Манай улс усны гачигдалтай бүсэд орсон
Д.Сүхгэрэл

Хэдхэн жилийн өмнө хөдөө тал руугаа явахад сэтгэл санаа уужирч, байгалийн сайхныг бишрэн явдаг байлаа.

Харин одоо...

Улаанбаатар хотоос зүүн тийшээ гараад хэдэн км яваад л ухсан нүх, уул уурхай, том машин техник. Уул уурхай өөрөө хуурайшлыг бий болгодог, их хэмжээний ус ашигладаг, байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Энэ бүхнийг бүгдээрээ мэдэх ч "гэхдээ бид амьдрахын эрхэнд байгалиа зарж үрж байгаа" гэх. 

Бид үр хүүхдэдээ ухсан нүх, хуурай шороо л үлдээх гэж үү? Олон улсад усны гачигдалд орсон улс орны тоонд албан ёсоор бүртгэгчихээд байхад ч "амьдрахын эрхэнд" гэж суусаар эцэстээ алтнаас илүү үнээр усаа худалдаж авахдаа тулах юм биш биз? Дэлхийн усны өдөр Хурц өнцөг энэхүү асуудлыг хөндөж байна.

Тиймээс усан цахилгаан станц, нүүрсний цахилгаан станц, уул уурхай гээд энэ бүх асуудалд шүүмжлэлтэйгээр ханддаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болгож өнөөдрийн зочноо урьсан юм.

Та энэхүү ярилцлагыг УНШИЖ, ҮЗЭЖ бас СОНСОЖ болно.

О.Ариунбилэг
Сэтгүүлч

Мангалын Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл

БОЛОВСРОЛ

  • 1973 онд Москва хотын 611-р дунд сургууль төгссөн
  • 1979 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын харилцаа\Дипломат харилцааны түүхийн ангийг Магистр (өнөөгийн ангиллаар) зэрэгтэй төгссөн
  • 1990 онд синхрон орчуулгын анги, Төв Лондогийн Политехникийн Сургууль

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 1979-1992 онд Мэргэжилтэн, Монголын Энх тайван найрамдлын байгууллагуудын холбоо
  • 1992 – 2005 АНУ-ын ОУХА-т офис менежерээс хөтөлбөрүүд хариуцсан багийн ахлагч, гэрээний менежерийн төлөөлөгч
  • 2005 – бие даасан зөвлөх\орчуулагч
  • 2007 – өнөөг хүртэл хүний эрх, уул уурхайн хяналт, байгаль, ус хамгаалах хөдөлгөөнд оролцогч
  • 2008 – 2010: “7 сарын 1” Эвслийн хамтран зохицуулагч
  • 2010.01 – өнөөг хүртэл ОТ Хяналт ТББ, Гүйцэтгэх захирал
  • -2011.01 – өнөөг хүртэл Хил хязгааргүй гол мөрөн эвслийн Тэргүүн

ТУРШЛАГА

  • Олон улсын хөгжлийн банкны (Дэлхийн банк, ОУСК, ЕСБХБ) байгаль орчин ба нийгмийн стандартын хэрэгжилтийн нийцлийн хяналт
  • Олон улсын банкуудын гомдлын механизмын ашиглалт
  • Нутгийн бүлгүүдэд банкуудын стандартыг ашиглах зөвлөлгөө, гомдлын удирдлага
  • НҮБ-ын хүний эрхийн конвенциор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн хяналт, конвенцийн тайлагнал ба Тусгай процедур ашиглалт
  • Компанийн үйл ажиллагаанд хуулинд нийцлийн мониторинг, талуудтай хэлэлцээ хийх, лобби, нөлөөллийн үйл ажиллагаа
  • Орон нутгийн хүн ам, нөлөөлөлд өртсөн иргэдэд хүний эрх ба гомдлын механизм ашиглалтын сургалт, чадавх бэхжүүлэх, нөлөөлөх үйл ажиллагаад дэмжлэг үзүүлэх
  • ТББ-ууд, орон нутгийн бүлгүүдэд санхүүжилт босгох дэмжлэг
  • Эдийн засаг ба ардчиллын хөтөлбөрүүдийн техникийн удирдлага
  • Хөгжлийн хөтөлбөр\төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, мониторинг ба үнэлгээ
  • Corporate compliance, Компанийн нийгмийн хариуцлагын судалгаа, зөвлөлгөө, мониторинг
  • Сонгуулийн ажиглалт (Тайланд 2007, Балба 2008)

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ

Монгол уурхайнуудын тайлан, мэдээлэл ил байдаггүй

Монгол Улсын усны төлөв байдал ямар байна вэ?
Монгол Улс олон улсын судалгаагаар хамгийн их усны гачигдалд орсон бүсэд ордог. Олон судалгаагаар Туул голын ус удахгүй татарна гэдэг. Мөн Оюутолгойн судалгаагаар 2020 оноос усны гачигдалд орно гэдэг. Энэ судалгаануудаас харахад тун удахгүй усны асуудал хурцаар тавигдана.
Усны нөөцөө хамгаалахын тулд бид юу хийх ёстой вэ?
Нэгдүгээрт, бид усны хэрэгцээг хүний болон Монгол Улсын өөрийн хэрэгцээнд л ашиглах хэрэгтэй. Уул уурхайн баялгийг ухахдаа бид асар их хэмжээний усыг ашиглан, үгүй хийж, бохирдуулж байна. Харамсалтай нь энэ бүхэн Хятадын хөгжилд зориулагдаж, бид баялгаа бусдын хэрэгцээнд гаргаж байгаа юм.
Орлого нь бидэнд ирж байгаа болохоор бусдын хэрэгцээнд зориулж уурхай ажиллаж байна гэж шууд хэлэхэд хэцүү юм л даа.
Олж байгаа орлогоо бүрэн авч, эдийн засгаа хөгжүүлж чадаж байгаа юу? Зээлээ төлж чадаж байгаа юу?
Оюутолгой өөрийн сайт дээрээ “Бид дэлхийн хэмжээнд хамгийн их усны хэмнэлт гаргах жишгээр үйл ажиллагаагаа явуулж ижил төстэй уурхайтай харьцуулахад 1 тонн хүдэр боловсруулахад ашиглаж буй усны талаас бага хэмжээтэй усыг ашиглаж байна” гэж байсан. Өмнийн говь дахь энэ уурхай олон улсад хэрэглэж буй өндөр технологийг ашиглаж байгаа сайн жишиг юм болов уу?
Оюутолгой хүдэр олборлоход гарч байгаа хаягдлынхаа 60-70 хувь усыг бид шавхан ашиглаж байгаа гэсэн байдаг. Тайлангуудыг нь нарийн харвал 57 хувь буюу дэлхий дахинд өөрсдийгөө таниулж байгаа технологийн ба амласан түвшиндээ хүргэж чаддаггүй гэсэн үг.
Ухаа худаг, Тавантолгой ч юм уу, бусад томоохон уурхай усыг хэрхэн ашиглаж байгаа талаар та бүхэн харьцуулан судалж үзсэн үү?
Нарийн тоог нь харьцуулж үзээгүй. Яагаад гэвэл монгол уурхайнуудын тайлангууд ил байдаггүй. Оюутолгойн хувьд тайлангуудыг нь харж, мэргэжлийн хүнээс шүүмж авч болдог. Монголын уурхайнуудын хувьд ямар технологи хэрэглэж байгаа юм, тэрийгээ зөв хэрэглэж байна уу, уулын ажлын төлөвлөгөөнийхөө дагуу хийгдэж байна уу гэдгийг мэдэх арга байхгүй. Оюутолгойг усны нөөцтэй нь уяж өдөрт олборлох хүдрийнх нь хэмжээг 80-100 мянган тонноос хэтрүүлэлгүйгээр тогтоодог. Оюутолгой үүнийг 150 мянган тонн болгохын тулд усныхаа зөвшөөрлийг нэмэгдүүлэх ёстой гэх мэт мэдээллүүдийг ил харж болдог. Харин Монгол уурхайн дээр усны нөөцтэй нь уяж хянадаг уу, үгүй юу гэдэг нь ойлгомжгүй, ил биш.

Усны хомсдлыг харуулсан газрын зураг. Зурагт улаан хүрэн болох тусмаа маш бага усны нөөцөн дээр их хэмжээний эрэлт үүсч байгааг харуулсан байна.

Хөрсний усыг соруулж авснаар хоосон орон зай үүсч, улмаар газар хөдлөлт үүсэх нөхцлийг бүрдүүлдэг гэж судлаачид үздэг. Хөдөө орон нутагт газар хөдлөлт хэр байгаа талаар судалгаа гарсан л байх. Та бүхэн судалж анзаарсан зүйлс бий юу?
Хамгийн тод жишээ нь өнгөрсөн зун Тавантолгой, Цэцийн хавьцаа газар хөдлөлт болж нүүрсний тээврийн машинуудыг хэд хоног зогсоосон. Нутгийн хүмүүсийн ярьж байгаагаар тэр хавьцаа газар хөдлөлт болж байгаагүй. Манай орны хувьд уулархаг бүсдээ газар хөдлөлтийн идэвхтэй харин говийн бүсдээ харьцангуй намжмал. Гэтэл газрын чичиргээ сүүлийн үед мэдэгдэх болсон. Оюутолгойн далд уурхайг гаргахын тулд газар доогуур 1300 метр газрыг ухаж, том тунелиуд тавьсан. Тэр газрыг ухахад хөрсний ус шүүрэн гарна. Тэр усыг соруулж авахгүйгээр ажил явахгүй. Тэгэхээр тэр орон зайд хөдөлгөөнтэй орчин үүснэ. Ганц Оюутолгой ч биш, бусад бүх уурхайтай газар адилхан.
Говийн хөрсний усны нөөцийг та бүхэн мэдэх үү?
Нарийн тоог мэдэхгүй. Харин сүүлийн арван жилд бараг сар бүр өмнийн говь руу явж ажиглаж байгаагийн хувьд Оюутолгойн орчимд амьдарч байгаа малчид усаа өөр газраас машинаар зөөж ууж байгааг харахад усны асуудал тэнд хэдийнээ эхэлсэн. Бусад уурхайн орчимд ч ялгаагүй. Энэ жил би Гурван тэс суманд очоод ирсэн. Тэр сумынхан одоо дайжихаас өөр арга байхгүй. Орон нутаг нь устай бэлчээр гэж байхгүй болсон.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

 

Бид битгий хий гэж хашгираагүй. Эрсдэлүүдээ зөв тооцъё, мэдээллүүдээ ил болгоё л гэж байна

Усан цахилгаан станц мөн газар хөдлөлтийг идэвхжүүлдэг гэх?
Усан цахилгаан станцыг газар хөдлөлтийг өдөөгч гэж нэрлэдэг. Далан дахь усыг аягатай ус гээд бодоод үзвэл ус нь салхины хүчээр хөдөлгөөнд орж байдаг. Тийм учир газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд өдөөгч байгуулдаггүй. Монголд усан цахилгаан станц барихыг эсэргүүцээд байгаа номер нэг шалтгаан нь “та нар 8 балл газар хөдөлж байсан түүхтэй газар 100 метрийн өндөр даланд ус дүүргэж өдөөгч тавих гээд байна шүү дээ” л гээд байгаа юм. Эг, Шүрэн, Орхон ч гэсэн адил. Өнгөрсөн зун Орхон гол дээр барих Орхон говь төслийнхөн иргэдийн дунд хэлэлцүүлэг хийсэн. Тэр үеэр нэг иргэн босоод “манай энд жилд 40 удаа чичирхийлэл болдог. Гэтэл та нар энд усан цахилгаан станц барих гэж байна. Энэ ямар нөлөөтэй вэ” гэж асууж байсан. Тэгэхээр л “бид судалж байна, судалж мэдэх гээд л та бүхэнтэй уулзаад байна” гэж хариулаад байдаг.
Гэхдээ одоогоор усан цахилгаан станцтай холбоотой газар хөдлөлт бүртгэгдээгүй юм байна тийм үү?
Монгол Улсын газар хөдлөлт, чичирхийллийн тоо асар их нэмэгдсэн /сурв: Газар хөдлөлтийн тоо 2017 оны байдлаар 30% нэмэгдсэн/.
“Магадлалтай” гэж үзэж эдийн засгийн өндөр үр ашигтай, тусгаар тогтнолын хэмжээнд яригдах зүйлийг эсэргүүцэх нь хэр нийцтэй вэ. Гэвч нөгөө талд нь байгаль экологийн асуудлаа тавьж, үгээ хэлэх иргэний нийгмийн байгууллагууд байлгүй яахав. Та хувь хүнийхээ хувьд усан цахилгаан станцыг үнэхээр эсэргүүцэж байна уу?
Манай улсад том жижиг 15 усан цахилгаан станц барьсан. Тэдний тал хувь нь ажилладаггүй. Тал хувь нь улирлын чанартай. Эдийн засгийнхаа үр өгөөжийг өгсөн усан цахилгаан станц байхгүй. Эгийн голын усан цахилгаан станц нураад урслаа гэж бодъё. 100 метр өндөр далангаас ус урслаа гэхэд тэнд 300 мянган хүн амь насаа алдана гэсэн моделийг гаргасан байна /ЭНД ДАРЖ үзэх/. Буриад руу явах замдаа үйлдвэр, хот бүгдийг арчина. Цунами 50 метр өндөр явагддаг шүү дээ. Түүн шиг л юм болно. Энэ эрсдэлүүдийг тооцох ёстой. Бид битгий хий гэж хашгираагүй. Энэ бүх эрсдэлүүдийг үнэн зөв тооцъё л гэж байна. Дээр нь, дэлхий нийтээрээ эрчим хүчний хараат бус гэдэг загвараасаа илүүтэй харилцан хамааралтай загвар луу шилжиж байна. Азийн супер грийдийн судалгаа нь эхэлчихсэн. Өөрөөр хэлбэл олон улс орнуудад бүгдэд нь ашигтай, харилцан хамааралтай систем рүү шилжих гэж байхад Оросоос хараат бус болохын төлөө Хятадаас эдийн засгийн хараат болон хийх хэрэгтэй юу? 

Нарны цахилгаан станцыг усан цахилгаан станцтай харьцуулсан нь:

Эгийн голын усан цахилгаан станцыг барихын тулд эхлэлийн 1 тэрбум долларын зээлийг Хятадаас авахаар ярьж байсан. Тэгээд хүн төрөлхтөний цэнгэг усны нөөц, дэлхийн өвд бүртгэлтэй Байгаль нуурыг эрсдэлд оруулах гэж байна. Ийм өндөр эрсдэл гаргаж хийх шаардлагатай юу, энийгээ үнэлье л гээд байгаа юм. Экологийн үнэ цэнэ магадгүй хамгийн үнэтэй байж магад. Усгүй болбол экологийн тэнцвэрээ алдана. Тайширын усан цахилгаан станцаас болоод мянган өрх дайжсан гэдэг. Энэ мэт тооцоонуудыг бүгдийг нь хийлгэх гээд байгаа юм. Дараагийн усан цахилгаан станцууд гэх Эг, Шүрэнгийн газрыг бэлтгэх гээд хиргисүүр, археологийн олдворууд бүгдийг нь ухаад зөөж байгаа. Ингэж болдог юм уу, хойч үедээ бид юу үлдээх ёстой вэ. Энэ тооцоонуудыг л хийе.
Эхлээд тооцоо судалгаагаа ил болгоё, харин хийх хийхгүй нь дараагийн асуудал юм байна тийм үү?
Яг тийм. Яагаад бид заргалдаад байна гэхээр одоо хийж байгаа ажлын даалгаврууд нь маш чанаргүй. Эгийн голын тайлангууд бүтнээрээ бидэнд олддоггүй. Тайлангийн дүгнэлт зэргээс нь хэсэгчлэн харахаар “газар хөдлөх магадлалтай, газар хөдлөх эрсдэл байна” л гэдэг. Тэгээд дүгнэлт нь “усан цахилгаан станц барих боломжтой” гэчихсэн. Эрсдэл байгаа юм бол ямар үнэтэй юм бэ гэдгээ тогтоочих л доо. Энийг л бид нэхээд байна.
Байгаль экологи маань бидний ирээдүй. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд уурхай бидний хувьд орлогын хамгийн том эх үүсвэр болчихоод байна. Тэгэхээр бид яах ёстой вэ?
Төр өөрөө хэрэглэж болох болохгүй технологиудынхаа заагийг гаргаж өгөх ёстой. Манайхан өөрсдөө болох болохгүй технологийнхоо ялгааг мэдэхгүй байна. Дэвшилтэт технологи хэрэглэнэ гэсэн хуулийн тайлбар нь “Монгол Улсад өмнө нь хэрэглэж байгаагүй технологийг дэвшилтэт гэнэ” гэчихсэн байсан. Ийм биш юм. Өнөөдөр монголд ашиглах гээд оруулж ирсэн “хэвлийд нь боловсруулах технологи” гэдэг нь дэлхийн олон оронд батлагдаагүй, бүрэн үйлдвэрлэлд ашиглахыг зөвшөөрөөгүй технологи. Шатдаг занарыг олборлох гэж энэ технологийг оруулж ирсэн “Жини ойл” гээд Америк, Израйлийн хамтарсан компани нь өөрөө Америк, Израйльд энэ технологио батлуулж чадаагүй. Тэгэхээр манайхаас мэргэжлийн байгууллагууд манай орчинд зохих, зохихгүй технологио тодорхойлж, хяналт тавих ёстой. Сүүлийн үед бүр хуурай технологи хүртэл гарчихсан. Гэтэл Оюутолгой зэрэг нь өндөр үнэтэй гээд тэрийг хэрэглэхгүй байна. Тэгэхээр усгүй Монгол Улс хуурай технологийг ашигла гэсэн шаардлагыг тавих ёстой. Нүүрсний цахилгаан станцууд турбины хөргөлтийг усаар хийж, их хэмжээний ус хэрэглэдэг. Нүүрсийг шатаахаасаа өмнө угааж маш их ус хэрэглэдэг. Үүнд ч хуурай технологийг ашиглах ёстой. Яагаад гэвэл цаашид Монгол Улс том хэмжээний хаягдлын далангийн менемжентийг хэрхэн хийхээ мэдэхгүй. Хаягдлын далан гэдэг нь хүдрийг олборлоод хэрэггүйг нь гаргаж хаясан лаг юм. Тэр лагны менежмент манайд байхгүй.

Усгүй болж байгаа Монгол Улс хуурай технологийг ашигла гэсэн шаардлагыг тавих ёстой

Ирээдүйнхээ төлөө олох ашгаа багасгаж, өндөр технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ёстой гэдэг шаардлагыг тавих хэрэгтэй гэж та хэлэх гээд байна уу?
​Өндөр технологи ашиглахгүй бол үйлдвэрлэлийн эрх өгөхгүй л байх хэрэгтэй. Манайд уурхайн тоо тэртэй тэргүй хэтэрсэн. Цаашид ухах гээд бэлтгээд байгаа энэ бүх уурхай чинь бидний хэрэгцээнд биш байхгүй юу. Бид авах ёстойгоо ч авч чадахгүй байна. Бүгдийг нь ухаж дуусгачихаад маш багахан мөнгө бид авлаа гэж бодъё. Гэтэл үр хүүхдүүд маань өөрсдөө өндөр технологи ашиглах боломжтой болсон тэр үед нь бид нөөцийг нь хэдийнээ маш хямдаар ашиглаад дуусгачихсан байвал харамсалтай биз дээ. Байгалийн баялгийн шударга хуваарилалт гэдэг ойлголт чинь зөвхөн одоо байгаа хүмүүс хувааж авах гэдгээс гадна хойч үедээ ашиглаж хэрэглэх баялгийг нь үлдээх ёстой гэдэг ойлголт. Манай улсад энэ бодлого алга.
Дахиад ухах төлөвлөгөөтэй том уурхайнууд бий гэж үү?
Занадугийн вэбсайтан дээрээс Шар чулуутын зэсийн орд гэсэн зургийг харж болно. Манай Монгол Улсын ганц баялаг, ирээдүйдээ төвлөрч болох хойд хэсэгт маань том уурхай орох гээд төлөвлөчихсөн байна. Өмнөговь бол зөвхөн газрынхаа доор усны нөөцтэй. Өмнөговьд гурван сав газрын усны нөөцийн менежментийг Дэлхийн банк хариуцаж байгаа.  Тэр төслийн нэрнээс нь харвал “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” гэж байгаа. Өмнөговийн бүх усны нөөцөө тэр чигт нь уул уурхайн дэд бүтцэд гээд өгчихсөн байна гэсэн үг. Одоо хойд хэсэгт байгаа усны сан бүрдүүлэх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг бүх зорилт нь том уурхайд л зориулж байна. Илүү гарсныг нь Хятад руу экспортлоно.
Өнөөдөр Монгол Улс 1,2 гегаваттын хэрэгцээтэй. Гэтэл цаашдын төлөвлөгөөнөөс харвал 12 гегаг үйлдвэрлэнэ. Яагаад гэвэл Эгийн голын усан цахилгаан станцыг барихын тулд эхлэлийн 1 тэрбум долларын зээлийг Хятадаас авна гэж ярьж байна. Тэгээд хүн төрөлхтөний цэнгэг усны нөөц, дэлхийн өвд бүртгэлтэй Байгаль нуурыг эрсдэлд оруулах гэж байна. Ийм өндөр эрсдэл гаргаж хийх шаардлагатай юу, энийгээ үнэлье л гээд байгаа юм. Экологийн үнэ цэнэ магадгүй хамгийн үнэтэй байж магад. Усгүй болбол экологийн тэнцвэрээ алдана. Тайширын усан цахилгаан станцаас болоод мянган өрх дайжсан гэдэг. Энэ мэт тооцоонуудыг бүгдийг нь хийлгэх гээд байгаа юм. Дараагийн усан цахилгаан станцууд гэх Эг, Шүрэнгийн газрыг бэлтгэх гээд хиргисүүр, археологийн олдворууд бүгдийг нь ухаад зөөж байгаа. Ингэж болдог юм уу, хойч үедээ бид юу үлдээх ёстой вэ. Энэ тооцоонуудыг л хийе.

Гэхдээ... Хэрвээ Улаанбаатар хот оросоос эрчим хүчний хараат байдлаасаа болоод хэзээ нэгэн цагт асуудал гараад хөлдлөө гэхэд бид эргээн сэргээхэд маш хэцүү. Ийм л нөхцөл байдлаас Хятадаас зээл аваад ч болтугай гарсан нь дээр биш гэж үү дээ?
Ерээд онд байсгээд л цахилгаан тасардаг байсан. Тэр үеэс л аваар осол гарвал яах вэ, өвөл цахилгаан тасарвал яах вэ гэж ярьж эхэлсэн. Одоо байгаа цахилгаан станцууд дээр шинэчлэлүүд хийсэн ч, хөгширсөн. Гэхдээ Багануурын цахилгаан станцын хувьд хятадууд хятадын хотхон барихад шаардлагатай 10 га газар хүссэн. Орон нутгийн захиргаа тийм газар өгөөгүй гэсэн боловч биднийг очоод харахаар одоо баригдаж байгаа нь цахилгаан станцын биш орон сууц маягийн барилгууд босоод байгаа юм. Тэгээд орон нутгийнхан нь "энэ юу босоод байгаа юм бэ" гэтэл “цахилгаан станцын янданг нь барьж байгаа юм” гэж хэлсэн байгаа юм. Мэргэжилтнүүдээс асуухаар “цахилгаан станцыг яндангаас нь эхэлж барьдаггүй” гэсэн. Бид өөрийнхөө хэмжээнд л тойрч үзээд яваад байгаа нь л энэ. Мэдээлэл ил тод биш байна. Бидэнд ТЭЗҮ-г нь үзүүлчихвэл, байгаль орчин, нийгэмд нөлөөлөх үнэлгээг нь үзүүлчихвэл бид шуугиан дэгдээхгүй, сандрахгүй. Мэдээллийг хааж байгаа байдлаараа стресс, хардлага үүсгээд байгаа юм. Хэрэглэх гэж байгаа технологи нь үнэхээр хамгийн дэвшилтэт, бага хэмжээний утаа хаялттай байгааг нь харчихвал асуудал гаргаад байх шаардлагагүй болно.
Багануурт шинээр баригдах гэж байгаа нүүрсний цахилгаан станц Улаанбаатар хотод ямар нэгэн нөлөөтэй юу?
Хэрлэнгээс 15 км урт сувгаар ус татахаар зөвшөөрлөө авчихсан. Хэнтийнхэн эсэргүүцнэ, зөвшөөрөхгүй гэж байна билээ. Хэрлэнгийн усыг татна гэхээр дахиад л орос, хятад аль алинд нь асуудал үүснэ. Оросын Амар мөрөнд, Хятадын далай нууранд Хэрлэн гол цутгадаг. Далай нуур нь Рамсарын конвенцын хамгаалалттай.
Манай улс Рамсарын конвенцид нэгдсэн юм уу?
Манай улс энэ конвенцид нэгдээгүй. Олон улсын конвенцид нэгдсэн нэгдээгүй хүн төрөлхтөн эрт дээр үеэс усны эхэнд байгаа нь усны адагт байгаагийнхаа эрх ашгийг хөндөхгүйгээр амьдарна гэдэг зарчим байдаг. Тэгээд ч энэ бол жам ёсны эрхийн асуудал.
Хөвсгөл нуур, хойд хэсэгт уурхай байгаа юу?
Байгаа. Хөвсгөл аймагт нүүрсний томоохон уурхай олборлож ашиглах гээд “Уурхайгүй Хөвсгөл” гэдэг хөдөлгөөн бий болж байгаа гэсэн. Эгийн голын том цахилгаан станцыг барихад Хөвсгөл нууранд ямар ч нөлөө байхгүй гэж үзээд байгаа юм. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Усны урсгалыг боосноор Хөвсгөл нуурын түвшин нэмэгдэнэ, оросын тэмцэлдээд байгаа хүмүүс нь тэнд усан цахилгаан станц бариад сөрөг нөлөөг нь харчихсан хүмүүс л байгаа юм. Байгаль нуураас урсан гардаг Ангар мөрөнд усан цахилгаан станц барьснаас Байгаль нуурын түвшин нь өөрчлөгдөж, түүнд дасан зохицох гэж 40, 50 жилийг зарцуулсан. Гэтэл одоо монголд цахилгаан станцууд бариад Сэлэнгээс орж ирэх ус багасах гэж байна гэж түгшээд байгаа юм.

Орос Улс манайхыг эрчим хүчнийхээ хараат байдлаас гаргах сонирхолгүй. Тиймээс л Эгийн голын усан цахилгаан станцыг бариулахгүйн тулд нөлөөлж байна гэж хардаад байгаа юм. Та юу гэж бодож байна?
ОХУ илүүдэл цахилгаан үйлдвэрлэж байгаа. Тэрийгээ манай улс руу нийлүүлдэг. Манайх бол угаасаа оросын уламжлалт зах зээл. Ийм зах зээлээ алдахыг хүсдэг үйлдвэрлэгч гэж байхгүй. Гэхдээ байгаль экологийн асуудал бол жинхэнэ шүү. Тэр бол Эрхүү, Буриадад байгаа эрдэмтдийн хийж байгаа ажил. Тэр эрдэмтэд бүгдээрээ монголыг судалж байсан хүмүүс. Энд усан цахилгаан станц баривал яах вэ гэдгийг микробиологийн түвшинд ямар нөлөөлөл үүсч болох вэ гэдгийг мэдэж байгаа. Тиймээс тэр хүмүүс засгаа шахаж байгаа гэсэн үг.
Таныг Оросоос захиалгатай ажилладаг гэх юм билээ. Та ямар хариу өгөх вэ?
Би захиалга аваад байдаг хүн биш.
Танай Хил хязгааргүй гол мөрөн байгууллага, Оюутолгойн хяналт ТББ хаанаас санхүүжилтээ авдаг вэ?
Манай гол санхүүжүүлэгч байгууллага нь Дэлхий дахины ногоон сан. Энэ нь байгаль экологийн төлөө тэмцэж байгаа орон нутагт ажиллаж байгаа хүмүүст жижиг тэтгэлэг өгдөг. Манайх байгуулагдсан цагаасаа энэ сангийн салбар сангуудаас санхүүжилт авдаг. Жишээ нь Ханбогд суманд Оюутолгойн нөлөөнд өртсөн малчдын эрхийг хамгаалах, малчдад техникийн болон хуулийн зөвлөгөө авч өгөхөд зориулсан төсөл гэх зэрэгт. Байнга нэг сангаас санхүүжээд явдаг шалтгаан нь түрүү түрүүчийн төсөв авч хэрэгжүүлсэн төслөө зорьсон үр дүнгээ гаргаж хийсэн гэсэн үг. Сүүлийн хоёр жил бид Нидерландын засгийн газрын Байгалийн баялгийн шударга хуваарилалт ба эмэгтэйчүүд гэсэн сэдвийн хүрээн дэх глобальд төсөлд хамрагдаад явж байна.
ОХУ-тай ямар харилцаатай байдаг вэ?
Хил хязгааргүй гол мөрний ОХУ дахь ТББ-дтай хамтран ажилладаг. Хятадтай ч мөн адил мэдээлэл солилцож ажилладаг. Багануурын цахилгаан станцыг барих гэж байгаа компанийн нэр нь  China Nuclear power construction 22 юм байна, танайд бүртгэлтэй юу энэ компанийн талаарх мэдээллийг өгөөч гэж хандах жишээтэй.
Ярилцлага өгсөнд баярлалаа.

Сурталчилгаа байрлуулах »
Маркетинг, сурталчилгааны алба: 99078441, 75553131
sales@mongolcontent.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 18-1, Марс төв

© 2007-2018 Монгол Контент ХХК