Цагаан сарын БИТҮҮЛЭХ ёсон

Д.Багахүү GoGo.mn

2018-02-15 08:10 GMT+8

Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг

Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.

Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг.

Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

БИТҮҮНИЙ ОРОЙ ХҮЖЭЭ ӨРГӨӨД УНШИХ ТАРНИ

Битүүний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул, хүжээ өргөөд "Ум навова гавади базар сараа брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха" гэдэг тарнийг уншаарай.

БИТҮҮНИЙ ОРОЙ ТОТГОН ДЭЭРЭЭ ЯАГААД МӨС ТАВЬДАГ ВЭ?

Монголчуудын эрт дээр үеэс дагаж мөрддөг ёс заншлын нэг бол Лхам хурах ёс юм. Энэ нь тэр жилийнхээ бурхан номын ажлыг хэрхэн дэлгэрүүлсэн, эх болсон зургаан зүйл амьтны төлөө буян үйлдсэн урган ирж буй жилдээ өөрсдийнхөө хийх буян номын ажил үйлсээ даатгаж Лхамаа шөнөжин хурж Цагаан сарын шинийн нэгний өглөө Цэдэр балингаа залдаг билээ.

Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг.

Мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно.

Дээр үед бол арвай буудай тавьдаг байсан. Харин одоо шар, цагаан аль ч будааг тавьж болно. Лхам бурхан нь "Умаа хум" гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жартахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ.

БИТҮҮНИЙ ЗООГ

Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр бүтээн дал дөрвөн өндөр, шаант богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан, мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг бэлэгшээдэг.

БИТҮҮНИЙ ӨДӨР ЦЭЭРЛЭХ ЗАН ҮЙЛ

  • Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.
  • Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло.
  • Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
  • Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.
  • Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
  • Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө.

УУЦ ТАВИХ ЁСОН

Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж, хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүврэгдэн талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам

  • Толгой
  • Ууц
  • Өвчүү
  • Хаа
  • Гуя
  • Хүзүүний сээр

Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сээр, ууцны сүврэгдэн тал, өвчүүний бүдэрхий нь далны толгой нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм.

Бүхэл мах тавьсан байвал зочин хүн эхэлж толгойд нь хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас нь иднэ.

ШИНИЙН ТАВГИЙН ИДЭЭ ЗАСАХ ЁС

Шинийн идээ ундааг их идээ, бага идээ гэж эсвэл цагаалга, битүүлэг гэдэг. Их идээ томхон цар тавагт зассан самнаа хавсай, ул (хэвийн боов, самар, сүүл, цоохор боов, саран боорцог, шар, цагаан тос, ааруул хурууд, бал бурам, чихэр, үзэм, чавга)-аар чимэглэсэн идээг хэлдэг.

Бага идээ гэдэг нь багашаархан няд тавагт зассан шүүс, буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал дөрвөн өндөр зэргийг хэлдэг. Шинийн нэгний идээ будааны шим шүлт, өнгө жавхаанаас тэр жилийн буян хишиг тогтоно гэж үздэг.

Шинийн идээг засахдаа цагаан идээний билэгдлийг юу юунаас эрхэмлэдэг. Их идээ буюу цагаан сарын тавгийн идээг засахдаа хавсай боов буюу ул боовыг гурав, тав, долоо, ес давхарладаг ёстой. Айл гэр бүл, ураг төрлийн дээдэс болсон өвөг юм уу эцгийн гэрийн тавгийн идээг долоо давхарлан засдаг. Өвгийн гэрийн идээг долоон давхар, эцгийн гэрийн идээг таван давхар, ураглаж хуримласан хүүгийн гэрийн идээг гурван давхар засна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулгандаа суудаггүй тул УИХ-аас эргүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд 2017 оны арванхоёрдугаар сард хандсан. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах нь зөв ү
Нийт 3232 санал өгсөн байна.

Дээшээ