Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр хүүхдийн хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулахаар олон мянган хүн цуглажээ. Ээжүүд, аавууд, ТББ-ууд, Их сургууль, дунд сургуулийн оюутан, сурагчид бүгд “Дахин тэвчихгүй” хэмээх тайван жагсаалд оролцож байна.
11:00 цагаас эхэлсэн энэхүү жагсаалыг анх долоон ээж санаачилсан бөгөөд тэдний уриалгад 414 мянга гаруй хүмүүс нэгджээ.
Жагсаалыг зохион байгуулагчдын нэг А.Амаржаргал:
Бид хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг байнга л харж, сонсож байгаа боловч хэдэн өдөр яриад л, долоо хоноход мартдаг болчихжээ. Тийм учраас бидний хэдэн ээж нар нийлээд нэг ч гэсэн хүүхэд дахиж битгий хүчирхийлэлд өртөөсэй гэсэн үүднээс өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байна.
Энэхүү жагсаалыг бид ийм өргөн цар хүрээтэй болно гэж анх тооцоогүй. Зөвхөн ээжүүд нэгдэж, жагсаал зохион байгуулаад, Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэе гэсэн зорилготойгоор жагсаалыг санаачилсан.
Харин өнөөдрийн байдлаар жагсаалыг дэмжиж байгаа 414 мянга гаруй хүн байна. Бидний хүсэж буй зүйл нь хүчингийн гэмт хэрэгтнүүдийг өршөөлд хамруулдаггүй, тэдэнд ялын дээд хэмжээ олгодог байх зэрэг юм.
Мэдээж хэрэг үүнээс гадна эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулж, тэднийгээ сонсож, юу болсон тухайн мэддэг байх хэрэгтэй төдийгүй хүүхдийнхээ хамгийн ойрхон сэтгэл зүйч нь байгаасай гэж хүсэх байна.
Зохион байгуулагч Ч.Одгэрэл:
Өнөөдөр бид хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаж байгаа тул энэ жагсаал хүчирхийлэлгүй, үймээн самуунгүй байх ёстой. Хүүхдээ хайрласан, эцэг, эхчүүдийн тайван жагсаал гэдгийг санах хэрэгтэй.
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль, эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, гэр бүлийн хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч нарыг хараа хяналтаа сайжруулаасай гэсэн хоёр зорилготойгоор энэ жагсаалыг зохион байгуулж байна.
2014-2016 оны хооронд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 80 орчим хувь нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хүчирхийлүүлсэн тухай аймшигтай мэдээг олж мэдлээ.
2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга зэрэгт хүүхдийн эрхийг хамгаалах буюу хүүхдийн эрхэд чиглэсэн хууль, тогтоомжууд шинэчлэгдэн батлагдсан хэдий ч энэ тоо өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байна.
2018 оны гуравдугаар сарын 21-ний өдөр үүсгэсэн Facebook группт өнөөдрийн байдлаар 414 мянга гаруй хүн нэгдсэн бөгөөд Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд, байгууллагуудаас гадна хилийн чанадад амьдарч, ажиллаж байгаа Монголчууд мөн дуу хоолойгоо өргөж эхэлжээ.
АНУ, Франц, Унгар, Швед зэрэг орнуудад ажиллаж байгаа Монголчууд энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
Жүжигчин С.Болд-Эрдэнэ:
Хүүхэд хүчирхийлэлд өртөж буй олон шалтгаан байна. Хамгийн харамсалтай нь бид хүчирхийлэгчийг холоос хайх шаардлагагүй. Бидний дунд, ойрхон байгаа. Хүчирхийлэл өөрөө хүчирхийлэгчийг бий болгодог учраас багадаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан хүмүүс ийм хэрэг үйлдэх магадлал өндөр байна.
Тиймээс хүүхдийг багаас нь хүчирхийлэлд өртөхгүй байх, тэднийг хамгаалахад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байна.
Жагсаалыг зохион байгуулагчид “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хохирогчийг хамгаалах хууль эрхзүйн орчныг сайжруулах, Гэр бүлийн хүрээнд хүүхдээ хамгаалах” гэсэн хоёр ажлыг гол болгож байгаа бөгөөд Хүүхдийн биеийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгаж, өршөөл үзүүлдэггүй болох тухай шаардлагадаа тусгажээ.
- Хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг түүнд ногдуулах ялын бодлогыг чангатгах, үр нөлөөтэй байлгах,
- Хүүхэд хүчирхийлэгчийг бүх насаар нь хорих ялтай болгох,
- Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт этгээдэд өршөөл, уучлал үзүүлдэггүй байх,
- Гэмт этгээдийн ял завших боломжийг хаах эрх зүйн зохицуулалтуудыг боловсронгуй болгох,
- Хүүхдийн хүчирхийлэл гарахаас өмнө тухайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй арга хэмжээ авахуулах,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах,
- Архи, согтууруулах ундааны тухай хуулийг чангатгах, архины үйлдвэрүүдийг хязгаарлах, түүгээр үйлчлэх цэгүүдийн хяналтыг сайжруулах,
- Зочид буудлуудын тоог хязгаарлах, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмыг сайжруулах,
- Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилтийг сайжруулах, үр нөлөөтэй болгох зэрэг болно.
Тэд өөрсдийн шаардлагыг ирэх Даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр эрх баригчдад хүлээлгэн өгч, 7-14 хоногийн дотор хариугаа авна гэсэн юм. Харин хариу ямар гарахаас шалтгаалж цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх аж.
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс