Энэтхэгтэй ирээдүйн талаар ярилцъя

"Засгийн газрын мэдээ" сонин

2018-02-13 14:40 GMT+8

Энэтхэгийн дуу хоолой чангарч байна. Эрэмбэ, идэвх, чадавх гээд олон үзүүлэлтээр тус улс дэлхийн улс төр, эдийн засаг, геополитикийн тавцанд цойлж буйг та анзаарав уу. Өнгөрсөн сард болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы гол хэлэлцүүлгийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нээлээ. Дэлхийн эдийн засгийн чуулган жил бүр онцлох эрхмээр нээлтээ хийлгэдэг. 2018 онд энэ хүндтэй үүргийг Н.Моди хүлээсэн нь учиртай. Цэнхэр гараг даяар Энэтхэгийн эрин үе ирж буйг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ. Эдийн засгийн өндөр өсөлтөөрөө дэлхий дахиныг гайхуулж байсан Хятадын хөөс арилж, оронд нь Энэтхэг хэмээх даруу атлаа аварга хүч хөрөнгө оруулагчдыг татаж эхэллээ. 

Энэтхэгтэй ирээдүйн талаар ярилцъя Монгол, Энэтхэгийн худалдаа 40 орчим сая ам.долларт хүрдэг 

Урд хөршийн эдийн засаг үсрэнгүй өндөр хурдаар өсөж, холын зайд өндөр хурдаа хадгалж чадалгүй бахардаж байна. Харин жигд хурдаар урагшилсан Энэтхэг улс тогтмол өсөлтийг тасралтгүй үзүүлсээр. Хэдхэн жилийн өмнө дэлхийн эдийн засагт төдий л том жин дардаггүй байсан энэ улсын ДНБ сүүлийн жилүүдэд эрчтэй тэллээ. Эдийн засгийн хүчин чадлаараа өдгөө дэлхийд долдугаарт эрэмбэлэгдэж буй тус улс ирэх 10 жилийн дотор Японыг ардаа орхиж, гуравдугаар бичигдэх төлөвтэй. Ингээд зогсохгүй 2050 он гэхэд АНУ, Евро бүс зэргийг гүйцэж, дэлхийн хоёрдахь том эдийн засаг болно хэмээн олон улсын шинжилгээний байгууллагууд таамаглаж байна. ОУВС-гийн тооцоогоор Энэтхэгийн эдийн засаг энэ онд 7.4 хувиар өснө.

Ирэх онд ч энэ өсөлтөө хадгалах төлөвтэй. Үүний зэрэгцээ тус улсын бодлого тодорхойлогчид эдийн засгаа илүү нээлттэй болгохоор зорьж байна. Сүүлийн жилүүдэд Нарендра Модигоор удирдуулсан Засгийн газар авлигатай тууштай тэмцэж, төрийн хүнд суртал буурсан. Тэрчлэн татварын бодлогоо цогцоор нь шинэчилж, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлсэн. Энэтхэгийн зах зээл хөрөнгө оруулагч нарт ирээдүйтэй гэгдэж байна. 2000 онд Энэтхэгийн хүн амын нэг хувь нь нийт баялгийн 53 хувийг эзэмшдэг байсан бол одоо энэ тоо 36 хувь болтлоо буурчээ. Энэтхэг эдийн засгийн хурдацтай хөгжил, ялангуяа мэдээллийн технологийн салбар дахь гялалзсан амжилтаараа гайхуулж яваа. Дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай улсын тоонд бичигдэж байна. Гэхдээ уг эрчтэй өсөлт нь хариулт нэхсэн асуулт ч дагуулав. 

Тухайлбал, 2050 онд БНЭУ хүн амын тоогоор БНХАУ-ыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүнтэй ардчилсан улс болно. Сайн тал нь үүний дийлэнх нь залуус байх ба энэ хэрээр тус улсын хөдөлмөрийн хүч нэмэгдэх төлөвтэй. Гэвч эдгээр ажиллах хүчийг ажлын байраар хангах нь харин Энэтхэгийн Засгийн газрын томоохон даалгавар болохоор байна. Тус улсын хөдөлмөрийн насны иргэдийн тоо жил бүр 12 саяар нэмэгдэж байгаа аж. Тиймээс ажлын байрыг олноор бий болгох нь чухал байгаа. Гэтэл энэ улсын ажиллах хүчний бараг тал хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Гэтэл энэ салбар нь тус улсын ДНБ-ий дөнгөж 15 хувийг бүрдүүлж буй тул энэ салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь чухал байгаа аж.

Дэлхий даяар Энэтхэгийн эрин үе ирж буйг хүлээн зөвшөөрч байна 

Тэгвэл дэлхийн эдийн засагт цоо шинэ давалгаа болж буй Энэтхэгийн өсөлтийн хүчийг хүртэх боломж монголчуудад бий юү. Хоёр улс соёл, улс эдийн засгийн хүрээнд урт удаан, ойр дотно харилцаатай. Олон жилийн турш иж бүрэн түншлэлийн харилцаатай байсан Монгол Улс одоогоор Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байгаа юм. Одоогоор хоёр улсын худалдааны эргэлт 40 сая ам.доллараар хэмжигдэж байгаа. Монгол Улс Энэтхэгээс элсэн чихэр, эм, ачааны тэрэг зэрэг 30 гаруй сая ам.долларын бүтээгдэхүүн худалдаж авдаг.

Харин лак, давирхай, гавар, мал, амьтны самнасан хялгас зэргийг нийлүүлж, 1.7 сая ам.долларын борлуулалт хийдэг байна. Энэтхэг улс нүүрс, газрын тос зэрэг эрчим хүчний түүхий эдийн дэлхийн томоохон нийлүүлэгчдийн нэг. Энэ утгаар Монгол Улс эрчим хүчний түүхий эд нийлүүлэх боломжтой.

Үүнээс гадна Монгол Улсаас үнэт чулуу, металл, мал, ургамлын тос, лав, төмөр, ган зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой юм. Түүнчлэн Энэтхэг дэлхийн гар утасны аппликейшн зэрэг технологийн бүтээгдэхүүн үйлчилгээний томоохон зах зээлийн нэг. Тэр утгаар газар нутгийн хувьд Монголоос хол энэ зах зээлд хил хязгааргүй технологийн талбарыг ашиглан хөл тавих боломж байгаа юм. Өөрөөр хэлбэл, соёл, шашин шүтлэг, улс төрийн ойр дотно харилцаанд түшиглэн дэлхийн өсөлтийн шинэ хүч болж буй энэ улстай эдийн засаг, бизнесийн харилцаагаа өргөтгөх боломж нээлттэй байна.

Г.Байгал

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1079 санал өгсөн байна.

Дээшээ