«Москвагаас зайлъя!» гэх уриа
Би Орос орныг сайн судалдаг. Мэдээллээс хоцрохгүйг хичээдэг. Оросыг сайн таньж мэдэж байж түүнтэй зөв харилцана гэдгийг ч мэдэрдэг. “Монгол-Зөвлөлтийн найрамдал” гэх сэтгэлгээг бүрэн гээх ёстойг ч сайн мэднэ. Судлах тусам гэгээтэй, эерэг гэхээсээ бүрхэг, хэлж таашгүй, бүр бүслэлтийн байдалд (Монгол биш л дээ!) Орос маань өөрийгөө шахаад оруулчихав уу гэлтэй үйл явдлууд өрнөсөөр.
Тэгэх тусмаа сураг тасрах дөхсөн, хааяа нэг уулзаж харагддаг Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл (СНГ буюу монголоор ТУХН) гэх форум маань юу болж орхив гэдэгт сэтгэл түгшээд үзэг цаасаа нийлүүлж буй хэрэг.
Орос маань эргэн тойрондоо ганц ч холбоотон, түншгүй болчихсон
Украинаас эхлэе. Өнөөгийн Орос руу чиглэсэн өрнөдийнхний дайралт, хорлолт, бүслэлт, гүтгэлэг, доромжлол бүгд Украин гэгч “гайт” хөршөөс нь эхтэй юм. 2014 оноос яригдана. Киевт дэгдсэн үймээн, Крымын хүн ардын зүрхийг үхүүлж, тэд сонголтоо хийсэн. Дорнод Украин бас сонголтоо хийчихээд Оросоос албан ёсоор зөвшөөрүүлээгүй байгаа тухай энд өгүүлэх гэхгүй.
Хуучин Зөвлөлт Холбоот Улсын өвөөс Петр Порошенко бүрмөсөн татгалзаж байгаа тухай бичихгүй байж болохгүй байна. Содружество буюу ТУХН гэгчээс улс орноо эргэлтгүй гаргах захирамж өгсөн тухай асуудал юм. ТУХН-ийн төв нь Минскт байрладаг. Тус нөхөрлөлөөс гарах, Минск дэх Төлөөлөгчийн газраа хаахыг зэрэг шийднэ, ОХУ -тай байгуулсан Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээний хэд хэдэн заалтыг мөрдөхөө зогсооно хэмээн Порошенко захирамждаа өгүүлжээ. Түүний сонгуулийн кампанит ажил «Москвагаас зайлъя!» гэх уриан дор өрнөжээ.
Түүний хэлснээр Украины эсрэг Оросын түрэмгийлэл 2014 оноос үргэлжилж байгаа. Энэ нөхцөлд Найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээний хэд хэдэн заалт Украины үндэсний эрх ашигтай зөрчилдөж, өөрийгөө хамгаалах эрхийг нь хөсөрдүүлсэн. Тиймээс Дээд Рададаа гэрээний зарим заалтыг мөрдөхгүй тухайгаа санал болгожээ. Оростой ийм гэрээ байгуулсны 10 жилийн ой 2018 онд тохиож байгаа. Хэн нэг нь гэрээг цуцлая гэхгүй бол автоматаар 10 жил сунгагдана. Украины ГХЯ-наас гэрээг цуцлах хоёр хувилбар санал болгосны хоёр дахийг буюу хэд хэдэн заалтыг нь хүчингүй болгохыг Порошенко сонгожээ.
ТУХН-ийн тухай бүр ч хатуухан ярьдаг болсон. Украин нь ТУХ Н-ийн гишүүн байгаа ч одоо бол гишүүн нь бүр биш гэх нь тэр. Учир нь 1993 онд гарын үсэг зурцгаана хэмээн төлөвлөж байсан “Устав СНГ” буюу Дүрэм гэх баримт бичигтээ хэн нь ч гарын үсэг зураагүй тул гишүүн байх, оролцогч байх статус нь тодорхойгүй явж ирсэн. Харин 2014 оноос Украин нь ТУХН-ийн хүрээнд байгуулсан хэд хэдэн гэрээнээс гарсан. Өнгөрсөн дөрвөн жилд Украины эсрэг Оросын өдүүлсэн түрэмгийллийг ТУХН буруушаагаагүй учраас ТУХН-өөс гарахаас аргагүй хэмээн тэрбээр ярьжээ.
Ингэж ярихын сацуу Порошенко бусад гишүүн улсууддаа Украины жишгээр замнаж ТУХН-ийг хаяж гарахыг уриалан дуудсан нь шинэлэг алхам аж. Украин, Гүрж, Молдав гурван улс шийддэгээ шийдчихсэн. Одоо харин Европын Холбоо, НАТО - гийн дорнод европын хилийг тодорхойлох стратегийн шийдвэр гаргах цаг туллаа. Украин, Молдав, Гүрж бол өрнөдийн эвсэлд хамаарна, түүний нэг хэсэг болох ёстой хэмээн тэрбээр уриалан дуудсан нь мөн л шинэ үгс юм.
Одоо Киевийн эрх баригчдын хувьд НАТО -той гишүүнчлэлийн боломжийн программ, үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурах үлджээ. Европын Холбооны хувьд салбар дундын интеграц руу явж байна. Тэр нь эдийн засаг ба эрчим хүчний салбарын ойртолт болно. Интеграц нь цаашаа олон чиглэлээр салбарлах ба өрнөд ч, СССР-ийн бүрэлдэхүүнээс салж гарсан улс орон ч бүгд оросын нөлөөний хүрээнээс зай барьж, гибрид аюул заналхийллийг сөрөн зогсох талаар хүч чармайлтаа нэгтгэх рүү явах ёстой гэнэ.
Порошенкогийн үзэж байгаагаар Донбассын мөргөлдөөн мөддөө зогсохгүй. Учир нь Минскийн хэлэлцээр байгуулснаас хойш Оросын тал энх тайвныг огт хүсэхгүй, энх тайванд итгэхгүй, хэлэлцээрийн эсрэг Орос ямагт зогсож ирсэн. Иймд Оросын эсэргүүцээд байгаа НҮБ- ын энхийг сахиулагчдыг тийш нь оруулах ёстой, тэгэхдээ тэр хүч нь Донбассын нутаг дэвсгэрт ОХУ - тай залгаа нутагт (Украин өөрөө хянаж чадахгүй байгаа) байрлах ёстой, бид хил хязгаараа хянаад авбал энх цаг энэ нутагт эргээд ирнэ, үүнээс л Орос айж байгаа юм гэжээ.
СНГ гэдэг нь эрх ашгаараа нэгдсэн клуб гэхэд тун хүнд боллоо
Украины Ерөнхийлөгчийн ярьснаар Канад, Австри, Финлaнд, Швед, «G7»-гийн орнууд оролцоод нийт 40 гаруй улс Донбасст энхийг сахиулъя гэсэн саналаа тавьсан юм байх. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олонхи ч дэмжих учраас мөд энэ асуудлыг Украин НҮБ-д өргөн барина, даян дэлхийн байр суурийг Орос яаж сөрөхийг нь харъя гэж Порошенко ам асуусан маягаар ярьж байна.
ТУХН-өөс харилцаагаа тасална гэх Киевийн санаархалд Орос анхаарахгүй байхын аргагүй. Оросын проф. Георгий Федоровын ажигласнаар ТУХН-ийг сулруулах нь гол чухал сэжим нь. Учир нь СНГ бол СССР-ийн залгамжлагч учраас тэгж байгаа аж. ТУХН-өөс гарахын тулд хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд цуглаж байж шийдвэрлэх тул Украин хүссэнээрээ гараад явчихаж чадахгүй гэж тэрбээр үзэж байна. ТУХН-ийг судлах хүрээлэнгийн проф. Владимир Жарихин бүр хачин зүйл ярьсан байх юм. Украин ТУХН-тэй холбоогоо таслах нь өөрийгөө занганд оруулна. Оростой харилцаагаа сааруулснаар ТУХН-ийн бусад гишүүн улсуудтай ч мөн тэгнэ.
ТУХН-ийн олон талт гэрээнүүд цуцлагдаж, улс болгонтой тус тусад нь хоёр талын гэрээ байгуулах хэрэгтэй болно, харилцан визгүй зорчдог журам цуцлагдана, боловсролын гэрчилгээ диплом харилцан хүлээн зөвшөөрдөг нь ч цуцлагдана. ТУХН дотор ийм бэрхшээл учруулснаараа Украин юу хожих юм бэ гэх шахуу цухалдан ярьжээ. Харин Олег Гавриш гэх шинжээч голоор нь хэлжээ. Украин нь хамтран ажиллах тухай хоёр талын хэлэлцээр аль хэдийнээс байгуулаад эхэлчихсэн, чөлөөт худалдааны бүс байгуулах тухай ч хамтран ажиллаж байна. Манайд байгаа Гаалийн холбоо бол худалдааны нэгдлийн байгууллага. Харин дэргэд нь ТУХН юу юм бэ, зөвхөн улс төрийн бүтэц шүү дээ. ТУХН өөр Украиныг барьж торгоох нь үр дүнгүй, тэд бидэнтэй 10 гаран жил худалдааны дайн хийж байна. Түүнийг нь ТУХН шийдэж чадаагүй шүү дээ, тэгэхлээр ТУХН ер нь хэн юм бэ гэх шахуу ярьсан байх аж.
Ингэхэд украинчууд өөрсдөө ямар байр суурьтай байдаг талаар хэдэн үг хэлэх нь зөв. Ямар ч байсан гэсэн «Москвагаас зайлъя!» гэх уриа тэдний олонхийн цөсийг хөөргөөд тавьчихсан. 100 жилийн өмнөх Хаант Орос, Зөвлөлт Оросоос салсан чигээрээ салахгүй яав, яах гэж СССР-т нэгдэв гэх харуусал газар авсан бололтой юм. Өрнөдтэй интеграцад орж, тэдний бүтцийн нэг хэсэг болъё гэх хандлага хэвээрээ. Зарим нь Европын Холбоо, НАТО -гүйгээр төвийг сахъя, Оростой холбоотон болохгүйгээр төвийг сахисан Украиныг буй болгоё гэцгээж байна.
Порошенког дэмжигчид нь ихэнхдээ өрнөдийн тал баримтлагч залуус, боловсролтой, идэвхтэй, ихэнх нь дундаж ангийнхан. Тунхаглахаа зогсоо, шууд бодит ажил руугаа ороод тэр Өрнөд рүүгээ яв хэмээн шаардах аж. Украин нь зөвлөлтийн өнгөрсөн үеэс бүрэн салж чадлаа, Оросоос хамааралтай байдагтаа цэг тавилаа, харин гадаад худалдаанд Орос үндсэн түнш байгааг өөрчлөх ёстой, «түрэмгийлэгч улс»-тай худалдаа ийм их эргэлттэй байх ёсгүй гэдгийг ч Дээд Рада дээрээ яриадахлаа. Дипломат харилцаагаа таслаад, визийн хатуу журамд шилжье гэх хэнээрхэгчид ч Радад нь байдаг юм байх. Оростой ямар ч ажил, бизнес эрхэлж болохгүй гэх шийдвэр 2017 оны сүүлчээр гаргаж, галт тэрэгний ба автозамын харилцааг зогсоох асуудал ч яригджээ.
Украин ч ойлгомжтой боллоо. СНГ рүү эргэж ирэхгүй нь тодорхой. Бусад нь яаж байгаа билээ. Казахстан кирилл бичгийг халж, латин руу шилжиж, мөн дунд сургуулиуддаа англи хэлийг бараг хоёрдугаар хэл мэт албадлагаар оруулдаг болж байна. Оросын найз гэх Александр Лукашенко оросын аюулын тухай суртал нэвтрүүлэгч болж хувираад белоруссчуудынхаа тархийг угааж эхлээд байна. Молдавын Ерөнхийлөгч Игорь Додон гэгчийг Москвад ээлтэй хандах нь уу гэтэл Приднестровье дэх бүс нутгийнхаа мөргөлдөөнийг дахин эхлүүлье гэх юм болоод явчихлаа. СНГ гэдэг нь эрх ашгаараа нэгдсэн клуб гэхэд тун хүнд боллоо.
Казахстан бүр хорлонтой ажиллаж буй. Энэ улс ТУХН буюу СНГ, мөн Евразийн эдийн засгийн холбоог үндэслэгчийн нэг. Белорусстай зэрэгцээд Оросын найдвартай холбоотон хэмээн ойлгогдож байтал өрнөдийг баримжаалах бодлого руу эргэлтгүй шилжжээ. Англи хэл дунд сургуулийн хоёр дахь гадаад хэл болж заагдах нь Нурсултан Назарбаевын зориудын бодлого, цаг үеийн шаардлага. Үнэ цэнэтэй ирээдүйн кадр бэлтгэх зорилготой гэсэн тайлбар дагалдах ч эцсийн бүлэгтээ Оросын нөлөөний хүрээнээс бүрмөсөн гарах Казахстаны стратеги болж хувирлаа. Өрнөд рүү хандсан гадаад бодлого нь энэ бүс нутагт хөрш Хятад нь давуу эрхтэй оролцохыг тэнцвэржүүлнэ гэж үзэж байна. Хятадтай асар их нутгаар хиллэж байгаагийн хувьд Казахстанд өрнөдийнхний ашиг сонирхол гүн сууж өгөх ёстой юм гэнэ. Энэ утгаар тус улс ТУХН ба Евразийн эдийн засгийн холбоонд итгэлтэй түнш байх, Евразийн эдийн засгийн холбоо нь амьдралын шалгуур давах эсэх нь эргэлзээтэй боллоо хэмээн оросын сайтууд дээр бичсэн байх юм.
Белорусс геополитикийн хувь огцом эргэсэн нь оросуудын гайхшийг ёстой нэг барах шиг боллоо. Тус улс нэг улсаас, Оросоос хамааралтай байхаа болино хэмээн Гадаад хэргийн сайд Владимир Макей гэгч нь бүдүүн зүрх гарган ярьсан нь шинэлэг үзэгдэл юм. Харилцаагаа шинээр томъёолно, Европын Холбоо ба үлдэх ертөнцтэй харилцаагаа хөгжүүлнэ хэмээн Euronews ТВ-ээр тэрбээр ярьж байна лээ. Оросын нөлөөнөөс белоруссын мэдээллийн орон зайг хамгаалах тухай Ерөнхийлөгч Лукашенко чиглэл өгсөн ч гэх шиг. Тэр нь “Би зөвхөн өөрийнхөө сувгийг л үздэг баймаар байна” гэсэн ч гэх шиг ярьж өгнө лээ.
Порошенкогийн үзэж байгаагаар Донбассын мөргөлдөөн мөддөө зогсохгүй
Оросуудын үздэгээр Киевт төрийн эргэлт үйлдсэний дараа Лукашенко Украины шинэ эрх баригчдыг яаран зөвшөөрч, Александра Турчинов гэгчийг “Ерөнхийлөгч” хэмээн авгайлж байсан нь оросуудын дургүйг тун ихээр хүргэсэн ч яаж ч чадаагүй. «Майдан» гэх хувьсгал Белорусст халгаатай баймаар. Гэтэл Лукашенко түүнийг тайвнаар хүлээн авч бүх бурууг нь Виктор Януковичэд тохсон. Крымыг Орост нэгтгэсний дараа тэрбээр энэ хойг де-факто Оросынх болчихлоо, харин түүнийг Орост өгч бууж өгч буй Киев өөрөө буруутай гэсэн боловч өнөөг хүртэл Крым Оросынх гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна.
ТУХН ба Евразийн эдийн засгийн холбоонд эргэлзэгчид цаашаа Кыргызээр тэллээ. Тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Брюссельд оччихсон «Европын Холбоо–Төв Ази» стратегийн хүрээнд түншлэлийн шинэ хэлэлцээр байгууллаа. Хөрөнгө оруулалтыг Евразийн эдийн засгийн холбооноос бус Европоос илүү хүсэх, эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа Европт нээж өгөх асуудал яриадахлаа. Оросууд мэл гайхсаар хоцров.
Евразийн эдийн засгийн холбоонд бүрэн эрхт гишүүнээр оролцож магад хэмээн төрийн эрхэнд гарч ирсэн Игорь Додон сонирхлоо дор нь татаад авдаг юм байна. Эл холбоонд ажиглагчийн статустай байгаа ч Засгийн газар нь ч, парламент дахь олонх нь ч Оростой хэлхээ холбоогоо таслая хэмээн ил ярьдаг, уриалдаг болсон байна. Хэрэв ОХУ Днестр хавийн бүс нутгаас (тэнд Днестрийн БНУ 1992 оноос хойш оршин тогтнож буй) цэргээ гаргахгүй тохиолдолд Оростой харилцаагаа таслах аж. Додоны ярьснаар эх орон нь эдүгээ Өрнөд ба Оросын эсрэгцлийн ашиг сонирхлын мөргөлдөөний жийргэвч бүс (буфер) болсон гэнэ. Дайн мөргөлдөөн Приднестровье гэх нутагт нь хэзээ хэзээгүй дэгдэх дөхсөн. Учир нь тэндхийн хүн амын 200 мянгыг нь Орос өөрийн иргэн болгочихсон, иргэнээ хамгаалахаар цэрэг хөдөлгөж магад гэж ярьсан байх юм.
Днестр мөрний зүүн эрэгт Молдавын нутагт оросын цэрэг байрлаж байгаа нь аюул заналхийллийн гол эх сурвалж хэмээн Украин байнга сануулж, молдовчуудыг айлгах, түлхэх аж. Одесс мужийг Молдовтой нийлүүлж нөхцөл байдлыг даамжруулах «Бессарабия» гэх төлөвлөгөө Москвад байдаг тухай мэдээлэх боллоо. Украиныг ч, Молдовыг ч аль алийг нь хагалаад Оросын геополитикийн цүлхэн үүсгэх далд төлөвлөгөө юм байх. Тэсрэх аюултай хэмээн тэр хавийн нөхцөл байдлыг Украин, Молдавын аль алин нь үздэг болсон учраас юун ТУХН манатай, юун интеграц манатай болжээ. Хэрэв Кавказ руу нүд бэлчээвээс ТУХН-ийн хоёр идэвхтэй гишүүн Азербайжан, Армен хоёр хэзээ мөдгүй гал өрдөхөд бэлэн, сумлаастай буу, цэнэглээстэй их буу, асаахад бэлэн танк хил дээрээ хоёр талаасаа овооруулаад байх нь тэр. Орос л тэднийг арай ядан тогтоож байх шиг. Ингэж ингэж Орос маань эргэн тойрондоо ганц ч холбоотон, түншгүй болчихоод ТУХН гэдэгтээ ганцаараа нүцгэрээд үлдэх юм биш байгаа хэмээн оросын нэг сайт хорлонтой дүгнэлт хийсэн байна билээ.
ТУХН ба Евразийн эдийн засгийн холбоо хэн нь хэн бэ гэдэгтээ монголчууд эндээс дүгнэлт хийх биз ээ. Өөрсдийнхөө арчаагүйгээс болоод ардчилал эрх чөлөөгөө ядууралтайгаа хослуулж эдэлсэн 28 жилийн үр дүнг Евразийн эдийн засгийн холбоонд холбогдож засч залруулна, овойж оцойсон их мөнгө олчихно гэдэг гэнэн бодлоо Монголын төр ч өөрчлөх цаг болсон юм биш үү.
Олхонуд Баярхүү судлаач профессор