Алт тушаалт энэ онд өснө

Засгийн газрын мэдээ

2018-05-16 11:35 GMT+8
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн дүн. Алт тушаалт энэ онд өнгөрсөн оныхоос өснө гэж тооцож байна.

Алт болон бусад үнэт металлын сорьц, шинжилгээний талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Өнгөрсөн онд түүхэн дээд цэгтээ хүрсэн Монголбанкны алт худалдан авалт он гарсаар хэдий хэмжээнд хүрээд байна вэ?
-Монголбанкинд тушаасан алтны хэмжээ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.3 тоннд хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн дүн. Алт тушаалт энэ онд өнгөрсөн оныхоос өснө гэж тооцож байна. Оны эхний гүйцэтгэлүүд ч өмнөх оны мөн үеэс өндөр байгаа. Түүнчлэн алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээг орон нутагт байгуулахаар зорьж байна. Одоогоор иргэд, аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотод ирж, алтаа сорьцлуулаад, төв банкинд тушааж байгаа.Энэ үйл явцыг орон нутагт хийхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд алтаа орон нутагт сорьцлуулж, Монголбанкны аймгууд дахь салбарт тушаахаар зохицуулж байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч буй зардал, чирэгдэл багасна. Улмаар Улаанбаатар хотод алтыг зөвхөн цэвэршүүлнэ.

Нэг байгууллага бүх үнэт металл, чулууг сорьцолж байгаа нь хэт төвлөрсөн бүтэц 

-Тиймээс орон нутагт сорьцын лаборатори байгуулахаар болсон. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Баянхонгор, Дархан-Уул аймагт үнэт металлын лаборатори байгуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар тоног төхөөрөмж нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлачихаад байгаа. Энэ сарын 20 гэхэд сонгон шалгаруулж дуусна. Эдгээр лабораторийг ирэх долоо болон наймдугаар сард багтаан нээхээр зорьж байна. Монгол Улсад ганцхан байдаг Үнэт металл, сорьцын хяналтын газрын бүтэц нь Засгийн газрын агентлаг болох Стандартчилал, хэмжил зүйн газрын харьяанд байдаг. Тиймээс Стандартчилал, хэмжил зүйн газарт нэмэлт бүтэц байгуулахыг зөвшөөрсөн Засгийн газрын тогтоол хүлээгдэж байна.

-Алт тушаалтын ирэх онуудын төлөв ямар байна вэ?
-Хууль эрхзүй болон хайгуулын бодлогоос хамаарахаар байгаа. Учир нь алтны шороон ордын нөөц дууссан. Тиймээс үндсэн ордын үйл ажиллагааг эхлүүлэх хувийн хэвшлийн холбогдох зөвшөөрөл, хөрөнгө оруулалт гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Үүнээс гадна хайгуулын нэгдсэн бодлого шаардлагатай гэдгийг салбарынхан хэлдэг.

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувьтай байгаа. Энэ хувь хэмжээг мөрдөх хугацаа ирэх оноос дуусна. Хувь хэмжээг өөрчлөх үү?
-Ирэх оноос тодорхой болно. Гэхдээ татварын хуулийн төслүүдэд одоогийн хувь хэмжээг хэвээр байлгах санал, хүсэлтээ Монголбанк хүргүүлсэн. Харин Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бусад хуулийн шатлал, хувь хэмжээг татварын шинэчлэлээр хөндөж байгаа. Тиймээс өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй байна. Үүнээс гадна төв банкны хууль, эрхзүйн шинэчлэлийн дунд хугацааны төлөвлөгөө хэрэгжиж байна. Энэ хүрээнд Монголбанкны Эрдэнэсийн сангийн тухай хуулийн төсөл бэлэн болсон. Одоо төслийн дараагийн шатны ажлууд үргэлжилж байна. Хуулийн төсөлд үнэт металл, чулууг сорьцлох үйл явцыг зөвхөн нэг байгууллагад хариуцуулахгүй байхаар тусгаж, олон улсын стандартад нийцсэн энэ чиглэлийн лабораторуудыг нэмэгдүүлэхээр зорьж буй. Өөрөөр хэлбэл, нэг байгууллага бүх үнэт металл, чулууг сорьцолж байгаа нь хэт төвлөрсөн бүтэц. Тиймээс төвлөрлийг сааруулж, түүхий эдээр нь төрөлжүүлэх нь зүйтэй болов уу.

-Алтнаас бусад төрлийн металлын шинжилгээ хэрхэн явагдаж байна вэ?
-Алттай ижил төрлийн металл сүүлийн жилүүдэд илэрч байна. Алтны шороон ордын нөөц дуусч, үндсэн орд руу шилжиж буйгаас цагаан алт, лити зэрэг металлуудын илэрц нэмэгдэх болсон. Эдгээрийг илрүүлэх, тогтоох лаборатори болон боловсон хүчнийг сайжруулах шаардлага бий. Ялангуяа, Баянхонгор, Говь-Алтайн зарим ордод шар алтны агууламжид цагаан алт байгааг илрүүлээд байгаа. Тиймээс илүү нарийн шинжилж, дэлгэрэнгүй илрүүлж байж, нөөц зөв тогтооно. Дахин хэлэхэд, шинжилгээний газруудыг олон улсын түвшинд хүргэх, энэ чиглэлд хөрөнгө оруулах нь чухал байна.

Алт тушаалт энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.3 тоннд хүрээд байна

-Одоогоор үнэт металлд сорьцлох үйл явц зарим талаар замбараагүй, баталгаагүй гэж мэргэжилтнүүд шүүмжилдэг. Энэ талаар таны бодол ямар байна вэ?
-Сорьцлох үйл ажиллагаа зарим хэсэгт албан бусаар үргэлжилж буй. Тухайлбал, бидний нэрлэж заншсанаар Урт цагаан орчим эсвэл орон нутагт ченжүүд буюу хувиараа бизнес эрхлэгчид алт сорьцолж байгаа. Гэхдээ энэ нь баталгаагүй. Тиймээс Монголбанк зөвхөн Үнэт металл, сорьцын хяналтын газрын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрдөг. Цаашид холбогдох хуулиудыг өөрчилж, сорьцлох зөвшөөрлийг хувийн хэвшилд олгосноор олон улсын стандарт хангасан лабораториуд бий болно гэж үзэж байгаа. Ингэснээр энэ чиглэл илүү хөгжиж, үнэт металлын худалдан авалт Улаанбаатарт төвлөрөх шаардлагагүй болно.

-Эцэст нь, манайд төлбөрийн хэрэгслийн шинэчлэл хэр хурдтай өрнөж байна вэ?
-Манай төлбөрийн хэрэгслийн өөрчлөлт дэлхий дахины шинэчлэлтэй хөл зэрэгцэн урагшилж байгаа. Монголбанкнаас санаачлан боловсруулж, Цахим мөнгөний хууль батлуулсан. Удахгүй хэрэгжүүлж эхэлнэ. Монголчууд төлбөрийн шинэ хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ хурдтай. Төв банк арилжааны банкууд болон Монголын банкны холбоотой энэ чиглэлээр хамтран ажилладаг. Манай арилжааны банкууд төлбөр тооцооны шинэ хэрэгсэл нэвтрүүлэхдээ идэвхтэй, технологийн дэвшилтэй мөр зэрэгцэж байгаа. 

Г.Байгал 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ-аас Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцээд шаардлагагүй гэж шийдвэрлэв. Таны бодлоор Улсын ерөнхий прокурорын саналаар Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгах нь зөв үү?
Нийт 2390 санал өгсөн байна.

Дээшээ