ТОЙМ 2017 Технологийн салбарын онцлох үйл явдлууд
А.Ихсанаа Сэтгүүлч

Өнгөрч буй 2017 онд технологийн салбарт болсон бусад үйл явдлуудыг та доорх нийтлэлээс уншаарай. Шинэ мэдээллийг эхэнд оруулах үүднээс дарааллыг нь арван хоёрдугаар сараас эхлүүлсэн болно.

Өнгөрч буй 2017 онд технологийн салбарт болсон бусад үйл явдлуудыг та доорх нийтлэлээс уншаарай. Шинэ мэдээллийг эхэнд оруулах үүднээс дарааллыг нь арван хоёрдугаар сараас эхлүүлсэн болно.

Арван хоёрдугаар сар: Тэнгэрт тулсан Биткойны ханш 25 хувиар унав

Он гарснаас хойш нэгж биткойны үнэ 19 мянган ам. доллар хүрч түүхэн амжилт тогтоосноор, олон тооны биткойн эзэмшдэг хүмүүс долларын тэрбумтан болж, төд удалгүй Nicehash хакеруудын халдлагад өртөж олон сая ам. долларын алдагдал хүлээлээ.

Биткойны ханш огцом өссөн хэдий ч баярын улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийлүүлэлт нэмэгдэж, хангагдахгүй байсан эрэлтийг бялхуулснаар үнэ нь 13 мянган ам. доллар руу буув. Apple компани хуучирч буй загваруудынхаа хүчин чадлыг бууруулдаг гэдгээ хүлээж, Касперский АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрыг шүүхэд өглөө.

Америкийн Харилцаа холбооны газар интернетийн тэгш эрхийг устгахыг олонхийн саналаар дэмжиж, Magic Leap компани анх удаа бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Арван нэгдүгээр сар: Тесла ачааны тэрэг танилцуулав

Биткойны галзуурал үргэлжилж, ханш нь 10000 ам. доллар давсан бол Тесла компани анхны цахилгаан хөдөлгүүртэй ачааны тэрэг болон 1,9 секундэд 100 км/цаг хурдлах Roadster загвараа танилцуулав.

Бостон Динамикс Softbank-ийн өмч болсноос хойш анх удаа сайжруулсан роботоо танилцуулж, Sierra Nevada ирээдүйн сансрын шатлл хөлөг болох Dream Chaser хөлгөө амжилттай туршжээ. iPhone X албан ёсоор худалдаанд гарч, Вьетнам хакерууд царай таних системийг хуурч дөнгөв.

Аравдугаар сар: Япончууд өөрсдийн байршил тогтоох хиймэл дагуулаа хөөргөв

Япон улс өөрсдийн хэрэгцээнд ашиглах, байршил тогтоох зориулалттай хиймэл дагуулаа хөөргөлөө. Бидний сайн мэдэх GPS систем метрийн нарийвчлалтай цэг тодорхойлдог бол Япончуудын систем сантиметрийн нарийвчлалтай байх аж.

Биткойны үнэ улам галзуурч, 5000 ам. доллар давснаар хүн бүр блокчейн технологийг сонирхож эхэлснээр ханш улам өсөх шалтгаан болов. Харин энэ бүхний зэрэгцээ Саудын Араб роботод иргэншил олгож Дубайн цагдаа нар нисдэг мотоцикл нэвтрүүлэх гэж буйгаа зарлалаа.

Есдүгээр сар: IBM, MIT хиймэл оюун ухаан хөгжүүлнэ

IBM, MIT хамтран хиймэл оюун ухаан хөгжүүлэхээр болсон гэдгээ зарлаж байхад Элон Маск “Хиймэл оюун ухаан Дэлхийн гуравдугаар дайныг өдөөнө” хэмээн мэдэгдэж байлаа. Huawei компани борлуулалтын тоогоор Apple-ийн өмнө орж Google компани HTC-ийн гар утасны хэлтсийг 1,1 тэрбум ам. доллароор худалдан авав.

Apple компани арван жилийн ойд зориулсан iPhone X болон энэ жилийн жишиг загварууд болох iPhone 8/8 Plus загваруудаа танилцууллаа. Харин Биткойны үнэ 5000 ам. доллар дөхөж, БНХАУ-ын эрх баригчид цахим валютын арилжааг орон даяар хориглов.

Наймдугаар сар: Биткойны ханш 3000 ам. доллар давлаа

Он гарах үед нэгжийн үнэ нь дөнгөж 1000 ам. доллар хүрч байсан Биткойн 3000 ам. доллар давж, үнэ нь хурдацтай нэмэгдсээр байв. Америкийн эрдэмтэд анх удаа хүний ДНК-ийг өөрчилж, Apple 5G сүлжээний туршилт хийх эрхээ авлаа.

Samsung Galaxy Note 8 нээлтээ хийж байх үед компанийн өв залгамжлагч И Же Ён хахуулийн хэргээр ял сонсов. Алдарт Dota 2 тоглоомын олон улсын аварга шалгаруулах TI7 тэмцээний үеэр Элон Маскын хөрөнгө оруулсан хиймэл оюун ухааны компанийн хөгжүүлсэн систем дэлхийн шилдэг тоглогчийг яллаа.

Долдугаар сар: Тесла Model 3 загвараа үйлдвэрлэж эхэллээ

Хятадын эрх баригчид VPN ашиглахыг хориглож, үйлчилгээ явуулахыг хориглосон төдийгүй Tencent компани бага насны хүүхдийн гар утсаараа тоглох цагт хязгаар тогтоов. Америкийн эрх баригчид Касперскийг тагнуулын хэргээр сэжиглэх болсон учраас компани дэлхий даяар үнэгүй хувилбараа танилцуулсан юм.

Түүнчлэн Хятад улс хиймэл оюун ухаан хөгжүүлэх салбарт 150 тэрбум ам. доллар зарцуулна хэмээн мэдэгдэж, Daimler БНХАУ-ын цахилгаан машины салбарт 735 сая ам. долларын хөрөнгө оруулахаар болсон гэдгээ зарлав.

Зургадугаар сар: iPhone 10 жилийн ой

Apple компанийн түүхэн бүтээл болох iPhone утас худалдаанд гарсны арван жилийн ой тохиож, Дубай хот жолоочгүй машин, дроноор эргүүл хийдэг болж буйгаа зарлав. Facebook-ийн хөгжүүлж буй Aquila дрон анх удаа амжилттай газардсан бөгөөд энэ дроныг ашиглан компани дэлхийн бүх хүнд интернет түгээх юм.

Японы Softbank компани робот хөгжүүлэгч Бостон Динамиксийг худалдан авч байхад SpaceX-ийн дахин ашигласан Драгон капсул олон улсын сансрын станцтай амжилттай холбогджээ. Харин Apple компани энэ сард WWDC чуулганаа зохион байгуулж, шинэчилсэн үйлдлийн системүүдээ танилцуулсан юм.

 

Тавдугаар сар: Элон Маскын эгэл бус шийдэл

SpaceX, Tesla компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маск их хотын доогуур нүх ухаж, бүхэл бүтэн тээврийн систем хөгжүүлэх санаагаа танилцуулав. Харин Facebook-ийн сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо 2 тэрбум дөхөж, Марк Цукерберг Харвардын хүндэт доктор болсон бол Apple компани АНУ-д ажлын байр бий болгоход 1 тэрбум ам. доллар зарцуулна гэжээ.

Тавдугаар сарын 12-ны өдөр Украйнаас илэрсэн WannaCry хортой код дэлхий даяар 100 сая гаруй компьютерт халдварлаж, кибер аюулын харанга дэлдсэн юм. Тэгвэл Дубай хот дэлхийн анхны робот цагдааг танилцуулж байхад Биткойны үнэ түүхэндээ анх удаа 2000 ам. доллар давлаа.

Дөрөвдүгээр сар: Кеплер дахин ажиллаж эхэллээ

Хувьцаагаа гаргаж, үнэлгээ нь эрс өссөн Snapchat хэрэглэгч нартаа зориулан AR технологид суурилсан нүдний шил танилцуулсан бол Хятадын Baidu компани өөрсдийн хөгжүүлсэн өөрийгөө жолоодох системийг олон нийтэд нээлттэй болгосон юм.

Харин НАСА-ийн Кеплер дуран авай ослын горимд шилжиж олон хүний санааг зовоосон хэдий ч удалгүй хэвийн ажиллагаандаа орж, манай нарны аймгаас гадна орших гаригуудыг илрүүлэх ажлаа үргэлжлүүлж эхлэв.

Гуравдугаар сар: Snapchat хувьцаагаа гаргав

Дараагийн Facebook хэмээн тодорхойлох болсон Snapchat компани олон нийтэд нээлттэй хувьцаа гаргаж, компанийнх нь үнэлгээ 34 тэрбум ам. доллартой тэнцсэн юм. Харин энэ үеэр Bugatti Chiron загварын анхны загварууд эхний эздэдээ хүрч байв.

Харин Samsung компанийн удирдлагуудтай холбоотой асуудал улам хүндэрч, өв залгамжлагч И Же Ён шүүхэд дуудагдлаа. Хэдийгээр удирдлагууд нь шүүхэд дуудагдаж, өмнөх онд гаргасан Note 7 загвар амжилтгүй болсон ч гэсэн Samsung компанийн Galaxy S8 загвар олон нийтийн таашаалд нийцэж хүмүүс хоног тоолон хүлээж эхэлсэн юм.

Тэгвэл Амазоныг үүсгэн байгуулагч Жефф Безос хөрөнгийн хэмжээгээрээ Билл Гейтсийн ард орсон бол SpaceX компани нэг пуужингаа хоёр хөөргөж, хоёр газардуулав.

Хоёрдугаар сар: Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулган

Өмнө нь гар утасны компаниуд бүгд л Барселонд болдог “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулган”-ыг тохиолдуулан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд Америк, Солонгосын компаниуд өөрсдийн бие даасан үйл ажиллагаа зохион байгуулж, харин Хятадын тэргүүлэгч брэндүүд сул үлдсэн орон зайг нь эзэлжээ.

Huawei компани энэ оны жишиг утас болох P10, P10 Plus загваруудаа, ZTE дэлхийн хамгийн хурдан утас хэмээн тайлбарласан Gigabit загвараа, Motorola компани жишиг бүтээгдэхүүн G5 загвараа танилцуулсан бөгөөд Nokia хүртэл шинэчилсэн 3310 загвар танилцуулав.

Нэгдүгээр сар: CES 2017

Хагас зууны түүхтэй CES үзэсгэлэнгийн голлох бүтээгдэхүүнүүд дахиад л цахилгаан хөдөлгүүртэй автомашин байв. Цахилгаан барааны үзэсгэлэн хэмээх анхны нэр нь өдгөө зөвхөн оноосон нэрний үүрэг гүйцэтгэх болж хүмүүс зурагт, гэр ахуйн цахилгаан бараанаас илүүтэйгээр автомашин, гар утас, зүүдэг технологид анхаарал хандуулах болжээ.

Энэ жилийн хувьд BMW, Chrysler, Honda, Toyota зэрэг компаниуд өөрсдийн дэвшилтэт технологи, концепц загваруудаа танилцуулсан бол Faraday Future компани 560 км зам туулах чадалтай, гурав хүрэхгүй секундэд 100 км/цагийн хурд авдаг FF91 загвараа танилцуулав.

Дээшээ