Хөрөнгө оруулалт хумигдаж байна. Монголыг чиглэх гаднын бизнес эрхлэгчдийн цуваа сүүлийн хэдэн жил татарсаар. 2009 онд Оюутолгойн уурхайд гаднын хөрөнгө оруулагчид орж ирснээр эрдэс баялгийн салбар дэлхий нийтийн анхааралд орсон. Энэ жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэн хэмжээнд буюу дөрвөн тэрбум ам.долларт хүрч байлаа. Гэвч 2013 оноос хойш энэ үзүүлэлт нэг тэрбум ам.долларт ч хүрэхгүй, 2009 оноос өмнөх түвшинд оччихоод байна. Сүүлийн дөрвөн жилийн мөчлөгт бүр хагас тэрбум ам.долларт ч хүрч чадсангүй.
Манай улсыг чиглэсэн гаднын бизнес эрхлэгчдийн мөнгөний 70 гаруй хувь нь уул уурхайн салбар руу урсдаг. Барилга, худалдааны салбарын хөрөнгө оруулалт тун бага хэмжээтэй бол үлдсэн хэсэг нь мөн л уул уурхайтай холбоотой бараа, үйлчилгээнд ногдож буй. Тиймээс гаднын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарын нөхцөл байдлаас шууд хамаарч байгаа юм.
Хөрөнгө оруулагчид богино хугацаанд ашиг олох сонирхолтой байснаас хөөсөрсөн
Монголд орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь дотоодод шингэдэг бол 30 орчим хувь нь импортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулагдаж, буцаад гардаг гэсэн 2015 оны судалгааг Эдийн засгийн судалгааны эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийжээ. Энэ тохиолдолд нэг нэгж хөрөнгө оруулалт орж ирэхэд улсын эдийн засагт 1.04 нэгж нэмүү өртөг бий болдог байна. Хэрэв гаднаас орж ирж буй мөнгийг 100 хувь дотоодод шингээж чадвал нэмүү өртөг нь 1.5 нэгж болж нэмэгддэг аж.
Fraser institute байгууллагаас гаргасан судалгаанд 2010 онд манай улс хөрөнгө оруулалт татах чадвараараа 96 орноос 31-т бичигдэж байсан бол 2016 онд 104 орноос 81-т жагсаж, эрэмбэ нь эрс буурчээ. Хөрөнгө оруулалт ийнхүү хумигдсан шалтгаануудыг эрэмбэлж үзье.
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдыг татдаг гол соронз нь эрдэс баялгийн үнэ. Дэлхийн зах зээлийн үнэ өндөр байх тусам ашиг хайсан хөрөнгө оруулагчид эрсдэлийг үл тоон мөнгөө зарцуулдаг.
- Гадаадын хөрөнгө оруулалт 2009 оны өмнөх түвшинд хүрч, буурсан.
- Ойрын жилүүдэд эрдэс баялгийн үнэ огцом өсөх төлөвгүй байна.
- Хөрөнгө оруулалтыг 100 хувь дотоодод шингээж чадвал нэмүү өртөг 1.5 нэгж болж нэмэгддэг.
Харин 2013 оноос хойш алт, нүүрсний үнэ буурч, огцом өсөлт гараагүй тул хөрөнгө оруулагчдын тоо дагаад буурсан. Монгол Улс энэ салбарт том тоглогч биш учраас дэлхийн зах зээлийн үнийг харж, сэргэхийг нь хүлээж суухаас өөр аргагүй.
Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг үзүүлэлтэд эрдэс баялгийн үнээс гадна байгалийн баялаг, эрх зүйн орчныг тооцдог. Хэдийгээр Засгийн газар 1993 онд буюу 25 жилийн өмнө гаднын хөрөнгө оруулалттай холбоотой бодлогын бичиг баримт баталж байсан ч бодит байдалд үр дүнгээ өгөхгүй байна. Хамгийн сүүлд гэхэд энэ оноос ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчээс 30 хувийн татвар авч эхэлсэн нь уруудаж байсан хөрөнгө оруулалт улам буурах нөхцөл байдал үүсгээд буй. Мөн Засгийн газрын бодлого гаднын бизнес эрхлэгчдийг үргээх хамгийн том шалтгаан болж байна.
Тухайлбал, манай улсын ураны салбарт 10 гаруй жил хайгуул хийсэн “Арева” компани Засгийн газар шийдвэрээ өөрчилснөөс болж Монгол дахь үйл ажиллагаагаа хумьсан. Тус компани саяхнаас Казахстан улсын Засгийн газартай гэрээ байгуулж, ураны салбарт нь 20 жил хамтран ажиллах бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Энэ бол манай улс тогтворгүй бодлогоосоо болж хөрөнгө оруулагчдаа бусдад алдаж буйн тод жишээ.
Түүнчлэн Чингис бондоос босгосон мөнгөө тооцоо, судалгаагүй зарцуулсан нь бизнес эрхлэгчдэд эргэлзээ төрүүлэх болсон. Мөнгө байсан ч зөв зарцуулж, үр өгөөжийг нь үзэж чадахгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах бас нэг шалтгаан болж байгаа.
Судлаач Б.Мөнх-Ирээдүй “Монгол шиг хөгжиж буй орнууд эхлээд гадаадын хөрөнгө оруулалтаа татсаны дараа эдийн засагт өсөлт гардаг. Харин хөгжиж буй орнуудад эдийн засгийн өсөлт нь өөрөө гаднын бизнес эрхлэгчийг татдаг. Манай улсын хувьд хөрөнгө оруулалтаа тэлснээр улсын хөгжлийг хурдасгах боломжтой. Гэвч зэс, нүүрсний үнэ болон төрийн тогтворгүй бодлогоос болж энэ онд хөрөнгө оруулалт сэргэх боломж алга” гэлээ. Харин Cover Mongolia компанийн захирал Б.Мөнхдөл “2009 онд манай улсад шинэ хөрөнгө оруулагчид олноороо орж ирсэн. Бизнес эрхлэгчдийн олонх нь богино хугацаанд ашиг олох сонирхолтой байсан учраас зах зээл нь хөөсөрсөн гэж болно. Харин энэ жил шинэ хөрөнгө оруулагчид манай улсыг бараг чиглэхгүй байх” хэмээн тайлбарлав.
Гэхдээ нэг үеэ бодвол бизнес эрхлэгчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинтой танилцаж, геополитикийн орчин, эрсдэлийг нь мэддэг болсон. Хэрэв эрх зүйн орчин сайжирвал заавал уул уурхай гэлтгүй бусад салбарт ч хөрөнгө оруулалт орж ирэх боломж бий. Ялангуяа, технологи, аялал жуулчлал, ноос ноолуурын салбарт ийм нөөц байгааг эдийн засагчид хэлдэг. Дан ганц уул уурхайг чиглэж буй мөнгөний урсгалын чигийг өөрчилж, төрөлжүүлж чадвал гаднын хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөөтэй.
Ойрын жилүүдэд эрдэс баялгийн үнэ огцом өсөх төлөвгүй байгаа. Тиймээс гаднын бизнес эрхлэгчдийн мөнгөөр эдийн засгаа дэмжихийн тулд хөрөнгө оруулалтын салбарыг төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Ингэж чадвал уул уурхай гэсэн ганцхан тулгууртай эдийн засгийн эрсдэл тэр хэрээр буурна гэдгийг эдийн засагчид онцоллоо.
Б.Баярмаа