Хэвлэл мэдээллийн манлайлал хөтөлбөр эхэллээ

М.Жаргал GoGo.mn

2018-01-16 10:32 GMT+8

Шинэ үеийн сэтгүүлчдэд ажлын бодит туршлага өгч, дэлхийн сэтгүүлзүйн чиг хандлагатай нийцэн ажиллахыг практикаар заах зорилго бүхий Хэвлэл Мэдээллийн Манлайлал Хөтөлбөрийг Монголд анх удаа Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгээс зохион байгуулж байна.

АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй уг хөтөлбөрт шалгарсан оролцогчид Монголын шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад тус бүр гурван долоо хоногийн турш дадлага хийх юм. Хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оролцогчид тухайн хэвлэл мэдээллийн байгууллагаас ажлын урилга авах боломжтой.

Монгол HD, Gogo Mongolia, Ikon, Forbes Mongolia, UB.Life, Үндэсний шуудан, Unread.today, Eagle News зэрэг салбарын шилдэг байгууллагуудад шалгарсан найман оролцогч онолын мэдлэгийг практикт хөгжүүлэн, дэлхийн сэтгүүлзүйн өнөөгийн чиг хандлага, түүний хэрэгцээ шаардлагуудыг салбарын шаркуудаас суралцана.

Дадлагын хугацаанд оролцогч тухайн байгууллагат сэтгүүлчийн үүргийг бодитоор гүйцэтгэх бөгөөд сурсан мэдлэг, хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн дадлагын эцэст цогц мэдээг тухайн медиа компанийн албан ёсны сувгаар мэдээ болгон гаргах юм. Ингэснээр тухайн оролцогч Хэвлэл Мэдээллийн Манлайлал Хөтөлбөрийг албан ёсоор дүүргэсэнд тооцогдоно.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Глобал Шэйпэрс Улаанбаатар нийгэмлэгийн дэд тэргүүн А.Ундрал хөтөлбөрийн талаар “Энэ бол хэвлэл мэдээллийн салбарыг сонирхож байгаа, хэвлэл мэдээллийн салбарт ажиллахаар зэхэж байгаа залуу мэргэжилтнүүдэд зориулсан, маш богино хугацаанд олон төрлий медиа байгууллагуудад ажиллан туршлага хуримтлуулах боломж олгож байгаа хөтөлбөр” хэмээн ярьсан юм.

Хөтөлбөрт сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй оюутнууд, сэтгүүлч мэргэжилтэй ч, мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй, эсвэл өөр мэргэжилтэй ч сэтгүүлзүйн салбарт ажиллах сонирхолтой залуу боловсон хүчнүүдэд зориулагдсан.

Уг хөтөлбөрийн хамтрагч Gogo.mn ерөнхий редактор О. Ариунбилэг энэхүү хөтөлбөрийн эрэлт хэрэгцээний талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Хэдхэн жилийн өмнө сонины, телевизийн, радиогийн сайн сэтгүүлч гэж ярьдаг болсон. Гэтэл одоо энэ бүхнийг нэг сэтгүүлч хийхийг шаардаж эхэллээ. Маш сайн бичсэн зүйлээ камерын өмнө сайн ярьдаг, бичсэн зүйлийнхээ хоолойг уншдаг чадварыг нэг сэтгүүлч эзэмших шаардлагатай болсон. Үүн дээр өөрийнхөө бичсэн сэдвээр олон улсын жишээг хардаг, эш татаж нийтлэлдээ оруулах тийм чадвар мөн тулгарч байна. Ийм шаардлагыг биелүүлсэн супер сэтгүүлчийг редакци, эзэд шаардаж байна гэхээс илүүтэй цаг үе, уншигчид буюу хүлээн авагчид шаардаж байна гэвэл илүү зохистой болох байх” гэж онцолжээ. 

Хөтөлбөрт оролцогсдын бүртгэл 2-р сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд албан ёсны дадлагууд 2-р сарын сүүлийн долоо хоногт эхэлнэ. 

Та бүхэн ЭНД ДАРЖ анкет бөглөх боломжтой.

Хэвлэл Мэдээллийн Манлайлал хөтөлбөр

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 2815 санал өгсөн байна.

Дээшээ