ФОТО: Хуурын аялгууг дэлгэцэнд мөнхөлсөн "ГОВИЙН ДОМОГ" киноны нээлтээс

GoGo.mn

2018-04-13 18:20 GMT+8

Говь өөрөө домгийн ертөнц. Хүний зүрх сэтгэлийг татах далдын хүчийг өөртөө шингээсэн говь нутагт дэлгэцийн нэгэн шинэ уран бүтээл мэндэлж байгаа нь “Говийн домог” уран сайхны кино юм.

Говьд анх үүссэн хэмээн яригддаг морин хуур хөгжмийг ахуй заншилтайгаа холбож, аялгуу эгшгийн тухай домгийн киног UBS телевизийн 500 уран бүтээлч хоёр жилийн турш бүтээжээ.

Хан хуурчдын удам л хаан сэнтийд заларч, хамаг олноо мэдэн захирдаг байсан уламжлалт ёсыг зөрчиж улсын эзэн болсон Иглэр хэмээх харгис догшин нэгэн эр байжээ.

Тэрээр өөрийн удмыг эгнэгт хаан байлгахын тулд яруу эгшиглэнг устгана гэж ам тангараг тавьж, орон дэлхийн бүх хуурчдыг алж, хуур хөгжмийг хуу хаман шатааж, ард олныг дарангуйлан захирсаар хорин оныг үдсээр кино эхэлнэ.

Киноны гол дүрийн нэг Иглэр хааны дүрд Оросын Холбооны Бүгд Найрамдах Тува Улсын Ардын жүжигчин, Саха-Якутын Гавьяат жүжигчин Ондар Эдуард Борисович тоглосон нь илүү анхаарал татаж байлаа. Киноны гол дүрийн эмэгтэй Эгээрэл гүнжийн дүрд СУИС-ийн оюутан Б. Замилан, хуурчийн дүрд О.Амгаланбаатар, их хатны дүрд Ч.Очгэрэл, өвгөн хуурчийн дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва нар тогложээ. Б.Замилангийн хувьд дэлгэцийн анхны бүтээл нь юм. Тэрээр “Говийн домог” киноны “Зүрхний амраг” дууг дуулжээ.

Киноны найруулагчаар Ц.Даваажаргал, хөгжмийн зохиолчоор СГЗ Л.Балхжав ажилласан юм. Говийн домог кино нийт 120 минут үргэлжлэх ч таныг хуурын эгшгээр хэсэгтээ уярааж чадах юм.  

UBS телевизийн захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжав

UBS телевизийн захирал, хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжав:

Монголын сайхан  байгаль говь нутгаа, морин хуур  хөгжмөө сурталчилъя гэж бодсон. Өмнө нь ямар ч кино групп очиж байгаагүй газарт, авч байгаагүй зургийг авах том зорилгыг бид өмнөө тавьж тэрхүү зорилгодоо хүрч, жилийн дөрвөн улирлын зураг авалтыг Өмнийн цэнхэр говьд хийлээ. UBS телевизийн хамт олон зохиол, зураг, найруулга, хөгжим гээд бүх зүйл дээр өөрсдөө хийгээд ард түмэндээ бэлэг барьж байна.  Үзэгчид маань үнэлгээгээ өгнө өлгийдөн аваарай хэмээн урьж байна гэлээ.

Киноны турш зураг авалтыг Хэрмэн цав, Баянзав, Хонгорын элс, Ёлын ам, Мухар шивэрт гээд өвөрмөц тогтоц бүхий Монгол орны үзэсгэлэнт газруудад хийсэн байна. UBS телевизийн хамт уг киног олон улсын өндөр зэрэглэлийн кино наадамд сойхоор төлөвлөж байгаагаа ч мөн хэллээ.

Зөвхөн зураачдын багт л гэхэд 30 гаруй хүн ажилласан  ба кино зураг авах газрууд болон хатад, хаадын өмсгөл зүүсгэл гоёл чимэглэлийг нарийн тансаг хийсэн байлаа.  Говийн домог кино таныг Монгол орны үзэсгэлэнтэй газруудад хөтлөхөөс гадна, зүрх сэтгэлийн яруу эгшиглэнт хуурын аялгуугаар ховсдож нэгийг бодуулах байх.

“ГОВИЙН ДОМОГ” киноны зохиолч С.Сумъяа

Ингээд  “ГОВИЙН ДОМОГ” киноны зохиолч С.Сумъяа ингэж хэллээ.

Тэрбээр “ГОВИЙН ДОМОГ” кино хүний амьдралд аялгуу эгшиг хэчнээн чухал, утга учиртай зүйл байдгийг киноны хэлээр, үлгэр домгийн ертөнцөөр үзүүлсэн гэж хэлж болно. 

UBS телевиз “Содура”-г хангай нутагт хийсний дараа Л.Балхжав захирал “Дараагийн кино говьд байна” гэж хэлсэн. Тэгээд Өмнөговь аймагт судалгааны ажлаар очоод “Говь нутгийн үзэсгэлэнг морин хуурын домогтой холбож хийе” гэж шийдээд “Говийн домог” кино анх бүтэхээр болсон. Монгол нутаг тэр чигээрээ үлгэр домгийн ертөнц энд хэчнээн ч үлгэр домог амилж болно.  Тэр амилсан үлгэр домгуудын нэг нь “Говийн домог” кино юм. 

“ГОВИЙН ДОМОГ” кино Монголын кино урлагт нэгэн өөр өнгө төрх болж чадна гэж итгэж байна. Зураачийн ажил, хийцээрээ маш онцгой болсон. Бид говьд зураг авалт хийлээ гээд зөвхөн элс л харуулахыг хүсээгүй. Говийн  байгалийн үзэсгэлэнтэй газруудыг очиж авахыг хичээсэн. Хэрмэнцав гэдэг үнэхээр үзэсгэлэнтэй газар байдаг. Аймгаасаа 300 гаруй км, эргэн тойрны 100 километрт ус ч, хүн ч байхгүй. Бид зураг авахын тулд кино зурганд орох морь, гэр, усаа ачаад л гурван  хоногийн хугацаатай зурганд гарсан.  Кинонд хамгийн  үзэсгэлэнтэй гоё хэсэг нь зүүдний хэсэг. Энэ хэсгийн зураг авалтыг авахын тулд Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшил суманд очиж байлаа. Киноны дүрс болгоныхоо төлөө, гарч байгаа зураг болгоныхоо төлөө хоёр жилийн хугацааг  зориулан ажиллалаа.

Монголын кино урлагт шинэ дүр төрхийг нэмж өгснөөрөө онцлог юм. ОХБНТува улсын ардын жүжигчин Эдуард болон анх удаагаа кино урлагт хөл тавьж байгаа Замилан нар юм. Морины  нуруун дээр ч гарч үзээгүй охиныг хөдөө нутагт авч очоод морин дээр тачигнатал давхидаг, морин дээрээс нум сум харвадаг тийм дайчин эрэмгий гүнж болгож чадсан. Энэ бол жүжигчин хүнд байх ёстой  чухал чадвар юм. Өмнө нь “Содура” кинонд тоглосон О.Амгаланбаатар, Ц.Очгэрэл нар  дахин хамтран ажилласан.  Тэр  хүмүүсийн жүжиглэлт бидний хувьд маш гайхамшигтай, жүжигчний багт маш их баярлаж байна” гэж хэллээ.

Эгээрэл гүнжийн дүрд тоглосон залуу жүжигчин Б.Замилан

Эгээрэл гүнжийн дүрд тоглосон залуу жүжигчин Б.Замилан

Бэрхшээлтэй зүйл мэдээж их тулгарч байсан. Учир нь би унаган хотын хүүхэд хөдөө явж байгаагүй, морин дээр бараг мордож ч үзээгүй зураг авалтандаа анх гарч байлаа. Суралцах хугацаа их байгаагүй ч  зураг авалтын үед морь унаж, нум сумаар хичээллэж шаргуу суралцсан.   

Эгээрэл гүнжийн хувьд маш эрэмгий, эрчтэй, зоригтой магадгүй бага зэрэг эршүүд гүнжийн дүр байсан. Кино зураг авалт бүтэн жил, дөрвөн улирлын турш үргэлжилсэн. Өмнө нь кинонд тоглож байсан туршлага байхгүй ч бүх зүйлийг  хамт олноосоо найруулагчаараа хамтран тоглосон бүх жүжигчидээсээ  суралцаж байсан. Миний хувьд Монголынхоо үзэсгэлэнт газруудаар очиж  үзэх маш том боломж байлаа.

Хоёр жилийн өмнө дүрийн сонгон шалгаруулалтад орохдоо тэнцчихнэ гэсэн төсөөлөө ч үгүй. Туршлага хуримтлуулах зорилгоор очсон. Мэдээж өөрийгөө маш их чамласан. Олон удаагийн сонгон шалгаруулалтын эцэст тэнцсэнээ мэдсэн. 

Домог туульсын сэдэвтэй бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрд тоглох болсноо мэдээд таван минут орчим уйлсан шүү.  Надад итгэл хүлээлгэж энэ дүрийг бүтээлгэсэн UBS телевизийн хамт олондоо баярлалаа.

Б.Намуунцэцэг

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
Бөхийн өргөөг тойрсон маргаан талцал бөхчүүдийн дунд ил далд олон жил үргэлжилж байна. Таны бодлоор иргэдийн хандив, төсвийн дэмжлэгээр бүтээсэн Бөхийн өргөөг төр өөрийн эзэмшилд авах ёстой юу?
Нийт 442 санал өгсөн байна.

Дээшээ