ФОТО: Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатыг эцсийн замд нь үдлээ

Д.Багахүү GoGo.mn

2018-04-13 09:13 GMT+8

Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Үндэсний бөхийн дархан аварга, Олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбатыг өнөөдөр Алтан-Өлгийд нутаглууллаа.

Өнөөдөр өглөө Спортын төв ордонд түүнтэй салах ёс гүйцэтгэжээ. Сүмогийн Их аварга Мөнхбатын Даваажаргал салах ёс гүйцэтгэх үеэр:

"Аавтай минь салах ёс хийхээр “Хоёр Мөнх”-ийн нэг Их аварга Х.Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна.

“Хоёр Мөнх” 20 дугаар зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур амьсгал оруулж, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ.

Төрийн наадамдаа бие биеэ давж ялахын төлөө үнэн шударгаар барилдаж, дэлхийн дэвжээнд дэлхийн суутнуудыг хэрхэн ялах ухааныг хамтдаа сийлсэн хоёр мөнхийн маань үе ийнхүү түүх болон үлдэж байна" гэжээ.

Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дархан аварга Ж.Мөнхбат үндэсний бөх болон чөлөөт бөхийн төрлөөр тив дэлхийд гарамгай амжилт үзүүлсэн тамирчин бөгөөд Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимпийн анхны, ДАШТ-ээс Монголын анхны медалийг эх орондоо авчирчээ.

Ж.Мөнхбат 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байв.

Тэрээр үндэсний их баяр наадамд 1963-1967, 1974 онуудад зургаан удаа түрүүлсэн билээ. Түүний хүү Хакүхо М.Даваажаргал Японы мэргэжлийн сүмод томоохон амжилт гаргаж, ёкозүна цол хүртсэн 69 дэх их аварга болж байлаа.

Дархан аварга Ж.Мөнхбатын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5130 санал өгсөн байна.

Дээшээ