Сангидоржийн Саянцэцэг

Төгөлдөр хуурч
С.Саянцэцэг: Би эх орондоо мэргэжлийн амбийц, тодорхой зорилготой ирсэн

 

-Та өөрийгөө мэргэжлийн тоглогч боллоо гэж тоосон үе хэзээ вэ?

-Миний хувьд Москвад тоглохдоо л тэгж боддог. Гадаадын тоглогчид Москвад тоглохоосоо айдаг. Тэр ч байтугай гадаадад гарчихсан оросууд хүртэл Mосквад  тоглохоос эмээдэг. Москвагийн үзэгчдийн хөгжмийн боловсрол өндөр, үзэгчид миний тоглолтод үнэлгээ хэлэхэд урам авна. Москвад би хэд хэдэн удаа тоглосон. Жишээ нь, Оросын агуу төгөлдөр хуурч, С.Рихтерийн гэр музей, Н.Рерихийн музей, А.С.Пушкины музей, М.В.Ломоносовын нэрэмжит Улсын их сургууль /МГУ/-ийн Хөгжмийн том танхимд, С.Рахманиновын нэрэмжит танхим, Малый зал /Бага танхим/ зэрэг алдартай танхимуудад 2000 оноос хойш тогложээ.  

-Москвад хамгийн сүүлд хэзээ тоглов?

-2017 оны арваннэгдүгээр сард ЗХУ-ын Ардын жүжигчин, нэрт төгөлдөр хууч Маргарита Фёдорова багшийнхаа мэндэлсний 90 жилийн ойн концертод уригдаж Москвагийн Малый танхим, С.Рахманиновын концертийн танхимд оркестртой тоглолоо. Орос багш минь 89 настайдаа бурхан болсон. 90 жилийн ойн концертдоо намайг тоглуулах гэрээслэл үлдээснийг концертийн танхимд тоглохын өмнөхөн зарлахад нь анх сонсоод цочирдсон. Багшийнхаа ойд зориулсан тэр концертийг А.Скрябины зохиол тоглон, хааж байлаа. Фёодорова багш минь Скрябины бүх зохиолыг тоглосон төгөлдөр хуурч анхны эмэгтэй.

24 наснаасаа П.И.Чайковскийн нэрэмжит консерваторт багшилсан хүнд хэчнээн шавь байх билээ. Тэдэн дундаас намайг онцолж гэрээслэл үлдээжээ. Тэр гэрээслэлийг сонсох агшинд би хамгийн их сэтгэл зовж, дотроо “Яана аа” гэж дуу алдсан. Багш минь, аав минь дээрээс харж байгаа гэж бодохоор маш хариуцлагатай тоглох ёстой гэж бодсон. Би энэ тухай би Ардын жүжигчин Т.Цолмон багшдаа, ойр дотныхондоо л ярьсан. Олон нийтэд бол анх удаа  л ам нээж байна даа.

-Америкийн алдарт “Карнеги холл” танхимд хийсэн тоглолтын талаар маш сонирхолтой шүүмж гарсан юм билээ?

-2007 оны тоглолт л доо. “Карнеги холл” концертийн танхимд тоглосны дараа Америкийн мэргэжлийн нэр хүндтэй “Пиано” сэтгүүлд миний тоглолтын талаар шүүмж гарсан байсан. “Манхэттэн” сургуулийн танил багш Миковский утасдаж хэлснийг би хэзээ хойно олж уншсан. Мэргэжлийн төгөлдөр хуурч хүн миний тоглолтыг үзээд дэлхийд алдартай тоглогч Горовиц  /Horowitz/ -тай харьцуулж бичсэн нь надад маш том үнэлэмж, урам өгсөн. Намайг магтахдаа гол нь биш, миний тоглолтыг өөр хүнийхтэй харьцуулсан нь миний цаашдын тоглолтуудад ч нөлөө үзүүлсээр.

Тэр шүүмжийг уншаад манай гэр бүлийн хүний сэтгэл догдолж, нулимс нь бөмбөрч байсан. Би мэргэжлийн хөгжимчнийхөө хувьд ийм том шүүмж авна гэж зүүдэлж яваагүй. Энэ шүүмжийн тухай би Орос, Монгол хоёр багшдаа л хэлсэн. 2007 оны үйл явдлыг одоо л сэтгүүлчид ярьж байгаа юм шүү. Би энэ мэт амжилтуудынхаа талаар ер ярьж байгаагүй, намайг онгирч байна гэж бодох вий гэж эмээдэг.

-Мэргэжлийн төгөлдөр хуурчдын дунд А.Скрябины зохиолыг тоглодог хүн маш цөөхөн байдаг гэдэг. Таны Орос багш Фёдорова, мөн та Скрябиныг тоглодог юм байна?

-Их мэргэжлийн талын асуулт байна. Дэлхий дээр Скрябиныг тоглодог хүн олон байдаггүй. Шопен, Бетховен, Моцарт, Лист, Гайдн гэх мэт зохиолчдын бүтээлийг тоглодог төгөлдөр хуурч ерөнхийдөө олон. Скрябины зохиолуудыг яг бичсэнээр нь тоглодоггүйгээрээ өвөрмөц, хэцүү. Багштайгаа 28 жил хамт байхдаа энэ тоглолтын нууцыг мэдсэн байх. Гэхдээ би багш шигээ Скрябинист биш. Магадгүй багадаа багштайгаа таарсан бол илүү олон зохиолыг нь тоглох байсан болов уу. Фёдорова багш “Скрябиныг тоглохоос эмээх хэрэггүй, чи чадна. Өөртөө итгэ” гэж зоригжуулдаг байлаа.

Сургуулиа төгсөөд охин нь, найз нь болтлоо багш нартайгаа дотносохдоо тэднийхээ "ид шид"-ийг илүү ойлгосон доо. Ардын жүжигчин, СУИС-ийн багш Т.Цолмон багш минь намайг 15 нас хүртэл сургаж, Орос руу сургуульд үдсэн уран бүтээлийн минь ээж. Манай мэргэжилд багш хамгийн дотно хүн нь байдаг. Багш нар минь зөвхөн хөгжим заагаад  зогсохгүй, амьдралын бүхий л асуудал дээр тусалж, арчилж байсан. Тиймээс багш шавийн барилдлага, маш ойр дотно харилцаа байдаг юм. 

-Та гадаадад олон жил сурч, ажиллаж амьдарчээ. Яагаад Монголдоо ирэхээр шийдсэн бэ?

-Аав минь гэнэт өнгөрч, манай гэр бүлд цочир үе таарсан. Би багадаа гэрээсээ гарсан, дүү нар бол сүүлд явцгаасан л даа. Айлын том учир ажил мэргэжил, ар гэрээ бодсон ч үүрэг хариуцлагаа ухамсарлан тодорхой зорилготой ирсэн. Нэгдүгээрт, ээжийгээ асрах. Хөгжилтэй нь ээж намайг асарч байна. /инээв/ Ажил мэргэжлийнхээ хувьд би эх орондоо мэргэжлийн амбийцтай ирсэн. Олон улсын тайзан дээр Монголынхоо нэрийг дуудуулах гарын шавь төрүүлэх нь миний хүсэл, мөрөөдөл. Аавын минь бодлын үргэлжлэл юм. Аав “Миний охин эх орондоо ирж эрдэм мэдлэгээ хүүхдүүдэд сургах хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Одоо би Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын багш, СУИС-ийн магистрын оюутнуудад багшилж байна.

-Мэргэжлийн тоглогч төрүүлэх нь тийм урт хугацааны ажил гэж үү?

-Миний багш нар шиг амьдралынхаа турш тоглосон хүнийг л тоглогч гэнэ. Ер нь тоглогч гэдэг нэрийг 60 наснаас л зүүдэг дээ. 50 нас хүртлээ тоглоод, түүнээс цааш зүг чигээ олчихдог. Насны хязгаар гэж үгүй, үхэн үхтэлээ л тоглоно. Миний орос багш Фёдорова 85 хүртлээ тоглосон. Т.Цолмон багш минь одоо тоглож л байна. Би 2017 оны уран бүтээлийнхээ тоглолтод багшийгаа урьж, хамтдаа тоглосон. Тэр бол миний хувьд мартагдашгүй сайхан өдөр байсан. 
 

Дэлхийн стандартад нийцсэн концертийн танхим Монголд одоо хүртэл байхгүй 

-Аав тань хүн бүхэн төгөлдөр хуурч болж чаддаггүй. Төгөлдөр хуурч болохын тулд маш их бэлтгэл, тэвчээр хэрэгтэй. Өдөрт бэлтгэл хийж, хамгийн багадаа зургаан цаг суух хэрэгтэй болдог гэсэн байдаг. Тэгэхээр Та амьдралынхаа маш олон жилийг энэ хөгжмийн ард сууж өнгөрүүлсэн байх нь ээ?

-Яг тийм. Манай мэргэжлийнхэн давталтыг “100 удаа” гэж ярьдаг. Яг 100 тоолохгүй ч, олон цагаар тасралтгүй давтах ёстой л гэсэн санаа юм. Би хэдэн цаг давтсанаа мэдэхгүй, өдөр суугаад л орой нар жаргахын хэрд хөгжмийнхөө араас босдог байлаа. Хөгжим бүжгийн дунд сургууль, Орост сурч байхдаа сургуулийнхаа уралдаан тэмцээн, тайлан концертуудыг алгасалгүй орчих юмсан гэж маш их бэлдэн амжилттай оролцож, байр эзэлдэг л байсан. Энэ нь миний хувьд Нандингийн олон улсын тэмцээнүүдэд оролцож байгаа шиг л дурсамж үлдээсэн. Тэр олон цагийн давталтыг багш л хурцалж өгдөг байлаа. Багш надыг хурцалж, “Өндгөө хагартал давт” гэж хэлдэгсэн. Хурууны өндөг эвэршдэг, зарим үед хагардаг.

Харин олон цагийн давталт буруу бол хортой шүү. Сурагчийн анхаарал, авьяас, сэтгэл, ухаан, ээж аавын дэмжлэг гэх мэтээр маш өндөр, хатуу шаардлага гэж бий. Энэ бүхнийг давж байж сайн мэргэжилтэн болно. Хэцүү зам, ер нь хөгжимчин хүнд баярын өдөр цөөхөн байдаг. Би багадаа төрсөн өдрөө ч тэмдэглэж байсангүй, дандаа л давтлага, шалгалттай явдаг байлаа. Пионерийн зусланд ч амрах дургүй байсан. Ээж, аав “Энэ хүүхэд ядаргаанд орлоо. Миний охин амрах хэрэгтэй” гээд хүчээр зусланд явуулдаг. Зусланд 14 хоног амрахад гар минь хөшчих юм шиг санагддаг сан. 

-Төгөлдөр хуур хаана байна, Та тэнд явдаг байсан хэрэг үү?

-Одоо ч тийм. Амрах хэрэгтэй, “Тэнд төгөлдөр хуур байвал илүү сайхан амралт болно. Очоод учиргүй тоглоод байхгүй ч төгөлдөр хуурыг харж сэтгэл амардаг араншинтай. Зарим хүн сонсвол гайхаж мэдэх ч байгаа минь л энэ. 

-Эцэг, эхчүүд хүүхдээ мэргэжлийн хөгжимчин болгохгүй ч ямар нэг хөгжмийн зэмсгээр тоглож сургахыг хичээх болж. Энэ нь бас тухайн хүний соёлын хэмжүүр болно гэх ойлголт байх шиг?

-Хүүхэд бол бүгдийг чадна. 2-7 настайдаа хүүхэд суутан байдаг гэдэг. Энэ бол үнэн, би үүнийг олон хүүхэд дээр харж байна. Европт олон жил болоод ирэхэд Монголд хөгжим тоглодоггүй хүн ч ховор болж. Гэхдээ зөвхөн хөгжим тоглож сурснаар нь тухайн хүний соёлын түвшинг хэмжихгүй л дээ. Тэр хөгжмийн урлагийг зааж байгаа хүн нь өөрөө соёл, боловсролын өндөр түвшинд байх ёстой. Багшийн эрдэм шавьд гэж үг бий. 

-Төгөлдөр хуур хүнийг яаж төлөвшүүлдэг вэ?

-Ээж аав нар “Багш аа, манай хүүхэд их хөдөлгөөнтэй эсвэл дүнсгэр юм. Суулгаж сургамаар байна, төгөлдөр хуур тоглуулж төлөвшүүлмээр байна” гэдэг. Миний бодлоор хүүхэд төлөвшинэ гэдэг томоотой болохыг хэлэхгүй. Төлөвшинэ гэдэг өөртөө хяналттай байх, хариуцлага, сахилга баттай, хүнлэг байх гэх мэт чанарыг хэлнэ. Тэр бүхнийг багш хөгжмөөр дамжуулан зааж өгдөг. Зүгээр долоон нот сурч, тоглосноор хүүхэд төлөвшихгүй. Тэр хоосон нотыг хэн ч тоглож чадна. Би хүүхдийн характерийг харж, түүнтэй нь илүү ажиллах хүсэлтэй байдаг.  Миний л бодол, багшлах арга барил энэ. 

-Та бол тайзнаас тайз, тоглолтоос тоглолтын хооронд явсан мэргэжлийн төгөлдөр хуурч. Монголдоо ирснээс хойш багшлах ажилдаа түлхүү анхаарч байх шиг. Тайзаа санаж байна уу?

-Мэдээж саналгүй яахав. Нутагтаа ирснээс хойш миний тоглолт эрс багассан. Миний хувьд ажлаа орхичихсон мэт санагдах үе бий. Жилдээ 3-4 удаа л уран бүтээлийн тоглолтоо хийдэг боллоо. Уран бүтээлч хүний амьдралыг хэд хэдэн үед хуваадаг шиг хэзээ нэгэн цагт миний түүхийг бичвэл 2012 оноос багшлах үе эхэлсэн гэх болов уу. /инээв/ Монголчууд сонгодог урлагийг сонирхож байгаа ч нийтээр нь авч үзвэл сонгодог урлагийг ойлгох, сонсох мэдлэг маш доогуур байна. Сонгодог, мэргэжлийн өндөр түвшний уран бүтээл тавихад манай үзэгчид хараахан бэлтгэгдээгүй байна. Тиймээс үзэгчдийнхээ сонирхлыг татахын тулд сонирхолтой уран бүтээлийн тоглолт хийхийг эрмэлзэж байгаа.  

Манайд дэлхийн стандартад сонгодог хөгжмийн нийцсэн концертийн танхим одоо хүртэл байхгүй. Хөгжим, бүжгийн сургуульд хоёр танхим, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони байна. Концертоо би Дуурийн театртаа тоглож байна. Дуурийн театрын танхим бол дуурь, балетад зориулсан танхим шүү дээ. Зориулалтын танхимтай байвал хүмүүс сонгодог хөгжмийн концерт үзнэ, гадаадаас ч тоглогчид ирнэ. Сонгодог урлагийг сонирхох хүний тоо нэмэгдэнэ. 

-Та Испанид олон жил амьдарсан. Тоглолтууд ямар хэлбэрээр явагддаг вэ?
 

-Миний бодлоор хот, хөдөөгийн ялгааг арилгахын тулд жижиг хотуудад үнэгүй тоглолт үзүүлдэг. Үнэ төлбөргүй учир хүмүүс олноор үзнэ. Тэр хэрээр нийтийн урлагийн мэдлэг тэлж, соёлжино. Сонирхолтой нь, банкууд өөрийн концертийн танхимтай. Уран бүтээлчдийг сонгон ивээн тэтгэж, тэдгээр танхимдаа концерт үнэ төлбөргүй үзүүлдэг. Харин Мадрид, Барселона, Сарагоса, Сан Сэбастиан зэрэг том хотуудаар тасалбартай. Энэ дашрамд хэлэхэд, би 2012 онд Испанийн Баск мужид хийсэн бүх тоглолтынхоо орлогыг Налайх дүүрэгт байсан хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандив болгон өргөж байлаа.
 

Хүний чанар, амжилтыг цаг хугацаа л хэлнэ. Би энэ үгэнд итгэдэг

 -2018 онд олон улсын чанартай тоглолтууд байгаа юу?

-Энэ жилийн тоглолтын ерөнхий зураг гарчихсан. Ирэх арваннэгдүгээр сард Сөүлд, Тайландын Бангкокт тоглох урилга авсан. Тэр үеэр Улаанбаатартаа тоглолтоо хийнэ гэж бодож байгаа. Түүнээс өмнө ирэх зургаадугаар сард Испанид болох “Вeyond the music” фестивальд тоглоно. Би Испаниас зохион байгуулдаг олон улсын “Вeyond the music” хөгжмийн наадмын уран сайхны удирдаачаар 2009 оноос ажиллаж байна. Энэ фестивальд Монголоос гадна дэлхийн олон орны чадвартай тоглогчид ирж 10 хоног хамтран тоглож, нэгнийхээ туршлагаас суралцаж хөгжмийн баяраа хийдэг юм.

-Та амьдрал, уран бүтээлээрээ Испани оронтой салшгүй холбоо тогтоожээ?

-Тийм ээ, гэр бүлийн хүн минь испани хүн. Бид хоёр мэргэжил нэгтэй. Миний хань Монголд байх дуртай. Ирэх зун гадагшаа явахгүй шүү, Монголдоо байна. Энэ удаад Увс нуур үзнэ гээд байгаа. Бид нар зун болгон хөдөөгүүр аялдаг л даа. Ойр хавийнхаа газруудаар нэлээд явсан. Хүн ер нь дасдаг л юм. Би ч Москвад, Испанид дассан. Манай хүн ч Монголдоо дасаж байна. /инээв/

-Одоо Монголдоо л амьдрахаар шийдсэн үү?

-Зорилгоо биелүүлнэ. Зорилгодоо хүрч байж л дараагийн ажлаа төлөвлөнө дөө.

-Сайн мэргэжилтэн болоход орчин хэр чухал вэ?

-Орчин шууд нөлөөлдөг. Аав, ээж хоёр биднийг хөгжмийн орчинд л өсгөсөн. Гэртээ байхад үргэлж пянз тавьж дэлхийн сонгодог хөгжмийг сонсож, аав минь хөгжмийн түүх, онол ярьдаг байлаа. Ийм орчинд өссөн надад хөгжимчин болохоос өөр зам байгаагүй мэт. Аав минь намайг олон цагаар давтуулна. Дараа нь би дүү нараа Хөгжим бүжгийн коллежид ороход нь олон цагаар давтуулна. /инээв/ Бидний бага нас хөгжмийн эгшиг дунд л өнгөрсөн. Ээж, аав минь бидэнд маш аз жаргалтай, дурсамжтай, хүмүүжилтэй хүүхэд насыг бэлэглэсэн дээ.

-Ингэхэд Та өөрийгөө өөр мэргэжилтэн байхаар төсөөлж үзсэн үү?

-Үзсэн. Оюутан байлаа. Амралтаараа ирээд давтаж байтал болдоггүй ээ. Бүр нотоо шидэн  бачимдаад “Би авьяасгүй юм болов уу? гэх бодол толгойд гэнэт орсон. Тэгсэн аав “Миний охин, чадахгүй бол больчих. Аав нь чамайг анагаах, эсвэл хуулийн сургуульд оруулж өгье. Миний охин сайн бод, өглөө босоод дахин ярья” гэсэн. Ээж эмч болохоор эмч мэргэжил гоё ч юм шиг санагдлаа. Өглөө бостол аав “Миний охин, яах вэ. Хөгжмөө орхих юм уу?” гэж асуухад нь “Юу гэж дээ, аав” гэж билээ. Өөр мэргэжлийн тухай ганцхан удаа бодож үзсэн минь тэр.

-Танай гэрийн хамгийн үнэ цэнэтэй өмч хөрөнгө юу болохыг би бараг мэдчихлээ?

-Мэдээж, аавын маань төгөлдөр хуур. Мөн нот, ном, аавын зохиолууд. Надад аавын гэсэн бүхэн хамгийн үнэ цэнэтэй.

-Тэгвэл Таны хообий юу вэ?

-Аавын хөгжим, пянз, ноот, ном цуглуулдаг хообийг би дуурайсан гэж боддог. 

 

Би өөрийгөө төгөлдөр хуурчаас өөр мэргэжилтэн байхаар төсөөлж ч байсангүй

-Та хамгийн сүүлд хоёр бяцхан шавьтайгаа С.В.Рахманиновын нэрэмжит тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Энэ аяллынхаа сонин хачнаас дуулгаач?

-Рахманиновын тэмцээнээс өмнө ярих зүйл байна л даа. Испани улсын хойд зүгт оршдог Уэска хотод “Ciudad Huesca” гэж төгөлдөр хуурын олон улсын тэмцээнийг би 1999 оноос хойш хариуцан зохион байгуулах болсон. Өмнө нь улсын санхүүжилтээр тус хотоос зохион байгуулж байсан юм. Европт эдийн засгийн хямрал болж энэ тэмцээнийг санхүүжүүлэх боломжгүй гэсэн.

“Би нэгэнт анхнаас нь явуулсан учир зогсоохгүйн тулд энэ тэмцээнийг өөрөө хариуцаад зохион байгуулж байя аа” гэж хотынхоо урлаг соёлыг хариуцсан даргатай ярьсан.  Өмнө нь зохион байгуулах байрнаас эхлээд, шагнал, шүүгчдийн цалин зэрэг бүх зардлыг Уэска хотын захиргаанаас хариуцдаг байв. Одоо хотоос тэмцээн зохион байгуулах байраар тусалдаг. Ингээд 2010 оноос хойш би хариуцан тэмцээнээ тасралтгүй зохион байгуулж байна.

-Тэмцээнд оролцогчдын шагнал урамшууллыг Та бас хариуцна гэж үү. Орхичихож болоогүй юм уу?

-Орхиж болохгүй. Эхэлсэн ажлаа дуусгаж, үр дүнг үзэх нь миний хувьд энэ нарийн мэргэжлийг эзэмшсэний утга учир. Тийм ч учраас хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө илүүчилж залуу авьяастнуудыг дэмжиж байгаа юм. Шагнал нь бусад конкурстай харьцуулахад их биш л дээ. Өмнө нь бид жаахан хүүхдүүдэд 500 еврогийн шагнал өгч байлаа. Испани улсын эдийн засаг сэргээд ирвэл энэ тэмцээнийг ивээн тэтгээд явах биз. Тэр хүртэл нь би явуулж байя. Тэмцээндээ Монголоосоо төгөлдөр хуурч багш нарыг шүүгчээр урьж оролцуулдаг болсон.

Би өөрийн багш Ардын жүжигчин Т.Цолмон, ХБК-ийн багш нараа дэмжиж урьдаг. Тиймээс манай багш нар энэ тэмцээнийг сайн мэднэ. “Ciudad Huesca” тэмцээн өнгөрсөн хоёрдугаар сард болж, би дөрвөн шавьтайгаа оролцлоо. Манай Нандин долоо настайдаа 13-14 насныхан оролцдог хоёрдугаар категорт өнгөрсөн жил тэргүүлж, дээд шагналыг нь авсан. Энэ жилийн тухайд Москвад тоглох учир бэлтгэлээ хийх гэж багштайгаа явсан, очсоных конкурсэд ч орсон.

Гэхдээ хөгжмийн тэмцээнд нэг түрүүлсэн бол ямар ч мундаг байсан дараагийн удаа шагнал өгдөггүй онцлогтой. Нэг тэмцээнд хоёр удаа түрүүлнэ гэж байдаггүй. Нандин зөвхөн оролцогчоор явж, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор тоглосон. Испаниас буцахдаа Москвагаар дамжиж Рахманиновын нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнд оролцсон юм.

-Та яагаад О.Нандин, З.Амин-Эрдэнэ хоёрыг сонгож оролцуулах болов?

-Ээж, аав нь дэмжихээс гадна хоёр шавийн минь тоглох чадвар энэ тэмцээнд орох түвшинд хүрсэн байсан. Бид шагнал авах тухай огт бодоогүй. Чайковскийн нэрэмжит хөгжмийн дунд, дээд сургуульд 10 жил сурсан миний хувьд 25 жилийн дараа багш болоод Москвадаа шавь нараа олон улсын тэмцээнд оруулах нь надад бас сонирхолтой байв. Шавь нараа том тэмцээнд оруулъя, багш хүний хувьд өөрийгөө ч сорьё, юун дээр анхаарах вэ гэх мэтээр олон зүйл толгойд эргэлдэж байлаа.

Ингээд бид тайзан дээр гарах эцсийн секунд хүртэл бэлтгэлээ хийсэн. Байр эзэлнэ гэж мөрөөдөө ч үгүй. Миний шавь нар Монгол Улсынхаа нэрийг гаргаж, багшийнхаа нүүрийг улайлгахааргүй тоглосон. Тэмцээний дүнг сонсоод гурвуулаа нэгдүгээр байрт орсон юм шиг л баярлаж, онгоцны буудал дээр хашгирч, хүүхдүүд минь тэврэлдэн бие биедээ баяр хүргэж байлаа.

-Та шавь нараа олон тэмцээнд уралдуулж байсан биз дээ?

-1999 оноос хойш 100 гаруй монгол хүүхдэд хичээл заажээ. Тэмцээнд байр эзэлсэн шавь нарын тоо монгол, гадаад нийлээд 60-70-аад бий.

-Тоглогчдын чансааг тоглосон танхимаар нь үнэлдэг юм билээ?

-Дэлхийд нэртэй хэдэн том танхим байдаг. Москвад тоглоно гэдэг хөгжимчин хүний хувьд нэр төрийн хэрэг. Лондон, Нью-Йорк, Парист тоглосонтой адил үнэлэгддэг. Чайковскийн нэрэмжит Москвагийн консерватор чансаагаараа дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэнэ. Олон жилийн сургалтын системийн үр дүн гарсаар, сайн тоглогчдыг төрүүлсээр байгаа. Би тэр системээс гарсан хүний нэг. Москва хот маш олон хөгжмийн бага, дунд сургуультай ч олон улсын хэмжээний төгөлдөр хуурын тэмцээн тийм олон биш. Орос дотроо зохион байгуулдаг тэмцээн бол хэд хэд бий л дээ. 

-Та гурвын дараагийн уралдаан тэмцээн юу байх вэ?

-Энэ зун оролцох тэмцээний төлөвлөгөө гарчихсан. Испани, Франц, Англи, Италид тэмцээнтэй. Дөрвөн тэмцээнд тоглох программ өөр өөр учир бид бэлтгэлдээ орсон. Нандин маань төгөлдөр хуураар дөрөв дэх жилдээ хичээллэж байна. 

-Бяцхан шавь нар болох Нандин, Амин-Эрдэнэ хоёрын амжилт өсөж, тоглолт нь чамбайрсаар байгаа бололтой? 

-Нандин маань сонгодог урлагийнхаа хүрээнд танигдаж эхэлж байна. Олон улсын найман тэмцээнээс таван удаа тэргүүн байр, нэг удаа хүрэл, нэг удаа тусгай байр эзэлжээ.  Монголдоо зургаан тэмцээнд оролцож дөрвөн удаа тэргүүн байр,  нэг удаа хоёрдугаарт, нэг удаа тусгай байрт орсон байдаг.  Харин Амин-Эрдэнийн хувьд гадаадад хоёр тэмцээнд оролцож, нэг удаа хоёрдугаар байр, Монголдоо гурван тэмцээн орсноос хоёрт нь нэгдүгээр байр, нэг удаа  гуравдугаар байрт орсон. Амин-Эрдэнэ бол зургаахан настай бяцхан охин.

Сая Рахманиновын тэмцээнд хамгийн бяцхан оролцогч байсан учир зохион байгуулагчид өхөөрдөж, өөрөөс нь том янзага бэлэглэсэн. Тэгэхэд “Надад яагаад тоглоом өгч байгаа юм. Би жаахан хүүхэд биш, төгөлдөр хуурч шүү дээ” гээд баярлахгүй байсан шүү. /инээв/ Насандаа бол маш том амжилтуудыг үзүүлсээр байгаа хоёр шавьд минь сайн хөгжимчин болох ирээдүй бий. 

-Олон улсын тэмцээн уралдаануудад Та спортынхноос дутуугүй Монголынхоо нэрийг гаргаж байна. Тэмцээн уралдааны зардалд хэн дэмжлэг үзүүлж байна вэ?

-Улсын дэмжлэг байхгүй учир эдийн засгийн хувьд хүнд л дээ. Бид нар хамаг байдгаа шавхаад, бор зүрхээрээ л явдаг. Ээж, аав, өвөө эмээ нь хүүхдийнхээ төлөө өр, зээл тавьж, ах дүүс нь туслаад явуулдаг. Би гадагшаа тэмцээнд явахдаа шавь нартаа, эцэг эхчүүдэд “Дэлгүүр хэсэхгүй, ширхэг ч юм авахгүй. Мөнгөө хадгална, дараа дараагийнхаа тэмцээнд орно” гээд мөнгийг нь бариад явчихдаг. /инээв/ Хүүхдүүд ч сурчихсан даа. Хүүхэд бүр л гадаад руу тэмцээнд явах дуртай. Гэхдээ үнэхээрийн сайн бэлтгэлтэй нь л явна. Бэлтгэл нь болоогүй хүүхдийг хуурч болохгүй. Ангийнх нь нэг хүүхэд тэмцээнд амжилттай оролцоод ирэхэд тэр хүүхдээс илүү хажуу хавийн хүүхдүүд нь нэгнээ сонсох зэргээр эрс сайжирч, сэргэдэг. Амжилт нь бусдадаа маш сайнаар нөлөөлдөг. 

-Тэмцээнүүдэд амжилттай оролцоход мөнгөн урамшуулал өгдөг үү?

-Дэлхийд өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээн олон болдог. Энэ хэрээр сонгодог урлаг, ялангуяа төгөлдөр хуур хүчтэй хөгжиж байна. Хүүхдийг тэмцээнд мөнгөөр татах биш, багш шавийн хөдөлмөр аав, ээжийн дэмжлэгээр амжилт, чадвар нь тодорхойлогдоно. Олон улсын тэмцээнүүдэд медаль, диплом, ном, CD болон хүүхдэд хэрэгцээт зүйлсийг нь  бэлэглэдэг.

-Монголд сонгодог урлагийг хөгжүүлэхийн төлөөх та бүхний уйгагүй хөдөлмөрийн үнэлэмж сулхан байгаа. Та олон жил гадаадад ажиллаад ирсэн хүний хувьд ялгааг нь олж харсан л байх?

-Монголд сонгодог урлагийн үнэлэмж маш доогуур. Оюуны хөдөлмөр, бүтээлийг сайн үнэлэх ёстой юм. Үнэлүүлж байж, ар гэртээ санаа зовохгүй, уран бүтээлдээ гол анхаарлаа төвлөрүүлнэ, сайн бүтээл гаргана. Тэр нөхцөл боломж нь хангагдаагүй. Уран бүтээлчид бие даасан тоглолт хийхдээ тасалбар борлуулахаас эхлээд бүх ажлаа өөрөө хариуцдаг. Европт тоглолт хийхдээ тасалбар борлуулах, тайзны засал гэх мэтээр тоглолттой холбоотой зохион байгуулалтын ямар ч ажилд санаа зовохгүй, яаж амжилттай тоглох вэ гэдэгт л анхаарал хандуулна.

Миний тоглолт ивээн тэтгэгч, зохион байгуулагчтай байдаг. Төгөлдөр хуурч болгон ур чадвараас хамаарч өөрийн үнэлэмжтэй. Тоглолтын маргааш цалин дансанд орчихно. Европт байхдаа Монголд тоглолтоо хийхэд ийм байдгийг сонсоод гайхдаг байсан. Одоо бол энэ ажлын амаргүйг мэдрээд таван жил болжээ. Тэгэхээр сонгодог урлагийг хөгжүүлэхийн тулд бүх талын дэмжлэгийг л бий болгомоор байгаа юм.

Аав минь бардам ч юм шиг, гунигтай ч юм шиг амьдарсан

-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Чойгивын Сангидорж Монгол орныхоо уул, ус, үзэсгэлэнт байгалийг бараг бүхэлд нь магтан дуулсан, Монголын ард түмэнд олон сайхан дуу үлдээсэн гавьяатан шүү?

-Аав 500 гаруй дуутай. Эх орон байгаль дэлхийгээс гадна ханийн хайр, эхийн элбэрэл гээд дуулаагүй сэдэв байхгүй дээ. Аав эх орондоо их хайртай, байгальд дуртай, амьтанд хайртай байсан. Их эмзэг мэдрэмтгий, сэтгэлийн асар их хөдөлгөөнтэй хүн байлаа. Ааваараа бахархсан ч нөгөө талд гуниг байдаг юм. Гэхдээ нэг их эмгэнэж, гашуудах биш. Би аавынхаа дотоод ертөнцийг ойлгодог байсан. Урлагийн хүмүүсийн дотоод ертөнцийг ойлгоход хэцүү, нийгэмтэйгээ маш их зөрчилддөг. Аав минь гунигтай ч юм шиг, бардам ч юм шиг амьдарсан даа. Ямар ч байсан жирийн хүн байгаагүй. 

Аав минь гадаадын олон уран бүтээлчдэд үнэлэгдсэн. Морин хийлийн зохиолыг нь Англид амьдардаг Оросын нэртэй морин хийлч Александр Вольпов тоглоё, нотыг нь өгөөч гэж гуйсан. “Миний ээж тэмээчин” дууг Испанийн хөгжмийн зохиолч морин хийл, төгөлдөр хуурт зориулан хөрвүүлж, нотыг нь надад бэлэглэж байсан гээд яривал их зүйл бий. Аав зохиол бичиж байхдаа “Аав нь ийм зохиол бичиж байна” гээд тоглож сонсгоно. Бид хоёрын дунд уран бүтээлийн яриа байнга өрнөдөг байлаа. Бүтээлүүд нь яаж төрсөн, тэр бүхэн бүгд сэтгэлд байдаг учир сонсоход өөрийн эрхгүй нүдэнд харагдаад эхэлнэ. Би аавыгаа уран бүтээлчийнх нь хувьд маш их хүндэлж, биширч, сэтгэл зүрхэндээ тээж явдаг. 

-Та хэвлэлд өгсөн ярилцлагууддаа аавынхаа тухай их дурссан байдаг юм байна?

-Би айлын том охин. Дүү нартаа үлгэр жишээ болно гэж бодсон байх аав надад их анхаарал тавьсан. Би хөгжмийн зохиолчийн хүүхэд гэж ааваараа л бахархаж амьдарсан. Уран бүтээлийн минь нэр хүртэл “Saya Sangidorj”. Ааваараа нэрлэсэн минь гадаад хүмүүст ч сонин байдаг бололтой. Хамгийн сүүлд 2011 онд аав бид хоёр хамтдаа Үндэсний телевизийн бичлэгт ороод, гэр лүүгээ алхаж байхдаа зөндөө сайхан зүйлсийн тухай ярьсан л даа.

-Юун тухай яриа байсан бол?

-Совин татсан юм болов уу, мартахааргүй захиасуудыг үлдээсэн дээ. Тэр бол аав охин хоёрын эцсийн хамгийн дотно яриа байжээ. Хааяа аавыгаа санахаар тэр захиасыг санаж, бодож тайвширдаг. Уран бүтээлээ хийж байхдаа би аавдаа, орос багшдаа мөргөдөг. Бурхны оронд байгаа тэр хүмүүсээс элч энерги ирэх шиг санагддаг.

Ээж минь урлагийн төлөө төрсөн хүн боловч энэ салбартаа ажиллаагүй. Таван хөгжимчний дунд амьдарсан, хөгжимд дуртай хүн. Ээж минь ханийнхаа уран бүтээлийн мөч бүхэнд хамт байсан учир аавын бүх уран бүтээлийг толгой дараалан, үүх түүхтэй нь мэднэ. Хөгжмийн зохиолчийн жинхэнэ түшиг тулгуур нь байлаа. Аав болон хүүхдүүд биднийхээ төлөө бүхнээ зориулсан мундаг эмэгтэй. Аав минь хүсэж санаснаа бүтээсэн, сайхан гэр бүлийг үүсгэж, сайхан амьдарсан. Олон сайхан уран бүтээл туурвиж, эх орон ард түмэндээ мөнхрүүлсэн. Дуулах дуртай хүмүүс дууг нь дуулж, зохиолуудаас нь тоглож байна.

-Аавын тань охиндоо зориулсан уран бүтээл байдаг уу?

-“Худлаа шүү, ээж ээ” гэж дуу бий. Аав 1993 онд Испанид байхдаа бичсэн, маш гоё дуу. Төгөлдөр хуурын оркестргүй сонатыг хамгийн сүүлд 2010 онд бичсэн. Аавын зохиолууд радиогийн “Алтан фонд”-д бараг бүгд хадгалагдаж байгаа. Үүнээс 20 прелюд, “Аврора” сонат, төгөлдөр хуурт зориулсан ардын 32 дуу нь миний тоглосноор радиогийн “Алтан фонд”-д хадгалагдаж байна.

-Танд аавтайгаа төстэй ямар чанар байдаг вэ?

-Уйгагүй чанар ааваас байдаг байх. Ааш зан ч ялгаагүй, аавыг сайн мэддэг хүмүүс намайг “Яг залуугийн Сангиа” гэдэг байсан. Ээж минь “Гэрийн хаалга тогшдог хэмнэл нь хүртэл  аавтайгаа адил. Заримдаа хаалга тогшиход чинь айх шиг болох юм” гэхэд нь би ээжийн  хэлснийг санаж, өөрөөр тогшдог болсон. Ээж гарыг минь илэхдээ “Яг аав” гэж хэлдэг. Ээжийнхээ дэргэд би яг аав л суудаг шиг байгаа юм. Одоо ээждээ эрхлээд, хамгийн дотнын найзууд шиг л сайхан байдаг.

-Уран бүтээлчийн хувьд энэ хэмжээнд хүрэхэд ажил, амьдралдаа хийсэн дүгнэлт тань юу байв?

-Хүний чанар, амжилтыг цаг хугацаа л хэлнэ. Аав минь тэгж хэлдэг байсан. Би энэ үгэнд итгэж явдаг.

-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Төрж өссөн Улаанбаатар хот маань хөгжмийн олон танхимтай болж, сонгодог урлаг түгэн дэлгэрээсэй гэсэн бэлгэтэй үгээр энэ ярилцлагаа өндөрлөмөөр байна. 

 

 

Санал болгох

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан сонсогчдын сэтгэлд хүрч, зүрхэнд шингэсэн дуунуудаасаа бүтсэн “Golden album”-аа гаргаад удаагүй байна. Монголын урлагийн тод од, хүний хань, хөөрхөн хүүхдүүдийн ээж болсноор уран бүтээлээ туурвисаар, тайзны ард ажилласаар яваа дуучин бүсгүйг уншигч Тантай уулзуулахаар “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллээс хол чимээгүйхэн амьдарсан тэрбээр ар араас нь дуу гаргаагүй ч ая дуунаасаа холдоогүй. Гэр бүлийн бизнесээ удирдаад өөрийнхөө хувьд цоо шинэ барилгын салбарт компани удирдан ажиллаж байна. Түүний хэлснээр зарим үед хоногийн 24 цаг ч багадам их ажлынхаа зэрэгцээ хань ижил, үр хүүхдээ халамжилж гэр бүлийнхээ амар амгалан, аз жаргалын үндсийг баттайяа суулгасан дуучин бүсгүйтэй Уншигч Таныг уулзуулъя.

Т.Баясгалан: Гүн гүнзгий агуулгатай, үнэн үгтэй бүтээл ирвэл дуулахад бэлэн, дуулж ч байгаа

2017-11-07 1682 Дэлгэрэнгүй
Монголын тавилгын салбарын анхдагч, тэргүүлэгчдийн нэг “Ганброс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хатагтай А.Одончимэгийг “GoGo Cafe”-ний зочноор урилаа. Интернэтийн хайлт, загварын сэтгүүлийн хуудаснаас гэрээ тохижуулах энгийн агаад эрхэмсэг, орчин үеийн чиг хандлагуудыг илтгэсэн интерьер дизайнтай шийдлүүдийг тогтож харалгүй, алгасан өнгөрөх хүн ховор болов уу. Зурагт үзүүлсэн тэрхүү шийдлүүдийг бодит болгож, айл гэрт ая тухыг авчрах ухаалаг шийдлүүдийг гаргаж, сэтгэл ханамжийг авчрах ажлыг “Ганброс”-ынхон Итали, Герман, Австри зэрэг Европын зах зээлээс Монголдоо нэвтрүүлсэн. Интерьер дизайн, тавилгын бизнесийн чиг хандлага шинжлэх ухааны үндэстэйгээр тасралтгүй хөгжиж Та бидний төлөө үйлчлэх ухаалаг технологи руу шилжсээр байна. Тэрхүү шинэчлэлийг Монголдоо нэвтрүүлэхэд анхаарч ажилладгаа А.Одончимэг захирал онцлов.

А.Одончимэг: Ашиглахгүй талбай ихтэй, том байшингаас дэлхий нийтээр татгалзаж эхэллээ

2017-12-18 41 1250 Дэлгэрэнгүй
Хятад судлаач, Хэл шинжлэлийн ухааны доктор, орчуулагч, Д.Болдбаатарыг “GoGo Cafе”-ны зочноор урилаа. Хүний эрдэм сурах хэрэгцээ хязгааргүй тул түүний үүсгэн байгуулсан “Гэгээ” боловсролын төвийг цэцэрлэгийн насны балчир хүүхдээс эхлэн 70 гаруй настай буурал хүртэл зорин ирж, гадаад хэлийг хялбар аргаар гаргууд сайн сурч байна. Чухам энэ тухайгаа Д.Болдбаатар багш “Би олон шавь нараа дагуулаад уулын оргил өөд хамгийн дөт замаар зорин явагч нэгэн гэж төсөөлөх дуртай” гэж хэмээн өгүүлжээ. Д.Болдбаатар багш гар утас ашиглан хятад хэлийг хялбархан сурах аргыг бодож олоод, энэ аргаар суралцах анхны ангийг бүрдүүлэн зааж эхэлсэн нь эхний хэдхэн өдрөөс л үр дүн гарч буйг олзуурхан ярьсан. Тус ангийн хамгийн ахмад суралцагч 54 настай О “Би Хятадаар А-ч гүй ирсэн, хятад хэл сурна гэдэгтээ эргэлзэж байсан ч зориглон орсон. Хичээл ороод дөрөв дэх өдөртөө бид “Улаан малгайт” үлгэрийг уншиж, бичдэг боллоо” хэмээн сэтгэгдэл өндөр ярина. Тэрбээр Хятад хэлнээс 30 гаруй ном орчуулсан чадварлаг дуун хөрвүүлэгч. Түүний орчуулсан бүтээлүүдээс монгол хэлнээ хөрвүүлэгдэн 60 мянган хувь борлогдсон “Чонон сүлд” романыг дурдаж болно. Доктор Д.Болдбаатарын гадаад хэлийг хялбар сурах арга хийгээд Хятад судлал, орчуулгын бүтээлүүдийнх нь талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлснээ Уншигч танд хүргэж байна.

Д.Болдбаатар: "Гуравхан сая хүнийг аятайхан авч явах амархан баймаар” гэж халаглах хятад хүнтэй таарч байсан

2018-01-22 83 1003 Дэлгэрэнгүй
Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Я.Эрдэнэ-Очирыг “GoGo Cafe”-ны зочноор урилаа. Хавдар судлалын үндэсний төв одоогийн байрандаа орох үетэй зэрэгцэн ажлын гараагаа эхэлснээс хойш, өнөөг хүртэл олон олон чадвартай мэс засалчдыг төрүүлж, олон мянган хүний алтан амийг аварсан энгүй ачтан, эгэл даруу мэс засалч. Бид улс орны хөгжилд хувь нэмэр оруулж буй бизнес эрхлэгчдийг баялаг бүтээгч гэдэг. Хүнд амьдрал бэлэглэгч мэс засалчид ч мөн адил баялаг бүтээгч төдийгүй Монголын баялаг юм. Тэдний хийсэн мэс засал болон эмчилж, эрүүлжүүлсэн хүмүүс энэ нийгэмд ямар хувь нэмэр оруулсныг мөнгөн дүнгээр илэрхийлэх аргагүй. Мэс засалч Я.Эрдэнэ-Очирыг 2018 оны гуравдугаар сард “Профессор”-ын үнэмлэхээ гардах ёслолын үеэр түүний шавь нарын нэг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, элэгний нэрт мэс засалч Ж.Чинбүрэн “Зөвхөн ашигт малтмалыг баялаг гэж хэлэхгүй. Олон жил ажилласан мэдлэг, туршлагатай тан шиг эмч нар Монголын баялаг” хэмээн хэлсэн нь түүний уйгагүй хөдөлмөрийг үнэлсэн, эзнээ олсон тодорхойлолт байв.

Я.Эрдэнэ-Очир: Улс мэс засалчдын хөдөлмөрийг дэндүү үнэгүйдүүлж байна

2018-05-21 2103 Дэлгэрэнгүй