Баяртай Viva Arte Viva!

Б.Чимэг GoGo.mn

2017-12-07 16:35 GMT+8
Германы павильон

Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биенналь өнгөрсөн сарын 26-нд албан ѐсоор хаалтаа хийлээ. Энэ удаад Парисын Помпеду төвийн ерөнхий куратор Кристин Маселийн удирдлага дор Viva Arte Viva нэртэйгээр зохион байгуулсан юм.

Венец хотоор тархан байршдаг олон улсын 100 гаруй үзэсгэлэнг зургаан сарын туршид 615.000 хүн үзсэн нь өмнөх жилүүдээс хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Нээлтийн өмнөх хаалттай үзвэрийг 23,531 онцгой зочин үзэж, 5000 орчим сэтгүүлч ажиллажээ.

Олон улсын гол үзэсгэлэнд 120 уран бүтээлчийг урин оролцуулсан бол 86 орон өөрийн үндэсний павильоноор оролцжээ. Эдгээрээс 30 орон Жиардинид байрлах түүхэн павильонуудад, 23 орон Арсеналд, 33 орон Венец хотоор тархан байрлах павильонуудад үзэсгэлэнгээ гаргасан юм.

Монгол улсын павильоныг үзэхээр 100.000 гаруй урлаг судлаачид, сонирхогчид, уран бүтээлчид хүрэлцэн иржээ. 

Энэ жилийн онцлох үзэсгэлэн яах аргагүй Алтан Арслангийн шагналт Герман улсын павильоны уран бүтээлч Анне Имхофтын Фауст нэртэй үзэсгэлэн байлаа. Амжилтаар дүүрэн ч өөрийн амьдралд сэтгэл хангалуун бус эрдэмтэн Фауст зүрх сэтгэлээ хязгааргүй мэдлэг, түүнээс авах таашаалаар солихоор чөтгөртэй тохиролцоо хийснээр мөнхийн тамд унадаг тухай Германы алдарт Фауст домгийн өнөөгийн хувилбарыг нэн орчин үеийн илэрхийлэх хэллэгүүдээр дамжуулан гайхамшигтай харуулж чаджээ.

Орчин цагийн хүмүүсийн амжилт, эрх мэдлийн төлөөх улайрал хэрхэн тэднийг гандаардал, харилцаа хоорондын хүчирхийлэлд түлхэн оруулж байгааг хөдөлгөөн, дуу авиагаар дөрвөн цагийн турш зугуухан үзүүлэх үйл хөдлөлийн үзүүлбэр нь шилэн шалтай, уначихмаар эвгүй мэдрэмж төрүүлсэн орон зайнд болдог.

Арав гаруй эрэгтэй, эмэгтэй залуусын үйл хөдлөл, дуу авиатай хослон эрч хүч, чадал, эмзэг, тэнцвэргүй байдал, өвдөлт, шаналал, гуниг бүгдийг өөрийн эрхгүй мэдрүүлнэ. Ийм олон мэдрэмжийг зэрэгцүүлэн төрүүлэх боломж үнэхээр ховор бизээ.

Браво Анне Имхофт!

ХӨХ ТЭНГЭРИЙН ДОР ТӨӨРӨГСӨД

Энэ жил Венецийн биенналийн ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс хоёр дахь удаа энэ үзэсгэлэнд албан ѐсоор оролцов. Эх орноо төлөөлөн Монгол улсын төрийн соѐрхолт зураач Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар “Lost in Tngri” буюу “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ Венецийн төв хэсэгт байрших Istituto Santa Maria della Pietà-д дэлгэн үзүүлсэн юм.

Хотын гол талбай Сан Марко, биенналийн чухал хэсэг Арсеналь хоѐрын дунд 500 метер хүрэхгүй зайд далайн эрэг дээр орших Монгол улсын павильоныг үзэхээр 100.000 гаруй урлаг судлаачид, сонирхогчид, уран бүтээлчид хүрэлцэн иржээ. “Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн нь өнөөгийн монгол оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулмагдсан асуудлуудыг хөндсөн байна. 

  • Уран бүтээлч Ш.Чимэддоржийн “Би шувуу” хэмээх буун толгой бүхий 60 дэглийн өрөг, О.Энхтайваны ”Үйлийн үр” видео ажил,
  • Г.Мөнхболорын 2010 оны зуданд нэрвэгдсэн малын гавлын ясыг ашиглан туурвисан ”Идэхийн үйл” өрөг бүтээл,
  • Ж.Болортүвшингийн ”Хүчирхийлэгдсэн нь” видео ажил,
  • Ц.Даваажаргалын ”Дахин оршихуй” нэртэй дуу авиаг павильоны 4 өрөө болон гадаах цэцэрлэгт хүрэээлэнд тараан байршуулжээ.

Монгол павильоны нээлт

Эдгээр ажлуудаас диваажинг санагдуулах онгон дагшин байгальдаа нүүдлийн ахуй соѐлоо түшиглэн амьдарч ирсэн монголчууд сүүлийн 20 гаруй жилийн туршид тансаг амьдрал, тав тух, эд баялгийг эрхэмлэн өөр төрлийн диваажингийн хайгуулд мордож, өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн газар нутгаа хайр гамгүй ашиглан хүн хүнээ, байгаль орчноо устган сүйтгэж, хоѐр төрлийн диваажингийн дунд төөрөлдөн хөл алдаж өөрийгөө гээж буй монгол орны дүр төрхийг харж болно.

Монголын павильоны комиссараар Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Төслийн удирдагчаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа, куратороор Ё.Далх-Очир ажиллаж Ром, Берлин дэх ЭСЯ-д төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэв. Түүнчлэн төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний агаарын тээврийн МИАТ компани, Хас банк, Эрэл Групп, Макс Групп, Швейцарийн хөгжлийн агентлаг, Моннис групп, Шангрила Улаанбаатар ХХК, Монре даатгал, Mahoney Liotta, Батс өргөө, Ард даатгал болон бусад хувь хүн компаниуд ажиллажээ.

ДҮРСЛЭХ УРЛАГААС МӨН ЧАНАРЫГ ХАЙГСАД 

2015 онд хагас сая хүн Венецийн биенналийг үзсэн бол энэ жил 615.000 хүн үзжээ.

Венецийн биэнналийн ерөнхий куратор Кристин Массел, Монголын төслийн удирдагч Б.Гантуяа

Харин тэдгээрийн 31% нь 26-аас доош насных байсан байна. Венецийн биенналийн ерөнхийлөгч Паоло Баратта: “олон нийтэд контемпорари урлагийг үзэж сонихох хүсэл нэмэгдэж байна, түүнээс гадна тодорхой хэв загварыг олон нийтэд хүчээр тулган нэвтрүүлэх зорилготой дуу, дүрсээс татгалзан ертөнцийн мөн чанар, үнэнийг урлагаас хайгсад олширч байгааг харахад үнэхээр таатай байна” хэмээн хаалтан дээр хэлжээ.

Харин ерөнхий куратор Кристине “Зөрчилдөөн, мөргөлдөөн, цочролоор дүүрэн өнөөгийн ертөнцөд хүн хүнээрээ байх шаардлага, хүнлэг байхын үнэ цэнийг бидэнд урлаг сануулж байна. Урлаг өөрөө бодол эрэгцүүллийн чухал суурь болдог, энэ утгаараа уран бүтээлчдийн үзэл бодлын илэрхийллийг өнөө цагт илүү чухалчлан авч үзэж ярилцдаг болоод байна. Хэдийгээр ирээдүй тодорхой бус ч дэлхий нийт уран бүтээлчдийн санаа бодлыг тусган цаашдын алхамыг хийх нь зүйтэй.

Германы павильон

Яагаад гэвэл уран бүтээлчид бол дотоод мэдрэмж нь хамгийн өндөр хөгжсөн хүмүүс байдаг” хэмээн нээлтийн үеэр хэлсэн байдаг. Viva Arte Viva бол уран бүтээлчдийн сэтгэл зүйн байдал, үзэл бодол, тэмцэл, хашхирааны илэрхийлэл байсан юм. Кристине Маселийн удирдсан олон улсын нэгдсэн үзэсгэлэн нь “Уран бүтээлчид ба ном”, ”Аз жаргал ба айдас”, ”Нийтлэг зүйлс”, ”Дэлхий ертөнц”, ”Уламжлал”, ”Dionysian”, ”Бөө”, ”Өнгө” гэсэн 8 төрлийн павильоноос бүрдэж, үзэгчдэд дотоод мөн чанараас хязгааргүй хүртэл аялах боломжийг олгожээ.

Венецийн биенналийг дэлхийд алдар нь түгсэн уран бүтээлчид, урлагийн мэргэжилтнүүд, цуглуулагчид, дэмжигсэд, улс төрийнхөн ирж үзсэнээс гадна жүжигчин Annette Bening, Susan Sarandon, Sonia Bergamasco, Jasmine Trinca, Greta Scarano, Melvil Poupaud, Yorgos Zois, Ricky Tognazzi, түннчлэн Ildiko Enyedi, Edgar Wright, Céline Sciamma, Rakhshan Banietemad, Rebecca Zlotowski, Ami Canaan Mann, Mark Cousins, Fien Troch, Michel Franco, Giuseppe Piccioni зэрэг кино найруулагчид, David Stratton, Geoff Andrew, Andrés Duprat зэрэг шүүмжлэгчид, зохиолчид; Ryūichi Sakamoto, Albert Lee зэрэг хөгжмийн зохиолчид үзэж сонирхсон байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 23 санал өгсөн байна.

Дээшээ