Гандболын олон улсын 40 дасгалжуулагчтай боллоо

Б.Чимэг GoGo.mn

2018-04-16 13:15 GMT+8

Улаанбаатар хотноо энэ сарын 9-15-нд гандболын дасгалжуулагч нарын олон улсын сургалт боллоо. Сургалтыг  Олон улсын олимпийн хороо (ОУОХ), Олон улсын гандболын холбоо (ОУГХ), МҮОХ, Монголын гандболын холбооноос хамтран зохион байгуулжээ.

Гандболын дасгалжуулагчдын онолын сургалтыг “МҮОХ”-ны хурлын танхимд, дадлага хичээлүүдийг “Футзалын ордон”, МУБИС-д тус тус явуулав. Сургалтад Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-үүд сум, Завхан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол, Мандал сум болон Улаанбаатар хотоос нийтдээ 40 дасгалжуулагч оролцлоо.

Сургалтыг ОУГХ-ны Сургалт, дасгалжуулалтын комиссын гишүүн, олимпийн зэрэглэлийн дасгалжуулагч, профессор, БНСУ-ын иргэн Хуюн Куин Чун, үндэсний эксперт, доктор Д.Жаргалсайхан нар удирдан явуулав. Тэд гандболын спортын түүх, дүрэм, техник, тактикийн мэдлэг, арга зүй, хэрэглэл материал, стандарт, хүүхдийн болон элсний гандболын тухай, тамирчдын лиценз, тэмцээний шүүлт, бэлтгэл сургалтын үйл ажиллагааг удирдах, төлөвлөх, дасгалжуулагчийн үүрэг зэрэг сэдвээр лекц уншсан байна.

Сургагч багш өөрийн зохиосон бэлтгэлийн үеийн дасгал хөдөлгөөн, тактик, техникийн талаар болон олимпийн наадмын гандболын тэмцээний видео бичлэгийг үзүүлэн, ОУГХ-ны “IHF Education center” сургалтын материал ашиглан хичээлээ заасан нь дасгалжуулагчдын сонирхлыг татсан хичээл болсон юм.

Түүнээс гадна гандболын бие халаалтын, бэлтгэлийн үеийн үндсэн дасгалууд, довтолгоо, хамгаалалт, хаалгачийн тоглолт, бөмбөг эзэмшилт, дамжуулалт, таслах, хаалт тавих, холбох зэрэг үйл ажиллагаа болон биеийн хүчний дасгал, бэлтгэлийн заах аргачлал, шигшээ багийн тамирчдын бэлтгэл, тоглолтын явцад дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг дадлагын хичээлүүд орсон юм.

Сургалтын үеэр олж авсан мэдлэгээ баталгаажуулах дадлага хичээлийг дасгалжуулагч нараар 4 өдөр дараалан оруулж, дасгалаа давтуулах, тоглолт хийлгэх, шүүлгэх, дасгалжуулагч, албаны төлөөлөгчийн үүргийг хүлээлгэн ажиллуулсан байна. Сургалтын үеэр Монгол Улсын оюутны аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо явагдсан ба 22 багийн эмэгтэй, эрэгтэй тамирчид оролцсон тэмцээнд дасгалжуулагч нарт даалгавар өгч дүгнэлт хийлгэв.

Мөн ОУГХ-ноос ирүүлсэн болон сургагч багшийн авчирсан бөмбөг, дүрмийн ном, гарын авлага, CD, видео материалыг оролцогч бүрт тараан өгчээ.

Дасгалжуулагч нар шинэ дүрмийн өөрчлөлтийг сайтар судалж, оюутны аваргын тэмцээнээс эхлэн хэрэгжүүлж эхлэв. Сургалтын шалгалт авч, ОУОХ-ны гэрчилгээ, ОУГХ-ны “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн үнэмлэхийг  хаалтын ажиллагаа ёслолын ажиллагааны үеэр МҮОХ-ны Ерөнхий НБДарга Э.Бадар-Ууган, МГХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Жаргалсайхан, сургалтыг удирдсан БНСУ-ын дасгалжуулагч, профессор Хуюн Куин Чуннар дасгалжуулагч нар гардууллаа.

Ийнхүү Монгол улс анх удаа олон улсын гандболын зэрэглэлтэй 40 дасгалжуулагчтай боллоо.

Сургалтыг профессор Хуюн Куин Чун-ыг ажлыг МҮОХ-ноос өндрөөр үнэлэн түүнийг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор шагнасан байна. Манай улсад 2003 онд ОУ-ын гандболын дасгалжуулагч нарын сургалтыг анх удаа зохион байгуулсан юм гэж МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО-ноос мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 50 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхийг та дэмжиж байна уу?
Нийт 279 санал өгсөн байна.

Дээшээ