB хурдаар интернэтэд холбогдох боломж бүрдэнэ. Олимпийн түүхэнд анх удаа ийм дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй өмнөд солонгосчууд энэ удаагийн олимп мэдээллийн технологийн дамжуулалтаараа (ICT) онцгой түвшинд хүрнэ хэмээн тодотгож буй. Өвлийн олимп зохион байгуулагдсан бүхий л хотод очиж, нарийвчилсан судалгаа хийснээр “Пёнчан-2018”- ын бэлтгэл ажил эхэлжээ. Энэ бүхэн өрнөхөөс өмнө олимпийн эрх авах өрсөлдөөнд хүч үзэхээр БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён-Пак тэргүүтэй баг ӨАБНУ- ыг зорьсон нь 2011 онд юм.
Ийнхүү ОУОХ-ны 123 дахь чуулганаар 2018 оны өвлийн олимпийн нийслэлийг Пёнчан хот хэмээн зарласнаас хойш зургаан жил өнгөрөөд байна. Өмнөд Солонгосын нийслэл Сөүлээс зүүн зүгт 180 км зайд буюу тус улсын хамгийн өндөр, уулархаг нутагт орших Пёнчан нь 50 мянга орчим оршин суугчтай бяцхан хот хэдий ч эх орондоо 30 жилийн дараа олимп дахин зохион байгуулах эрхийг авчирч чадсан юм. Тус хот 23 дахь өвлийн олимпийг зохион байгуулах эрхийн төлөө Францын Анси, ХБНГУ-ын Мюнхен хоттой өрсөлдөн үнэмлэхүй ялалт байгуулжээ. Энэ нь тэдний гурав дахь оролдлогын үр дүн. Өмнө нь тус улс 2010, 2014 оны олимпийг зохион байгуулахаар өрсөлдөж байв. Ийнхүү цагаан олимп Ази тивд гурав, Өмнөд Солонгост анх удаа зохион байгуулагдахаар болсон юм. Үүнээс өмнө буюу 1988 онд тус улс Сөүл хотдоо зуны олимпийг амжилттай зохион байгуулсан түүхтэй.
5G сүлжээ ашиглан 20GB хурдаар интернетэд холбогдох боломжтой
Ирэх оны хоёрдугаар сарын 9-25-ны хооронд үргэлжлэх “Пёнчан-2018” олимпийн бэлгэ тэмдгээр Сүхуран (Soohorang) хэмээх цагаан бар сонгогджээ. Хан үндэстний үлгэр, домогт олонтаа таарах уг цагаан бар тамирчид, үзэгчдээс эхлээд олимпийн үеэр цуглах бүхий л хүнийг хамгаалахын зэрэгцээ итгэл найдварыг давхар бэлгэдэж буй. Харин гуравдугаар сарын 9-18-нд зохион байгуулагдах паралимпийн бэлгэ тэмдэг нь Пёнчан хот орших Ганвон мужийн уулархаг бүсэд амьдардаг Бандаби (Bandabi) нэртэй хар баавгай юм.
Энэ удаагийн олимп энх тайван, эв нэгдлийн дуу хоолой болохоос гадна байгаль орчинд ээлтэй, эдийн засагт өгөөжтэй, технологийн хувьд шинэлэг байдлаар зохион байгуулагдахаараа онцлог. Урьд урьдын олимпуудаас ялгаатай нь Пёнчанд энх тайвныг онцолсон учраас олимп зохион байгуулах өрсөлдөөнд ялсан гэдгийг зохион байгуулагчид нь тодотгож байсан юм.
“Пёнчан-2018”-ын спортын тоглолтууд зохиогдох 12 байгууламжийн заримыг шинээр барьж ашиглалтад оруулсан бол үлдсэн хэсгийг өмнөх байгууламжуудаа шинэчлэн засварласнаар бэлэн болгожээ. Ингэснээр солонгосчууд эдийн засгийн хэмнэлт үүсгэж, олимпийн дараа ч гадаад, дотоодын жуулчид өвөл, зунгүй чөлөөт цагаа өнгөрүүлж, спортоор хичээллэж болохуйц орчныг бий болгосон байна. Түүнчлэн эрүүл мэндийн аялал зохион байгуулах зэргээр олимпийн дараа олон төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж буй. Сочигийн олимптой харьцуулахад хавьгүй бага хөрөнгө зарцуулж буйг ч “Alpensia Business Division”-ий менежер Чэ Хон Ил ярьж байна. “Alpensia” бол олимпийн цасны спортын тэмцээнүүд болох цогцолборын гол нэр юм. Энэ нь Азийн Альп гэсэн утгатай. Харин хамгийн чухалд тооцогдох нээлт болон хаалтын үйл ажиллагаа Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах аж. Уг цэнгэлдэх нь “Пёнчан-2018”-ын үеэр ашиглагдах 13 дахь байгууламж юм.
100 гаруй орны тамирчид 15 спортын төрөлд хурд, хүчээ сорих тус олимпийн тоглолтууд Пёнчанаас гадна Ганвон мужийн Ганён, Чонсон хотод зохион байгуулагдах юм. Далайн эргийн Ганён хотод мөсний спортын тэмцээнүүд болох бол Чонсонд уулын цанын тэмцээн зохиогдоно. Харин олимпийн төв хот Пёнчанд цасны спортын тэмцээнүүд өрнөх аж. Эл гурван хотод олимпийн медалийн төлөөх нийт 102 удаагийн тоглолт явагдах юм.
Ганён хотод мөсний спортын тэмцээнд зориулан томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлжээ. Энд уран гулгалт болон шорт трекийн тэмцээн болох “Gangneung Ice Arena”, хоккейн тоглолт болох “Gangneung Hockey Centre”, тэшүүрийн тэмцээн зохиогдох “Gangneung Oval” болон кёрлингийн тэмцээн болох “Gangneung Curling Centre” цэнгэлдэхийг барьж ашиглалтад оруулаад буй. Эдгээр цэнгэлдэх хоорондоо маш ойрхон буюу хэдхэн минут алхаад орох хэмжээний зайтай байрлажээ. Пёнчан хотод ч ялгаагүй биатлон, трамплин, гүйлтийн цанын уралдаан болох төвүүдийг өөр хоорондоо 30 минут хүрэхгүй зайтай газарт “Alpensia Sport Park” нэрийн дор байгуулсан нь бий. Дээрх газрууд Пёнчаны олимпийн гол цогцолбор болох “Alpensia Resort”- ийг тойрон байрлаж буй. Уг цогцолбор нь 3000 хүн хүлээн авах хүчин чадалтай.
“Alpensia Resort” нь үйлчлүүлж буй хүний амарч, алжаалаа тайлах бүхий л хэрэгцээг нэг дор цогцлоосон таван одтой зочид буудал бүхий үзэсгэлэнт байгууламж юм. Уг хотхоны ойролцоо жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулдаг “Ocean 700” нэртэй усан парк бий. Эндээс холгүй “Alpensia Ski Tower” оршино. Энэ мэтээр Пёнчан хотын эргэн тойронд өвлийн спортын төвүүд, ногоон талбай бүхий гольфын клубүүдээс эхлээд цанын спортын түүхийг өгүүлэх музей зэрэг олон газар үйл ажиллагаа явуулж буй.
Сүүлийн жилүүдэд БНСУ-ын Засгийн газраас Ганвон мужийн эл бүс нутагт өвлийн спортыг идэвхтэй хөгжүүлэх, цаашлаад уг бүсийг Азийн өвлийн спортын төв болгох зорилт тавьжээ. Энэ ч утгаараа Пёнчаны олимпод зориулалтын тавцангаас үсэрч тодорхой өндөрт очмогцоо үзүүлбэр үзүүлж, ур чадвараа сорьдог Big Air хэмээх снөүбордын төрөл шинээр нэмэгдэж буйгаараа онцлог. Түүнчлэн энэ хүрээнд өвлийн спортыг залуучуудад анхлан танилцуулах зорилготой “Мөрөөдлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2004- 2014 оны хооронд тус хөтөлбөрт 75 орны 1500 гаруй хүн хамрагджээ. Халуун орны буюу өвлийн спортоор хичээллэх боломжгүй хүүхэд, залуучуудыг дээрх хөтөлбөрт түлхүү хамруулдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч идэвхтэй оролцуулдаг аж.
Эх орондоо болох өвлийн олимпийн наадмын зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, Өмнөд Солонгосын банкуудын холбооноос 20 тэрбум вон буюу 17.5 сая ам.доллар хандивлахаа саяхан мэдэгдсэн. Үүнээс гадна тус холбооны банкууд “Пёнчан-2018” олимпийн зохион байгуулах хорооноос нэг тэрбум ам.долларын үнэ бүхий тасалбар худалдан авахаар болжээ. Олимпийн үеэр тамирчид, үзэгчид, зохион байгуулагчид, албаныхан тэргүүтэй 50 мянга гаруй хүн цуглана гэсэн урьдчилсан тооцоо гараад буй. Тэд өвлийн 23 дахь олимпийг үзэхээр Солонгосын хойгийг зорьж байгаа хүмүүст тун ойлгомжтой маршрутыг санал болгож буй. Мөн үзэгчдийн ая тух, цаг завыг хэмнэх зорилгоор KTX (Korean Train Express) хурдны галт тэргийн шугамуудыг энэ сард ашиглалтад оруулах юм.
Уг галт тэргээр зорчсоноор Инчоны олон улсын нисэх буудлаас Пёнчан хотод нэг цаг 38 минут, харин Ганён хотод нэг цаг 52 минутын дотор очих боломжтой. Товчхондоо Инчоноос гадна Гимпо, Ян-ян зэрэг олон улсын аль ч нисэх буудлаас хоёр цагийн дотор Пёнчан руу очих боломж бүрдэх аж. Мөн тус олимпийн үеэр зөвхөн цахилгаанаар ажилладаг автобусаар үйлчлэхээрээ онцлог. Дуу чимээ болон утаа гаргахгүй уг эко автобус нь “Пёнчан-2018”- ын байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэн ашиглах зорилтын нэгээхэн хэсэг юм. Түүнчлэн нисэх буудлаас эхлээд дайран өнгөрөх болон олимпийн тоглолт болох гол хотуудыг хурдны замаар холбосон нь цаг хугацааг асар товчилжээ. Тиймээс олимп үзэнгээ аялах сонирхолтой хүмүүст ч илүү дөхөм болсон байна.
Ганвон муж бол зүүн талаараа Япон тэнгистэй хиллэдэг ой модоор баялаг, уулархаг нутаг юм. Тус муж буддын сүмүүдээрээ алдартай. Тэдгээрийн нэг нь Волжонса сүм. Солонгос үндэсний 48 дахь үнэт өвөөр бүртгэгдсэн, сууж буй Бодисадвагийн чулуун хөшөө энэ сүмийн төв талбайд бий. Эргэн тойрон уул, ой модоор хүрээлэгдсэн уг сүмд түр хугацаагаар байрлаж, буддизмын дахин давтагдашгүй соёлыг өөрийн биеэр мэдэрч, бясалгал, мөргөлийн төрөл бүрийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Ганвон муж жуулчдыг татах олон газартай төдийгүй аялал жуулчлалын дэд бүтэц энд сайн хөгжжээ. Тухайлбал, далайн эргийн дэргэдэх “Haslla Art World” музей гэхэд зочид буудал, кофе шоп, ресторан гээд бүх зүйлийг нэг дор шийдсэн төдийгүй ой мод бүхий толгодод зам гарган, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, төрөл бүрийн урлагийн бүтээл байршуулсныг тухтай сонирхъё гэвэл бүтэн өдрийг ч өнгөрүүлж болохуйц. Тус музейн зочид буудал 24 өрөөтэй ба өрөө бүр өөрийн гэсэн хэв маягтай. Эндхийн нэг өрөөнд эхийн хэвлийг санагдуулам хэлбэртэй ор байх ба уг орон дээр хэвтсэнээр өөрийгөө эл уран бүтээлийн нэг хэсэг мэт мэдрэх боломжтой хэмээн тус музейн тайлбарлагч эмэгтэй өгүүлэв. “Haslla Art World”-ийг Ганён-Вонжугийн их сургуулийн урлагийн сургуулийн профессор Чэ Уг Ён анх санаачилж, байгууламжийн бүхий л дизайныг гаргажээ.
Байгаль орчинд ээлтэй, эдийн засагт өгөөжтэй олимп гэдгээрээ онцлог
Өдгөө түүний эхнэр, профессор, уран барималч Пак Шин-Жүн тус музейн захирлаар ажиллаж буй. “Haslla Art World” урлагийн бүтээлүүдийг дэлгэн харуулаад зогсохгүй гадаадын уран бүтээлчдийг шалгаруулж, хоёр сар хүртэлх хугацаанд байрлуулан уран бүтээлээ туурвих боломж олгодог аж. Энд кофе уунгаа далайн эрэг ширтэн тайван суухад нэн тохиромжтой санагдсан. Ганвон мужид олон ангит киноны зураг авалт хийсэн газруудыг аяллын маршрутад оруулсан байхтай цөөнгүй таарч болно. Монгол хэлээр “Сайн чөтгөр” хэмээн орчуулагдаж, дэлгэцээр гарсан олон ангит киноны зураг авалтыг хийсэн гэх Жүмүнжин далайн эргийн нэгэн газарт очиход тус киноны зурагтай самбар хатгасан байв. Өөрөөр хэлбэл, уг кинонд дуртай хүмүүс энд ирж зураг авхуулах, цагаа өнгөрөөх боломжийг бүрдүүлжээ. Энэ мэтээр өмнөд солонгосчууд жуулчдыг татаж чадах байршлыг том, жижиг гэлтгүй аялал жуулчлалын маршрутдаа оруулж, дэд бүтцийг нь шийдсэнээр эдийн засагтаа ихээхэн хувь нэмэр оруулсаар байна.
Тус мужийн Чүнчон хот дахь Нам И (Nami) арал бол жилийн аль ч улиралд аялахад тохиромжтой, аялал жуулчлалыг бүрэн утгаар нь хөгжүүлсэн газар. 460 мянган ам метр талбайтай уг арал Сөүл хотоос холгүй оршдог тул энд залуучууд их ирдэг нь анзаарагдсан. Пүкхан мөрнийг агаарын замаар буюу zipline-аар, эсвэл усан замаар буюу гатлага онгоцоор гаталснаар Нам И аралд хүрнэ. Тус арал дээр алдарт “Өвлийн хайрын дуу” (“Winter Sonata”) киноны зураг авалтыг хийсэн нь өдгөө уг арлыг жуулчид зорих болсон томоохон шалтгаан. Тиймээс ч уг арлын бэлгэ тэмдэг нь хоёр цасан хүн юм. Мөн Нам И-д тэмээн хяруул авчирч тэжээсэн нь арлыг бүр ч алдаршуулжээ. Энд тэмээн хяруулаас гадна хэрэм, туулай, нугас, тогос зэрэг ан амьтан идээшжээ.
Өнгөрсөн жил 3.3 сая хүн энд ирснээс 1.3 сая нь гадаадын жуулчин байсан тухай тус аралд ажилладаг Чан Ми өгүүлсэн ч Өмнөд Солонгосын аялал жуулчлалын бүсэд дотоодын жуулчид маш элбэг. Чусон гүрний дөрөв дэх хаан Сэжуны үед амьдарч байсан Нам И хэмээх алдарт жанжныг нутаглуулсан учраас арлыг хожим ийнхүү нэрлэжээ. Энд керамикаар өөрийн уран бүтээлийг туурвиж болохоос гадна 20 мянган үлгэрийн ном бүхий номын сан, арлыг бүхэлд нь тойрч болох дугуйн зам, төрөл бүрийн үзвэрүүд, музей, бяцхан галт тэрэг гээд цагийг сонирхолтой өнгөрүүлж болох олон зүйл бий. Түүгээр ч зогсохгүй 2006 оны гуравдугаар сарын эхний өдрөөс тусгаар тогтносон улс болсноо зарласан Нам И нь өөрийн мөнгөн дэвсгэрт, төв банк, гааль гээд тусгаар улсад байж болох бүхий л зүйлтэй. Тус арлаас нэг жилийн хугацаатай виз олгодог төдийгүй Нам И-ийн нутаг дэвсгэр дээр мөнгөн дэвсгэртээр нь худалдаа хийх боломжтой.
Далайн түвшнээс дээш 1708 метр өндөрт өргөгдсөн Сорак нь Өмнөд Солонгосын гурав дахь өндөр уул юм. Эхлээд агаарын бүхээгээр тодорхой өндөрт хүрээд, дараа нь багахан авирснаар Соракийн оройд гарна. Энд шат барьж, авирах замыг хялбарчилсан нь дээр дурдсан аялал жуулчлалын дэд бүтцийн нэгээхэн хэсэг юм. Эргэн тойрон ой мод, уул нуруу хүрээлэх энэ өндөрлөгөөс Японы тэнгисийг ч мөн тольдох боломжтой. Тус уулыг тойруулан Сорак үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан бөгөөд гадаад, дотоодын жуулчид энд олон харагдсан. Соракийг үзэхээр жилд 12 сая хүн ирдгийн 80 хувь нь хилийн чанадаас зочилдог аж. Ийнхүү Азийн дөрөв дэх том эдийн засаг Өмнөд Солонгос улс төвөөс зайдуу орших жижиг хот Пёнчаны уулархаг бүсэд өвлийн спортыг хөгжүүлээд зогсохгүй олимп зохион байгуулах эрхийг атгаж чаджээ. Азийн баруудын тоонд багтах тус улсад хот, хөдөөгийн ялгаа улам бүр багассаар буйг хаанаас ч харж болохоор байв.