Мега төсөл намуудын мөнгө “олборлодог” орд биш

Засгийн газрын мэдээ

2018-03-13 12:30 GMT+8

Олон улсын жишигт мега төсөл гэдэг нь нэг тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт нэхдэг, 5-10 жилийн хугацаанд бэлтгэл ажил нь хангагдаж, улмаар улс орны нийгэм, эдийн засгийг эрс дээшлүүлж чадах төслийг хэлээд байх шиг байгаа юм.

Монголчууд бид мега төслийн талаар сүүлийн жилүүдэд эрчтэй ярьдаг болсон ч амьдрал дээр амнаасаа цааш давж гарсангүй. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс 10 жилийн дараа буюу 2000 оноос эхлэн Мөнгөөр бялхаж байсан сайхан цагаа дурсья. 2011 онд Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшин буюу 4.7 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд цойлж байсан үе. Дэлхий нийтийн анхаарлын төвд монголчууд л байлаа шүү дээ.

Мега төсөл хэрэгжвэл улс орны нийгэм, эдийн засгийг эрс дээшлүүлдэг

Гэтэл 2012 онд баталсан Стратегийн ач холбогдолтой салбарт Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн улмаас энэ амжилт маань 3 мега төслүүдээ ярьж, төлөвлөж эхэлсэн. Улмаар 2001 онд өмнийн говьд Оюутолгой ордыг нээж, нөөцийг нь баталгаажуулсан цагаас хойш мега төслийн талаар ам уралдан ярьж, энэ сэдвээр бараг хүн бүр эрдмийн зэрэг хамгаалчих шахсан даа. Үнэн хэрэгтээ Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхдаа аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн арвин туршлагатай орон. Эдгээр төсөл өнөөг хүртэл үр шимээ өгч, улс орны эдийн засагт голлох байр суурь эзэлж байна.

Тухайлбал, уул уурхай болон үйлдвэрлэлд түшиглэсэн Эрдэнэт, Дархан хотыг байгуулсны зэрэгцээ хөдөө аж ахуйн томоохон төслийг хэрэгжүүлсний үр дүнд монголчууд атар газар эзэмшиж чадсан. Товчхондоо, социализмын үед амжилттай хэрэгжүүлсэн мега төслүүд өнөөдөр улс орны ачааны хүндийг үүрч, эдийн засгийг чирж явна.

Тэр цагт монголчууд мега төслөө амжилттай хэрэгжүүлсэн нууц нь улс орны тогтолцооноос гадна улстөрчид болон ард иргэдийн итгэл үнэмшилтэй салшгүй холбоотой байсныг олон хүн хэлдэг. Социализмын үед хэн ч эх орон гэж цээжээ дэлдэж, хоосон амлалт өгч байсангүй.

Эх орон гэдэг үг цаанаа л үнэ цэнэтэй бөгөөд тэд эх оронч байдлаа үг хэлээрээ бус үйл хөдлөлөөрөө харуулдаг байсны тод жишээ нь дээрх төслүүдийн үр шим. Мөн тэд хэзээ ч улс орны эрх ашгийг хувийн болон нам, бүлэглэл, фракцын эрх ашгаас дээгүүр тавьдаггүй байв. Харин монголчууд ардчилсан нийгмийг сонгож, зах зээлийн тогтолцоонд шилжсэн тэр цагаас хойш нэг ч мега төслийг амжилттай хэрэгжүүлж чадсангүй. Байдаг бол нэрлэх гээд үзэх хэрэгтэй. Санаанд орох нь байна уу.

 Өнгөрсөн 28 жилийн хугацаанд сонгуулийн мөчлөг бүрт шинэ парламент, шинэ Засгийн газар бүрдэж, эдийн засгийг тэтгэх мега төслүүдийг танилцуулж, зарлаж байсан ч өнөөг хүртэл нэг нь ч бодит ажил хэрэг болж, үр шимээ өгсөнгүй Тэд зөвхөн хийж, хэрэгжүүлнэ гэж амладаг. Харин хэн нь ч хийж чадлаа гэж ам бардам хэлж байгаагүй юм. Тэдний боловсруулж, санал болгосон төсөл бүхэн улс төрийн нам болон улстөрчдийн популизмд идэгдэж, зөвхөн цаасан дээр үлдлээ.

Олон нийтийн анхаарлыг онцгой татаж буй “Оюутолгой” төслийн бодит үр шимийг өнөөдрийн байдлаар монголчууд хүртэх нь бүү хэл, бүр хүртэж хэзээ ч чадахааргүй болгочихоод байна. 2009 онд “Оюутолгой” төслийн анхны гэрээг үзэглэж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдсэн ч алдаа завхрал их байсныг өдөр хоног өнгөрөх тусам бид харж бас мэдэрч байна. Үе үеийн улс төрийн хүчнүүд “Оюутолгой” төслийн гэрээг үр дүнтэй болгохоо сонгогчдод амлаж, сонгуулийн хөзөр болгосон. Гэхдээ аль нэг улс төрийн хүчин, улстөрч “Оюутолгой”-н гэрээг сайжруулж чадсангүй.

  • Монголчууд мега төслөө амжилттай хэрэгжүүлсэн нууц нь итгэл үнэмшилтэй салшгүй холбоотой байсныг олон хүн хэлдэг.
  • Аварга төслүүдийг дагаж том мөнгө орж ирдэг учраас тухайн төслийг хэрэгжүүлэх “автор” нь болох гэсэн шунал улс төр, бизнесийн бүлэглэлүүдийг хооронд нь хэмлэлдүүлдэг.
  • Эдийн засгийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал асуудал нь тогтвортой байдал, эдийн засгийн болон улс төрийн баталгаа.

Харин ч “Оюутолгой”-н гэрээг монголчуудад ашигтай болгох нэрийдлээр улам дордуулж орхисныг өнгөрсөн цаг хугацаа тодхон харууллаа. Үр дүнд нь улс төр болон бизнесийн олигархи бүлэглэл хагартлаа баяжив. Харин ард түмэн ядууран доройтож байна. Томоохон санхүүжилт шаарддаг аварга төслүүдийг дагаж том мөнгө орж ирдэг учраас тухайн төслийг хэрэгжүүлэх “автор” нь болох гэсэн шунал улс төр, бизнесийн бүлэглэлүүдийг хооронд нь хэмлэлдүүлснээс өөр үр дагавар үнэндээ үлдээгүй мэт.

2011 онд Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшин буюу 4.7 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд цойлж байсан үе

Тэд өөрийн эрх ашгаа эн тэргүүнд тавьж буйгаа эх оронч гэх нэрээр халхалж, ашиг хонжоо хайж байна. Манай хэдэн улс төрийн намууд, улстөрчид засгийн эрхийг авсан даруйдаа ээлж дараалан гаднын хөрөнгө оруулагч нарыг хөөдгөөрөө дэлхийд алдаршиж, үр дүнд нь улс орны эдийн засгаа заналтайгаар хорлов.

Тухайлбал, нэг хэсэг нь төмөр замаа дэргэдэх зах зээл рүүгээ тавья гэхэд нөгөө хэсэг нь татгалзсан. Үр дүнд нь Монгол Улс нэг километр ч төмөр зам тавьж чадаагүй л байна. Улс төрийн намууд, улстөрчдийн мега төслийг өмчлөх гэсэн шунал эцэс сүүлдээ улс орон, ард түмнээ өрийн сүлжээнд оруулаад дуусах нь.

Цөөхөн хүн амтай Монгол Улс уул уурхайн мега төслийг бие даан хэрэгжүүлж, өөрсдөө олборлож, тээвэрлэж, боловсруулж дэлхийн зах зээлд үнэ хүргэх боломж дутмаг учраас баян хүчирхэг гаднын түншүүдийг урихаас өөр аргагүй. Үүнийг надаар хэлүүлэлтгүй өнгөрсөн хугацаанд эдийн засагчид нь хангалттай хэлсэн.

Гэвч урьсан хөрөнгө оруулагчаа мөлжигч гэж цоллож, өөрөө өөртөө эх оронч нэр зүүсэн улс төрийн нам, улстөрчдийн тоо л олон боллоо. Мега төслөөр дамжуулан зөвхөн улс төрийн нам, бүлэглэл, эрх мэдэл бүхий хувь хүмүүс мөнгө “олборлодог” систем Монголд тогтов. Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Монголд мега төслийг хэрэгжүүлэхэд нэг хүндрэлтэй асуудал байдаг.

Мега төслийн цикл манай улс төрийн циклтэй тохирдоггүй. Манай улс төрийн цикл дөрвөн жил тутамд парламентын сонгууль болж, Засгийн газраа өөрчилдөг. Өөрөөр хэлбэл, мега төслийн цикл улс төрийн цикл хоорондоо зөрж байгаа нь том асуудал. Энэ том асуудал нь улстөрч өөрөө туузаа хайчилж чадахгүй зүйлийг ажил хэрэг болгох сонирхол байдаггүй. Тийм учраас мега төслийг дэмждэггүй.

Энэ бэрхшээлийг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг нь төр засгийн болон улс төрийн тогтолцооны түвшинд бодож шийдэх ёстой асуудал болж хувирч байгаа” хэмээн ярьж байсан удаатай. Эдийн засгийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал асуудал нь тогтвортой байдал, эдийн засгийн болон улс төрийн баталгаа. Учир нь мега төслийг хэрэгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад гаднын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай.

Тиймээс тухайн улс орноос тогтвортой байдал эсвэл баталгаа шаарддаг. Мега төсөлд хандах хандлага гэдэг нь өөрөө бие даасан шинжлэх ухаан, өөрөө арга зүйтэй, өөрөө боловсон хүчнээ бэлтгэхийг шаарддаг ийм зүйл гэдгийг М.Энхсайхан онцолсон нь учиртай. Гол хийдэг алдаа нь төслийнхөө стратегийг зөв сонгож чаддаггүй, нэг их өөдрөг хөнгөн төсөөллөөр ургуулж, буруу стратегиар төлөвлөнө.

Үүнээс болж дэндүү их хөрөнгө үрж, дэндүү их цаг алдсан байдаг гэдгийг тэрбээр тодотгосон байдаг. XIII зуунд Евразийг холбосон өртөө байгуулж байсан монголчууд XXI зуунд улсынхаа хэмжээнд төмөр замаа тавьж чадахгүй байгаа нь эмгэнэл. Эдийн засгийн томоохон төслүүд нам бүлэглэл, улстөрчдийг тэжээхээ больсон цагт л Монгол Улс хөгжиж чадна. Улстөржилт болон популист хэрүүлээс мега төслүүдээ ангижруулсан цагт л улс орны хөгжлийн талаар ярьж болно. 

Б.Даваатогтох

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 905 санал өгсөн байна.

Дээшээ