Трамп Германы авто үйлдвэрлэгчдийг татвараар сүрдүүлэв

"Засгийн газрын мэдээ" сонин

2018-03-14 14:05 GMT+8

АНУ-ын улс төрийн тогтолцоог доргиож ган төмөрлөг, хөнгөн цагааны импортод оноосон Ерөнхийлөгч Дональд Трампын тарифыг Ардчилсан намын зарим гишүүн санаанд оромгүй дэмжсэний зэрэгцээ бүгд найрамдахчууд шүүмжилсэн. Пенсильванийн арга хэмжээний үеэр тарифыг “My baby” хэмээн нэрлэсэн ноён Трамп гааль татвар оноогоод ирэх цагт Европын холбооны автомашин “бөөн мөнгө оруулдаг зүйл” болно хэмээн тайлбарлав.

Ерөнхийлөгчийн тайлбарыг Массачусетсээс сенатын гишүүн болсон, Ардчилсан намын Элизабет Уоррен дэмжлээ. “Ерөнхийлөгч Трамп тарифын асуудал сөхмөгц л манай нийт худалдааны бодлогын бүрдэл болох нь гэж би хувьдаа ойлгосон” хэмээн ердийн үед Ерөнхийлөгчийг хамгаас ширүүн шүүмжилдэг хатагтай Уоррен CNN-д ням гарагт тайлбарлав.

Харин Аризона муж улсын сенатч, Ардчилсан намын Жэфф Флэйк ноён Трампын тарифыг цуцлах хуулийн төсөл оруулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ. Конгресс 1970-аад онд Ерөнхийлөгч Жимми Картераас газрын тосонд оноосон татварыг мөн адил аргаар хориглож байсныг тэрбээр жишээ болгосон юм. Ноён Флэйкээс оруулах төслийг дэмжихээ Висконсиноос сонгогдсон сенатч, Бүгд найрамдах намын Рон Жонсон тусдаа болсон ярилцлагын үеэр илэрхийллээ.

“Тариф нь манай худалдааны түншүүдийн зүгээс хариу арга хэмжээ авахад хүргэх сөрөг үр дагавартай” хэмээн ноён Жонсон үзэж байна. Европын ган, хөнгөн цагаанд Цагаан ордон тариф тогтоох аваас АНУ-аас импортолдог мотоциклоос эхлээд ургамлын тосыг хамарсан 2.8 тэрбум еврогийн импортод торгууль тавихаар Европын холбоо анхааруулсан. “Энэ бүх улс бүгд л гааль татварт дургүй гэцгээх. Тэгэхлээр бид яах вэ” хэмээн ноён Трамп бямба гарагт Пенсильванид болсон сонгуулийн кампанийн үеэр доогтой өгүүлэв.

Төлөөлөгчдийн танхимд нэг суудал онгойсонтой уялдан Пенсильванид сонгуулийн кампани өрнөөд байгаа юм. “Та бидний олонх нь Европын холбооноос ирцгээсэн улс. Сайхан сонсогдож байна. Гэтэл Европын холбоо худалдаагаараа биднийг сүйрүүлдэг. Худалдааны саад тотгор учруулж байна. Бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ ч Европт зарж чадахгүй байгаа.

Биднийг зүгээр л хязгаарлаж орхилоо” хэмээн Ерөнхийлөгч өгүүлэв. Тэрбээр “Европчууд гааль татварыг авч хаямаар байна гэдэг. Саад тотгороо зайлуулж, тарифаа болихгүй бол Mercedes-Benz-ээс татвар авна шүү гэж би хариуд нь хэлж байгаа. Бид BMW-гээс татвар авна. Та нар эх орондоо мөнгө оруулах сан гэдэг биз дээ” хэмээн үргэлжлүүлсэн юм.

Европын холбооны төлөөлөгч татвараас чөлөөлөх асуудлыг ирэх долоо хоногоос үргэлжлүүлэн хэлэлцэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдсэн. Европын холбоо болон Японы худалдааны төлөөлөгчид бямба гарагт АНУ-ын албаны хүмүүстэй уулзаж ярилцлаа. Анх Хятадын эсрэг хамтран авах арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөсөн форум сүүлдээ худалдааны асуудал хэлэлцэх яриа болж хувирсан юм.

Гэвч уулзалтаар тодорхой үр дүн гарсангүй. Ням гарагт Мercedes-Benz-ийн үндсэн компани болох Daimler болон BMW компани тайлбар өгөхөөс татгалзлаа. Ноён Трампын хариу цохилт ухаалаг бус арга хэмжээ хэмээн Германы автомашин үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Бернхард Маттес мэдэгдлээ. “Германы авто үйлдвэрлэгчид АНУ-ын автомашины худалдаанд тэнцвэр бариулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч харгалзах ёстой.

Германы авто үйлдвэрлэгчид АНУ- д 36500 хүн ажиллуулж буйн зэрэгцээ Германы ханган нийлүүлэгчдэд 80000 ажлын байр гаргаж байгаа”-г ноён Маттес өгүүлсэн юм. “Хэрвээ Европт үнэхээр татвар оноовол бид ч хариу арга хэмжээ авна” хэмээн өрсөлдөөний хэрэг эрхэлсэн Европын комиссар Маргрет Вестагер Bild am Sonntag сонинд тайлбарлав. “Дэлхийн чөлөөт худалдааг эрсдэлд оруулбал бид ч зүгээр суухгүй” хэмээн комиссар анхааруулж байна.

Куртни Уивер, Олаф Сторбек

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1684 санал өгсөн байна.

Дээшээ