Бид нийгмээрээ чадваргүй, цаг үедээ нийцэхгүй болжээ
Баатарын Батаа

Болохгүй, бүтэхгүй, бүдүүлэг, зарчимгүй, ёс зүйгүй, шударга бус... гээд байхгүй, бүтэхгүй, болохгүй бүхний суурь нь яалт ч үгүй боловсролоос үүдэлтэй.

Яагаад ийм болчихов, шалтгаан үр нь юу байв гээд хайвал бас л боловсролын салбар луу хөтөлнө.

Энэ бүхнийг өөрийн биеэр туулж яваа эцэг, эхчүүд үр хүүхдээ яаж хүн шиг хүн болгох вэ, ямар сургуулийг сонгох вэ гэдэг "толгойны өвчтэй" болсон. Гэтэл нөгөө талд багш нар "цалин нэмэх ёстой" гэж тэмцэх боловч, сургалтын чанар муу байна, яаж сайжруулж болох вэ гэж ганц ч үг ган хийхгүй.

Гэвч чөтгөрийн тойргоос гарах цор ганц зөв замын эхлэл нь яалт ч үгүй багш нарын цалинг нэмэх, нийгэм дэх тэдний үнэлэмжийг сайжруулах байж болзошгүй.

Бүх болохгүй, бүтэхгүй бүхнээ багш нар луу, боловсрол руу чихчихээд бүгдээрээ ариухан амьтад шиг үлдэх үү гэвэл бас үгүй. 

Хурц өнцөг энэ удаад боловсролын салбар, асуудлуудыг ярихаар боловсрол судлаачийг студидээ урьсан юм.

Энэхүү ярилцлагыг та бүхэн УНШИЖ, СОНСОЖ бас ҮЗЭЖ БОЛНО.

 

 

 

О.Ариунбилэг
Сэтгүүлч

Боловсрол

  • 1995 онд УБ хотын 51-р сургууль
  • 2000 онд ШУТИС, Инженер
  • 2003 онд Хан-Уул дээд сургууль, Бизнесийн удирдлага
  • 2007 онд Хан-Уул дээд сургууль, Хэрэглээний математик
  • 2011 онд МУБИС, Боловсрол судлал

Ажлын туршлага

  • 2003-2004 он Диана дунд сургууль, Математикийн багш
  • 2004-2006 он ММБА, Судлаач
  • 2006-2014 Оюуны чадварын-IQ төв, Ерөнхий аргазүйч   
  • 2014-2015 Математик сэтгүүл, нийтлэлч
  • 2015-2016 ЭмЭлСи Трэйнинг, Сургагч багш
  • 2016-2017 Эдийн засгийн багш 
  • 2017-Одоо Сургалтын менежер 

 

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ

Хоцрогдлын шалтгаан нь заавал боловсролын салбар, багш хүнтэй холбоотой биш

Нийгмийн болохгүй бүтэхгүй бүхний талаар ярихаар явж явж боловсролын асуудал дээр л тулдаг. Яагаад өнөөдөр боловсролын асуудал ингэтлээ хурцаар тавигдах болов?
Зөв л дүгнэлт байна. Адам Смит “нийгэмд асуудал байгаа бол учир шалтгаан нь боловсролтой холбоотой. Шийдэл нь шаардлага хангасан боловсролтой бол” гэдэг. Энэ бидний зайлшгүй анхаарах, шийдэх ёстой асуудал.
Олон улсад бид бичиг үсэг тайлагдсан байдлаараа, оюутан болон дээд боловсролын байгууллагын тоогоороо дээгүүр байр эзэлнэ. Гэвч боловсролын чанар нь үнэхээр тэр түвшинд байгаа юу?
2014 оны мэдээллээр байгалийн ухаан, математикийн боловсролоор 122 орныг жагсаахад 60 хавьцаа орж байсан. Энэ бол боломжийн үзүүлэлт. Харин эдийн засаг бизнесийн боловсролоор 117-д жагссан байсан. Бид боловсролын цаад учир шалтгаан, мөн чанарыг мэдэж байна уу, хэрэгцээг нь мэдэрч байгаа юу, юмыг хийсэн шиг хийж байна уу гэдэгтэй л холбоотой. Бид юмыг өнгөцөөр хийх гэдэг, аргалах гэдэг ард түмэн шиг байгаа юм. Үүнтэй холбоотойгоор л одоогийн боловсрол дүгнэгдэнэ.
Монгол хэлний сүүлийн таван жилийн ЭЕШ-ын дүн буурч байна гэх, хүүхдүүд муу сурч байна гэх мэт асуудалд буруутныг тогтоо гэвэл тэр нь багшаас зайлахгүй гэж бодоод байгаа юм. Та юу гэж бодож байна?
Энэ асуултанд би тийм бас үгүй гэж хариулна. Үгүйгээс нь эхэлье. Хүмүүс “шинэ цагийн багш нарын чадвар муудлаа” гэж ярьдаг. Гэтэл энэ цаг үеийн багшийн чадвар өмнөх үеийн багшийнхаас муу юу гэвэл хариулахад их адармаатай. 1950 оноос хойш хүн төрөлхтөн нүргээнт өөрчлөлтийн үе рүү орчихлоо. Шалтгаан нь шинжлэх ухааны ололт, мэдээллийн технологийн дэвшил. 1597 онд П.Бэкон “мэдлэг бол хүч” гэж хэлж байж. Таван зууныг өнгөрөөсний дараа харахад мэдлэг гэдэг уулыг нурааж, усыг эргүүлэхээр хүчтэй болжээ. Нөгөөтэйгүүр мэдээллийн технологитой холбоотойгоор мэдээллийг амархан олдог, түгээдэг болчихлоо. Энэ хоёр зүйлээс улбаатайгаар хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хурдтай өөрчлөлт явагдаж байна. Харин бид хүссэн ч, эс хүссэн ч хоцрогдоод байгаа юм. Хоцрогдлын шалтгаан нь заавал боловсролын салбар, багш хүнтэй холбоотой биш. Нийт нийгмийн асуудал. Бид нийгмээрээ чадваргүй, цаг үедээ нийцэхгүй төлөв байдалтай нүүр тулчихлаа.
Тийм гэдэг нь?
Социализмын үед багшийн цалин сайн байсан. Харин одоо нэлээн тааруу. Мөн багшийн үнэлэмж нэлээд унаж байна. Энэ нь боловсролыг, багшийг нийгэм яаж хүлээж авч байна гэдэгтэй холбоотой. Их дээд сургуульд элсэгчдийг харахаар багшийн мэргэжил гэдэг сонголт олдохоо байсан үед, нэлээд хойгуур хийгдэж байгаа сонголт болчихоод байна. Ингэхээр дээхнэ үед багшийг сонгодог байсан потенциаль, одоогийнхоос ялгаатай болчихоод байгаа юм.
Багшийн чадвар муудаж байгааг та цалингийн системтэй холбож байна уу?
Тийм.

Гэхдээ тухайн хүн цалингаа мэдэж байж мэргэжлээ сонгож байгаа биз дээ?
Багшийн мэргэжлийг нэгэнт сонгочихсон, түүнийхээ төлөө тэмүүлж байгаа багшийг буруутгаад байх нь тийм сайхан дүгнэлт биш. Тэр хүн бол өөрийнхөө потенциалийн хэмжээгээр өөрчлөгдөхөөр тэмүүлж байгаа. Нөгөөтэйгүүр “үүнээс илүү сайн хүн багшилж байсан бол” гэдэг бодол бас байна. Тиймээс бид багшийн мэргэжлийг сонгох тэр анхны алхмаас нь анхаарах хэрэгтэй. Харин багшлах хүсэл тэмүүлэлтэй, цалин нь ямар байх нь хамаагүй хийчих юмсан гэсэн бодолтойгоор ажиллаж байгаа энэ хүмүүсийг эерэгээр харах ёстой гэж боддог.
Боловсролын чанар муугаас төгсөгч муу, төгсөгч муугаас ажлын байран дээр алдаа гаргадаг, тэгээд дахиад муу шавь төрүүлдэг гэх чөтгөрийн тойргоос гарах арга зам нь юу байж болох вэ?
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань дэлхийд өндрөөр үнэлэгдэж, улс орны орлого нэмэгдсэн үед  л боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах мөнгөтэй болж, асуудал шийдэгдэнэ. Гэхдээ энэ бол тэнгэрийн юм шиг гарц. Нөгөө гарц нь, чөтгөрийн тойргийг засч сэлбэх биш харин шууд тасалж хөгжлийн тойрог руу ордог. Түүний тулд бид хоёр эсвэл гурван үеэрээ хөгжил рүү тэмүүлж, өнөөдрийн байгаа байдлаа чамлаж, байгаадаа дасан зохицох талаасаа биш боломжийг хэрхэн бий болгох вэ, одоо байгаагаасаа илүү сайн руу, хөгжил рүү тэмүүлмээр байна гэсэн хүсэл тэмүүллийн дараа өөрчлөгдөнө.
Гэхдээ нэг үеэ бодвол хүмүүсийн боловсролд хандаж байгаа хандлага эерэг болсон харагддаг. Хүүхдүүддээ сайн боловсрол олгохыг хүсдэг болж.
Энэ их сайн тэмүүлэл. Монгол хүн боловсролд үнэ цэнэ өгдөг онцлогтой. Гэхдээ, үнэхээр бодит үр дүнтэй хандлага мөн үү. Зарим нь өнгөц байна уу гэж боддог.
Юу нь өнгөц гэж?
Жишээ нь, цагаан сарын өмнө 7 хоног хүүхдээ хичээлээс нь чөлөө авахуулчихдаг. Дараа нь бас долоо хоног гээд 14 хоног сургуульд нь явуулахгүй. Гэсэн атлаа яагаад манай хүүхдийг сургадаггүй юм гээд байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд боловсролын үйл ажиллагаа яаж явагддагийг мэдэж байна уу, үнэхээр дэмжиж байна уу гэдэг асуудал үүснэ. Гэхдээ социализмын үеэс л төр засгаас нь “танай хүүхдийг бид хүмүүжүүлнэ, яслиас нь эхлээд өсгөчихнө” гэдэг байснаас монгол эцэг, эхчүүд хүүхдээсээ хол зайтай болчихсон юм шиг. Үүнийгээ өөр улс оронд ажиллаж, амьдрахдаа л мэдэрдэг. Гадны улс орны багш нар “монгол эцэг, эхчүүд боловсролоос, хүүхдээсээ их хөндий” гэсэн сөрөг бодолтой байдаг. Сардаа нэг, хоёр удаа сургуулийн үйл ажиллагаанд оролцооч гэхээр монгол эцэг эхчүүд завгүй гээд очдоггүй гэнэ. Ерөөсөө боловсролын салбарыг ойлгоё гэвэл боловсрол судлаач, багш, сургуультайгаа илүү ойр байж гэмээ нь нэг зүгт алхана. Түүнээс нэг нь нэгнийгээ үгүйсгээд эсвэл буруутгаад шийдэл олчихдог бол их гоё. Даанч тийм боломж байхгүй.
Хамгийн сайн сургуулийг сонгоод өгчихсөн байхад л болчихлоо гэж боддог байх.
Хараад байхад сургуулиуд олимпиадын дүнгээр уралдаж, эцэг эхчүүд тэр дүнгээр нь үнэлгээ өгөөд байх шиг. Үүний цаана эцэг, эхийн үзэл бодолд нийцүүлж сурталчилгаа хийгээд байна үг. Эцэг, эхчүүд “Эдний хүүхэд олимпиадад ороод ийм байр эзэлжээ, чи яагаад чаддаггүй юм” гэж хүүхдээ загнадаг. Тэгэхээр нь би ааваас нь “та өөрөө сургуульд байхдаа олимпиадад байр эзэлж байсан уу” гэхээр “үгүй” гэнэ. “Ээж, эмээ өвөө нь тэгж байсан уу” гэхээр “үгүй” гэнэ. Тэгээд юу хүсээд байна вэ. 

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Хүүхдийн ахиц дэвшлийг хөгжүүлэх хоёр боломж бий. Хүнтэй харьцуулах, өөрийнх нь ахиц дэвшлийг үнэлэх. Хүнтэй харьцуулвал их асуудалтай зам руу орно. Яагаад гэвэл бид энэ цаг үед бүрэн бус мэдээлэл аваад байгаа юм. Элдэв мэдээллийн сувгаар бид нэг бол муугийн муу, нэг бол сайны сайн мэдээллийг авчихдаг. Гэтэл муугийн муу мэдээний “эзэд” чинь нийт хүн амын гуравхан хувь, сайны сайн нь мөн гурван хувь. Гэтэл цаана нь 94 хувь үлдэж байгаа биз. Тэр нь бодит мэдээлэл. Тэгэхээр гуравхан хувьд ороод байгаа олимпиадын амжилтаар нийт нийгмийг дүгнэж болохгүй биз дээ.
Эцэг, эхчүүдийн хүсэл бол багш хүнийг төгс байх ёстой гэж үздэг. Тийм боломж бий юу?
Ийм боломжийн төлөө л бид явах ёстой. Багш нар ёс зүйгүй боллоо гэж хэлэгдэж байна. Нэн түрүүнд боловсролын салбар ёс зүйгүй байж болохгүй. Сайн сайхны үлгэр жишээ энд байх ёстой. Нөгөө талаасаа багшийг “ёс зүйгүй болж байна” гэдэгт би хоёр талтай гэж бодно. “Хүүхэд зоджээ, муухай харьцжээ” гэх мэт ганц нэг мэдээлэл байж болно. Гэвч энэ нь түрүүний миний ярьсан муугийн муу гуравхан хувь. Түүнээс нийтээрээ бол биш. Бас бодохоор зүйлүүд байна уу гэвэл байна. Нэгдүгээрт бид багшийн ёс зүйн дүрмүүдийг багш нарт ойлгуулж чадсан уу. Нийгмийн ёс зүйг сайжруулахын тулд ойлгуулан тайлбарласан уу, хугацаа зарцуулсан уу. Шууд л нэг дор өөрчлөгдчихдөг зүйл биш. Өөрчлөлт гэдэг хугацаа, ухуулга таниулга шаарддаг зүйл. Ёс зүй бол бодоод ойлгосноороо дагасан уу гэдэг асуудал. Гэтэл үүнийг хуультай андуурч боддог. Энийг дагасан уу, дагаагүй бол шийтгэчихье гэдэг.
Өнөөдрийг хүртэл багш бэлтгэх их дээд сургуульд нь ёс зүйн талаар заадаггүй гэж үү?
Энэ бол шинэ сэдэв. Ерэн оноос эхлээд л бид өөрчлөн шинэчлэхээр явж байна. Гэхдээ энэ тийм их хугацаа биш. Бид бол хурдхан өөрчлөгдөх юмсан гэж яаран хүсч байгаа. Гэхдээ эргээд өөр дээрээ бодох ёстой юм. Та тийм хурдан өөрчлөгдөж байгаа юу? Ардчилал гэдэг сайхан үе рүү бид орчихлоо. Гэхдээ ардчилсан нийгмийн сэтгэлгээгээр Та нийгмийн амьдралд оролцож чадаж байгаа юу. Хугацаа хэрэгтэй. Өөрчлөлт хийгдэж байгаа.
Ёс зүйн хувьд хөгжих дэвжих гэж зүйл байх ёстой биш гэж үү. Жишээ нь, зургаахан настай хүүхдүүдээс шилдгийг нь шалгаруулаад өргөмжлөл өгчихөөд зогсож байгаа багш хүн одоо цагт байна гэхээр харамсалтай биш үү?
Нөлөөлөл нь их сонин. Багш хүн бол бүх үйл хөдлөл нь харагддаг тайзан дээр байдаг. Тийм болохоор “багш хүн байж арай ч дээ” гэж хардаг. Гэвч дундаж монгол хүнийг аваад үзвэл ёс зүй нь үүнээс дор. Хамгийн их хөгжөөд, тэмүүлээд байгаа хэсэг нь боловсролын салбарт байгаа. Гэхдээ би их өмөөрөөд яриад байх шиг байна. Цаад шалтгааныг нь хайх ёстой юм. Энэ нийгэмд хөгжил дэвшил нь их хэцүү асуудал болчихлоо. Боловсрол энэ нийгэмд үнэ цэнэтэй байна уу, ач холбогдол өгч чадаж байна уу. Зүгээр л яриад байна уу, үнэхээр ойлгосон уу. Ойр хавьд байгаа хүмүүсээ харахаар хөгжин боловсрох үйлийг нэг л ойлгохгүй байна. Сурдаггүй, уншдаггүй, мэдлэгээ дээшлүүлдэггүй буюу өөрийгөө хөгжүүлэх үйл хийхгүй мөртлөө ажиллаад байгаа хүмүүс миний эргэн тойронд байна. Үүнээс болоод би эмчид үзүүлэх, барилгачны барьсан барилгад орох гэх мэт үйлчилгээ авахаас айдаг болчихоод байна. Хоцрогдол гэдэг сэтгэлгээний асуудал. Үүнд бид даяараа өртчихөөд байгаа юм. Тэгэхээр харин ч энэ дотроо багш нь арай дээр байгаа юм шүү гэж хэлээд байна. Ёс зүй дээр бид бодмоор зүйл их бий. Ёс зүйн хоцрогдол бол сэтгэлгээний хоцрогдол. Тухайн багш өмнө нь болж байсан зүйл одоо ч болно гэж бодоод байна. Гэхдээ одоо больё гээд л шууд больчихдог зүйл бас биш. Шинэчлэлт өөрчлөлтийг мэдэрсний дараа мэдэж, өөрчлөгддөг зүйл. Гэхдээ энэ өөрчлөлтөд түүчээлэгч нь багш хүн байх ёстой юу гэвэл ёстой.

Одоо байгаагаараа маргааш амьдрахад хэцүү болно

Бид нийгмээрээ өөрчлөгдөж байж л багш нар маань өөрчлөгдөнө гэдэг дүгнэлтийг хийж байна, зөв үү?
Өөрөөр хэлбэл, нийт олонхийн маань сэтгэлгээ боловсролын салбарыг хойш нь чангаагаад байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөх гэж байгаа хүүхдүүдээс “юу хийдэг хүн болох вэ” гэж асуухаар хариулж чадахгүй байна. “Чи юутай болмоор байна” гэхээр маш хурдан хариулдаг. Энэ бол бид амьдрахуйн аргаа ойлгоогүй байна гэсэн үг. Хэрэглээгээр амьдардаггүй юм. Хэрэглээний төлөө яваад байвал бид сүйрэлд хүрнэ. Дэлхий бүтээхээс таашаал авдаг руу явж байна. Гэтэл даяар монголчуудын сэтгэлгээ бол шууд мөнгө. Мөнгийг ямар аргаар олсон нь дараагийн асуудал. Уг нь бид ёс зүйтэй байя гэвэл юун түрүүнд ямар аргаар мөнгө олох вэ гэдгийгээ л бодох ёстой биз дээ.
Гадаадад сурч, ажиллаж байгаа залуусаа эх нутагт нь буцаан дуудвал хөгжилд оруулах тэдний маань хувь нэмэр их байх болов уу, та юу гэж бодож байна?
Боловсролд хөрөнгө оруулаад өгөөж өгөх үү, эсвэл зүгээр зардал болчих уу. Хариу нь үйлдвэрлэлтэй холбоотой. Үйлдвэрлэл байгаа газар боловсролд оруулсан хөрөнгө оруулалт шууд өгөөж болдог. Үйлдвэрлэл байхгүй газар хэцүү. Тэгэхээр гадна төгссөн залуучуудаа авчрахын тул энд үйлдвэрлэл байх ёстой. Тийм орон зайг нь бэлтгэж чадаагүй байж нарийн мэргэжлээр төгссөн залуус ирээд зэвэрвэл яах вэ.
Авч ирэхгүй байх бас нэг бодлого байж болно. Манайх бол жижиг улс учир том гүрэнтэй өрсөлдөх байдлаар сэтгэх нь муу юм шиг. Харин яаж дасан зохицох вэ, хамтарсан үйл хэргийг хэрхэн өрнүүлэх вэ гэж бодох нь зүйтэй. Дэлхий өнөөдөр Хятад улсаас айж байна. Бид ч мөн айх ёстой. Гэвч бас баярлах хэрэгтэй. Яаж энэ зах зээл рүү нэвтэрч, дотор нь байж бид орон зайгаа олж болох вэ. Энэ талаас нь гадагш явсан залуусаа олж харвал тэд маань биднийг хөгжилтэй оронтой холбох гүүр, очоод байрлах орон зай болж болох юм.
Бид хөгжилд хүрэхийн тулд баялгаа зарахгүй, оюун тархиа ашигладаг болно л гээд байгаа. Энэ бидний хөгжлийн зам мөн үү?
Яалт ч үгүй мөн. Эдийн засагт гурван сектор яригддаг. Эхнийх нь мал аж ахуй, уул уурхай, газар тариалан. Энэ салбараас бид голчлон орлого олж байна. Энэ нь гэвч үйлдвэрлэгч орны эрэлтээс хамаардаг. Тэнд түүхий эдийг нь хэрэглэхээ боливол энд хямрал болдог. “Тэрний засгийн газраас болж дампуурлаа, эдний засгийн газар мундаг ажиллалаа” гэж бид ярьдаг. Үнэндээ алинаас нь ч болоогүй. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнээс болсон юм. Энэ секторт байгаа нь өөрөө эрсдэлийг дагуулдаг. Тэгэхээр бид дараагийн хоёр секторт ормоор байгаа юм. Дараагийн хоёр сектор нь аж үйлдвэржилтийн эрин, мэдлэг мэдээллийн эрин зуун. Бид хаана явна вэ гэдгээ бодох ёстой. Энэ бол гарцаагүй хөгжлийн чиг хандлага. Одоогоор бол бид “дэлхий нүүрс хэрэглэхээ битгий болиосой, нүүрсийг орлох зүйл битгий бодоод олчихоосой” гэж л залбирах хэрэгтэй болж байна. Их өрөвдөлтэй байгаа биз. Одоо олж байгаагаа боловсрол, шинжлэх ухаан, хөгжил дэвшилд зориулахгүй бол маргааш энэ байдлаараа амьдрахад хэцүү болно.

Тэгвэл энэ эринд зориулсан хүн бэлтгэхийн тулд бид өөрсдийн гэсэн боловсролын хөтөлбөртэй болох шаардлагатай юу. Эсвэл Кембрижийн юм уу, аль нэг олон улсын хөтөлбөрөөр яваад байхад болчих уу?
Бид чадлын чинээгээрээ өөрийн гэсэн хөтөлбөртэй болох ёстой. Одоохондоо хэрэгжүүлж чадахгүй байна. Шалтгаан нь бидний шинжлэх ухааныг хөгжүүлсэн хугацаа бага, боловсон хүчний нөөц бололцоо дутмаг. Монголчууд бид дэндүү цөөхүүлээ. Түүн дотроо судлаачид маань цөөхүүлээ. Боловсролын агуулгыг, үнэлгээний системийг, багшийн хөгжлийг хөгжүүлэх арга зүйг шинэчлэе гэхэд их хүч хэрэгтэй. Үүнийг хийх нь бодит байдал дээр их амаргүй. Хоёр дахь арга зам нь бид хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замаас суралцах, өөрсдөдөө шингээх зүйл байгаа. Тийм учир шилдэг хөтөлбөрийг хайх нь зүйтэй. Гэхдээ энэ их асуудалтай. Яагаад гэвэл Оросынх орос хүнд, Японых япон хүнд, Америкийнх америк хүнд буюу үндэснийхээ онцлогт тохирсон байдаг. Тэндээс авахыг нь авна, болохгүйг нь гээнэ. Гуравдагч зам харагдана. Тэр бол агуулга нь үндэстнээс хамааралгүй Олон улсын хөтөлбөр. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм гурван хөтөлбөр байдгийн нэг нь Кембрижийн хөтөлбөр юм шүү дээ. 
Интернэт хурдтай тархаж байгаа нөхцөлд гэрийн боловсролыг бид хуулиараа зөвшөөрөх ёстой юу?
Манайх энийг хууль эрх зүйн хүрээнд “албан болон албан бус боловсролын нийлбэр байна” гээд зөвшөөрчихсөн. Албан бус боловсрол гэж байгаа нь гэрийн боловсрол юм. Үүнийг хэрэгжүүлнэ гэдэг амаргүй зорилт байдаг юм байна. Дэлхийн олон оронд хэрэгжүүлж байгаа боловч үр дүнтэй гэж хэлэхэд хэцүү. Албан байна гэдэг нь журмыг дагана, хяналтан дор байна, боловсролын байгууллага нийтээрээ хөдөлдөг сайн талтай. Гэхдээ дэлхийн боловсролын чигийг хараад байхад ирээдүйдээ зайн буюу цахим сургалт руу явна гэдэг нь ойлгомжтой болчихсон. Хэзээ вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Цахим технологи төгс зүйл мөн үү гэвэл бас л асуудалтай. Цахим технологийг боловсролдоо хамгийн их нэвтрүүлсэн улс бол Солонгос. Тэгээд тэр улс нэг л зүйлийг ойлгосон. “Энэ бол амьд харилцаа биш юм байна” гэж. Хөгжлийн үйл өөрөө амьд харилцааны орчинд өрнөдөг зүйл. Тэгээд албан байвал үр дүнг нь баталгаажуулахад их сайн гэсэн үг.
Боловсрол судлаач хүнтэй уулзсаных эцэг, эхийн төлөөлөл болон хэдэн асуулт асууя. Хүүхдээ яаж сурах хүсэл тэмүүлэлтэй болгодог вэ?
Хүний чадамжийг тодорхойлох гурван зүйл байдаг. Тухайн нэг зүйлийг сайн хийхтэй холбоотойгоор шаардлагатай мэдлэг, чадвар, зөв хандлага төлөвшлийг олж авч чадсан уу. Та бол хандлага төлөвшлийг асууж байна гэсэн үг. Энийг төлөвшүүлэх гурван арга зам байна. Нэгдүгээрт та яагаад вэ гэдгийг ойлгуулж, таниулах яриа хийх хэрэгтэй. Жишээ нь би хүүхэдтэйгээ “миний хүү ажлын байр гэдэг их өөр боллоо. Аавынх нь үед хөх захтан, цагаан захтан гэж байлаа. Одоо бол нэг л захтан байна. Тэр нь цагаан захтан. Цагаан захтан гэдэг бол мэдлэг боловсролоор ажлаа хийдэг хүн. Сурч, боловсрохгүйгээр хийдэг бүх ажлыг робот хийдэг болчихно. 2030 он гэхэд нийт ажлын байрны 800 саяыг нь буюу 1/8-ийг нь робот хийдэг болно гээд тооцоолчихсон. Тэгэхээр сурч боловсрохгүй бол хэцүү” гэж ярьдаг. Хоёр дахь арга нь биеэр мэдрүүлнэ. 

Өөрийг нь оролцуулж, бодит үйлээр мэдрүүлнэ гэсэн үг. Энийг мэдрүүлэх их сайн арга нь эндхийн орчноос нь салгаад, тэмүүлэлтэй байгаа улс орны хандлагыг тухайн оронд нь аваачиж мэдрүүлдэг. “Миний хүүхэд энэ нийгмийн хандлагат автаад баригдмалаар сэтгээд байна, хүмүүс яаж амьдарч байгааг хар, бид яаж амьдраад байгааг мэд” гэсэн үг. Гурав дахь хандлага нь бид зарим зүйлийг ухаан орохоос нь өмнө хэвшүүлчих хэрэгтэй. Нэгэнт хэвшсэн хүн тэр замаа л дагадаг. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил, байгууллагын соёл, улс орон нь бүхэлдээ хөгжил рүү тэмүүлдэг байх хэрэгтэй. Ингэж чадвал бид хурдан хөгжиж чадна.
Зургаан настай хүүхэд сургуульд сурахад бэлэн үү?
Миний боловсрол, хөгжилтэй холбоотой бичсэн номууд байдаг. Тэр номыг авах гэж ирж байгаа эцэг, эх “гурван настай хүүхэд хичээл хийнэ гэж байх уу” гэж итгэл алдарсан, өхөөрдсөн байдалтай асуудаг. Тэгэхээр нь би “танай хүүхэд сурах хугацаанаасаа гурван жил хоцорчихсон байна” гэж хэлдэг юм. Дэлхий дахинд хүүхдийн сурах хөгжлийг эхийн хэвлийд байхаасаа эхэлдэг гэж үздэг. Ном унших үйл найман сартайд нь эхэлдэг. Америкийн эцэг, эхчүүдэд зориулсан “Хүүхдийг яаж уншигч болгох вэ” гэдэг номон дээр найман сартайгаас нь эхлээд өвөр дээрээ суулган ном уншиж өгч бай гэдэг. Би том хүүхдээ найман сартай байхаас нь туршиж үзсэн.
Туршилт амжилттай юу?
Амжилттай. Бид ном уншина гэдгийг их орой ойлгоод байдаг. Номонд дуртай болно гэдэг бага насны хэрэг юм. Оройтсон хойно нь харин “манай хүүхэд ном уншихгүй юм” гэдэг. Тэгэхээр зургаан настай хүүхдийг сурахад эрт байна гэж хэлж болохгүй. Англид таван настай сургуульд орж байна. Олон улсын хөтөлбөрүүдийг үзэхээр боловсролын хөтөлбөр цэцэрлэгээс нь буюу 3,5 настайгаас эхэлдэг. М.Монтессорийн судалгаанаас үзэхэд хүүхэд 3,5-5,5 насны хооронд боловсролын унших, бичих гол гол үйлүүдийг хийгээд эхэлчихсэн байдаг гэдэг.
Хүүхдээ нэгдүгээр ангиас нь хувийн сургуульд өгөх үү, эсвэл улсын сургуульд өгөх үү. Та юу гэж бодож байна?
Би өөрийнхөө хүүхдийг улсын сургуульд явуулдаг. Бололцоо байдаг бол хувийн сургуульд  явуулах сан гэж боддог. Тэнд илүү сайн орчин, хөтөлбөр, багш байна. Улсын сургуульд явуулж байгаа тохиолдолд би юунд нь илүү анхаарч байна вэ гэхээр “ямар орчинд, хаана сурах нь гол биш. Миний хүү өөрөө сурах хүсэл байна уу. 60 хүүхэдтэй ангиас сурлагаараа тэмцэж гарна гэдэг энэ нийгэмд хэрэгтэй олон зүйлд чамайг сургана” гэдэг. Гэхдээ дан ганц сургуульд найддаггүй. Хичээлээсээ гадна хоёр хүүхэд маань долоо хоногтоо 2-3 дугуйланд суралцдаг. Түүнд жилд овоо хэдэн сая төгрөг  зарцуулдаг. Боловсролыг бид үнэгүй гэж хараад байвал бодит байдал тийм л байна гэсэн үг. Монгол хүн надад мөнгө алга гэж их хурдан дуугардаг. Мөнгө байгаа эсэх нь чухал биш. Байгаа мөнгөнөөсөө боловсролд зарцуулж байна уу гэдэг л чухал. Монгол хүнийг би их эдсэг хүн юм уу гэж хардаг. Эдээр гайхуулдаг. Гэтэл эдээс юу үлдэх билээ. Ядуу хүн л байгаагаараа гайхуулах гэж оролддог шиг санагддаг. Бидний сэтгэлгээ их хоцрогдонгуй байна уу даа.

Шууд гадаад хэлийг нэгдүгээрт тавьбал юм ойлгох, ухаарах чадвар нь мууддаг

Хүүхдийг хэдэн наснаас нь эхэлж гадаад хэл заах ёстой юм бэ?
Би өөрийнхөө хүүхдүүдэд цэцэрлэгт нь, бага ангид нь гадаад хэл огт үзүүлээгүй. Том охины маань монгол хэлний чадвар гайгүй болоод ирэхээр нь тавдугаар ангид нь үзүүлж эхэлсэн. Хэл сурна гэдэг хоёр талтай. Эцэг, эх нь хоёр өөр үндэстэн байгаад хос хэлтэй болчихсон тохиолдолд асуудалгүй. Хүн төрөлх хэл дээрээ буюу ямар нэгэн хэл дээр түрүүлж сэтгэдэг. Өөрөөр хэлбэл, хэлээ эзэмшиж байж сэтгэн бодох үйл явагдана. Сэтгэн бодох үйл нь хамаагүй гэвэл хэдэн настайгаас нь ч хамаагүй хэл сурга. Хамаатай гэвэл эхлээд хэлээ сургаад боддог, сэтгэдэг болсных нь дараа хэл сургах үйлийг анхаар. Шууд гадаад хэлийг нэгдүгээрт тавьбал юм ойлгох, ухаарах чадвар нь мууддаг. Хэл сурахад дөрвөн том багана бий. Эхлээд хүн сонсож, дараа нь ярьж сурдаг, тэгээд уншиж, бичиж сурна гэж хоёр хэцүү том юм байна. Сүүлийн хоёрыг эзэмшиж байж их сургуулийн агуулгыг ойлгодог болно. Тэрийг эзэмшиж чадахгүй бол боловсролтой хүн болох боломжгүй. Хүүхдүүддээ гадаад хэлийг хэт эрт сургачихаад "хэлтэй болчихлоо" гээд баярлаад байдаг. Тэр хүүхдүүдэд юу ажиглагддаг вэ гэхээр тэд ярьдаг л хүүхэд байдаг. Энэ бол цэцэрлэгийн насны боловсрол шүү дээ. Дараа нь тэр хэл дээр уншаад ойлгох уу. Олон хүн уншсан номоо ойлгохгүй байх нь бий. Дараа нь бичдэг үү гэх асуудал. Бидний хэд нь утга найруулгын хувьд уран яруу, утга санаа гүн, цэгцтэй товч, тодорхой бичдэг билээ. Бас нэг зэрэг олон гадаад хэл эзэмшинэ гэж тэмүүлдэг. “Нэг хэлээ ч төгс сураагүй байж...” гэж би хэлдэг юм. Та монгол хэлээ төгс сурсан уу гэхээр ихэнх хүн хариулж чаддаггүй. Хоёрын хооронд сурвал хэл сурах хэрэг байхгүй. Дэлхийн 70 гаруй хэл гүүглийн орчуулга руу орчихсон. Бидний ихэнхийнх нь орчуулгаас дажгүй сайн байгаа шүү. Манай монгол хэл орчихсон нь тааруухан байгааг харчихаад, муу гэж андуураад байгаа юм. Гүүглийн орчуулга хийдэг блүтүүттэй чихэвчийг үзсэн үү. Ийм нөхцөлд хэлийг сурсан шиг сурахгүй л юм бол технологи орлочихно. Яриа өөрөө тийм өндөр түвшинд явагддаг зүйл биш. Бичгийн хэл хамгийн өндөр түвшинд байдаг. Түүнийг сурчихаад өөрийгөө хэл сурсан гэж бодох хэрэгтэй.
Эцэг, эхчүүд хүүхдээ сайн сургахын тулд ядаргаанд ортол нь шахах нь бий. Эцэг, эхчүүдийн хүүхдэдээ боловсрол олгох гэсэн шунал нь хүүхэддээ хэр зөв буудаг вэ?
Эцэг эхийн хувьд аргагүй, их өрсөлдөөнтэй цаг үед амьдарч байгаагаа өөрийнхөө биеэр мэдэрчихсэн учир үнэ цэнэтэйг нь мэдээд байгаа юм. Шинэ цагийнхан түүнийг ойлгож, мэдэхгүй байгаад асуудал байна. Боловсрол гэдэг харахад хар цагаан, зураг ч үгүй зүйл. Гэтэл урлаг, энтертайнмент хөтөлбөр гэдэг үнэхээр сэтгэл татам.  Нэг татагдчихсан байхад салахын аргагүй. Компьютерийн тоглоомонд донтчихсон их сургуулийн багш нар байна шүү дээ. Тэгэхээр зүгээр л нэг хүнийг бүр яриад ч хэрэггүй. Их сургуулийн багш донтох хүртэл тийм гоё зүйл байна гэсэн үг. Түүнээс яаж хүүхдүүдээ хамгаалах вэ гэдэг асуудал байна. Хүүхэдтэйгээ ярилцах, ойлголцох хэрэгтэй. Ер нь бид салбараа мэдмээр байгаа юм. Дуулж бүжиглээд, хөгжим тоглоод, барилдаад юу бүтээдэг вэ. Бүтээдэг салбар биш болохоор цөөхөн нь буюу од болсон хүмүүс нь л боломжийн амьдардаг. Хэдий авъяастай ч бусад нь дундаж, дунджаас доогуур амьдардаг. Шинжлэх ухаан буюу бүтээлч салбарынхан илүү шүү гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож байна. 

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Сурталчилгаа байрлуулах »
Маркетинг, сурталчилгааны алба: 99078441, 75553131
sales@mongolcontent.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 18-1, Марс төв

© 2007-2018 Монгол Контент ХХК