Эх орны хоймор нутгаар аялсан аян замын тэмдэглэл 3-р хэсэг
Т.Бум-Эрдэнэ
Тав дахь өдөр буюу “Зөөлөн зөөлөн бодол долгилно”
“Хурдан унтав уу, та нар?” гэсэн шиг үүр хурдан цайсан байлаа. Бидэнд одоо Хушт Өлийн давааг даван 20-оод км яваад Шар булан гэдэг газар очих ёстой. Өлийн давааг цааш уруудахад 1 голыг бараг 27 удаа хөндлөн гаталж явсан гэвэл итгэхэд бэрх. Бид ядарсан хэрнээ хоорондоо хэн нэгнийгээ шоолж, уул хадны сайхныг биширч, зарим нэг маань хотод үлдсэн найз нөхдөө ч дурсаж, өөрсдийгөө сатааруулж, ядарснаа үл анзаарах гэж хичээж байв. Энэ тэнд тогтсон шалбаагны усыг хараад би танил нэгэн найрагч бүсгүйн хэлснээр “хэсэгхэн тэнгэр тастаад тавьчихсан юм шиг” гэсэн зүйрлэлийг санан “өхөөрдөл” төрж байв. Нээрээ ч үнэндээ тэгж харж болох л юм билээ.
Аяллын баг Шар булангийн тохой тойруут, далайгаа харсан бид эх рүүгээ сарвайтал давхих унага адил гүйцгээв. Энэ тохойд биднийг машин тосох ёстой. Морин болон явган аялал шувтарч байна гэсэн үг. Харин машинууд маань хэзээ ирэх бол? . . . Аялагчид унтах нь унтаж, тоглох нь тоглон, хэвтэх нь хэвтэж байх зуур би нуурын мандал дээгүүр гүелзэх долгион ширтэн суув. Нэгэн хэмээр, тэгсэн хэрнээ хэзээ ч тасрахгүй мэт ар араасаа давтагдан ирэх бяцхан “давалгаан”-ыг харж суухад тэндээс зөөлөн, зөөлөн бодлууд долгилон ирснээ эргээ нэг мөргөөд тунирхаж одох шиг сэтгэгдэл төрнө.
Хүн, байгаль, амьдрал бүгдээрээ яагаад ийм нандин ширхэгтэй байдаг юм бол гэж гайхмаар . . .
Зургаа дахь өдөр буюу “Шиврээ бороонд зогсоно”
“Босоорой, босоорой” гэх танил биш дуунаар сэрвэл дөнгөж үүр цайж байлаа. Хүлээсэн машин шөнө дунд иржээ. Шиврээ бороонд бүрсийн зогсох бүхээгтэй машин багадаа үзсэн байлдаантай киноны хэсэг ч юм шиг харагдсан сан. Бид майхнаа хураагаад, машинд суулаа. Анх аялалд гарч байснаа бодвол ихээхэн шалмаг болцгоосон байв. “За, дуу аялаад л явж өгнө шүү дээ” гэх жолоочийн дуу өглөөхөн биднийг сэрээсэн танил биш дуу болохыг мэдэв. Цаашаа давхисаар нэгэн хот айлд ирлээ. Хавь ойрын саахалтынхан нь биднийг ирсэн сургаар гэр гэрээсээ барьсан талх, цөцгийн тосоо тэвэрсээр ирцгээх нь энэ нутгийнхан ихээхэн зочломтгой зантайг харуулна. Харин тэдний хувьд нэг өдөр ч гэсэн алс нутгийн гийчидтэй инээж хөхрөлдөх нь юу юунаас илүү ажээ. Гар даллан үдэж буй тэднийг хараад, “Хоорондоо бараг ялгамгүй маш олон маргаашийн дунд үлдэх тэдэнд шинэ, шинэ зочид их ирээсэй” гэсэн хүсэл төрж билээ. Шиврээ бороо тасраагүйтэй адил тэд биднийг толгод давтал далласан гараа буулгаагүй юм. Тэр шөнөдөө бид Хөвсгөл нуурын чанх хойно байрлах Ханх сумын төвд ирж нэгэн амарцгаав.
Долоо дахь өдөр буюу “Тольт хайрхан”
Ханх сумаас 90 км зайд Борсогын ам гэдэг газар Сүхбаатар хөлөг онгоц хүлээж байх ёстой. Энэ нь бидний мэдэх болсон “Модон хүй” хэмээх арлын харалдаа нуурын зүүн эрэг юм. Зам хэдий бартаатай ч машин гэдэг урамтай унаа юмсанж. Хэрвээ бид нуурын баруун талаар явсан шигээ алхсан бол ахиад 3 өдрийн газар. Бид замдаа Далай ээжийн 13 овоог тахих ёслолд оролцлоо.
Яг энэ агшинд надад нэгэн зүрх шимшрүүлсэн бодол төрсөн юм. Үүнийгээ би тэмдэглэлийнхээ төгсгөлд хэлэх тул түр хойш нь тавихаар шийдлээ.
Тахилгын ёслол дуусаад нэг их удалгүй Тольт Бүрэнхаан уулын оройгоорх үүлэн сэмэрч толь мэт харагдах мөнх цасаа үзүүлсэн. Тэр болгон мөнх цасаа үзүүлдэггүй үргэлж манан будантай байдаг юм гэсэн. Бүрэнхаан уулын зүүн талд Хатанхаан уул, баруун талд таван хүү нь болох Наранхүү, Саранхүү, Галхүү, Эрдэнэхүү, Одхүү гэсэн нэртэй 5 сайхан хайрхан харагддаг юм билээ. Эх орны минь хойморт ийм “гэр бүл” гэмээр уулс дүнхийж суудаг нь гайхмаар.
“Бух ноён, Бурхан баавай гээд Монголын минь хайрхнууд хилийн цаана, Оросын нутагт бий” гэж бодохоор өр зүрхэнд харуусал төрснөө нуугаад ч яалтай. Ер нь бидэнд байгаль, эх дэлхий, хил хязгаараас өөр юу хэрэгтэй гэж . . .
Бид 6 цаг давхиад Борсогын амыг даваад ирэхэд Хөвсгөл нуурын мандал дээр Сүхбаатар хөлөг онгоц биднийг хүлээн зогсох нь тэр. Хөлөг- Хатгал тийш жолоо залан, нуурын чийглэг салхийг энгэр заам, дух магнайгаар сэнгэнүүлсээр хөдөллөө. Далайн усыг хага яран зүтгэх онгоцны хитэг дээрээс шингэж буй нарыг харж зогсоход энэ нутгаас явамгүй санагдана.
Хага ярагдсан ус цааш давалгаалан одох нь сэтгэлээс ямар нэгэн юм зулгаагаад зулрах шиг гунигтай. Эрэг дээр нь чимээгүйхэн суухад зөөлөн, зөөлөн бодлууд илгээдэг мөртлөө дундуур нь туучин зүтгэхээр ингэж их ярдаглан цамнадгийн учир юу юм бол? Магадгүй бид энэ далайтайгаа зөөлөн, зөөлөн харьцах ёстой юм байх аа даа ...
Хадан хүй арлын хажуугаар өнгөрлөө. Нүүдлийн шувуудын эх орон болсон энэ арал Хөвсгөл нуурын бас нэгэн чимэг ажээ.
Хөлгийн тавцан дээр залуус шуугилдсаар байлаа. Тэдэнд уйдах зав байсангүй. Зарим нь онгоцны энд тэнд зогсон элдвийг, магадгүй ирээдүйг хүүрнэлдэн явна. Магадгүй тэд бүх амьдралдаа энэ аяллыг, бас нар ташсан энэ үдшийг мартахгүй ч юм билүү.
Хатгалын усан онгоцны буудалд ирэхэд аль хэдийн харанхуй болсон байлаа.
Сүүлийн өдөр буюу “Өмнийн тоосноос болгоомжил”
Сайхан амарсан бид өглөөний цайгаа уугаад автобусандаа суун, хотын зүг жолоо заллаа.
Төд удалгүй аялагчид маань бие биеийнхээ мөрийг түшин унтацгааж эхлэв.
Харин би автобусны цонхоор ширтэж явтал хүнд даацын ачааны машин шороо тоос манарган нуур тийш зөрөв. Миний сэтгэлд 2 хоногийн өмнөх “Өнөөдөр үүдэнд (Өмнөговьд) бужигнаж буй тоос маргааш хойморт (Хөвсгөлд) босох вий дээ” гэсэн зүрх шимшрүүлсэн бодол сэрхийн бослоо. Ер нь ингэж эх орныхоо онгон дагшин байгалийг мэдэрч, бэдэрч аялсан хүнд л бодогдох л бодол байхаа даа, янз нь . . .