Япон улсад суралцах 96 багш, оюутанд батламж гардууллаа

GoGo.mn

2018-03-14 11:50 GMT+8

Япон улсад 2018 онд суралцахаар болсон Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн МУИС болон ШУТИС-ийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30-н оюутан нийт 96-н оюутан, багш, судлаач Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас  батламжаа өнөөдөр гардан авч байна.

Эдгээр хүмүүс нь Японы талын их, дээд сургууль, БСШУСЯ, болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс тавигдсан шаардлага,  Япон-Англи хэлний мэдлэг зэргийг нь харгалзан сонгон шалгаруулсан юм.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эхний элсэлтийн оюутнууд 2017 оны араваннэгдүгээр сард Японы консорциумын 10-н их сургууль болох

  • Нагаока технологийн их сургууль,
  • Кюүшү их сургууль,
  • Тоёохаши технологийн их сургууль,
  • Киото технологийн их сургууль,
  • Нагоя технологийн их сургууль,
  • Китами технологийн их сургууль,
  • Күмамото их сургууль,
  • Кюүшү технологийн дээд сургууль,
  • Вакаяма их сургууль,
  • Ямагүчи их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгсөн билээ.

Тус шалгалтад тэнцсэн 56 оюутан барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн 3-р курст шилжин суралцахаар боллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа

“Энэ төслийг амжилттай хэрэгжүүлж, залуучууд оюуны шавхагдашгүй хүчтэй болж байгаад талархаж байна. Тиймээс манай яам үргэлжлүүлэн хамтарч ажиллах хүсэлтэй байна. Эрдмийн мөрийг хөөж, хүч чадалтай инженерүүд болон эх орондоо эргэн ирж  бүтээн байгуулалтад оролцох залуучууддаа амжилт хүсье” гэлээ.

Төсөл хэрэгжүүлэх хугацаанд 1000 хүнийг Япон улсад суралцуулахаар төлөвлөснөөс 2017 оны байдлаар 275 оюутан, багш, судлаачид суралцаж байгаа бол өнөөдрийн батламж авсантай нийт 370 хүн Япон улсын их сургууль, коллежид суралцах юм.

ШУТИС-ийн захирал Б.Очирбат:

“Дөрвөн жилийн хугацаанд 380 оюутан бакалаврын зэрэгтэй инженерийн хамтарсан хөтөлбөрөөр бэлдэнэ.

Оюутнууд Япон хэлний түвшин  бүх үзүүлэлтүүдийг маш сайн хангаад суралцахаар  болж байна. Дөрөвдүгээр сарын 1-нд сургуульдаа орно. Бид шилжин суралцах бэлтгэлийг бүрэн дүүрэн хангасан гэдэгт итгэлтэй байна.  Мөн оюутнууд маань амжилттай сурч, инженер, технологийн чиглэлээр өндөр түвшний  боловсрол эзэмшиж эх орондоо ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

ШУТИС-ийн оюутан Б.Дэлгэр:

“Коосэн сургалтын хоёрдугаар курст сурдаг. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Коосэн сургалтын хөтөлбөрт элсэх шалгалт өгдөг тэгэхдээ тодорхой хэмжээний оноо авсан байх шаардлагатай. Мөн ЭЕШ-д 680-аас дээш оноо авснаар элсэх эрхийг авна.

Бид энэ сарын 28-нд Япон явна. Манай ангийнхан Японд гурван жил сурна. Шалгалтад тэнцэж явах болсондоо маш баярлаж, догдолж байна” гэв.

Япон Улсад 1000-н инженер сургаж бэлтгэх зорилго бүхий “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл дөрөв дэх жилдээ ийнхүү амжилттай хэрэгжиж байна.

2014-2023 он хүртэл үргэлжлэх уг төсөл Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх зорилготой билээ.

С.Отгонжаргал

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 1049 санал өгсөн байна.

Дээшээ