Реппер анх удаа Пулитцерийн шагнал хүртлээ

Д.Багахүү GoGo.mn

2018-04-17 09:45 GMT+8

Америкийн реппер, дуу зохиогч Кендрик Ламар 2017 онд гаргасан DAMN цомгоороо Пулитцерийн шагнал хүртлээ. Тэрээр ийнхүү сонгодог болон жазз төрлөөр уран бүтээл туурвидаггүй анхны Пулитцерийн шагналтан болж байна.

Ламар өөрийн өссөн Комптоны тухай өгүүлсэн цомгийг нь “Орчин цагийн Африк-Америк иргэдийн амьдралын мөн чанарыг гарамгай бүтээлүүдээрээ илэрхийлсэн” хэмээн тодорхойлжээ.

Жил гаруй хугацааны өмнө гарсан DAMN цомог нь Кендрик Ламарын дөрөв дэх студийн цомог бөгөөд АНУ, Канадын жагсаалтад нэгдүгээрт орж, олон нийтээс үнэмлэхүй сайн үнэлгээ авсан юм. Цомогтой зэрэгцээ гаргасан Humble, Loyalty, Love зэрэг дуунууд нь мөн л амжилттай байсан төдийгүй Humble дуу нь АНУ-ын Биллбоардын шилдэг 100 дууны жагсаалтад тэргүүлжээ.

Ламар өнгөрсөн жил Interview Magazine-д өгсөн ярилцлагадаа “ЛеБрон Жеймс, булан тойроод сууж байгаа жаал бид гурав бүгд нэг л зовлон дундаас өсөж гарч ирсэн, харин энэ хоёрын хооронд ийм хамаарал байна гэдгийг би уран бүтээлээрээ илэрхийлж байна” гэж байсан юм.

1917 оноос эхэлсэн Пулитцерийн шагналд 1943 оноос хөгжмийн шагнал багтах болжээ. 1997 оныг хүртэл энэхүү шагналыг сонгодог уран бүтээлчид хүртдэг байсан бол тухайн жил бүрээчин Винтон Марсалис шагнал хүртэж Пулитцерийн эзэн болсон анхны жазз хөгжимчин болж байсан юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагат манай улс элсэн орох саналыг Та дэмжих үү?
Нийт 1443 санал өгсөн байна.

Дээшээ