АНУ Сирийн асуудлаар ОХУ-д хориг тавьж магадгүй байна

BloombergTV.mn

2018-04-16 10:40 GMT+8

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сири руу пуужин харвана гэж “twitter”-ээрээ жиргэснээс хоёр хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 13-ны орой Сирийн гурван байршилд агаарын цохилт өглөө. Цохилт өгсөн байршлуудад химийн зэр зэвсэг хадгалагдаж байсан байх магадлал өндөр байна. Үүнээс өмнө Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад Дума хотод химийн дайралт хийсэн гэж буруутгагдсан юм. АНУ үүнд хариу арга хэмжээ авсан гэж тайлбарлажээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хизер Нойерт “Бид дэлхий нийтээр Сири рүү халдах, хийж байгааг нь зогсоох үүрэгтэй. Тиймээс АНУ холбоотон улсуудын хамтаар Сирийн гурван байршилд агаарын цохилт өгсөн. Эдгээр байршлуудад химийн зэвсэг байрлуулж, туршиж байсан гэдгийг бид мэдэж байгаа” гэж мэдэгдлээ.

Харин Сирийн армийн хэвлэлийн төлөөлөгч, генерал Али Мэйхоуб “АНУ, Франц, Их Британи хамтарч Сири дэх хамгаалалтын систем рүү халдсан. Бид долоо хоногийн турш удаа дараа арга хэмжээ авсны дүнд зэвсэгт хүчний ангиуд, холбоотон талууд маань зэвсэглэсэн террористуудаас Гута дүүргийг хамгаалах ажлаа дуусгасан. Үүнээс өмнө Дума хотоос бүх террористуудыг шахан гаргасан” гэж онцолсон байна.

Үүний дараа Иракийн Багдад хотноо шийтүүдийг дэмжигч олон зуун иргэн АНУ-ыг эсэргүүцэж жагссан байна. Дума хотод болсон химийн зэвсгийн дайралтаар 40 хүн амиа алдсан нь нийтийг ихээр бухимдуулж байгаа аж. Хэдий тийм боловч Сирийн Засгийн газар, ОХУ химийн зэвсгийн халдлагад буруугүй гэж мэдэгдээд байгаа юм.

Сирид агаарын цохилт өгснийхөө дараа Дональд Трамп "даалгавар амжилттай биелэгдлээ" гэж мэдэгджээ. Түүний дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлсэн улсуудынх нь тоонд Франц, Их Британи багтжээ. Эдгээр нэр дурдсан улсуудын гаргасан хүсэлтийн дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн асуудлаар даваа гарагаас хуралдах товтой байгаа юм. Одоогоор Сирийн асуудлаар АНУ болон Франц улс ОХУ-д хориг тавьж магадгүй байгааг АНУ-ын талаас мэдээллээ.

Үүнээс өмнө ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс АНУ, Франц, Их Британийн эсрэг тогтоол гаргах хүсэлт тавьсан ч Аюулгүйн зөвлөл үүнийг нь хүлээж аваагүй. Хүсэлтийг БНХАУ, Болив улсаас бусад нь дэмжээгүй байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Манай барууны түнш орнууд Сирид хууль зөрчсөн, хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл гаргасан” гэсэн бол Францын Ерөнхийлөгч Эмманнуэль Макрон “Хэдэн сарын өмнөөс химийн зэр зэвсэг үйлдвэрлэж, боловсруулж байгаа гэдэг нь тогтоогдсон газрууд руу агаарын цохилт өгсөн. Нэг байршил руу нь АНУ, Их Британи хамтарч, нөгөө байршил руу нь АНУ, Франц улс бие даан цохилт өгсөн. Цэргийн түвшинд үйл ажиллагаа амжилттай болж, чиглүүлсэн бай бүгд устгагдсан. ОХУ, Сирийн Засгийн газар тэдний талаас хүн амь үрэгдсэн тохиолдол гараагүйг хэлсэн. Бид зорилгоо биелүүлсэн” гэж мэдэгдлээ.

Сирид болсон химийн зэвсгийн дайралттай холбогдуулж Франц улс ОХУ-д хориг тавина гэж АНУ-аас НҮБ-д суугаа төлөөлөгч мэдэгдлээ. Харин Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон Сирид агаарын цохилт өгсөн нь "Эхнийх бөгөөд сүүлийнх" гэдгийг анхааруулжээ.

Харин Ромын Пап Фрэнсис “Олон улсад тулгарсан одоогийн энэ нөхцөл байдалд миний бие гүнээ бухимдаж байна. Сири болон бусад улсуудад энх тайвныг цогцлоохын төлөө нэгдсэн байр суурьт хүрэхэд хүндрэлтэй байна. Энх тайвны төлөө залбирч байгаа би сайн сайхныг хүсэгч бусдадаа, улс төрчдөд мөн үүнийг уриалмаар байна. Ингэж байж шударга ёс, энх тайвныг цогцлоож чадна” гэж мэдэгдлээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “АНУ Сирийн иргэдийн эсрэг эзэрхий түрэмгийллийн бодлого хэрэгжүүлж, гэмт хэрэг үйлдлээ. Олон улсын бүх хууль дүрмийг зөрчиж, Пуужин харваж Сирийн иргэдийг сандрааж, халдлага үйлдлээ. Судалгааны төвүүдийг нь устгалаа. Дэлхий нийтэд хандаж хэлэхэд, энэ бол империализм” гэсэн байна.

Ойрх Дорнодын санхүүгийн зах зээлийг харвал Сирид болсон халдлага зах зээлийн хөдөлгөөнд нэг их нөлөөлөөгүй байна. Дубайн хөрөнгийн зах зээлийн арилжаа өнгөрсөн долоодугаар сараас хойш байгаагүйгээр өссөн бол Саудын Арабын “Tadawul” индекст багтсан компаниудын 99 хувийнх нь арилжаа өсөлттэй байгаа юм.

Н.Номин-Эрдэнэ

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5217 санал өгсөн байна.

Дээшээ