Малын удмын сан малынхаа үүлдрийг сайжруулах хүсэлтэй малчдад 25-40 мянган төгрөгөөр үйлчилнэ

Б.Чимэг GoGo.mn

2018-05-16 15:39 GMT+8

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар газар тариалангийн бүс нутаг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хоёр хоног ажиллаад ирэв.

ХХААХҮЯ эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын тоо бус чанарыг сайжруулах зорилт тавьсан. Үүний тулд малын удмын санг чанаржуулж, үүлдэр угсааг төрөлжүүлэн сайжруулах шаардлагатай. Манай Улсад малын үүлдрийн нийт 47 омог албан ёсоор бүртгэлтэй. Эдгээрийн үүлдэр угсааг сайжруулах үүргийг Малын удмын сангийн үндэсний төв хариуцан ажилладаг юм. Тус төвийнхөн Сонгинохайрхан дүүргээс нүүж, Дархан-Уул аймаг дахь шинэ байрандаа оржээ.

Малчид өөрсдөө дур мэдэн сүргийн бүтцээ сайжруулах оролдлогууд хийн, махны ч биш, сүүний ч биш чиглэлийн, завсрын малтай болж, мал улам даавжаарсан.     

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, “Шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай хуулиар малын үржил селекци, үүлдэр омгийг хадгалах, сайжруулах ажлыг шинжлэх ухааны үндсэн дээр мэргэжлийн байгуулага хийнэ. Малын удмын сангийн үндэсний төв ирэх сарын нэгнээс эхлэн хэрэгжих энэ хуулийг хэрэгжүүлэх бааз суурь болно” гэлээ. 

Энд бүх үүлдрээс шилмэл сайн, ашиг шим ихтэй үүлдрийн үр хөврөлийг тeхнологийн дагуу авч, гүн хөлдөөн, зохиомол хээлтүүлгээр хөврөл суулгах ажил хийнэ. Жилдээ

  • 180.000 бухны,
  • 36.000 азарганы,
  • 120.000 хуцны,
  • 40.000 ухны, нийт 376 мянган тонн үрийг гүн хөлдөөх боломжтой.

Бог малд намар, бод малд жилийн дөрвөн улиралд зохиомлоор үр суулгана. Малын үүлдэр угсаагаа сайжруулах хүсэлтэй малчин бүрт нээлттэй ажиллах тус хүрээлэн 25-40 мянган төгрөгөөр зохиомол үр суулгах үйлчилгээг захиалгаар үзүүлдэг. Малчид нэг бухаа 3-4 жил хээлтүүлэгт ашигладаг бол энд сайн үүлдрийн малын үрийг -196 хэмд хадгалан, нэг үрээс 80-100 хээлтүүлэг хийдэг байна.

Сайн үүлдрийн малаар сүргийн бүтцээ шинэчилснээр цус ойртолтоос ч сэргийлэх боломжтой юм. Гэтэл малчид өөрсдөө дур мэдэн сүргийн бүтцээ сайжруулах оролдлогууд хийн, махны ч биш, сүүний ч биш чиглэлийн, завсрын малтай болж, мал улам даавжаарах болжээ.     

Хэдийгээр шинэ ажлын байртай болсон ч нийслэлээс үүн ирэх ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Ажилчдын байр, хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг бариулахад ТОСК-наас дэмжлэг хүсэж байгаагаа Ерөнхий сайдад уламжлав.  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөө аж ахуйгаа түшиглэж хөгжихөд хамгийн чухал нь шинжлэх ухаан, судалгаа, шинжилгээ. Тийм учраас үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлээрэй.  Монгол малын ашиг шимийг арвин байлгах ажил та бүхний ажлын үр дүнгээс хамаарна гээд ажлын амжилт хүслээ.Зохиомол хээлтүүлэгт ашиглаж буй бухнууд

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5358 санал өгсөн байна.

Дээшээ