Шатахууны хоёрдугаар сарын хилийн үнэ 28-45 ам.доллараар нэмэгджээ

Д.Лутбаяр GoGo.mn

2018-02-14 17:01 GMT+8

Монгол Улс шатахууны хангамжаа 100 хувь гадаад улсаас худалдан авдаг. Энэ салбарт 80 гаруй компани жижиглэнг борлуулалт эрхэлж байна.

Импортолж буй шатахууны хэмжээгээр нь авч үзвэл

  • НИК ХХК 17,25%,
  • Петро стар ХХК 6,11 %,
  • Магнай Трейд ХХК 11,64 %,
  • Шунхлай ХХК 8.94%,
  • Содмонгол групп ХХК 7,18 %,
  • Тэс Петролиум ХХК 6,6%,
  • Ай Си Ай Си ХХК 10,14% байна.

Монгол Улсын шатахууны хэрэглээ жил бүр өсч байна. 

  • 2016 онд 1 250 000 тонн
  • 2017 онд 1 500 000 тонн

Нийт шатахууны 90 гаруй хувийг ОХУ буюу Роснефть компаниас худалдан авдаг. 2014 онд Роснефть компанитай байгуулсан гэрээний дагуу тухайн сарын худалдах үнийг тогтоохдоо ӨМНӨХ САРЫН Сингапурын бирж (плац)-ийн түүхий нефтийн дундаж үнэд суурилан, тусгай томъёогоор гаргасан үнэ дээр ачилт, тээвэрлэлт, ОХУ-ын татварын зардал зэргийг нэмж, үнэ тогтоодог. 

Өөрөөр хэлбэл энэ сарын үнэ өнгөрсөн сарын түүхий нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй шууд хамааралтайгаар нэмэгдэнэ гэж ойлгож болох юм. Тухайлбал энэ сард Роснефтийн үнэ өмнөх сараас дараах байдлаар нэмэгджээ. Үүнд:

  • 80 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж, тонн тутамд 666 ам.доллар
  • 92 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж, тонн тутамд 696 ам.доллар
  • 95 автобензин 28 ам.доллароор нэмэгдэж, тонн тутамд 746 ам.доллар
  • Дизель түлш 45 ам.доллароор нэмэгдэж, тонн тутамд 677 ам.доллар болжээ.

Засгийн Газраас дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом буурах үед Онцгой албан татварыг нэмж, төсвийн орлогoo нэмдэг. Харин дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом нэмэгдэхэд Онцгой албан татварыг бууруулах аргаар үнийг тогтвортой барьж ирсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, бууралтад тохируулан Онцгой албан татварыг тогтоoн зохицуулж иржээ.

Харин энэ удаа Засгийн Газраас хэрэгжүүлж буй татварын зохицуулалтыг хэрэглэх боломжгүй буюу зохицуулах хязгаараас давсан үнийн савалгаа үүсчээ. Иймд нөхцөл байдал хүндрэхэд хүрч байна. Шатахууны үнийн өсөлт импортлогч компаниуд, Роснефть, Монгол Улсын Засгийн газраас үл хамааран дэлхийн зах зээлийн нефтийн бүтээгдэхүүний өсөлтөөс шууд хамаарч байна.

Харин энэ сард дэлхийн зах зээлд газрын тосны үнэ бага зэрэг буурч байгаа тул ирэх сард шатахууны импортын үнэ буурах магадлалтай.

Ямартай ч Засгийн Газар импортлогч компаниудад хуулийн дагуу байнгын хяналт тавин ажиллаж байгаа болов уу.

GoGo Facebook Хуудас
 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 361 санал өгсөн байна.

Дээшээ