409 дүгээр хорих анги үйлдвэрийн болон хоригдлын шинэ байртай болжээ

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-02-13 17:22 GMT+8

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, тус комиссын гишүүн П.Оюунчимэг болон холбогдох албаныхан 409 дүгээр хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байр, 429 дүгээр хорих ангийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ байруудтай өнөөдөр танилцлаа.

409 дүгээр хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байр нь олон улсын хорих байгууллагын жишиг стандартад нийцсэн дөрвөн блок, “Нэг цэгийн үйлчилгээ бүхий шалган нэвтрүүлэх байр”, үйлдвэр, цех, алба хаагчдын ажлын өрөө, цайны газар, алба хаагчдын хувцас солих өрөө, төвлөрсөн агуулах бүхий 27000 мкв талбай, 4 давхар барилга юм.

429 дүгээр хаалттай хорих ангийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн сүрьеэгийн эмнэлгийн шинэ барилгыг байгууллагын дотоод эх үүсвэр болох 1.3 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулжээ. Энэ барилга нь 100 өвчтөний стандартад нийцсэн ортой, алба хаагчдын өрөө, цайны газар, төрөлжсөн эмнэлгийн зориулалттай, төмөр бетон бүтээцтэй, 2700 мквадрат,  дөрвөн давхар барилга юм байна.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж шинэ барилгуудтай танилцах үеэрээ, Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд цагдан хорих байрнууд болон хоригдлуудын амьдрах байрны орчин нөхцөл эрс шинэчлэгдэж байгаа.

НҮБ-ын хороод, олон улсын байгууллагуудын зүгээс эрүү шүүлт, тэр дундаа нөхцөлийн эрүү шүүлтийн асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, газруудад эрүү шүүлтийн асуудал бүрэн арилсан. Түүний жишээ нь бидний үзэж, танилцаж байгаа энэ хоригдлын байр, эмнэлгийн барилгыг хэлж болно.

Хэдийгээр ял эдэлж байгаа ч хүн гэдэг утгаараа бидэнтэй адилхан орчин нөхцөлд амьдрах ёстой. Нөгөө талаас хоригдлыг наад захын шаардлага хангасан орчин нөхцөлд ялыг нь эдлүүлэх ёстой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Хүний эрхийг хангах чиглэлээр тэр дундаа хорих анги, цагдан хорих байрнуудын орчин нөхцөлийг сайжруулах, хүний жам ёсны эрхийг хангах, алба хаагчдын аюулгүй байдал, ажиллах тав тухтай орчныг бүрдүүлэх чиглэлээр бодитой томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн" гэж онцлов.

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5217 санал өгсөн байна.

Дээшээ