Xerox компани Fujifilm-ээс $6.1 тэрбумын наймаагаа эргүүлэн татлаа

Засгийн газрын мэдээ

2018-05-16 16:30 GMT+8
АНУ-ын фото олшруулагч төхөөрөмж үйлдвэрлэгч өөрийн хөрөнгө оруулагч Айкан, Дисон нартай тохиролцож чадлаа.

АНУ-ын Xerox компани Японы Fujifilm-тэй байгуулсан, 6.1 тэрбум ам.долларын дуулиант наймаанаасаа буцлаа. Энэ шийдвэрийг өөрийн хөрөнгө оруулагчидтай тохиролцсоны үндсэн дээр гаргасан юм. Наймаа буцсанаар хөрөнгө оруулагчидтай хийсэн олон сарын маргаан эцэс болж АНУ-ын компанийн удирдлага идэвхтэн хөрөнгө оруулагчдынх нь гарт шилжив.

Эртнээс хамтран ажиллаж ирсэн япон түншийнх нь санхүүгийн үзүүлэлт аудитын шалгалтаар баталгаажаагүй учраас санхүүгийн транзакц хийх аргагүй болсон учраас принтер, фото хувилах машин үйлдвэрлэгч тайлбарлаж байна.

Xerox компани хөрөнгө оруулагчид болох ноён Айкан, Дисон нарын шаардлагад бууж өгсөн. Энэ нь идэвхтэн хөрөнгө оруулагчдынх нь хувьд бахдам ялалт боллоо. Уг хоёр хөрөнгө оруулагч нийт найман тэрбум ам.долларын үнэлгээтэй тус компанийн хувьцааны 10 гаруй хувийг эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчдийг утгагүй болгосон хэлцлийг Fujifilm-тэй байгуулсных нь төлөө АНУ-ын компанийн гүйцэтгэх захирал, захирлуудын зөвлөлийг ноён Айкан Дисон нар хатуу шүүмжилсэн юм.

Xerox компани уг хэлцлийг хүчингүй болгох арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх захирал Жефф Жекобсоныг халлаа. Түүний орыг IBM, Hewlett- Packard-д гүйцэтгэх захирал хийж байсан Жон Висентин авах юм. Мөн Icahn Enterprises-ийн Кит Коцца-г захирлуудын зөвлөлийн даргаар томилохоор шийдвэрлэв. Xerox компани захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх замаар ноён Айканы шийдвэр гаргах, хянах эрх мэдлийг бэхжүүлэхээр төлөвлөжээ.

“Компанийн удирдлагыг Fujifilm-д шилжүүлэх бодлогогүй төлөвлөгөөг Xerox хүчингүй болгосонд бид туйлын таатай байна. Хувьцаа эзэмшигчдэдээ төвлөрч ажиллах шинэ удирдлага байраа эзэлснээр Xerox-ийн хувьд өнөөдөр шинэ эрин эхэллээ” хэмээн ноён Айкан мэдэгдлээ.

Японы группийн эрх мэдлийг ихэсгэхэд хүргэх хэлэлцээрийн шинэ шат эхлүүлэх хүсэлт удаа дараа ирснийг Xerox-ын захирлуудын зөвлөл тайлбарлав. Гэхдээ ийм наймааг “хүлээн зөвшөөрч болохуйц” хугацаанд өрнүүлэх баталгаа Fujifilm-д одоо ч байхгүй.

“Хэлцлийн одоогийн нөхцөлийг хувьцаа эзэмшигчид зөвшөөрөөгүй. Дээр нь Fuji Xerox-д санхүү бүртгэлийн шийдвэрлээгүй асуудал байсаар байхад ийм нэгтгэх ажиллагааг ул үндэстэй явуулах аргагүй” хэмээн захирлуудын зөвлөл тайлбарлав.

Анх байгуулсан хэлцлээр Xerox өөрийн бизнесийг Ази тивд Fujifilm-тэй хамтран байгуулсан компанид шилжүүлж, гол удирдлагыг Fuji-д шилжүүлэхээр заажээ. Xарин Хerox-ийн хөрөнгө оруулагч нар уг хэлцлийн хүрээнд 2.5 тэрбум ам.долларыг ногдол ашиг хэлбэрээр авах ёстой.

Дижитал камер, хувилах машин, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Япон группээс Шинэ Зеланд, Австралид Xerox-той хамтран байгуулсан хоёр ч салбарынх нь санхүү бүртгэл тооцоо зүй бус байгаа нь өнгөрсөн онд илэрчээ. Бүртгэл тооцооны дуулиант хэргээс болж Fujifilm, Xerox хоёр тус тусын санхүүгийн тайлангаа эргэн харж өөрчлөлт оруулсан юм.

Xerox-ийн шийдвэртэй холбогдуулан Fujifilm тайлбар өгсөнгүй. Наймаа буцсан мэдээлэл тарснаас хойш Япон групп хувьцаа эзэмшигчдийн шаардлагад нийцүүлэн анхны нөхцөлөө сулруулж болзошгүй хэмээн хөрөнгө оруулагч нар түгших болов. Түгшүүрээс үүдэн Fujifilm- ийн хувьцааны үнэ долоон хувиар унажээ.

Ноён Коцца, Висентин нараас гадна Жонатан Кристодоро, Николас Грациано, Скотт Летье нарыг захирлуудын зөвлөлийн гишүүнд дэвшүүлээд байна. Xerox-ын захирлуудын зөвлөлөөс Роберт Киган, Чарльз Принс, Энн Рийз, Уильям Хантер, Стивен Русковски нарыг чөлөөлөв.

Эрик Платт, Жэймс Фонтанелла-Хан

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5357 санал өгсөн байна.

Дээшээ