Rio Tinto Ирланд дахь Rusal-ын гэрээнээс татгалзана

Засгийн газрын мэдээ

2018-04-17 10:29 GMT+8
Ирландын Лимерикийн ойролцоох хөнгөн цагааны Огиниш үйлдвэр. Уг үйлдвэр нь ОХУ-ын Rusal компанид харьяалагддаг.

Rio Tinto компани ОХУ- ын тэрбумтан Олег Дерипаскагийн хяналтад байдаг Ирландын хөнгөн цагааны үйлдвэртэй байгуулсан гэрээнээсээ татгалзахаар зэхэж байна. АНУ-ын хориг арга хэмжээнд нэр нь орсон ноён Дерипаскагийн хяналтад ажилладаг хөнгөн цагааны Rusal групптэй байгуулсан хэд хэдэн хэлэлцээртээ форс мажор зарлахаар бэлтгэж буйгаа Британи-Австралийн уул уурхайн компани баасан гарагт мэдэгдэв.

Хөнгөн цагаан үйлдвэрлэлийн гол түүхий эд–бокситыг Rusal-ын Огиниш үйлдвэрт нийлүүлэх хэлэлцээр уг форс мажорт багтаж байгааг мэдээлэлд ойр эх сурвалж тайлбарласан юм.

Форс мажор нь урьдчилан харж, зохицуулах аргагүй онцгой тохиолдолд талууд хэлэлцээрээр хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөх боломж олгодог. “Олон хориг арга хэмжээнээс шалтгаалан зарим гэрээнд форс мажор зарлахаар бэлтгэж буй Rio Tinto нийлүүлэлт тасалдах магадлалыг багасгахаар үйлчлүүлэгч нартайгаа хамтран ажиллаж байгаа” хэмээн тус компаниас гаргасан мэдэгдэлд тайлбарлажээ.

Олборлосон бокситын хүдрийг боловсруулж, хөнгөн цагааны исэл болгосны дараа ундааны лаазнаас нисэх онгоц хүртэлх төрөл бүрийн хөнгөн цагаан гаргаж авахад ашигладаг юм.

Огиниш бол Европын хөнгөн цагаан боловсруулах хамгийн том үйлдвэр. Нийт 450 ажилчинтай тус үйлдвэр Rio-гоос боксит нийлүүлэхээ зогсоох гэж буйгаас шалтгаалан ирээдүйдээ түгшиж эхэллээ. Тэртээ тэргүй өсөөд эхэлчихсэн хөнгөн цагааны үнийг Форс мажор улам гааруулна. Төмөрлөгийн үнийн Metal Bulletin сайтын мэдээллээс үзвэл хөнгөн цагааны үнэ баасан гарагт сүүлийн найман жилд тохиолдож байгаагүйгээр буюу бараг 17 хувиар өсөж, тонн нь 556 ам.доллар болов.

Огинишийн үйлдвэрийн гол ханган нийлүүлэгч Rio нь Европ тивд үйлдвэрлэдэг хөнгөн цагааныхаа түүхий эд болох хөнгөн цагааны ислийн багагүй хэсгийг бусдаас худалдаж авдаг. Тус компани Франц дахь жилдээ 280 мянган тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ саяхан бизнесмен Санжеев Гуптад зарсан юм.

Rio Tinto нь эдгээр үйлдвэрийн түүхийг эдийг бусад эх сурвалжаас хангахаар чармайж байгаа нь хөнгөн цагааны ислийн зах зээлд хүндрэл үүсгэж болзошгүй. Хөнгөн цагааны исэл худалдан авах давалгаа үүсээд байгааг арилжаачид баталж байна.

Rusal “үйлдвэрээ ажиллуулахад хэцүү болох гэж байгаа”-г консалтингийн CRU компанийн хөнгөн цагааны түүхий эд хариуцсан захирал Жастин Хьюз өгүүлэв. “Түүхий эд, бүтээгдэхүүний аль аль нь хориг арга хэмжээнээс болоод гацаж орхилоо. Хөнгөн цагааны үйлдвэрээ ажиллагаатай хэвээр байлгах нь хүнд асуудал болох нь” хэмээн тэрбээр тайлбарласан юм. Байдлыг тогтворгүй болгож буйнх нь төлөө Москваг шийтгэхээр АНУ долоо хоногийн өмнө хориг арга хэмжээ зарласан. Уг хориг нь ноён Дерипаскагийн хяналтад ажилладаг Rusal болон бусад компаниас АНУ-ын санхүүгийн тогтолцоотой харьцахад хүндрэл учрууллаа.

Үүсээд буй нөхцөл байдлыг хянамгай ажиглаж буйгаа Ирландын Засгийн газар мэдэгдэв. Лимерик дэх үйлдвэрийн менежментэд “тохирох зөвлөгөө өгсөн”-өө тус улсын Гадаад хэргийн яам мэдээлллээ.

“Хэдэн долоо хоног өнгөрөхөөс нааш бүрэн хэрэгжиж амжихгүй хориг арга хэмжээ Ирландын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тооцоолохын тулд” Засгийн газарт тодорхой хугацаа шаардлагатайг Ирландын бизнесийн яам тайлбарлав. Rio, Rusal хоёрын бизнесийн харилцаа Огинишээр тогтохгүй. Rusal нь Австрали дахь Rio-гийн мэдлийн Квинслендийн хөнгөн цагааны ислийн үйлдвэрийн хувьцааны 20 хувийг эзэмшдэг. “Rio Tinto АНУ-ын хориг арга хэмжээнд бүрэн захирагдана” хэмээн тус компани мэдэгдэж байна.

Нил Хьюм, Хэнри Сандерсон

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 192 санал өгсөн байна.

Дээшээ