Тахилтад 100 ортой эмнэлэг барих хандивын аяныг эхлүүлжээ

GoGo.mn

2018-02-14 16:40 GMT+8

Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороодын нэг болох Тахилтад 100 ортой эмнэлэг барихаар хандивын аян эхлүүлээд байгаа талаар “Энхрий үрс халуун сэтгэл” төрийн бус байгууллагаас мэдээллээ.

Уг эмнэлгийг иргэдийн дэмжлэгтэйгээр босгоно гэж төлөвлөсөн бөгөөд барилгын компани, хувь хүмүүсийн тусламжаар цугларсан 24 сая төгрөгийг урсгал зардалдаа зарцуулан барилгын ажил 20 хувьтай байгаа аж.

Хандив цуглуулах аяны хүрээнд энэ сарын 25-ны 13:00 цагаас Буянт ухаа спорт цогцолборт “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” нэртэй урлагийн тоглолт хийхээр болжээ.  Мөн тоглолтын үеэр лам нар ном хурах юм.

Тоглолтын тасалбар 7000 төгрөг бөгөөд Гандантэгчинлэн хийдийн лам нар, МУАЖ Ч.Мөнхшүр, СТА Т.Дэлгэрмөрөн, СТА Д.Отгонжаргал, залуу дуучин О.Хонгорзул нар оролцоно. Тасалбарыг Hi Fi рекордс болон Буянт ухаа спорт цогцолборын билетын кассаар худалдаалж байна.

“Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн О.Энхмаа, “Бидний санаачилсан ажил сайхан бүтнэ гэж итгэж байна. Үүнийг би өөрийнхөө төлөө бус бүх Монгол хүний ирээдүйн төлөө хийж байгаа юм. Хүмүүс хэр их сэтгэл гаргана төдий чинээ хурдан эмнэлэгтэй болно. Ингэснээр бидний үр хүүхэд, үрийн үрд хүртэл маш их хэрэгтэй. Ард түмэндээ хандаж хэлэхэд хандивын тоглолтыг ирж үзээрэй, мөн сэтгэлээрээ хандив өргөөрэй” хэмээв.

С.Отгонжаргал

GoGo Facebook Хуудас
 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 361 санал өгсөн байна.

Дээшээ