С.Батболд: Хотоос малтай айл, махны захыг бүгдийг нь гаргана

Засгийн газрын мэдээ

2018-02-14 09:45 GMT+8

“Засгийн газрын мэдээ сонин” ХМХ-ийн сэтгүүлчид нийслэлийн Засаг дарга С.Батболд болон албаныхныг редакцдаа урьж, Улаанбаатар хотын нэн түрүүнд шийдэх ёстой асуудлын хүрээнд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Санхүү, төхийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, Газрын албаны дарга Э.Болорчулуун, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар оролцсон юм. Манай сонин редакцын бодлогын хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн хүнсний болон ундны усны аюулгүй байдал, агаар, хөрсний бохирдол, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, гэр хорооллын дахин төлөв лөлт зэрэг хэд хэдэн чухал асуудлаар ярилцлаа. 

- Редакцын уулзалтад цаг зав гарган ирсэн та бүхэнд баярлалаа. Бодлогын чанартай асуултуудаас уулзалтаа эхэлье. Нарангийн энгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчиж буй 300 гаруй үхрийн махыг нийслэлчүүдийн хүнсэнд нийлүүлдэг талаар бид удаа дараа сурвалжилсан. Та 1.3 сая иргэний эрүүл мэндтэй холбоотой энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Засгийн газрын болон нийслэлийн ИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсүүд гэж бий. Үүнд суурьшлын бүсүүд ч багтдаг. Сүүлийн үед хотод малтай айлууд олширч, хэн дуртай нь мал маллах боллоо. Бид шүлхий, эрүүл ахуйтай холбоотойгоор малтай айлуудыг хотоос гаргах шийдвэр гаргаж, малчдад газар зааж өгөхөөр болсон. Хэрэв нүүхгүй гэвэл малаа борлуулах, шаардлагатай бол махны компаниудтай холбох санал тавьсан. Мөн нүүж, суухтай холбоотой бүх зардлыг нийслэлээс нэг удаа гаргахаар болсон. Энэ хүрээнд ажил эрчимтэй явж байгаа. Мал аж ахуй эрхлэгчдийг ирэх тавдугаар сар гэхэд хотоос гаргаж, суурьшлын бүсэд нэг ч мал байлгахгүй гэсэн бодлого баримталж байна.

Улаанбаатар хот 2020 он гэхэд хог шатаах гурван үйлдвэртэй болно 

Энэ ажилд нийслэлийн төсвөөс 500 орчим сая төгрөг гаргахаар болсон. Дараагийн анхаарал хандуулж байгаа асуудал бол хогийн цэг. Улаанбаатар хот 2020 он гэхэд хог шатаах гурван үйлдвэртэй болно. Ахуйн хаягдал болон барилгын материалын хогийг шатаах үйлдвэр байна. Энэ үйлдвэрийг Морингийн даваанд барихаар төлөвлөж, Европын сэргээн босголт хөгжлийн банкны 13 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурахад бэлэн болсон. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл хавраас үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлнэ. Гурав дахь нь аюултай хог хаягдлын цэг. Багануур дүүрэгт барихаар НИТХ-аас газрыг нь шийдсэн.

Эдгээр асуудлыг шийдвэл Улаанбаатар хотын салхины дээр байдаг Улаанчулуутын хогийн цэгийг хаана. Танай сонины нийтлэлүүдийг бид уншсан. Бид бүхий л хогийн цэгийг хашаалсан. Энэ жил 500 гаруй сая төгрөгийг хогийн цэг хашаалахад төсөвлөсөн. Тэнд бэлчсэн малын сүү, махыг зах дээр зардаг байхыг үгүйсгэхгүй. Тиймээс махны захуудыг гаргах тал дээр хамтарч ажиллая. “Хүчит шонхор” захыг хаая. Би бүрэн эрхийнхээ хугацаанд нийслэл рүү орж байгаа махыг тамга, тэмдэгтэй болгох зорилго тавьсан.

-Улаанбаатар хотын захирагч хүн 1.3 сая иргэнийг яаж эрүүл, аюулгүй орчинд амьдруулах вэ гэдэгт анхаарч, толгойгоо өвтгөх ёстой. Олон нийтийн эрх ашгийг нэн түрүүнд тавьж, тавдугаар сарын 1-нийг хүлээхгүйгээр асуудалд хандаж болохгүй юү?
-Улаанбаатар хотод 400 мянган мал бий. Тэд бүгд Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчдэггүй. Улаанбаатар хотын захирагчийн хувьд нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Манай багийнхан ажил авсан даруйдаа нийслэлд зарагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаад судалгаа хийж, дүгнэлт гарган, зорилгоо тодорхойлсон.

Үнэхээр Улаанбаатар хотод ирж байгаа мах баталгаагүй, хяналтгүй нь үнэн. Тиймээс хотод худалдаж, борлуулах мах нь зөвхөн үйлдвэрийн аргаар нядлагдсан, гарал үүслийн гэрчилгээ, баталгаатай байх ёстой. Хотын хоёр захад том хэмжээний амьд малын зах ойрын хугацаанд барихаар төлөвлөсөн. Ингэснээр малчид ченжээр дамжуулахгүй махаа зарж, иргэд ч тухайн захаас баталгаатай мах худалдан авдаг болно. Сүү, сүүн бүтээгдэхүүн дээр ч ялгаагүй. Задгай сүү худалдахыг хориглох гэх мэт хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаа.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АГЕНТЛАГ БАЙГУУЛЪЯ

-Та хотын дарга болсноос хойш бүрэн эрхийнхээ хоёр дахь жилийг өнгөрөөлөө. Үлдсэн хугацаанд агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ямар бодит ажил хийхээр төлөвлөөд байна вэ. Хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн шийдэл байна уу?
-Би Засгийн газарт агаарын бохирдлыг бууруулах үндэсний хэмжээний агентлаг байгуулъя гэсэн санал оруулсан. Ингэснээр салангид байгаа утааг бууруулах ажил нэг шугамд орж, утаа гаргаж байгаа нөхдөд хариуцлага тооцдог болно. Эрс шийдэмгий алхам дутагдаад байна. Дэлхийн бүх хот яг энэ жишгээр ажиллаж байж асуудлаасаа ангижирсан. Иймд хяналт шалгалт хүчтэй байх хэрэгтэй юм.

Хоёрдугаарт, хөрсний бохирдол орж байна. “Хүрээ” байгуулагдснаас хойш тооцвол нийслэлд нэлээд их жорлон ухсан байх. Эцэстээ ухах ч газаргүй боллоо. Хөрсний бохирдлоос ангижрахын тулд бие даасан системийг бий болгох талаар судалж байгаа. Дараагийн шийдэл нь гэр хорооллын сервис центр. Энэ бол миний найдлага тавин хүлээж байгаа төсөл. Энэ жил гурван байршилд хийнэ. 200 айлын дунд сервис центр байгуулж, гэр хорооллын айлуудыг цэвэр, бохир усны шугамд холбох юм. Хэрэв өртөг нь бага гарвал хөрсний бохирдлоос салах ганц арга зам нь болно. Нэг айлд 60 сая төгрөгийн санхүүжилт гаргаж хийх ажил байгаа юм.

-Өмнөх Засаг даргын үед гэр хорооллын дахин төлөвлөлт төслийн хүрээнд нэлээд олон айл газраа чөлөөлж, байранд орно гэсэн итгэлтэй байлаа. Хотынхонд итгэж газраа чөлөөлсөн иргэд өнөөг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарсаар. Тэдний асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж хохирсон тийм ч олон иргэн байхгүй. Орон гэргүй болсон 400 орчим айл байгаагаас 200-г нь бид түрээсийн орон сууцанд оруулсан. Нийслэлийн зүгээс компаниудад шаардлага тавьж, цаг алдалгүй орон сууцаа ашиглалтад оруулах үүрэг өгсөн. Хөгжлийн банкнаас компаниудад олгож байсан хөнгөлөлттэй зээл зогссоноос төсөл үндсэндээ гацсан гэж хэлж болно.

Ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-ын Ерөнхий сайд Монголд айлчилна. Айлчлалаар тус улсаас авах хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн асуудал шийдэгдвэл Улаанбаатар хот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хэрэгжүүлэх ёстой дэд бүтцийн 192 тэрбум төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Гэхдээ хэдэн мянган га газар авсан хэрнээ сууриа цутгаагүй олон компани байна. Тэдгээр компанитай хамтрахгүй.

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХЭД ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА

-Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг хэзээ шийдэх вэ. Дулаан орохоор л хот өмхий үнэртэй болчих юм. Тэндхийн оршин суугчид эрүүл мэндээрээ хохирч байна. Танд ямар нэг шийдэл, гарц, төлөвлөсөн ажил байна уу?
-Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр шийднэ. Ер нь 60, 70 жилийн хугацаанд хуримтлагдсан 600 гаруй мянган тонн лаг үүсчихсэн. Манайхан, ялангуяа Засгийн газрын гишүүд шинэ цэвэрлэх байгууламж барьчихвал өмхий үнэртэхээ болино гэж ойлгодог. Гэтэл яг үнэндээ шинэ цэвэрлэх байгууламж барьсан ч хуримтлагдсан лаг арилахгүй, хотод өмхий ханхалсаар л байх болно. Гэхдээ энэ бол хотын хийх ёстой ажил мөн.

Ер нь 60, 70 жилийн хугацаанд хуримтлагдсан 600 гаруй мянган тонн лаг үүсчихсэн

Би өнгөрсөн жил Унгарын Будапешт хотод айлчилж, Европын нэлээд хэдэн оронд энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн компанийнхантай уулзаж, 60 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тэд цэвэрлэх байгууламжийн лагийг иж бүрнээр нь боловсруулж, шатааж, бордоо болгож ажиллана гэсэн шийдлээ өнгөрсөн арваннэгдүгээр сард танилцуулсан. Засгийн газраас 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдвэл ажил урагшилна.

Хотоос Францын компаниар 5.2 тэрбум орчим төгрөгөөр ТЭЗҮ-ээ хийлгэсэн. Манай хийлгэсэн ТЭЗҮ дээр тулгуурлан улсаас хөрөнгө гаргаснаар үндсэн барилгын ажил эхлэх учиртай юм.

АЛТАН ГУРВАЛЖИНГИЙН БОДЛОГООР ХОТЫГ ЗАДАЛНА

-Бид Улаанбаатар хотын хөгжлийг л яриад байдаг. Та бүхэн орон нутгийн хөгжилд хэрхэн анхаарч оролцдог вэ?
-Алхам тутамд бухимдал үүсгэж буй автомашины түгжрэл, агаар, хөрсний бохирдол зэрэг нь хотын хүн амын хэт их төвлөрөл, түүнээс үүсэх ачаалалтай холбоотой. Тиймээс хотыг задлах ёстой. Гэвч бид нийслэлийн иргэдийг сургууль, цэцэрлэгээр хангах үүрэгтэй. Тиймээс жилийн жилд сургууль, цэцэрлэг нэмж барьдаг. Үнэндээ хөдөө орон нутгийг хөгжүүлж, хотын хэт их төвлөрлийг задлах нь хамгийн зөв бодлого шүү дээ. Хэдийгээр Монгол Улсад ардчилсан, чөлөөт тогтолцоо хэрэгжиж, хүний эрх, эрх чөлөөг хангах ёстой ч зарим нэг хязгаарлалт, хоригийг тавихаас өөр аргагүй. Намайг хүмүүс шүүмжилж байсан ч нийтийн эрх ашгийн төлөө хот руу нүүдэллэх шилжилт хөдөлгөөнийг хоёр жилийн хугацаатай хорьсон.

Харин аймгуудтай бид хамтарч ажилладаг. Тухайлбал, өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын тогтоол гарч, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хамтран Улаанбаатар хотоос иргэдийг орон нутаг руу шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэл ирсэн. Миний дэвшүүлж буй алтан гурвалжин бодлогоор Улаанбаатар, Дархан-Уул, Орхоныг холбосон эдийн засаг, санхүүгийн шийдлийг нэвтрүүлж, Монгол Улсыг хөгжүүлэх замаар хотын төвлөрлийг сааруулна. Үүнд тусгайлсан бодлого гаргах хэрэгтэй байгаа юм.

АЧИЛТЫН КОМПАНИУД АШИГТАЙ АЖИЛЛАДАГГҮЙ

-Манай сонин машин ачилтын компаниуд эмнэлэг, томоохон албан газрын үүдийг сахиж, иргэдийн машиныг ачдаг тухай бид хөндсөн. Тиймээс тэдний үйлчилгээний орлогоос хотод татвар төвлөрүүлж, хот автозам, төлбөртэй зогсоолыг шийдэж, нийтэд хэрэгтэй бүтээн байгуулалтыг дэмжих боломжтой гэж үзэж байгаа юм?
-Ж.Тогтохбаяр: Манай байгууллагатай ачилтын нийт 10 компани гэрээгээр ажилладаг. Нэг компани 3-6 машинтай, нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж байна. Гол ажил нь бол автозамын нэгдүгээр эгнээнд зогссон жолоочгүй машиныг ачиж, зам чөлөөлөх шүү дээ. Эмнэлгийн үйлчлүүлэгчид л өвчин зовлондоо шаналсан хүмүүс гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ би өвчтэй гээд зам дээр машинаа орхисноос ухаангүй байгаа өвчтөн ч тусламж авч чадахгүй байна шүү ээ. Үүнийг л зохицуулж байгаа юм. Тэгж байж түгжрэлийн ачааллыг 20-30 хувиар багасгаж, иргэд өөрсдөө саад багатай зорчиж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй.

Ачилтын компаниудыг янз бүрээр хардаж сэрддэг. Угтаа бол эдгээр компани нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу шаардлага хангасан үйлчилгээ үзүүлж, манайх хяналт тавьдаг. Нэг автомашиныг ачиж, буулгахдаа 40-60 мянган төгрөг авч, ашиг олоод байгаа эсэхэд аудитын байгууллага дүгнэлтээ гаргасан. Үйл ажиллагааны зардлыг нь орлоготой нь харьцуулахад олон нийтийн сүлжээгээр яваад байгаа шиг өдрийн 2-3 саяын ашиг олдоггүй.

-Хот тэдгээр компаниас татвар авч яагаад болохгүй гэж?
-Ж.Тогтохбаяр: Тэгвэл компаниуд ажиллахгүй гэж байна. Оронд нь ажиллачих өөр субъект байна уу. Эсвэл бүгдээрээ түгжрээд байцгааж байх юм уу. Иргэд энэ үйлчилгээний ач холбогдлыг ойлгоод, үйл ажиллагаа жигдрээд ирэнгүүт хот тодорхой хэмжээний хураамж авах тухай ярьж байгаа. Одоогоор олж байгаа орлогыг нь эцэслэж тогтоогоогүй тул хураамжийг нь ч бас тогтоох боломжгүй байна. Э.Анар: Иргэд өөрсдөө төлбөртэй зогсоолоор үйлчлүүлж сурах хэрэгтэй. Сүхбаатарын талбайн урд талд цагийн 500 төгрөг төлөөд үйлчлүүлэх зогсоол байсаар атал иргэд зогсох ёсгүй газар автомашинаа тавьж байна. 500 төгрөгөө төлж чадахгүй бол нийтийн тээврээр явах хэрэгтэй.

Бид хэдийгээр төвлөрлийг сааруулах гээд 3-4 цэгт нийслэлийн үйлчилгээний цэг байгуулсан ч төв рүү ирсээр л байна. Нийслэлийн захиргаа руу өдөрт 5700-8000 хүн тэмүүлдэг. Тэдний тэн хагас, магадгүй түүнээс багахан хэсэг нь автомашинтай ирдэг. -Ийм тохиолдол тун цөөн. Ихэнх зогсоол нь хүрэлцдэггүй, эсвэл байдаггүй шүү дээ. Барс, Сандей гээд л худалдааны төвүүдийн гадаа бол үнэхээр зогсоол байдаггүй шүү дээ? Ж.Тогтохбаяр: Ер нь шийдээд л явж байна. Таван жилийн өмнө Улаанбаатарт төлбөртэй зогсоол байсан юм уу. Өнөөдөр албан ёсны 40 гаруй төлбөртэй зогсоолтой болсон. 250-260 сая төгрөг төвлөрдөг. Иргэд ил, төлбөртэй зогсоолоо ашиглаад хэвшчихвэл цаашдаа давхар зогсоол барихыг зорьж байгаа.

60 ЖИЛД ХИЙГДЭЭГҮЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЛҮҮЛСЭН

-Хотын даргын бүрэн эрхийн хугацаа яг талдаа орж байна. Өнгөрсөн хоёр жилд автозамын ямар ажлууд хийсэн бэ. Мөн үлдсэн хугацаанд ямар ажлууд хийх вэ?
-Ж.Тогтохбаяр: 2017 онд Улаанбаатар хотод дөрвөн уулзвар, 25 км замыг шинээр барьж, өргөтгөж шинэчилсэн. Хятадын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дөрвөн том гүүрийг сэргээн засварлана. Үүний нэг нь зургаан эгнээтэй, 250 метр урттай байхаар төлөвлөж буй Яармагийн гүүр. Барилгын ажил 50 хувьтай байна. Арваннэгдүгээр сарын 30-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ашиглалтад орчихвол хөдөлгөөний даац одоо байгаагаас гурав дахин их болно. Мөн Сонсголон, Баянзүрхийн гүүрний ажил хавар эхэлнэ.

2017 онд Улаанбаатар хотод дөрвөн уулзвар, 25 км замыг шинээр барьж, өргөтгөж шинэчилсэн

Замын цагдаагийн урагшаа 470 метрийн урттай, дөрвөн эгнээ гүүрэн гарцын ажил албан ёсоор удахгүй эхэлнэ. Өнгөрсөн жилийн хувьд энэ бүх бүтээн байгуулалтын бэлтгэл ажил, шугам сүлжээ гээд иргэдийн нүдэнд тэр бүр ил харагдаад байхгүй ажлууд хийгдсэн. Энэ мэтчилэн 60 жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалтууд олон улсын стандартын дагуу хийгдээд явж байна. Нийслэлийн хөрөнгөөр зүүн дөрвөн замын гүүрэн гарцыг энэ жилээс барьж эхэлнэ.

Налайхын 20.4 км автозамыг Хятадын 20 жилийн хугацаатай, 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барина. 1.5 тэрбум төгрөгөөр газрыг нь чөлөөлсөн. Зураг төсөл, шугам сүлжээний ажлууд нь хийгдсэн, гүйцэтгэх компани нь ч тодорсон. Одоо Хятадын Засгийн газраас мөнгө нь шилжихийг л хүлээж байна.

КОНЦЕССЫН 100 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРИЙГ ДАРСАН

-Нийслэл одоо хэдий хэмжээний өртэй байгаа вэ?
-Э.Ганхүү: Нийслэл 100 орчим тэрбум төгрөгийн концессын өртэй байсан. Үүнийг энэ онд 100 хувь дарсан. Засгийн газрын шугамаар 1997-1998 онд Испаниас УСУГ-ын өргөтгөлд зориулж 97-98 сая төгрөгийн зээл авсан байсан. Одоогоор энэ зээлийн үлдэгдэл төгрөгт шилжүүлсэн дүнгээр 228 тэрбум бөгөөд хотын санхүүгийн тайланд тусгагддаг. Гэхдээ энэ өр хэдийгээр хотын нэр дээр бичигддэг ч барагдуулах ёстой субъект нь Засгийн газар юм. Монгол Улс нэгдсэн төсөвтэй тул Дэлхийн банк болон олон улсын байгууллагуудын төслүүд нь Засгийн газрын шугамаар орж ирдэг.

Харин хотын данс дээр хүүгийн өрүүд тодорхой хэмжээгээр бий. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авсан зээлүүдийн эргэн төлөлт одоо л эхлэх гэж байна. Түүнээс биш хотод нэг их айхтар их өр бол байхгүй. 2017 оны хувьд нийслэлийн төсөв 10 гаруй тэрбум төгрөгөөр давсан дүнтэй гарах төлөвтэй байна. Дөрөвдүгээр сард албан ёсны аудитаар баталгаажсаны дараа нэгдсэн байдлаар мэдээлнэ.

СУУРЬШЛЫН БҮСИЙГ ТОГТООЖ БАЙЖ 0,07 ГА-Г ӨМЧЛҮҮЛНЭ

-Нийслэл газар олголтоо зогсоогоод байна. Хуулиар иргэн бүрд 0.07 га газар өмчлөх эрхтэй. Цаашдаа энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Мөн цахимаар өмчлүүлсэн газрын дэд бүтцийг хэзээ шийдэх вэ?
Э.Болорчулуун: Нийслэлийн Засаг дарга суурьшлын бүсийн хил хязгаар тогтоож, хязгаарт үүссэн газрын маргааныг цэгцлэхээр болсон. Энэ хүрээнд суурьшлын бүс дэх хороолол дунд газар шинээр олгохгүй. Хоёрдугаарт, гэр хорооллын бүс дэх улсын болон хувийн өмчийн газруудыг цэгцлэхгүйгээр дараагийн арга хэмжээ авах боломжгүй байгаа юм. Тийм учраас суурьшлын бүсийн хязгаар доторх айлуудын газар эзэмшлийн болон өмчлөлийг хэрхэн үргэлжлүүлэхээ тодорхойлохоор болсон. Нийслэлийн хэмжээнд иргэд өөрсдийн эзэмшлийн газраа өмчилсөн хувь 86.4 байна.

Тэгэхээр үндсэндээ 13 гаруй хувийг л өмчлүүлэх боломжтойг нь өмчлүүлж, боломжгүйд нь байршлыг нь сольж газар өмчлүүлнэ гэсэн үг. Ингэж байж иргэн бүр газар өмчлөх эрхээ эдлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, одоо өмчилсөн газар нь гэр бүлийнх нь хэн нэгний нэр дээр байгаа. Тиймээс үлдсэн гишүүд нь газар өмчлөх эрхээ эдлэх ёстой. Гэхдээ тэдгээр иргэд хотод газар өмчлөх боломжгүй л болов уу. Үүнээс гадна Газрын тухай хуульд Улаанбаатар хотын иргэд Монгол Улсын хаана ч газар өмчлөх эрхтэй гэж заасан.

  • 200 айлын дунд сервис центр байгуулж, цэвэр, бохир усны шугамд холбоно.
  • Орон гэргүй болсон 400 орчим айл байгаагаас 200-г нь түрээсийн орон сууцанд оруулсан.
  • Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг 5.2 тэрбум төгрөгөөр хийсэн.

Энэ хүрээнд бид Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлагыг харж байж шинэ суурьшлын бүсүүдийг хаана үүсгэхээ шийднэ. Багануур орчим, аймгуудтай холбосон төв зам дагуу гэх мэт хэд хэдэн байршлыг сонгож, иргэдээс санал асуулга авсны үндсэн дээр иргэн бүрд 0.07 га газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.

-Хотод уулнаас мод авчирч суулгах яг ямар ач холбогдолтой ажил вэ. Улиас, бүйлс зэрэг хотын дуу чимээ, агаарын бохирдлыг бууруулдаг том навчтай, өнгө үзэмж нэмсэн гоёлын модыг яагаад тарихгүй байгаа юм бол?
-С.Баярбаатар: Хот тохижилтыг манай ерөнхий менежер хариуцдаг. Өөрөө нэлээд судалсан юм билээ. Өөрийнх нь ярьж буйгаар зулзаган модыг суулгахад ургах гэж нэлээд хэдэн жил болдог. Харин уулнаас 4-6 метр өндөр моднууд авчраад тавьчихвал хотын ногоон байгууламжийн асуудлыг хурдан шийднэ. Нөгөөтэйгүүр, шилмүүст мод нь агаар цэвэршүүлдэг тул манайх шиг хөрс, агаарын бохирдолтой хотод маш тохиромжтой. Гуравдугаарт, мөнх ногоон тул Улаанбаатар хотод өмнө нь байсан навчаа хаядаг модтой байсан үе шиг нүцгэн мод байхгүй болно гэж үзсэн юм билээ. Сүүлд суулгасан моднуудын ургалт 98 хувьтай байна гэж ерөнхий менежер хэлсэн. Тэгээд ч гурван жилийн дараа халцарч унахгүй, энэ асуудлыг өөрөө бүрэн хариуцаж байгаа гэдгээ хэлсэн.

-Метротой болох талаар олон жил ярьж байна. Хотын дарга ч гэсэн сэтгүүлчидтэй уулзахдаа метро барина гэсэн. Төлөвлөгөө ёсоор бол энэ жил метротой болчихсон байх ёстой. Гэтэл нэг ширхэг чулуу ч хөдөлгөөгүй байна?
-С.Баярбаатар: Нийтийн тээврээ хөгжүүлэхийн тулд л метро барих гээд байгаа шүү дээ. Нэг захаас нөгөө зах руу маш хурдтай хүргэх нь л метроны гол давуу тал. Метро барихын хувьд барина. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй үе тул хойшлогдоод байгаа. Судалгаа нь бол бэлэн шүү дээ. Гэхдээ метро барихад бидний хэдэн арван жилийн төсөв шаардлагатай. Тиймээс ойрын жилүүдэд нийтийн тээврээ BRT төслөөр шийдье гэж тохирсон юм. Ойрын 10-15 жилдээ BRT автобус нийтийн тээвэрт үйлчилнэ.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4666 санал өгсөн байна.

Дээшээ