Харү башё эхэллээ

Зууны мэдээ

2018-03-13 14:40 GMT+8

Японы мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн буюу Харү башё ням гаригт Осака хотод эхлэв. Уг хотод 1953 оноос хойш хаврын тэмцээн болж эхэлсэн юм билээ. Энэ удаагийн башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, отгон аварга Кисеносато нар банцүкэд нэр нь бичигдсэн ч бэртлийн улмаас тэмцээн эхлэхийн босгонд барилдахгүйгээ зарлав.

Ингэснээр Какирюү ганцаараа аваргуудыг төлөөлөн барилдахаар болсон байна. Тэмцээний эхний өдөр бөхчүүдийн өнгө харагддаг гэдэг. Тэгвэл ёкозүна Какирюү, секиваке Точиношин, Митаканоүми, комүсүби Ичиножёо, магешира Шохоозан нар сайн барилдах болов уу гэхээр байлаа. Монгол сүмочдоос Какирюү аварга, Ичиножёо, Тамаваши нар даваа авсан бол Араваши, Чиёошома нар учраагаа дийлсэнгүй.

Мөн Гоэйдо, Такиясү гээд хоёр озеки тэмцээний эхний өдөр өвдөг шороодов. Тийм болохоор ганцхан аваргатай башё хэрэндээ сонирхолтой болж магадгүй нь. Энэ нь сүмогийн мэргэжилтнүүдийн санаа бодлоос харагдаж байгаа юм. Хоёр аварга тэмцээнийг өнжсөн бас озеки нар эхний өдөр унасан явдал дээд зиндааны хувьд толгой тал нимгэрсэн гэсэн үг. Энэ боломж өмнөх башёгийн түрүү бөх Точиношинд ашигтай тусч болох.

Тэр дахин түрүүлж магадгүй гэсэн үг. Басхүү магешира цолтнууд дундаас түрүү бөх тодроход яагаад гэхээргүй гэж мэргэжилтнүүд хэлж байгаа. Какирюү түрүүлчихнэ гэж зориглон хэлэх хүн алга шиг л байна. Японы мөрөөдлийн ганц аварга Кисеносато зургаа дахь башёгаа өнжлөө. Аваргаараа байх уу, үгүй юү гэдгийг ярих цаг дөхөж байгаа болов уу.

 Д.Цэрэн

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5314 санал өгсөн байна.

Дээшээ