Ц.Пүрэвхүү: Хүүхэд эрүүл байх л хамгийн дээд жаргал

Зууны мэдээ

2018-01-12 13:55 GMT+8

“Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүг дугаарын зочноор урилаа. Тэрээр маргааш төв талбайд чимээгүй, хэвтээ жагсаал зохион байгуулах юм.

-Маргааш та хэвтээ,  жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнийг ээж, аавуудын тэмцэл  хурц хэлбэрт шилжиж байна гэж ойлгож болох уу?
-Хэн ч өвлийн хүйтэнд цементен дээр хэвтэхийг хүсэхгүй. Өнөөдөр Монгол Улсын агаарын бохирдол туйлдаа хүрлээ. Үүний ард хэдэн мянган хүн, бяцхан үрсийн эрүүл мэнд хохирч байна. Утааны эсрэг ээж, аавууд нэгдэж 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд анхны жагсаалаа хийснээр эхэлсэн. Маргааш бид зургаа дахь удаагийн олон нийтийн арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна. Энэ удаад утаанд угаартаж үхлээ шүү гэдгээ илэрхийлж, үхсэн мэт 15 минут хэвтэхээр шийдсэн.

-Энэ аргыг яагаад сонгосон бэ. Бусад орны туршлагаас судалсан уу?
-Энэ аргыг лондон­чууд хэрэг­лэж байсан юм билээ. Дугуйчид нь мэргэжлийн онцлогоос шалтгаалаад агаарын бохирдолд өртөх нь элбэг байдаг учир Тээврийн яамныхаа үүдэнд хэвтэж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Манай байгуул­лагынхан энэ өвөл дахиж жаг­сахгүй гэж бодож бай­сан. Гэтэл хүний эрхийн төлөөх бусад ТББ-ууд энэ жагсаалыг хийгээч гэж санал тавьсан учир жагсаал хийхээр шийдвэрлэлээ.

Утаанд угаартаж үхлээ шүү гэдгээ илэрхийлж, үхсэн мэт 15 минут хэвтэхээр шийдсэн.

-Лондончууд асуудлаа хэрхэн шийдсэн бол. Гадаадын орны утаанаасаа салсан туршлага ямар байдаг вэ?
-Бусад орны туршлагыг харахад ихэнх нь Засгийн газраа шүүхэд өгдөг юм билээ. Франц, Герман гээд олон орон ялалт байгуулсан байдаг. Дэлхийд агаарын бохирдлыг эхлээд судлаачид дараа нь ээжүүд хамгийн их анхаардаг гэсэн судалгаа бий. Улс, орон татвар төлөгчдийн мөнгөөр хөгжиж байна. Тиймээс төр түшиж буй эрхмүүд үүргээ ухамсарлаж, асуудлыг зөв замаар шийдэх үүрэгтэй. Бид тайван улс учир харин ч хэтэрхий орой тэмцлээ эхлүүлсэн.

Өнөөдөр дэлхий нийтийн тренд сэдэв нь байгаль орчны уур амьсгалын өөрчлөлт. Бид ч төсөл бичээд хандахад үргэлж эерэг хариу ирдэг. Агаарын бохирдлоос болж, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх хөндөгдөж байна гэж олон байгууллагад хандаж үзлээ. Тэдний хөрөнгө оруулалтаар бид үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг төсөлд дунджаар гурван сая төгрөг өгдөг. Энэ мөнгийг бид гурван сарын үйл ажиллагаандаа хэрэглэдэг. Түүнээс нэг ч улстөрчийн халааснаас мөнгө аваагүй гэдгээ дахин хэлье.

-Гэхдээ бусад орны агаарын бохирдол манайх шиг галлагаанаас болдоггүй байх?
-Ихэнх нь том үйлдвэр болон машины утаанаас болдог юм билээ. Тэгэхээр утаа шүүлтүүр тавиад шийдчихдэг. Өнөөдөр XXI зуунд манайх шиг уламжлалт гэр, зуухнаасаа салаагүй улс дэлхийн хаана ч алга. Хамгийн эхний зөв шийдвэр бол орон сууцжуулах юм. Үүнийг олон орон эрт харж, ажил хэрэг болгосон байдаг. Япон улс гэхэд хоёр дахь удаагаа энэ ажлыг хэрэгжүүлж байна. Сингапур улсад 1959 онд сонгуульд өрсөлдсөн нам нь бид бүх нийтээр нь орон сууцжуулна гэж амлалт өгчээ. Үүнээс өмнө сингапурчууд бараг усан дээр амьдардаг байж. Үүнээс болж хүүхдүүд үхээд эхлэнгүүт тэд ухаарсан. Энэ нам дөрвөн жилийн хугацаанд нийтээр нь орон сууцжуулах бодлого явуулжээ.

Эхлээд түрээсийн орон сууц барьсан. Дараагийн дөрвөн жилийн хугацаанд эдгээр байраа эзэмшүүлэх хөтөлбөр боловсруулж, нийгмийн даатгалыг нь барьцаалаад зээл олгож эхэлсэн байдаг. Ингээд 10 жилийн хугацаанд сингапурчууд асуудлаа шийдэж чадсан.

Харин манайхан яаж  гэрт нь удаан байлгах вэ гэсэн бодлого явуулаад байх юм. Гэрт нь халаагуур тавья, дулаалга өгье, жорлон барьж өгье гэх жишээний. Яагаад гадаадад төрсөн хүмүүс эрүүл саруул, сэтгэл амар амьдарч болоод байхад манай ард түмэн утаан дунд уушгиа бохирдуулж, амь насаа алдах ёстой юм бэ. Бид өнөөдөр Монголд төрсөндөө гомдоод, хувь тавилантайгаа эвлэрээд сууж байх ёстой юм уу. Өдөр бүр гараараа нүүрс зөөж, хүүхдүүд нь хүйтэн төмөр тэрэг түрээд усаа гараараа зөөх ямар үйл бид хийчихсэн гэж. Гэр хороолол тэлэхийн хэрээр нийтийн тээвэр зарим газарт хүрэхгүй. Үүнээс болж шөнө оройн цагаар гэртээ харих гэж яваад хүүхдүүд гэмт хэргиийн золиос болж байна.

-Энэ удаагийн жаг­саалын гол зорилго нь Засгийн газрын ярьж буй халаагуурын эсрэг гэж байсан?
-Хүмүүс энэ удаагийн жагсаалыг манай ТББ-ыг энэ жилийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна гэж хараад байна. Тийм биш шүү. Өнгөрсөн жил ид хүйтэнд жагсаалд оролцсон ээжүүд өвдсөн. Тиймээс энэ жил арай эрт хүйтрэхээс өмнө үйл ажиллагаагаа эхэлье гэж шийдсэн юм. Үүнээс гадна шинэ Засгийн газар утааны эсрэг ямар үйл ажиллагаа хийх нь бүрхэг байна. Бид цогц бодлого, шийдэл хүсч байна. Түүнээс зөвхөн халаагуур тараагаад энэ асуудал шийдэгдэхгүй.

Манай судлаачдын судалснаар өнөөдөр хотод амьдарч буй 25 мянган өрх үнэхээр ядуу байна. 

Олон арга зам нийлж байж утаанаас сална. Үүний зөвхөн нэгхэн арга нь энэ халаагуур байж болно. Өнөөдөр монголчуудын 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэдний хэдийг нь орон сууцанд оруулах вэ, хэдийг нь гэр хороололд нь дэд бүтцийг нь өөрчлөөд амьдруулах вэ, хэдэн мянгыг нь буцаагаад хөдөө рүү нүүлгэх вэ зэрэг асуудлаа шийдчихээд үлдсэн өрхүүдэд жинхэнэ халаагуураа тарааж болно. Гэтэл иймэрхүү судалгаа, зохицуулалт байхгүй байж халаагуур тараагаад утаагүй болчих юм шиг ярьж байгаад нь эгдүүцэж байна. Манай судлаачдын судалснаар өнөөдөр хотод амьдарч буй 25 мянган өрх үнэхээр ядуу байна. Эдгээр хүмүүст л халаагуураа өг л дөө.

Хотын даргын ха­риуцсан түрээсийн орон сууцны хөтөлбөр нь хаана байна. 1000 гаруйхан түрээсийн орон сууцыг шийдчихээр утаа арилчих юм уу. Хамгийн эхэнд ярих, шийдвэрлэх ёстой дэд бүтцийн асуудлаа хойш тавиад өөрсдийн бизнесээ шахаж байгаад харамсч байна. Үнэхээр халаагуур төгс шийдэл юм бол яагаад ганцхан үйлд­вэр­лэгч компаниас 60 мянган халаагуур авах ёстой юм бэ. ТЭЦ II дээр 17 тэрбум төгрөгөөр боссон нүүрс боловсруулах үйлдвэрээ яагаад ажиллуулахгүй бай­гаа юм бэ гэж асуумаар байна.

-60 мянган айлд халаагуур тавихад манай эрчим хүч дийлэхгүй гэж зарим нь үзэж байна?
-Манайхан зөвхөн хуу­чин цахилгаан станцаа л сэлбээд бай­даг. V цахилгаан станцаа барихгүй байж шууд 60 мянган айлд халаагуур залгах ямар ч үндэслэлгүй. Би эрчим хүчний инженер биш. Гэхдээ судлаачид, эрчим хүчнийхний ярьж буйгаар манай эрчим хүчний хамгийн дээд хү­чин чадал нь 1200 вольт. Бид энэ лимитдээ хүрчихсэн. Тэгэхээр дахиад цахилгааны хүчин чадал өсвөл цахилгаан тасарна. Тиймээс үнэхээр энэ халаагуурыг залгахад эрчим хүчний хувьд ямар ч аюулгүй, цахилгаан хэ­вэндээ байна гэсэн суд­лаач, инженерүүдийн дүг­нэлтээ гаргаад ир л дээ.

-Та гадаадад амьдарч байгаад ирсэн гэсэн. Яагаад энэ тэмцлийг эхлүүлэх болсон бэ? 
-Эх хүний хувьд хүүхдүүдийнхээ төлөө хийж чадах хамгийн том алхам энэ гэж харсан юм. Миний бага хүү гурав, ах нь дөрвөн настай. Би 2013 онд Америкт магистрт сурахаар явсан. Тэнд том хүүгээ гаргаад, 2015 оны сүүлчээр бага хүүгээ төрүүлсэн. Оны эхэнд эх орондоо ирээд гайхсан. Өмнө нь утаатай байсан ч арай ч ийм гамшгийн хэмжээнд хүрч байгаагүй. Ирээд л бага хүү минь өвдсөн. Эхний нэг жил эмнэлгээр гүйж, эх хүний сэтгэлийн зовлонг, үрээ гэсэн сэтгэл ямар байдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Америкт төрөөд ой таван сартай ирсэн хүү минь ханиад хүрсэн ч их хөнгөн байдаг. Харин хоёр сартайдаа ирсэн бага маань их хүнд тусдаг юм. Яагаад агаарын бохирдлоос болж ирээдүй болсон хүүхдүүд минь хохирч, ужиг өвчтэй болох ёстой гэж. Түүнээс би хүлээж байгаад Ардын нам эрх барингуут жагсаад байгаа юм ерөөсөө биш.

-Мэдээж хүүхдээ өвдөхөд эх хүний хувьд хэцүү байсан байх даа?
-Ганц бие байхдаа үүнийг анзаардаггүй, тоодоггүй байжээ. Харин эх хүн болсныхоо дараа хүүхэд минь л эрүүл байвал дээдийн жаргал юм байна гэдгийг ухаарсан. Манайд хүүхдийн эмнэлэг бага. Эх нялхасын төв нь ор нь хүрэлцэхгүй, нэг өрөөнд их олуулаа эмчлүүлдэг. Ялангуяа өвөл утааны улиралд. Үүний цаана хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байгаа нь намайг энэ ТББ-ыг байгуулахаас өөр аргагүйд хүргэсэн.

-Та энэ асуудлаар олон эцэг эхтэй уулзаж байсан байх. Тэд юу ярьдаг вэ?
-Манай эцэг эхчүүд ихэнх нь л хүүхдээ өвд­сөний дараа ойлгодог. Мөн юм уншиж, мэдлэгээ тэлдэг хүмүүс хамгийн эхэнд бухимддаг юм билээ. Учир нь тэд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хэрхэн хөгжөөд байна, асуудлаа яаж шийдэж байгааг олоод мэдчихдэг. Түүнээс өнөөх гэр хороололд галаа түлээд амьдарч байгаа иргэд тэр бүр тэмцэл хийдэггүй. Агаарын бохирдлоос болж астам, ханиад, харшил хавсарчихаараа эдгэрдэггүй. Энэ нь насан туршид нь дагах ужиг өвчин болж хувирч байна. Төрж амжаагүй хүүхдүүд хэвлийдээ эндэхийг хараад зүгээр сууж чадахгүй нь.

-Утаа бууртал танай байгууллагын тэмцэл үргэлжилнэ гэж ойлгож болох уу?
-Ерөнхий сайд биднийг дуудаж уулзсан. Агаарын бохирдлыг заа­вал шийднэ гэж хэллээ. Тэгэхээр амласандаа хүрэх байх гэж найдаж байна. Бид өнөөдөр залуу хүмүүс. Амьдралаа яаж ийгээд босгоно. Зээл тавин байж нэг байртай болдог. Гэтэл яагаад утаагаа шийдэж чадах­гүйгээс болоод хо­тоос зайдуу цэвэр агаартай газар дахиад байшин авах ёстой гэж. Байгаа орчиндоо эрүүл амьдармаар байна. Энэ бололцоог бий болгож өгөөч.

Ч.Гантулга

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 2814 санал өгсөн байна.

Дээшээ