Дэлхий дээр ус хэдийд бий болсон бэ

Засгийн газрын мэдээ

2018-04-17 11:07 GMT+8

Science Advances сэтгүүлд дэлхий үүссэн эхний шатанд ирээдүйн сартай мөргөлдөхөөс өмнө газрын гадаргуу дээр ус бий болсон гэж бичсэн нь манай гарагийн хувьслын тухай нийтэд мэдэгдсэн онолоос зөрж байна. Британийн Нээлттэй их сургуулийн геологийн профессор Ричард Гринвуд “Сар үүсэх, сүүлт одтой мөргөлдөхөөс өмнө манай гараг дээр ус бий болсон гэдэг таамаг харь гарагт амьдрал байх магадлалыг нэлээд өсгөж байна. Бидний тогтоосноор ус маш амь бөхтэй бөгөөд гарагийг хайлуулж, ууршуулсан байлаа ч алга болдоггүй. Ийм үзэгдэл дэлхий болон нарны аймгийн бус гарагууд дээр болсон” хэмээн тайлбарлав.

Дэлхий болон нарны аймгийн бусад гарагууд шинээр үүссэн нарыг тойрч, хэдэн зуун сая жил оршсон хий, тоосонцорын манан дотор бүрэлдсэн. Дэлхий эхнээсээ л улайссан бөмбөлөг байсан агаад гадаргуу дээр нь дэгдэмхий элементүүд, түүний дотор ус, нүүрстөрөгч, азотын нэгдлүүд болон “амьдралын тоосго” гэгддэг органик бодис орших нөхцөл байгаагүй юм. Иймээс эдгээр бодис яагаад дэлхийн гадаргуу болон газрын гүнд элбэг байна вэ гэсэн асуулт гардаг. Энэ тухайд эрдэмтэд хэд хэдэн онол дэвшүүлсэн. Жишээ нь, дэлхий дээр ус байгаа нь манай гарагийг 3.8 тэрбум жилийн өмнө бөмбөгдөж байсан жижиг гараг, сүүлт одоор дамжин ирсэн гэх таамаг бий.

Харин Гринвуд тэргүүтэй эрдэмтэд тийм биш гэж баталж байна. Тэд Apollon сансрын хөлгөөр авчирсан сарны чулуулгийн дээжийг судалж үзээд усны анхны нөөц тэр үеэс хавьгүй өмнө, үнэн хэрэгтээ дэлхий мэндэлсэн цагаас бий болсон гэж үзжээ. Геологичдын анхаарлыг татсан зүйл бол найрлагад нь маш их хүчилтөрөгч байсан явдал. Учир нь хүчилтөрөгчийн изотоп (нэг элементийн атомын массаар ялгаатай төрлүүд) тэнгэрийн эрхэс хэзээ, хаана үүссэнийг тодорхойлох паспорт болдог. Түүний харьцаагаар тухайн гараг, сүүлт од нарны аймгийн нэг цэгт үүссэн үү эсвэл өөр өнцөг буланд бүрэлдсэн үү, гэдгийг тогтоодог байна.

Гринвудын баг энэ үзэл санааг баримтлан сарны чулуулаг, солирууд болон далайн гүнээс авсан хөрсөн дэх хүчилтөрөгчийн изотопын хувь хэмжээг харьцуулан судалжээ. Геологичийн ярьснаар тэд манай гараг ба сарны хооронд нэлээд ялгаа гарна гэж таамаглаж байв. Учир нь сарыг үүсгэсэн эх гараг болох Тейя нарны аймгийн өөр цэгт бүрэлдсэн тул өөрийн усны нөөцөө авчирсан байх ёстой гэж тооцож байжээ. Гэтэл бодит байдал өөр зүйлийг харуулав. Тухайлбал, дэлхийн ба сарны чулуулаг дахь изотопын хувь хэмжээ бараг адил буюу 0.0000003 хувиар ялгаатай байсан аж.

Хүчилтөрөгчийн изотопын хувь хэмжээ өчүүхэн боловч ялгаатай байгаа нь жижиг гараг, сүүлт одууд газарт үнэхээр ус авчирсныг нотолно. Гэхдээ маш бага буюу нийт усны нөөцийн тав орчим хувийг авчирчээ. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн усны нөөц дэлхий мэндэлсэн даруйд бүрдсэн манай гарагийн гадаргуу ба далай тэнгисийн хэмжээнд бараг нөлөөлөөгүй гэсэн үг. Гэвч ийм нээлт хариулт өгөхөөс илүүтэй олон асуулт үүсгэж байна гэж гараг судлаачид дүгнэсэн байна. Дэлхий, Тейя хоёр мөргөлдөхөд энэ их ус яасан байх вэ, яагаад дэлхий бүрдэх эхний шатанд сансарт ууршин алга болсонгүй вэ гэдэг асуулт гарна. Эндээс эрдэмтэд манай гараг нарнаас хавьгүй хол зайд бүрэлдсэн байж магадгүй хэмээн таамаглажээ.

Ц.Улам-Ундрах

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5217 санал өгсөн байна.

Дээшээ