Н.Баяртсайхан: Банкны хяналт, шалгалт, зохицуулалтыг олон улсын стандарт жишгийн дагуу хийдэг болно

Зууны мэдээ

2018-02-14 14:21 GMT+8

Н.Баяртсайхан: Банкны хяналт, шалгалт, зохицуулалтыг олон улсын стандарт жишгийн дагуу хийдэг болно Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай Төв банк, банкны тухай хуулийн өөрчлөлт, Монгол Улсын банкны салбарт хийж байгаа эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа.

-Шинэ он гарсны дараахан Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэж, баталсан Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар ярилцлагаа эхлүүлье. Хуульд ямар өөрчлөлт орсон бэ?
-Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль зэрэг банкны хууль тогтоомж нь Монгол Улсын банкны салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг юм. Иймээс Монголбанкны бодлого “зөв” байх, институцийн бие даасан, хараат бус байдлыг хангах, банк санхүүгийн салбарыг бэхжүүлж, хөгжүүлэх чиглэлээр хуулиудаа өөрчилж шинэчлэх шаардлагатай болсон. Монголбанк, банкны үйл ажиллагаа нягт уялдаатай байдаг учраас эдгээр хамт шинэчлэгдэж ирсэн түүхтэй.

Банкны эрсдэлийн удирдлага, зохистой засаглалыг сайжруулах, банкинд хяналт тавих

Гэхдээ энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь агуулга, хамрах хүрээгээрээ онцлог болсон. Төв банкны хуульд Монголбанкны зорилтыг биелүүлэх үүднээс Төв банкны бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлж, шийдвэр гаргалтыг сайжруулах чиглэлээр өөрчлөлт орлоо. Банкны эрсдэлийн удирдлага, зохистой засаглалыг сайжруулах, банкинд хяналт тавих Монголбанкны хяналтын чиг үүргийг “урьдчилан сэргийлэх” арга хэмжээ авах чиглэлээр өргөжүүлэн, эрсдэл даах чадвартай банкны тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэх нэмэлт, өөрчлөлт Банкны тухай хуульд орсон.

-Монголбанкны бие даасан, хараат бус байдал болон банкны эрсдэлийг бууруулах талаар шинэлэг зохицуулалтыг та дурдлаа. Эдгээр үзэл баримтлал нь хуулинд шинээр хэрхэн туссан бол?
-Төв банкны бие даасан, хараат бус байдал нь тухайн улсын инфляцийн түвшин, эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай байдгийг судалгааны үр дүн харуулсан байдаг. Төв банкны бодлого, удирдлага, санхүүгийн бие даасан байдлыг хуулиар хэрхэн хамгаалсан, яаж хэрэгжиж байгаагаар хэмжинэ. Шинэ хуулиар Монголбанкны Ерөнхийлөгч гэсэн нэг албан тушаалтан бүх шийдвэрийг гаргах бус “хамтын шийдвэр гаргах” зарчимд суурилсан байх хуулийн шаардлагыг бий болголоо. Мөн Засгийн газарт санхүүжилт олгох үндэслэлийг нарийвчлан тогтоож, төсвийн шинжтэй хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлж мөнгөний бодлогын зорилтоо алдагдуулдаг, гадаад валютын улсын нөөцийг зохисгүй зарцуулж шавхдаг байдлыг хуулиар хязгаарлав.

Макро эдийн засгийн эрсдэлийг бууруулах, мөнгөний бодлогын хэрэгжилтийг дэмжихэд ашиглах “макро зохистой бодлого”-ын хэрэгслийг ашиглах боломж Монголбанкинд нээгдсэнээс гадна санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах үүрэг шинээр нэмэгдлээ. Банкинд тулгардаг олон төрлийн эрсдэлийг зохицуулах, банкны “эрсдэлд суурилсан хяналт шалгалт”-ын тогтолцоонд шилжихтэй холбоотой заалтууд Банкны тухай хуульд шинээр орсон. Тухайлбал, банкны холбогдох этгээд, хамааралт бүхий этгээдийг шинээр тодорхойлон, зээлийн төвлөрлийг зохицуулж, банкны удирдлагын шалгуур шаардлага, хариуцлагыг нэмэгдүүлснээс гадна банкны эрсдэлийн түвшинтэй уялдуулан Монгол­банкнаас урьд­чилан сэргийлэх болон банкны төлбөрийн чадвар алдагдах эрсдэл бий болсон үед банкинд бүтцийн өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээг дурдаж болно.

-Монголбанкнаас банкинд тавих хяналтын бүрэн эрхийг хэт нэмэг­дүүллээ, хянан зохицуулагч байгууллагын үзэмжээр банкинд албадлагын арга хэмжээ авах боломжийг олголоо гэсэн шүүмжлэл хуулийн төслийн хэлэл­цүүлгийн явцад гарч байсан. Монголбанкны бүрэн эрхийг ингэж нэмэг­дүү­лэх шаардлага байсан уу?
-Энэ өөрчлөлт гурван үндсэн хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, манай улсын санхүүгийн салбарын нийт активын 95 гаруй хувь болох 28.7 их наяд төгрөгийг банкны салбар дангаар бүрдүүлж байна. Банкны нийт өр төлбөр 25.6 их наяд байгаагаас харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгө 15.1 их наяд төгрөг байгаа бол банкны эздийн өмч 3.1 их наяд байна. Харилцагч, хадгаламж эзэмшигчийн энэ их хэмжээний хөрөнгийг банк зохистой удирддаг, эрсдэлээс хамгаалдаг, найдвартай эргэж төлдөг байх үйл ажиллагааг хянах үүргийг Монголбанк хүлээдэг.

Гэтэл Монголбанк энэ үүргээ биелүүлэхэд хангалттай хэрэгслийг өмнөх хуулиар олгоогүй байсан. Тухайлбал, банкинд авах албадлагын арга хэмжээ нь зөвхөн банкны гаргасан “зөрчил”-тэй холбоотой байсан бол хуулийн өөрчлөлтөөр банкны “эрсдэлийн түвшин”-тэй уялдаатай болсон. Хоёрдугаарт, олон улсын түвшинд банк санхүүгийн салбарын эрсдэлийг зохицуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын бодлого, стандартуудыг шинэчлэн хэрэгжүүлж эхлээд байна. Гуравдугаарт, санхүүгийн салбар нь эдийн засгийн өсөлтийг мөнгөний урсгалаар хангадаг “судас” болдог тул түүний тогтвортой байдлыг хангах нь төрийн чиг үүрэг байдаг.

Санхүүгийн салбарт хямрал үүсвэл төр энэ чиг үүргээ биелүүлэхийн тулд төсвөөс их хэмжээний зардал гаргахаас өөр сонголтгүй байлаа. Манай улсын хувьд ч ялгаагүй банкны салбарыг тогтворжуулах, нөхөн сэргээхийн тулд төрөөс 600 гаруй тэрбум төгрөгийн зардал өнгөрсөн хугацаанд гарсан тооцоо бий. Олон улс оронд энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайж судалсны эцэст банкны эзэд, хөрөнгө оруулагч нар алдагдлыг хүлээдэг байх шинэ хэрэгсэл, шаардлагыг бий болгоод байна.

-Төв банкны хуулинд банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах талаар Монголбанк үйл ажиллагаа явуулахаар тусгасан. Олон нийтийн зүгээс банк санхүүгийн байгууллагад таагүй ханддаг байдал хэвээр байгаа. Банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ талаар тусгагдсан зүйл бий юу?
-Банкны хадгаламж эзэмшигчийн эрхийг хамгаалах чиглэлээр Монголбанкнаас боловсруулсан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018.02.08-ны өдөр УИХ баталлаа. Энэ хуулиар өв залгамжлал, хамтран хадгаламж эзэмших, банкийг өөрчлөн байгуулахад хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр авах хэмжээ хадгаламж тус бүрт үйлчилдэг байх зохицуулалт шинээр туссан. 2017 онд олон улсын байгууллагаас үнэлгээ хийж манай улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд сануулга, анхааруулга өгөөд явлаа.

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх тогтолцоогоо шинэчлэхгүй бол манай улсын санхүүгийн гадаад харилцаа хаагдах, хөрөнгийн урсгал татрах маш том эрсдэлтэй тулгарна

Манай зүгээс хууль тогтоомжоо боловсронгуй болгож, олон улсын стандарт зөвлөмжид нийцүүлэх, хуулийн хэрэгжилтийг үр нөлөөтэй болгох талаар бусад байгууллагатай хамтран шаардлагатай арга хэмжээ авч байна. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх тогтолцоогоо шинэчлэхгүй бол манай улсын санхүүгийн гадаад харилцаа хаагдах, хөрөнгийн урсгал татрах маш том эрсдэлтэй тулгарна. Гэхдээ олон улсын байгууллагатай тохирсон цаг хугацаанд багтаан хуулиа шинэчилж, амжина. Санхүүгийн хэрэглэгчийн эрхтэй холбоотой нэг чухал зүйл бол хувь хүний санхүүгийн мэдлэг, санхүүгээ удирдах чадвар, дадал юм.

Иргэд, жижиг бизнес эрхлэгч ч гэлтгүй манай томоохон аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийг бууруулах чиглэлээр санхүүгийн хэрэгсэл ашигладаггүй, зах зээл нь ч манайд хөгжөөгүй. Бусад улс оронд валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, зээлийн эрсдэлээс хамгаалсан санхүүгийн үүсмэл хэрэгслийг тогтмол ашиглаж, энэ талын хуулийн зохицуулалт хийсэн байдаг. Ийм ч учраас “санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ыг Монголбанк санаачлан эхлүүлээд байна.

-Банкны салбарын эрх зүйн шинэчлэлтэй зэрэгцээд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ анх удаа хийгдлээ. Цаашлаад банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх талаар ярьж байна. Монголбанкны зүгээс энэ арга хэмжээг авах хууль зүйн үндэслэлийг хэрхэн хангасан бол?
-Энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын банкууд олон улсын банкууд шиг ажилладаг, зохицуулагддаг шинэчлэлийг эхлүүллээ. Банк санхүүгийн салбараа тогтвортой болгож, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлээгүй цагт хөгжлийн тухай ярих боломжгүй. Ийм ч учраас Монголбанк гадны мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, туслалцаатайгаар банкуудын санхүүгийн байдалд онош тавьж шаардлагатай бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авна.

Банкны удирдлага, актив, пассивын хэмжээ, өөрийн хөрөнгийн хэмжээ, бүтэц, эрсдэлийн түвшин ямар байх ёстойг хууль журмаараа урьдчилан тодорхойлж, тэдгээр үзүүлэлтийг Монголбанкнаас хангуулах, тухайлсан банкны хэмжээнд эсвэл бүхий л тогтолцооны хэмжээнд эрсдэл үүссэн гэж үзвэл бүтцийн өөрчлөлтийн шаардлагатай арга хэмжээг авах хууль зүйн үндэслэл Банкны тухай хуулиар бүрдсэн. Товчхондоо банкны салбарт бүтцийн өөрчлөлтийг хийж тогтвортой болгох засч сайжруулах эрх зүйн үндэслэл, Монголбанкны бүрэн эрх хуулиар хангагдсан гэсэн үг. 

-Та яриандаа олон улсын чиг хандлага, стандарт, зарчмын талаар нэлээд онцоллоо. Ямар стандартууд байдаг вэ? Гадаад улсын хууль стандартыг Монгол Улсад шилжүүлэн хуулбарлах нь хэр оновчтой вэ? Энэ ажлыг хийхэд хүндрэл үүсч байгаа юу?
-Маш чухал асуудлыг хөндлөө. Аль ч улс орны эдийн засаг, санхүүгийн салбар хоорондоо харилцан хамааралтай, хамгийн их даяаршсан салбар болон хөгжиж байна. Мэдээллийн технологийн тусламжтайгаар банк хөрөнгө оруулалтын үйлчилгээг 24 цагийн турш авах боломжтой болжээ.

Монголын хөрөнгө оруулагч өглөө Ази, үдээс хойш Европ, шөнө Америкийн хөрөнгийн зах зээлд оролцох боломжтойгоос гадна банк санхүүгийн байгууллагууд тэр хэрээр хоорондоо холбогдсон байна. Манай улсын санхүүгийн салбар ч ялгаагүй гадаад зах зээлийн өөрчлөлт, хөдөлгөөнөөс шууд хамаарч байна.

Олон улсын төлбөр тооцооны банкны Базелийн хорооны стандарт, Их 20-ын орнуудын “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл”-ийн стандарт, Европын холбооноос гаргасан “Банк санхүүгийн байгууллагын заавар” зэрэг олон улсад мөрддөг баримт бичгүүд байдаг. Эдгээр стандарт, зарчмын зорилго нь шууд хуулбарлан мөрдлөг болгох шаардлагагүй зөвхөн аливаа улс өөрийн онцлогт нийцүүлэн авч болох доод хэм хэмжээг тогтоосон байдаг. Монголбанк эдгээр стандарт, жишгийг Монгол хэлэнд орчуулж, нийтлэх, цаашлаад үйл ажиллагаандаа баримтлах чиглэл болгох ажлыг хийж байгаа.

-Монголбанк 2018 он бол банк санхүүгийн салбарын хувьд шинэчлэл, реформын жил болно гэж зарлаад байгаа?
-Тийм, бид 2017 оныг эдийн засагт үүссэн бэрхшээлийг нэн яаралтай даван туулах, шийдвэрлэх талаар ажилласан бол 2018 оноос эхлээд ийм асуудал дахин гаргахгүй байх, цаашлаад эдийн засаг тогтвортой өсөх, Монгол Улсын хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлнэ. Өмнө ярьсанчлан хуулийн шинэчлэл, бодлогын шинэчлэл, хөгжлийн загварын шинэчлэл санаачилга үүнтэй холбоотой.

-Оновчтой, тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа, удахгүй Монгол түмний уламжлалд цагаан сарын баяртай золгож, шинэ оноо угтах гэж байна, Монголбанкны ажил үйлст амжилт хүсье.
-Золгон ирж буй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилдээ Монгол ахан дүүс маань эрүүл энх, эв найртай, амжилт бүтээлтэй байж сайн сайхан амьдрахын ерөөл дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-ын гишүүн Б.Наранхүү чуулгандаа суудаггүй тул УИХ-аас эргүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд 2017 оны арванхоёрдугаар сард хандсан. Гэвч Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах нь зөв ү
Нийт 3232 санал өгсөн байна.

Дээшээ