Мөнгөний үнэ цэнийг эрт таниулаарай

Засгийн газрын мэдээ

2018-03-14 12:15 GMT+8
Монгол хүүхдүүд мөнгөний үнэ цэнийг мэдрэх насандаа Европын орнуудын хүүхдүүдтэй ижил хэмжээний халаасны мөнгө долоо хоногт зарцуулж байгаа нь эрүүл бус үзэгдэл болж байна

Манай улсын бага ангийн сурагчид долоо хоногт өндөр хөгжилтэй орны хүүхдүүдийнхтэй эн тэнцүү халаасны мөнгө зарцуулдаг байх юм. Илүү гарах тохиолдол ч олон байна. “Эцэг, эхчүүд хүүхдэдээ халаасны мөнгө гэж хамаа замбараагүй ихийг өгөх юм. Нэг залуухан ээж халаасны мөнгө болгож хүүхдэдээ өдөрт 20 мянган төгрөг өгдөг тухай эцэг, эхийн хурал дээр ярьсан.

Бас цагаан сараар ганц нэг хүүхэд багштайгаа золгох гэж байсан 10, 20 мянгатын дэвсгэртээ алдсан тохиолдол гарсан. Бараг сурагч болгон нь мөнгөтэй холбоотой хов зөөж ирдгээс залхсан багш нь хулгайн талаар хүүхдүүдэд тайлбарлах цагдаа сурагласан” хэмээн танил бүсгүй маань ярилаа. Хоёрдугаар ангийн хүүдээ тэрбээр халаасны мөнгө болгож өдөрт 1000 төгрөг өгдөг аж. Халаасны мөнгө нь пирошки, эсвэл савласан ус болж сургуулийн цайны газрын орлогыг зузаалдаг бөгөөд багш нь ч ийм хэмжээний мөнгөтэй явахыг хориглодоггүй байна.

Мөнгөтэй харьцах буруу дадал насан туршид нь уршиг болдог

Гэхдээ 1000 төгрөг гэдэг үеийнхнийх нь хувьд өдөр бүр авч явдаг хамгийн доод хэмжээ. Дийлэнх нь дунджаар 5000 төгрөгтэй ирдэг. Өөрөөр хэлбэл, манай улсад долоо хоногт дунджаар 20-25 мянган төгрөгийг зөвхөн халаасны мөнгө болгож хэрэглэдэг бага ангийн сурагчид байна гэсэн үг.

Энэ мэдээг сонссоноос хоёр өдрийн дараа Financial Times сонинд нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгдэв. Их Британийн долоон настай хүүхдүүд долоо хоногт 7.4, 12 настнууд 12.4 фунт стерлинг зарцуулдаг бөгөөд өсвөр насанд хүрмэгцээ үүнээс даруй хоёр дахин ихийг зарцуулдгийг тус улсын сурагчдын дунд хийсэн судалгаагаар тогтоожээ. Британи долоон настнуудын долоо хоногт хэрэглэдэг мөнгийг төгрөгт шилжүүлбэл ойролцоогоор 24- 25 мянга болж байна.

Дэлхийн банкны тооцоогоор Их Британийн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 43.6 мянган ам.доллар буюу 104.4 сая төгрөг. Харин Монгол Улсынх үүнээс 13 дахин бага буюу 7.9 сая төгрөг. Тэгсэн атлаа энэ хоёр улсын нэг үеийнхний зарцуулдаг халаасны мөнгөний хэмжээ тун бага зөрүүтэй байдгийг долоон настнуудын жишээгээр харагдаж байна. Гэхдээ үүнд дүгнэлт өгөх эрхийг уншигч танд үлдээе.

Бага насны хүүхдэдээ мөнгө өгч явуулах шаардлагагүй гэж үздэг эцэг, эх мэдээж олон бий. Фейсбүүк-ийн Mommy Central группийн гишүүдээс бага ангид сурдаг хүүхдэдээ халаасны мөнгө өгдөг эсэхийг нь асуухад дийлэнх нь өдөр бүр 1000-2000 төгрөг өгдөг гэж хариулжээ.

Долоон цагийн турш нээлттэй байлгасан уг бичил санал асуулгаар 200 орчим хүн өдөрт 1000-2000, 30-аад хүн 5000 төгрөг өгдөг гэж хариулжээ. Харин тун цөөхөн хүн долоо хоногоор л халаасны мөнгө өгдөг гэж хариулсан байна. Бас бага ангийн сурагчид үдийн цай уудаг тул огт өгдөггүй гэсэн ээж ч мэр сэр байв. Дийлэнх нь сургуулийн үдийн цайнд цаддаггүй, гэр нь хол учир өдрийн цай ууж амждаггүй, хичээлийн дараа дугуйланд явдаг гэдэг шалтгаанаар халаасны мөнгө өгдөг байна.

Монгол хүүхдүүдийн халаасны мөнгө баян орнуудынхтай дүйж байна

Тэгвэл бага насны хүүхдэд өдөр бүр халаасны мөнгө өгөх нь анги хамт олны уур амьсгалд сөрөг нөлөөтэйгээс гадна мөнгө болоод хөдөлмөрийн үнэ цэнэ, хэрэглээ, хүчийг хүүхдэд буруугаар ойлгуулдаг аж. Хараат бус сэтгэл судлаач Б.Баярцэнгэл “Хүүхэд мөнгийг хадгалж, урт хугацаанд хуримтлал үүсгэх, өөрөө олоогүй учир гамтай зарцуулахыг сурах нь чухал. Мөнгийг зөв хэрэглэх гэдэг нь үнэ цэнийг нь таниулах болохоос бус үрэлгэн зантай болгох, байнга худалдан авалт хийлгэнэ гэсэн үг биш” хэмээв. Нөгөөтэйгүүр, 1-6 дугаар ангийн хүүхдэд бэлэн мөнгө өгч явуулах нь дээрэм, тонуулд өртөх гээд аюулгүй байдлын хувьд ч эрсдэлтэй. Бас тухайн хүүхэд мөнгөний хүчийг буруугаар ашиглаж, сургуулийн орчинд алагчлал бий болгодог.

Мөнгөний өөрийнх нь хүч хүмүүсийн нэгдлийг өөрчилдөг сөрөг талтай гэдгийг шинжээчид анхааруулж буй юм. Хүүхэд гурван нас хүрмэгцээ мөнгөөр ямар нэг зүйл худалдаж авдаг гэдгийг хэдийнэ ойлгосон байдаг. Тиймээс энэ үед нь хүүхдэд мөнгөө хуримтлуулах дадал суулгах нь үр дүнтэй аж.

Харин бага ангид сурдаг хүүхэд өдөр бүр халаасны мөнгө авч, дуустал нь зарцуулж байвал мөнгөний талаар тэс буруу ойлголттой болсны шинж аж. Үүний үр дагавар болсон жишээг холоос хайгаад хэрэгггүй. “Тухайлбал, эцэг, эхчүүд хүүхдээ оюутан болсон гээд их хэмжээгээр гэнэт мөнгө өгдөг. Гэтэл ийм их хэмжээний мөнгийг хэрхэн зарцуулах талаар хүүхэд ямар ч ойлголтгүй байдаг. Ялангуяа орон нутгаас хотод оюутан болж ирсэн хүүхдүүд эцэг, эх нь ноолуураа самнаж, хэдэн малаа зарж олсон мөнгийг ердөө 1-2 сарын хангалуун, тансаг хэрэглээнд цацдаг. Удалгүй ямар ч мөнгөгүй болж, дахиад л эцэг, эхээсээ мөнгө нэхдэг. Өөрөөр хэлбэл, захиран зарцуулах ойлголтгүйн балгийг тухайн хүнээс гадна эцэг, эх, гэр бүл тэр чигтээ үүрдэг” хэмээн Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг ярилаа.

Их Британи, Монгол Улсын нэг үеийнхний зарцуулдаг халаасны мөнгөний хэмжээ тун бага зөрүүтэй байдгийг долоон настнуудын жишээ харуулж байна.

Б.УУГАНЦЭЦЭГ: ХҮҮХДЭДЭЭ УРТ ХУГАЦААНД ЯАЖ ЗӨВ ЗАРЦУУЛАХЫГ ЗААЖ ӨГӨӨРЭЙ 

Хүүхдийг мөнгөтэй зөв харьцаж, оновчтой захиран зарцуулдаг болгохын тулд эцэг, эхчүүд яах ёстойг Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгээс тодрууллаа.

-Мөнгөтэй зөв харьцахын ач холбогдол юу вэ?
-Хүүхэд ирээдүйд амьдралаа хэрхэн авч явах, санхүү гэж юу вэ, насанд хүрээд мөнгө хийгээд хөдөлмөрийн үнэ цэнийг юу гэж ойлгох нь сургуулийн бага, дунд ангид мөнгөтэй харьцаж байсан зуршлаас нь шууд хамаардаг. Монголчууд хүүхдэдээ багаас нь их хэмжээний мөнгө өгдөг. Шинэ жилээр гацуур дээр нь мөнгө тавих, цагаан сараар гарыг нь цайлгах, эх үрсийн баяр, төрсөн өдрөөр нь голдуу бүхэл дэвсгэртүүд өгдөг гээд амьдралд ойр жишээ олон.

Гэтэл сэтгэл судлаачид хүүхэд сургуульд орохоос өмнө олсон бүх мөнгөө хадгалах нь зүйтэй гэж үздэг. Гэвч мөнгө хуримтлуулах тухай монгол хүүхдүүд ямар ч ойлголтгүй байна. Тиймээс хүүхэд бусдадаа гайхуулах, дуртай юмаа авах, найзтай болохын тулд мөнгөөр өөртөө татах гэх мэтээр буруу хэрэглээ рүү халтирдаг. Тиймээс сургуулийн өмнөх насны хүүхэд мөнгийг маш сайн хадгалж, хуримтлуулахад суралцаж, дадсан байх хэрэгтэй.

-Зөв зарцуулна гэж чухам юуг хэлээд байна вэ?
-Хуримтлуулсан мөнгийг нь сургуульд ороход нь маш сайн тайлагнах хэрэгтэй. Цугласан мөнгөний хэмжээ, өөрт хэрэгтэй байгаа зүйлс, энэ жил дахиад хэр зэргийг хуримтлуулах гээд бүгдийг нь хүүхэдтэйгээ ярилцаж, санаа бодлыг нь сонссоны үндсэн дээр зарцуулах төлөвлөгөө гаргадаг. Нэгэнт төлөвлөгөө гаргасан бол хүүхдэд өөрөө зарцуулах боломжийг нь олгоорой. Нөгөөтэйгүүр, өрхийн санхүүгийн төсвөөс тодорхой хэмжээгээр зарцуулахыг даалгаж болно.

Тухайлбал, гэрийнхээ нэг сарын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг худалдаж авах мөнгийг хүүхдэдээ өгөөрэй. Манай хүүхдийн нэг сарын ахуйн хэрэглээний зардал 38 мянган төгрөг. Үүнийг чамд өглөө. Энэ сард ийм ийм зүйлс худалдаж аваарай гээд өгвөл үр дүнтэй. Гэхдээ эхний удаад хамт явж, шүдний оо, саван, хувцас зайлагч гээд олон төрлийн бүтээгдэхүүнээс алийг нь сонговол зүгээр байдгийг хэлж өгөх хэрэгтэй. Хүүхдэд заагаад өгвөл сонголт хийхдээ ч маш сайн болдог. Түүнээс биш мөнгө өгөнгүүтээ талх, боорцог, саван аваад ир гэдэг бидний нийтлэг зуршил хүүхдийн мөнгөтэй харьцах харилцааг нь сайжруулж чаддаггүй.

-Сургуулийн орчин бас хүүхдийг мөнгөтэй явах сэдлийг өөгшүүлээд байна л даа. Тухайлбал, цайны газраасаа бусдыгаа дуурайгаад пирошки, ундаа авах гэх мэт?
-Хүүхэд өөрөө ид, уух зүйлээ бэлдээд л явахад болно шүү дээ. Ээж нь бус хүүхэд өөрөө маргаашийнхаа хүнсийг бэлдээд сурчихвал насанд хүрээд ч өглөөний цайгаа уучихдаг, өөртөө анхаарал тавьдаг дадалд сурсан байна. Гэтэл одоо бол ээжүүдэд ч хоолыг нь бэлдэх зав хомс, хүүхдүүд өөрсдөө ч сэдэл багатай, энэ тухай хүүхдэдээ зааж өгөх ёстой гэдгээ ээжүүд тэр бүр мэдэхгүй байна л даа. Хамгийн гол нь хүүхэд сургуульд ортлоо олсон мөнгөө хуримтлуулж, сургуульд ормогцоо урт хугацаанд зарцуулж, хуримтлуулж сурах нь чухал.

З.Цэлмэг

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1049 санал өгсөн байна.

Дээшээ