О.Адъяа: Амжилттай хэрэгжиж байгаа төслийн талаар мэдээлэл түгээх хэрэгтэй

Зууны мэдээ

2018-05-17 10:10 GMT+8

“Монголын эдийн засгийн чуулган-2018” удахгүй болно. Чуулганы дэмжигч байгууллага “АмЧам Монгол”-ын захирал О.Адъяатай ярилцлаа.

-Эдийн засгийн форум удахгүй болно. Танайх дэмжигч байгууллагын хувьд ямар байр суурьтай оролцож байгаа вэ?
-Монголын эдийн засгийн форумд сүүлийн дөрвөн жилийн турш дэмжигч байгууллагаар оролцсон. Энэ жилийн тухайд Засгийн газраас шинээр хөрөнгө оруулалт татахад анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Гэхдээ анхаарах зүйл бий. Тухайлбал, өмнө орж ирсэн хөрөнгө оруулагчидтай хэрхэн хандаж байгаагаас дараагийн алхам хийгдэнэ шүү дээ. Тодруулбал, манайд хөрөнгө оруулалт хийсэн гадны бизнесийнхнээс бүхий л процессийг асууж лавлана. Тэгэхээр Монгол Улсын төр гадны хөрөнгө оруулагчдад хэрхэн шударга хандаж байгаагаас олон зүйл хамаарна гэсэн үг. Тиймээс одоо манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаагаа сайжруулах нь зүйтэй. Цаашилбал, ажиллах орчныг нь бүрдүүлэхэд анхаарал хандуулах нь ирээдүйд орж ирэх хөрөнгө оруулалтыг уриалан дуудах хөшүүрэг болох юм.

-Хөрөнгө оруулалтыг тогтвортой дэмжиж, бизнесээ өргөжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ. Танай байгууллагын хувьд хөрөнгө оруулалт татахад чиглэж ажилладаг учраас тулгамдаж байгаа асуудлыг нь илүү мэдэрч байгаа болов уу?
-Монгол дахь Америкийн танхим зургаан жилийн өмнө байгуулагдсан. 50 гаруй гишүүн компанитай. Манай байгууллагын хувьд Монгол-Америкийн бизнесийн харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсад бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж байна. Энэ жилийн тухайд манай танхим дөрвөн чиглэлд анхаарал хандуулж ажиллахаар төлөвлөсөн. Нэгдүгээрт, аливаа бодлогыг тогтвортойгоор хэрэгжүүлэх, төрийн байгууллагын залгамж чанарыг хадгалах нь чухал. Хоёрдугаарт, манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай байх нь зайлшгүй. Тиймээс энэ салбарт танхимын зүгээс дэмжлэг үзүүлэхийн тулд өөрийн гишүүн компаниудаас бүрдсэн хороог байгуулсан. Гуравдугаарт, эдийн засгийг төрөлжүүлэх шаардлага тулгамдаж байна.

Тиймээс сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулах нь чухал. Энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулагчдын талаарх мэдээллийг төрийн байгууллагатай солилцох талд анхаарал хандуулж байна.  Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ өсч байгаа үеийн орлогыг хуримтлуулах, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх хэрэгтэй. Учир нь хуримтлуулсан орлогоороо эрдэсийн үнэ унах үед эдийн засгийн савлагааг зөөлрүүлэх, давж гарах хэрэгсэл болгон ашиглах учиртай. Дөрөвдүгээрт, Монгол Улс хоёр том гүрний дунд оршдогоороо онцлог. Тиймээс бүх нутгийн болон олон улсын төвшинд идэвхитэй ажиллах хэрэгтэй. Ингэснээр гадаад орчноос ирэх хүчний харилцааг тэнцвэржүүлэх боломж бүрдэнэ. Тиймээс манай танхимын зүгээс төрийн болон бизнесийн байгууллагатай хамтарч ажиллахыг эрмэлздэг.

-Хөрөнгө оруулалтыг нэмэхийн тулд юу хийх ёстой вэ. Манай улсын эдийн засаг сэргэж байгаа нь хөрөнгө оруулагчдад ямар хүлээлт үүсгэж байна вэ?
-Хөрөнгө оруулагчдын тухайд хууль эрх зүйн төгс төгөлдөр орчныг бий болгохыг хүсдэггүй. Хамгийн гол нь гарсан хууль тогтоомжийг тууштай мөрдөхийг илүүд үздэг. Тодорхой бус бодлого хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлдөг. Одоогийн Засгийн газар “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” байгуулан ажиллаж байна. Энэ зөвлөл хөрөнгө оруулалттай холбоотой бодлогын асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах боломжийг эрэлхийлсэн шийдвэр гаргаж байгаа нь сайшаалтай юм. Тиймээс цаашид ч тууштай ажиллаасай гэж хүсч байна.

Манай танхим сар бүр хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулдаг. Энэ сарын уулзалтыг өнгөрсөн мягмар гаригт хийлээ. Энэ үеэр бизнесийнхэн “Эдийн засагт эерэг үзүүлэлт гарсан нь дэлхийн зах зээл дээр зэс болон нүүрсний үнэ өссөн нь голлох нөлөө үзүүллээ. Дотоод талаас нь харвал ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төсвийн сахилга бат сайжирч, зарлагаа хянадаг болсон нь эерэг өөрчлөлт. Тиймээс энэ хөтөлбөрийг цаашид тууштай хэрэгжүүлээсэй” гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Мэдээж бүх зүйлийг сайн болсон гэж болохгүй. Тодорхой ажлуудыг цаашид хийх шаардлагатай. Зарим тал дээр гадаад хүчин зүйлээс хамааралтай хэвээрээ байгаа шүү дээ.

-Танай танхим Монгол-Америкийн бизнес харилцааг өргөжүүлэхээр ажиллаж байгаа. Тэд манай улсыг сонирхож байгаа юу?
-Манай байгууллага хоёр улсын хөрөнгө оруулагч, бизнесийнхнийг холбох гүүр болж ажиллахыг зорьдог. Гэхдээ Америкийн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байгаа юу гэдэг эргэлзээтэй. Гэсэн хэдий ч бид манай улс бага зах зээлтэй боловч хөрөнгө оруулалт хийхэд таатай орчин гэдгийг сурталчилдаг. Тодруулбал, манай улсын хүн амын бүтэц нь залуу учраас аливаа зүйлийг сурах эрмэлзэл өндөр. Технологийн дэвшлийг ашиглах потенциал өргөн хүрээнд бий. Тиймээс хөрөнгө оруулалт хийснээр богино хугацаанд өөрчлөлтийг мэдрэх болно гэдгийг Америкийн хөрөнгө оруулагчдад хэлдэг.

Нөгөө талаас зөвхөн Монголын зах зээл гэхээс илүүтэй бүс нутгийг хамарсан үйл ажиллагаа явуулах боломжийг ашиглах хэрэгтэй гэсэн санал тавьдаг. Өөрөөр хэлбэл, логистик болон санхүүгийн төв болох боломж бий хэмээн тайлбарладаг. Түүнээс гадна манай байгууллага жил бүрийн 6-7 дугаар сард Америк улс руу бизнес айлчлалыг зохион байгуулдаг. Энэ үеэрээ АНУ-ын хөрөнгө оруулагчидтай уулзахаас гадна конгрессийн гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзах боломжийг олгодог. Мэдээж хүндрэл, сорилт гарна. Гэвч ашиглах боломжтой давуу тал бий гэдгийг харилцан ярилцдаг. Энэ жилийн бизнес аялалыг ирэх сард хийхээр төлөвлөсөн. Үүний дүнд ирэх есдүгээр сард АНУ-ын хөрөнгө оруулагчдыг Монголд урьсан байгаа.

-Гадны хөрөнгө оруулагчдын хувьд төрийн тогтвортой бодлого алдагдсан. Залгамж чанаргүй байгаа нь эрсдэлд оруулах нөхцөл гэж хардаг шүү дээ. Үүнийг өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ?
-Энэ асуудлыг хөрөнгө оруулагчид байнга ярьдаг. Манай улс ардчилсан нийгэмд шилжээд 28 жил болж байгаа хэдий ч Засгийн газрын насжилт нь 1.5-2 жил байгаа нь хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэдэг гэж болно. Учир нь Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ солигдохоор төрийн албаны дунд шатныхан бас солигддог. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл дагуулах нөхцөл болдог юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь явж байсан ажлыг үргэлжлүүлэн хийх боломжгүй болно.

Асуудлаа эхнээс нь тайлбарласаар цаг хугацаа алдана. Энэ бүхэн эцэстээ бизнест сөргөөр нөлөөлж, санхүүгийн алдагдалд хүргэх асуудал болж хувирдаг болохоор хөрөнгө оруулагчид болгоомжилж байгаа хэрэг. Тиймээс төрийн албан хаагчийг тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх, залгамж чанарыг хадгалах хэрэгтэй гэдгийг хөрөнгө оруулагчид төдийгүй судлаач, шинжээчид ч хэлдэг шүү дээ. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчдыг татахын тулд манай улсад амжилттай хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд мэдээлж, сурталчлах учиртай. Энэ нь шинээр орж ирэх хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлах хөшүүрэг байх ёстой. Манай улсын хувьд гадаад дотоодын хөрөнгө оруулалттай амжилттай ажиллаж байгаа олон жишээ бий.

-Бидний хувьд гадны хөрөнгө оруулагчийг илүүд үздэг. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагчдад ч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, боломжийг нь олгох хэрэгтэй хэмээн өнгөрсөн чуулганы үеэр оролцогчид ярьж байсан?
-Би дээр амжилттай хэрэгжиж байгаа хөрөнгө оруулагчдын түүхийг сурталчлан таниулах тухай ярьсан. Энэ нь зөвхөн гадныханд хамаатай зүйл биш. Үндэсний хэмжээний томоохон хөрөнгө оруулагчид бий. Тэднийгээ бид тоохгүй өнгөрөөж болохгүй. Тухайлбал, “Монполимет” компани олон улсын шаардлага хангасан технологийг нэвтрүүлсэн үйлдвэрийг босгож дэлхийн стандартад нийцсэн цемент үйлдвэрлэж байна. Мөн “МCS”, “Хасбанк”, “Алтай холдинг” гэх мэт олон компани бий. Эдгээр үндэсний хөрөнгө оруулагчид маань улсынхаа эдийн засгийг авч явахын зэрэгцээ олон улсын тэргүүний туршлага болон технологийг нэвтрүүлээд явж байна. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хууль нь гадаадынханд зориулсан мэтээр харах тал бий. Гэхдээ энэ хууль бүх хөрөнгө оруулагчдад хамаатай байдаг юм шүү дээ.

Д.Оюунчимэг

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 867 санал өгсөн байна.

Дээшээ