Авто засвар, угаалгын газруудын НО -г илрүүлжээ

Өнөөдөр сонин

2018-02-13 14:10 GMT+8

Гүний худагтай, хэрэглэсэн усаа дурын газарт асгадаг, эсвэл төвийн шугамд цутгадаг авто угаалгын газрууд нийслэлд цөөнгүй байгааг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийнхөн илрүүлжээ. Тус зөвлөлийнхөн өнгөрсөн сард “Компанийн нийгмийн хариуцлага” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дахь авто угаалга, засварын 34 газрыг шалгахад дийлэнх нь ийм зөрчилтэй байсан аж. Тодруулбал, тэд хөрс болон гүний усыг тогтмол бохирдуулж байна гэсэн үг. Хүмүүс авто засвар, угаалгын үйлчилгээ эрхэлж ашиг олдог ч орчиндоо ихээхэн сөрөг нөлөө үзүүлж буйн илрэл үүгээр тогтохгүй. Хэрэглэсэн усаа авто зам руу асгаж, сүйтгэхээс авахуулаад олон зөрчил гаргадаг.

Тэгвэл ийм газрууд өдгөө хаягдлаа шатааж, агаар бохирдуулах болжээ. Шалгалтад хамруулсан зарим аж ахуйн нэгж хүнд металтай хог, хаягдлаа ачуулалгүй, гаднаа овоолсон байсан нь үүнийг нотлохыг эх сурвалж мэдээлэв. Түүнийг нь хэрхэх талаар лавлахад хаана, яаж устгахаа ч тайлбарлаж чадаагүй гэх бөгөөд Сүхбаатар дүүргийн XIII хорооны нутаг, Хангайн 505 тоотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газрынхан хөдөлгүүрийн тосыг шатааж байсан гэнэ. Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн А.Оюунчимэг уг шалгалтын талаар “Авто засварын газрууд аюултай орчинд их хэмжээний хийтэй баллон хадгалж байсан.

Тэсэрч, дэлбэрвэл хүний амь нас, эд хөрөнгийг хохирооно шүү дээ. Мөн дийлэнх нь цахилгааны мөнгө хэмнэх үүднээс нүүрс түлж байх жишээтэй. Ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөггүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хүүхдүүдийг ажиллуулдаг гээд олон зөрчил илэрсэн. Шалгалтад хамруулсан аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь цахилгааны аюулгүй ажиллагааг зөрчиж, эрсдэлтэй нөхцөл үүсгэсэн байв. Тиймээс Сүхбаатар дүүргийн IX-XIII хорооны нутагт үйл ажиллагаа явуулж буй авто угаалга, засварын газрыг нүүлгэх шаардлагатай” гэв.

 Г.Насанзаяа

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 192 санал өгсөн байна.

Дээшээ